Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 159/ШШ2023/0005

 

                                                                                              

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                   

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Жамбалдоржид холбогдох ““Аяны жигүүр” ХХК-нд шийтгэл ногдуулсан 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0071701 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Жамбалдорж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар дүгнэлттэй танилцлаа. Прокурорын шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0071701 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Жамбалдоржийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0071701 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу “Аяны жигүүр” ХХК-нд шийтгэл ногдуулсан 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0071701 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын ““Аяны жигүүр” ХХК-нд шийтгэл ногдуулсан 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0071701 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Жамбалдорж хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР