Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,

Улсын яллагч: Н.Зулаа,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000112 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Боржигон овогт *******ийн ******* /РД:/,

                                                             

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 02 дугаар баг, 36 дугаар гудамжны 1436 тоотод хамтран амьдрагч *******тай маргаан үүсгэж улмаар шилэн саваар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 02 дугаар сарын 17-ний өдөр Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байх Есөн-Эрдэнэ зах дээр архи ууж байгаад 20 цагийн орчим гэртээ орсон чинь манай эхнэр намайг архи уулаа гээд уурлаад байхаар нь би гэрт байсан варианы шилийг аваад шидчихсэн чинь эхнэр гийн толгой хэсэгт цохисон. Тэгсэн чинь цус гараад байхаар нь түргэн тусламж дуудаад ирж авсан. Би 181 дугаар шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал нийлж байна....гэх мэдүүлэг / хх-ийн 70 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гадуур ажилтай явж байгаад 20 цагийн орчим гэртээ орж ирсэн чинь манай нөхөр ******* гэртээ согтуу байсан. Тэгээд би хоол хийх гээд байж байсан чинь манай нөхөр ******* миний толгойн зүүн талын хөмсөг орчим варианы шилээр цохисон чинь миний зүүн талын хөмсөг орчим зүсэгдсэн. Тэгээд би цус гараад байхаар нь тогтоох гээд 1 цаг орчим гэртээ байсан чинь цус нь тогтохгүй байхаар нь би эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Варианы шил хагараагүй. Варианы шилний ёроолоор нэг удаа цохисон. Миний зүүн хөмсөг орчим зүсэгдсэн 2 оёдол тавиулсан. Манай нөхөр ******* өмнө нь намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Хүмүүс уруу татаад байсан би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..*******гийн Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 187.656 төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 55 /,

6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тай таарсан чинь намайг орой ирээд гэрийн хулдаас дэвсэлцээд өгөөрэй гэхээр нь би Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн тоотод байх *******ын гэрт очсон чинь согтуу гэртээ байсан. Тэгсэн чинь эхнэр нь болох хоол хийгээд гэрийн зүүн талын орны урд сууж байсан чинь ******* согтуурхаж гаас хэрүүл нэхэж байгаад газраас варианы шил байсныг аваад гийн толгойн хэсэгт буюу зүүн хөмсөг орчим цохисон. Тэгсэн чинь гийн зүүн хөмсөг орчмоос цус гараад тогтохгүй байсан. Тэгэхээр нь түргэн тусламж дуудъя гээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

7. Нарийн мэргэжлийн эмч нарын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай: .....1. Оролцогч ******* нь сэтгэцийн хувьд 08: Р07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг гэх оноштой, сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг хэдий ч тухайн хэрэг үйл явдал болох үед ухамсарт ухаан алдагдаагүй байсан. Болсон хэргийг дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай ярьж, тайлбарлаж байгаа тул үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

2. Шинжилгээнд оролцогч 1987 онд тархиндаа гэмтэл авч байсан, мөн 1998 онд тархины цус харвалт болж байсан гэх өөрийн өгүүлэмжтэй. Эмнэлгийн дэвтэрт 2014 оноос хойш өрхийн эмч болон мэдрэл, сэтгэцийн эмчид тогтмол үзүүлж байсан эмчийн үзлэгийн тэмдэглэл бичигдсэн байна. Мөн үзлэгээр тархины гэмтэлтэй холбоотойгоор үүссэн тархины органик шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйн шинжүүд илэрч байна. Энэ эмгэг нь тархины гэмтэл, органик өөрчлөлтийн шалтгаантай үүсдэг. Эмнэлзүйд ой тогтоолт муудах, мартамхай болох, баримжаа алдах.уур уцаартай болох, нойрны хямрал, ядарч сульдах, унажтатах, ухамсарт ухаан балартах зэрэг олон шинж тэмдгээр илэрдэг органик шалтгаант сэтгэцийн эмгэг бөгөөд үе шатаар тодорхойлох боломжгүй.

3. Шинжилгээнд оролцогчийн эмнэлгийн дэвтэрт 2014 оноос хойш өрхийн эмч болон мэдрэл, сэтгэцийн эмчид тогтмол үзүүлж байсан эмчийн үзлэгийн тэмдэглэл бичигдсэн байна.

4. Шинжилгээнд оролцогч сэтгэцийн эмгэгийн улмаас 2015 онд сэтгэцийн эмчийн хяналтад ХЧА тогтоолгосон комиссын шийдвэр эмнэлгийн дэвтэрт байна. Мөн 2015 онд хийгдсэн Эмгэг сэтгэл судлалын шинжилгээ, 2023 онд хийгдсэн толгойн компьютер томографийн шинжилгээнд органик шалтгаант өөрчлөлт илэрсэн байна. /Diffuse atropia of the brain, cerebral atherosclerosis/.

ХЧА алдалтыг ЭЗ: Р07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг гэх оношоор ХЧА-г 2024.12.12-2025.12.12 хүртэл тогтоосон ЭХМК-ийн шийдвэр тэмдэглээтэй байна.

5. Оролцогч *******ийн *******т тухайн хэрэг, үйл явдал болсноос хойш сэтгэл мэдрэлийн өөрчлөлт илрээгүй.

6. Оролцогч *******ийн ******* нь болсон хэрэг явдлын талаар орон зай, цаг хугацааны, өөрийн болон орчны баримжаатай, тодорхой ярьж чадах бөгөөд тухайн хэрэг явдал болох үед ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан тул хэрэг хариуцах чадвартай. Оролцогчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй.

Цаашид мэдрэлийн болон сэтгэцийн эмчийн хяналтад тогтмол үзүүлж, эмчилгээ зөвлөгөө авах, сэтгэц нөлөөт эм тогтмол хэрэглэх шаардлагатай....гэх дүгнэлт /хх-ийн 84-86/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181 дугаартай шинжээчийн:...1. *******гийн биед зүүн хөмсөгний шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27-28/ болон  хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5/, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 02 дугаар баг, 36 дугаар гудамжны 1436 тоотод хамтран амьдрагч *******тай маргаан үүсгэж улмаар шилэн саваар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь  хохирогч Я.Байгалмаагийн мэдүүлэг, гэрч *******гийн мэдүүлэг, шинжээчийн 181, 13 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч уг үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй, буюу тухайн үед үүссэн ахуйн маргааны улмаас шилэн саваар цохисон нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч *******гийн энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж  Эрүүл мэндийн даатгалын 187.656 төгрөгийн зардал гаргаж хохирогч ******* эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 187.656 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан найман сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тамхины шилэн савыг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш найман сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******оос 187.656 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тамхины шилэн савыг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ