Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2020/02062

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

­­­

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Н,

 

Нэхэмжлэгч:  М.И нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Г.к” ХХК-д холбогдох,

 

“Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, М.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г.б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч М.Н, М.И нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Н, М.Иийн хамт 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Г.к” ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71а байр 1 давхарт байрлалтай 107 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээгээр М.Н М.И хоёр нь тус үйлчилгээний талбайн нийт төлбөр болох 214,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Гэвч энэхүү үйлчилгээний талбайн төлбөрийг төлөөд 2 жил болсон ч “Г.к” ХХК энэхүү талбайг Голомт банкны зээлийн барьцаанд тавьсан байгаа учир бид уг талбайн гэрчилгээг өнөөдрийг хүртэл авч чадахгүй явж байна.

Иймээс энэхүү эд хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр авах хүсэлтийг минь хүлээн аван Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү.

            М.И, М.Н нь “Г.к” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, тус 214 сая төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ноос 2017 оны 10 дугаар сард бүрэн төлсөн.

            2017 оны 10 сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл худалдагч “Г.к” ХХК нь гэрээ болон хуулиар заасан үүргээ гүйцэтгээгүй улмаас миний бие нь 2017 оны 10 сараас 2020 оны 4 дүгээр сарыг хүртэл Иргэний хуулийн 231, 232.6, худалдах-худалдан авах гэрээний 1.3, 1.6, 4.2.2, 6.1-д зааснаар өдрийн 0.5 хувиар нийт 29 сарын 60 сая төгрөгийн алданги тооцож байна. Иймээс тус мөнгийг “Г.к” ХХК-иас олгож өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгч М.Н, М.И нар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Н, М.И нараас “Г.к” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Г.к” ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар, 15 хороолол 71а байрны 1 давхарт байрлах 107 м.кв талбайг авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д зааснаар 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр, нийт 214,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон.

Ингээд гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ  байгуулагдсанаас хойш 165,000,000 төгрөг, 70,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа авах эрхийг өгсөн.

Үлдэх 80,000,000 төгрөгт орон сууц шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн буюу 214,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нар нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр буюу төлбөр төлөх хугацаанаас 21 хоногийн өмнө тооцоо нийлж, бүрэн дуусгасан байдаг.

Гэрээний 4.1.2-т “Г.к” ХХК нь захиалсан объектыг хугацаанд нь хүлээлгэж өгнө гэж заасан байгаа. Гэрээний 4.1.4-т гэрээний зүйлийг аливаа этгээдэд худалдахгүй, барьцаалахгүй байх үүргийг “Г.к” ХХК хүлээх бөгөөд төлбөрийг бүрэн төлж дуусахаар өмчлөх эрхийн гэрчилгээ авахад холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгнө гэсэн байдаг. Харамсалтай нь уг үүргээ биелүүлээгүй. Гэрээг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нар нь үүргээ 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулсан.

Нэхэмжлэгч нар нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Тиймээс маргаан бүхий объектын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээний 6.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т заасны дагуу алданги тооцож, нийт 60,000,000 төгрөгийг хариуцагч талаас шаардаж байгаа. Хариуцагч нь алдангийг л зөвшөөрдөггүй болохоос өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай холбоотой тайлбар гаргаагүй учраас уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна” гэв.

 

            Хариуцагч “Г.к” ХХК-ийн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч М.Н, М.И нарын нэхэмжилсэн алданги 60 сая төгрөгийг “Г.к” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч “Г.б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: “Голомт банк болон “Г.к” ХХК нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ8115100450 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗБ/8115100450-Б дугаартай “Ипотекийн гэрээ”, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ГБ/56-Б дугаартай “Ипотекийн гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71а, 71б тоот 15,500 м.кв талбайг барьцаалсан. Иймд гуравдагч этгээдийн эрхийг зөрчихгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г.б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.б” ХХК болон “Г.к” ХХК нар нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 24 хувийн хүүтэйгээр 5,000,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлсэн байдаг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 3 ипотекийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу зээлийн гэрээний баталгаа болгож 180 айлын орон сууцыг бүхэлд барьцаалсан. Банкны зүгээс ямар байр суурьтай байдаг вэ гэхээр эдгээр 180 айлын 110 дээр нь төлбөр мөнгөний асуудалгүй барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг нь гаргаж өгсөн. Яагаад ийм асуудал гарсан бэ гэхээр “Г.к” ХХК нь гэрээний 2.1.5-д зааснаар зээлийн дансаар төлбөрийг төлөх ёстой байсан. Өмнө нь гарсан 110 айл нь бүх төлбөрөө Голомт банкаар төлсөн учраас барьцаанаас гаргасан байдаг. Харин нэхэмжлэгч нар нь 214,000,000 төгрөгийг Голомт банкаар төлөөгүй. Нэхэмжлэгчийнх нь хэлж байгаагаар бэлнээр болон Худалдаа хөгжлийн банкаар төлсөн байгаа. Тэгэхээр гэрээний үүргээ зөрчиж, төлбөрийг төлөөгүй байгаа учраас “Г.б” ХХК нь барьцааны зүйлийг суллаж өгөх боломжгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч М.Н, М.И нар нь хариуцагч “Г.к” ХХК-д холбогдуулан “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Н, М.И нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “алданги 60,000,000 төгрөг гаргуулах” гэж нэмэгдүүлсэн байна.

 

            Нэхэмжлэгч М.Н, М.И болон хариуцагч “Г.к” ХХК нарын хооронд “Үйлчилгээний зориулалттай заал /объект/ худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар “Г.к” ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Г.Лувсанцэвээний гудамж 71а байрны 1 дүгээр орцны 1 давхрын 107 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг үндсэн цахилгаан, цэвэр болон бохир усны монтажийн эх үүсвэрийг хийхэд бэлэн болгож, цахилгаан 380-ийн щит оруулж, зургийн дагуу хуваалтыг тус тус хийж 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хүлээлгэн өгөх, М.Н, М.И нар нь үйлчилгээний заалны 1 м.кв талбайн үнэ 2,000,000 төгрөг, нийт 214,000,000 төгрөгийг төлөх, гэрээ байгуулагдсанаар 70,000,000 төгрөгийг дансаар, 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий барааг Е-март их дэлгүүрээс сонгон авах эрхийн бичиг буюу ваучерыг, 80,000,000 төгрөгийн үнэ бүхий 51,7 м.кв, 2 өрөө орон сууцыг тус тус оролцуулан, үлдэгдэл 49,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлбөрийг худалдагч талын нэрлэн заасан банкны харилцах дансанд шилжүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Үйлчилгээний зориулалттай заал /объект/ худалдах-худалдан авах гэрээ” болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 20-22 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгч нар нь үйлчилгээний талбайн нийт төлбөр болох 214,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэвч энэхүү үйлчилгээний талбайн төлбөрийг төлөөд 2 жил гаран болсон ч “Г.к” ХХК энэхүү талбайг Голомт банкны зээлийн барьцаанд тавьсан байгаа учир бид уг талбайн гэрчилгээг өнөөдрийг хүртэл авч чадахгүй явж байна.

Иймээс энэхүү эд хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр авах хүсэлтийг минь хүлээн авч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү.

214 сая төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ноос 2017 оны 10 дугаар сард бүрэн төлсөн. Худалдагч “Г.к” ХХК нь гэрээ болон хуулиар заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас Иргэний хуулийн 231, 232.6, худалдах-худалдан авах гэрээний 1.3, 1.6, 4.2.2, 6.1-д зааснаар өдрийн 0.5 хувиар нийт 29 сарын 60 сая төгрөгийн алданги гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

 

Шүүх нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Г.к” ХХК-ийн төлөөлөгч, захирал Д.Цэндэд гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд  хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг танилцуулсан боловч хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бөгөөд дээрх шаардлагад хариуцагч “Г.к” ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа “...алданги 60 сая төгрөгийг “Г.к” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна” гэж маргажээ.

 

Энэ хэрэгт “Г.б” ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, “маргааны зүйл болсон үйлчилгээний зориулалттай талбай нь нь “Г.к” ХХК-ийн тус банкнаас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байгаа” гэсэн тайлбар гаргажээ.

 

Шүүх хариуцагч “Г.к” ХХК-ийн төлөөлөгч Д.Цэндэд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч тал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.  

           

Нэхэмжлэгч М.Н, М.И нар нь талуудын хооронд байгуулсан “Үйлчилгээний зориулалттай заал /объект/ худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу үйлчилгээний заалны төлбөрт хариуцагч “Г.к” ХХК-д нийт 214,000,000 төгрөгийг төлсөн талаар тайлбарладаг бөгөөд хэрэгт авагдсан “Г.к” ХХК-ийн Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан болон 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, “Г.к” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сараас 09 дүгээр сарын 11-ний өдрийг  хүртэлх мемориалын ордерын баримтууд, зарлагын баримтууд, төлбөр төлсөн талаарх баримтууд, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Г.к” ХХК-ийн захирал Д.Цэндийн тооцоо дууссан талаарх баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн дугаар тал/

 

Хариуцагч “Г.к” ХХК нь “Үйлчилгээний зориулалттай заал /объект/ худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу барилгыг 2016 оны 12 дугаар 07-ны өдрөөр худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч дээрх барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай талбайтай гэрээ байгуулах үед танилцсан, гэрээний дагуу дээрх хугацаанд хүлээж авч ашиглаж эхэлсэн, үйлчилгээний зориулалттай талбай ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авсныг талууд тайлбарлах бөгөөд энэ үеэс худалдан авагч байрыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан “Үйлчилгээний зориулалттай заал /объект/ худалдах-худалдан авах гэрээ”-ний агуулга, мөн гэрээний зүйл болох объектын ашиглалтад орсон хугацааны байдлыг харгалзан дээрх гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцсэн гэрээ байгуулжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч тал гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй харин гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй талаар маргаж байгаа болно.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.”, 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.”, 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус заажээ.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Иймд  гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

 

            Гэрээний 1.6-д “Худалдан авагч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн орон сууцыг Улсын комиссоос орон сууцыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн акт гарч, төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар шилжүүлэн авна.”, 4.1.4-т “Худалдан авагчийн захиалсан объектыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд төлбөрийг бүрэн төл дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.”, 4.2.2-т “Барилгыг улсын комиссоос ашиглалтад хүлээн авахыг зөвшөөрсөн акт гарч, төлбөрийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсны дараа захиалсан объектын албан ёсны өмчлөгч болно” гэж тус тус тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нар уг гэрээний үнийг 100 хувь төлсөн байх бөгөөд “Г.к” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн бичгээр тооцоог н.Туул нябо-той хамтран нийлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авах албан бичгээ авах гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар тухайн хөрөнгө барьцаанд байгаа гэсэн үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Иймд хариуцагч нэхэмжлэгч нарт үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөлийг шилжүүлэх нь зүйтэй байх тул М.Н, М.И нарыг Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Г.Лувсанцэвээний гудамж 71а байрны 1 дүгээр орцны 1 давхрын 107 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

 

Маргааны зүйл болсон үйлчилгээний зориулалттай объект “Г.б” ХХК-ийн барьцаанд байгаа нь М.Н, М.И нарын өмчлөх эрхийг бүртгэхэд саад болохгүй бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрх тус банкинд хэвээр хадгалагдах үр дагавартайг дурдах нь зүйтэй.

 

            Харин нэхэмжлэгч М.Н, М.И нар нь хариуцагч “Г.к” ХХК-иас алдангид 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Гэрээний 6.1-д “Талууд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд аль буруутай тал нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон нөгөө талдаа алданги төлнө” гэж тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь ямар үүргээс хэрхэн тооцон алданги нэхэмжилж байгаа нь тодорхойгүйгээс гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1 дэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцээгүй. Өөрөөр хэлбэл алдангийг ямар үүргээс тооцож авах нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь алданги гаргуулах шаардлагын үндэслэлээ гэрээний үр дүн нь гэрчилгээ, одоо тус объектыг эзэмшиж байгаа боловч бусдад шилжүүлэх, түрээслэх эрхгүй байгаа, захиалгын гэрээний 4.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх ёстой байсан боловч өгөөгүй учраас алданги тооцож байгаа гэж тайлбарлан гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэжээ.

 

Дээрх гэрээний заалтаас дүгнэхэд гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээргүй байна. Учир нь нэхэмжлэгч нар нь “Үйлчилгээний зориулалттай талбай”-г гэрээнд заасан хугацаанд одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байх бөгөөд үүнтэй холбоотойгоор хугацаа хэтэрсэн алдангийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна. 

 

Иймд нэхэмжлэгч М.Н, М.И нарын хариуцагч “Г.к” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас “алдангид 60,000,000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Г.Лувсанцэвээний гудамж 71а байрны 1 дүгээр орцны 1 давхрын 107 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр нэхэмжлэгч М.Н, М.И нарыг тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч нарт олгохыг “Г.к” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 60,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Н, М.И нарын  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,684,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г.к” ХХК-иас 1,227,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н, М.И нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС