Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2020/00949

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М.о.г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Ц-д холбогдох,

 

“Гэрээний үүрэг болох 16,035,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “М.о.г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Ц нь манай компанитай 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12-013 тоот Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлдэгч С.Ц нь худалдан авсан шатахууны урьдчилгаа 50 хувийг бэлнээр, үлдэгдэл 50 хувийг тохирсон хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Үүнээс хойш 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэд хэдэн удаа шатахууныг иргэн С.Цд нийлүүлсэн нь “М.о.г” ХХК-ийн ШТМ-ын зарлагын падаанаар нотлогддог.

Одоогийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл 16,035,000 төгрөг байна. Манай компанийн зүгээс С.Цтэй холбогдож, Зээлийн гэрээний хугацаа дууссан тул Зээлийн гэрээг авсан шатахууны үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа шаардаж байсан боловч, одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг үндэслэн иргэн С.Цгээс гэрээний үүрэг болох 16,035,000 төгрөгийг гаргуулан өгч, манай хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М.о.г” ХХК нь иргэн С.Цтэй 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ С.Ц нь худалдаж авсан шатахууны төлбөрийн 50 хувийг бэлнээр төлж, үлдэгдэл 50 хувийг нь дараа өгөхөөр тохиролцсон байдаг. Үүнээс хойш хэд хэдэн удаа шатахуун худалдан авсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үлдэгдэл төлбөр 26,000,000 төгрөг болсноос 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш төлбөр төлөөгүй бөгөөд төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Хариуцагч нь 2015 оноос хойш утасны дугаар, хаягаа өөрчилж, алга болсон байдаг. Ингээд 2019 оны 9 дүгээр сард эрэн сурвалжлах хүсэлт гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах болсон” гэв.

 

Хариуцагч С.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А-80 бензин 12150 литрийг /нэг литр тутмыг 1370 төгрөг/-өөр худалдан авсан. Тухайн үед энэ 12150 л бензинийг Завхан аймгийн Гэрэлт ШТС рүү шатахууныг явуулсан. “Гэрэлт” ШТС-с уг бензиний төлбөрийг тус ШТС-ийн эрхлэгч С.Я 2 удаагийн гүйлгээгээр буюу 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч “М-ойл групп” ХХК-ийн Хаан банкны 5040050582 дансанд 15430500 төгрөг, мөн 1,300,000 төгрөг нийт 16,730,500 төгрөг бүрэн төлж барагдуулсан байна.

Иймд “М-ойл групп” ХХК-ийн 16,035,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “М.о.г” ХХК-ийн 16,730,500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А80 12,150 литр шатахууныг литр тутмыг 1,370 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед 12,150 литр шатахуун нь шатахуун түгээх станц руу явсан. Үүнээс станцын эрхлэгч С.Янжмаа нь хоёр өдрийн гүйлгээгээр нийт 16,730,500 төгрөгийг “М.о.г” ХХК-д шилжүүлж өгсөн байгаа. Тэгэхээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй байна. Авлага, өглөгийн тооцоог нэхэмжлэлийн үндэслэл болгож байна. Үүнд манайх зөвшөөрч гарын үсэг зурсан юм байхгүй. Нөгөө талаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Монпетекс” ХХК гэсэн тооцооны доороосоо 6 дахь хэсэгт заасан компани нь нэхэмжлэгчийн охин компани гэдгийг би өнөөдөр мэдэж байна. “Монпетекс” ХХК-ийн үлдэгдлийг “М.о.г” ХХК нь нэхэмжлэх эрхтэй гэдэг үйл баримт нь хэрэгт байхгүй байгаа. Мөн “Монпетекс” ХХК-ийн Цэндсүрэнд шатахуун өгсөн гэх баримт хэрэгт байхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнээс гадна 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хэрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Яагаад ингэж тайлбарлаж байгаа вэ гэхээр хэрэгт авагдсан нефтийн бүтээгдэхүүний зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. Энэ гэрээний үүргийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэж гэрээнд заасан байгаа. Хэрэгт авагдсан баримтаар бид нэхэмжлэгчээс авсан шатахууны төлбөрийг бүрэн төлсөн байгаа. Мөн нэхэмжлэгч нь “Монпетекс” ХХК-ийн төлбөрийн үлдэгдлийг шаардаж байгаа юм байна. Гэтэл “М.о.г” ХХК нь уг компанийн төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “М.о.г” ХХК нь хариуцагч С.Цд холбогдуулан “Гэрээний үүрэг болох 16,035,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч “М.о.г” ХХК нь С.Цтэй 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр ОХУ-ын ГОСТ шаардлага болон олон улсын стандартыг хангасан А-80 автобензин нийлүүлэх, худалдан авагчаас үнийг  гэрээнд заасан нөхцлөөр төлөх буюу шатахууны урьдчилгаа төлбөр 50 хувийг бэлнээр төлж, үлдэгдэл 50 хувийг худалдагч талд 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар, нийлүүлэх шатахууны үнийг тухайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ, үнийн хэлбэлзэл, худалдагчийн ОХУ-аас худалдан авч байгаа гадаад үнийн өөрчлөлт инфляцийн түвшин зэргийг харгалзан талууд тухай бүр харилцан тохирч, үнийн тодотголыг гэрээний хавсралт №1-т нэмж тусгахаар талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №12-013 тоот “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах” гэрээ, гэрээний хавсралт болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9-12, 13 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12-013 тоот Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэд хэдэн удаа шатахууныг иргэн С.Цд нийлүүлсэн нь “М.о.г” ХХК-ийн ШТМ-ын зарлагын падаанаар нотлогддог.

Одоогийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл 16,035,000 төгрөг байна. Манай компанийн зүгээс С.Цтэй холбогдож, Зээлийн гэрээний хугацаа дууссан тул Зээлийн гэрээг авсан шатахууны үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа шаардаж байсан боловч, одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна...” гэж тайлбарладаг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А80 12,150 литр шатахууныг литр тутмыг 1,370 төгрөгөөр худалдаж авсан.

станцын эрхлэгч С.Я нь хоёр өдрийн гүйлгээгээр нийт 16,730,500 төгрөгийг “М.о.г” ХХК-д шилжүүлж өгсөн байгаа.

Авлага, өглөгийн тооцоог нэхэмжлэлийн үндэслэл болгож байна. Үүнд манайх зөвшөөрч гарын үсэг зурсан юм байхгүй. Нөгөө талаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Монпетекс” ХХК гэсэн тооцооны доороосоо 6 дахь хэсэгт заасан компани нь нэхэмжлэгчийн охин компани гэдгийг би өнөөдөр мэдэж байна. “Монпетекс” ХХК-ийн үлдэгдлийг “М.о.г” ХХК нь нэхэмжлэх эрхтэй гэдэг үйл баримт нь хэрэгт байхгүй байгаа. Мөн “Монпетекс” ХХК-ийн С.Цд шатахуун өгсөн гэх баримт хэрэгт байхгүй байна.

Үүнээс гадна 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хэрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Яагаад ингэж тайлбарлаж байгаа вэ гэхээр хэрэгт авагдсан нефтийн бүтээгдэхүүний зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. Энэ гэрээний үүргийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэж гэрээнд заасан байгаа. Хэрэгт авагдсан баримтаар бид нэхэмжлэгчээс авсан шатахууны төлбөрийг бүрэн төлсөн байгаа....” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус заажээ.

 

            Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

            Хэдийгээр талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, энэ талаар маргаагүй гэх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн шинжээс үзэхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Өөрөөр хэлбэл талууд гэрээндээ эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг тохирсон агуулга байгаа хэдий ч ийнхүү хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй, хүү тохироогүй байх тул шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн болно.

 

            Дээрх гэрээгээр нэхэмжлэгч “М.о.г” ХХК нь шатахууны дээд хязгаарын 12150 литр А-80 нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч С.Ц нь тухайн барааны үнэ төлбөрийг тохирсон хугацаанд шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 13 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “М.о.г” ХХК-иас гэрээний дагуу хариуцагч С.Цд 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дизель түлш 700 литрийг 1500 төгрөгөөр буюу 1,050,000 төгрөгийн, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А80 шатахуун 12150 литрийг 1000 төгрөгөөр буюу 16,645,500 төгрөгийн, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А80 шатахуун 1000 литрийг 1380 төгрөгөөр буюу 1,380,000 төгрөгийн, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр А80 шатахуун 1000 литрийг 1370 төгрөгөөр буюу 1,370,000 төгрөгийн, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр А80 шатахуун 12150 литрийг 1360 төгрөгөөр буюу 16,524,000 төгрөгийн нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан ШТМ-ын зарлагын падаанууд, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Авлага, өглөгийн тооцооны баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 15, 16-21 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан баримтаар 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтаар С.Я нь “М.о.г” ХХК руу 15,430,500 төгрөг, 1,300,000 төгрөгийг шилжүүлснийг Авлага өглөгийн тооцоогоор дээрх үнийн дүнг хасаж тооцсон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 15 дугаар тал/

 

Хариуцагч С.Ц нь 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч С.Ц нь худалдаж авсан нефтийн бүтээгдэхүүний төлбөр болох 16,035,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байсан гэж үзнэ.

 

            Дээр дурдсанаас үзвэл хариуцагч С.Ц нь нефтийн бүтээгдэхүүний төлбөрөөс 16,035,000 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд уг төлбөрийг худалдагч тал болох нэхэмжлэгч “М.о.г” ХХК нь гэрээнд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй юм.

 

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчийн хооронд байгуулагдсан дээрх худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар 2013 оны 01 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тооцоход 2016 оны 01 дугаар сарын 11-ний өдөр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсдэг.

 

Нэхэмжлэгч “М.о.г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан  тайлбартаа 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг төлснөөс хойш төлбөрийг төлөөгүй гэж тайлбарладаг. Хариуцагч С.Цд хамгийн сүүлд 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр А80 шатахуун 12150 литр нийлүүлсэн өдрөөс хойш нэхэмжлэгч боломжит хугацаа буюу 1-3 сарын хугацаанд төлөх ёстой байсан гэж тайлбарладаг бөгөөд гэрээний төлбөрийг эргүүлэн шаардах эрх 2013 оны 01 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үүссэн гэж үзэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч “М.о.г” ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01578 дугаар шийдвэрээр хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу С.Цг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж байжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2019 онд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлах боловч энэ талаар баримт байхгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 02 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Худалдах-худалдан авах гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 4 жил хэтрүүлсэн байх бөгөөд шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүйгээс гадна үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр хугацааг дахин шинээр эхлэн тоолох Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийг 79.1, 79.7-д заасан үндэслэл үүсээгүй болно.

 

Нөгөө талаар, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч өнгөрөөсөн явдал хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хугацааг сэргээх боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч “М.о.г” ХХК нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаж чадаагүй шалтгаан нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх  шалтгаанаар хэтрүүлснээ баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хариуцагч С.Цд холбогдох, нэхэмжлэгч “М.о.г” ХХК-ийн “Гэрээний үүрэг болох 16,035,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Цгээс “Гэрээний үүрэг болох 16,035,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч “М.о.г” ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М.о.г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС