| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2105001610173 |
| Дугаар | 2021/ДШМ/647 |
| Огноо | 2021-07-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Жаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2021/ДШМ/647
М.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Жаргал,
шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ө.Энхтайван,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/296 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ө.Энхтайваны гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.Б-д холбогдох 2105 00161 0173 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн М-ын Б, 1997 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ...тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны ... дүгээр гудамжны ... тоотод байх Н.Х-ын байнга амьдрах орон байх болох гэрт нь нэвтэрч цохилттой дрилл, энгийн дрилл, лазер хэмжигч, таслагч тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 328.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газар: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт М-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ө.Энхтайван давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Б-ын хувийн байдалтай холбоотой, ам бүл, хамтран амьдардаг эхийнх нь эрүүл мэндийн талаарх 4 хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Шүүгдэгч М.Б нь эх, ах нарын хамт ам бүл есүүлээ ... дүүргийн ... дүгээр хорооны ... оршин суудаг. Ээж нь 70 хувийн хараагүй, хөдөлмөрийн чадвар алдалттай группт байдаг. Мөн амьжиргааны түвшинөөс доогуур амьдралтай. Хүнс тэжээлийн талон авч амьдардаг гэсэн 4 хуудас баримт байна. Анхан шатны шүүхийн шүүгдэгч М.Б-ын гэмт хэрэг үйлдсэн талаарх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн асуудлаар маргахгүй. М.Бнь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт буюу тогтоолын 5 дахь талд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэж хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь шүүгдэгч М.Б нь урьд санаатай гэмт хэрэгт 2 удаа шүүхээс ял шийтгүүлсэн атлаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг нийгэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй зэрэг хувийн байдал байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн...” гэсэн дүгнэлт нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь өөрийн бүрэн эрх нь ч энэхүү зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн зарчимтай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг арилгасан тохиолдолд үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болох зохицуулалт тул өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан үндэслэлээр хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн, М.Б-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-ын хувийн байдалд дүгнэлт хийж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. ...Шүүгдэгч М.Б урьд нь 2 удаа ял шийтгэгдэж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч М.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод байх хохирогч Н.Х-ын гэрт нь нэвтэрч цохилттой дрилл, энгийн дрилл, лазер хэмжигч, таслагч тус бүр нэг ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 328.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Х-ын: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед гэрээсээ гарахдаа өрөөнийхөө хаалгыг цагаан өнгийн төмөр цоожоор цоожлоод явсан. Тэгээд өдөр 15 цагийн үед гэртээ ирээд хаалганы цоож зүүлттэй байхаар нь түлхүүрээ хийгээд онгойлгоод ортол хулгай орсон байсан. Миний барилгын багаж алдагдсан байсан. Үүнд цахилгаан цохилттой дрилл 1 ширхэг, цохилтгүй цахилгаан дрилл 1 ширхэг, лазер тэгш ус 1 ширхэг, цахилгаан таслагч 1 ширхэг байхгүй болсныг мэдсэн. ...” /хх 19/,
шүүгдэгч М.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Х ахын гэрт очсон. Хаалга нь цоожтой байхаар нь цоожийг нь татсан чинь онгойсон. Тэгээд гэрт нь ороод хэдэн багажууд байхаар нь дэлгүүрт архинд тавьчихъя гэж бодоод нэг цохилттой, нэг цохилтгүй дрилл авсан. Бас лазер тэгш ус хэмжигч нэг ширхэг, цахилгаан гар таслагч зэргийг шуудайнд хийгээд авч явсан. ...” /хх 80/,
Н.Х-ын эзэмшлийн алдагдсан эд зүйлсэд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 36-37, 39-40/ хэргийн газарт болон /хх 3-7/, камерын бичлэгт үзлэг хийсэн /хх 12-13/, эд зүйл хураан авсан, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай /хх 9-10/ тэмдэглэлүүд болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэргийн үйл баримтын талаар хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар М.Б нь хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч орох эрхгүй этгээд нэвтрэн орж, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлж, барагдуулсан гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн бага хэмжээ болох 2 жилийн хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж М.Б-ын өмгөөлөгч Ө.Энхтайваны гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэгт буруутгагдаж, ял шийтгүүлсэн этгээд урьд хорих ял шийтгүүлж, хорих ялаа эдэлж байхдаа хугацааны өмнө тэнсэн суллагдсаны дараа уг хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн тохиолдолд хорих ялыг нэмж нэгтгэж, нийт хорих ялын эдлэх хэмжээг тогтоодог.
Шүүгдэгч М.Б нь урьд хоёр удаа хорих ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолууд хэрэгт авагдсан байх боловч тэрээр уг ялыг хэзээ, ямар хугацаанд эдэлж, яаж, ямар үндэслэлээр суллагдсан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт хавсаргагдаагүй байх бөгөөд цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч этгээд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх баримтыг хэрэгт хавсаргасан байхыг анхаарвал зохино.
Шүүгдэгч М.Б нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ө.Энхтайваны гаргасан хорих ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/296 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ