Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2022/01028

 

 

 

 

 

 

 

 

2022 12 02

130/ШШ2022/01028

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т банкны салбар, Хаяг:Б аймаг, Ө  сумын 5 дугаар багт байрлалтай,

Хариуцагч: Ш.С  Хаяг:Б аймаг, Ө  сум 5 дугаар багт оршин суух

Хариуцагч: А.Т. Хаяг: Б аймаг, Ө  сум 9 дүгээр багт оршин суух

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 10,151,844.11 төгрөг, зээлийн хүү 1,479,112.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,284.89 төгрөгийн хамт нийт 11,690,241.14 төгрөг  гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б ,

Хариуцагч А.Т ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

Хариуцагч Ш.С д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т  зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Т банкны салбарын захирал Д.Р нь хариуцагч Ш.С , А.Т  нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,690,241.14 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч Ш.С , хамтран зээлдэгч А.Т  нар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай банктай 000  тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 20,000,000 (хорин сая) төгрөгийн зээлийг сарын 1,4 хувийн жилийн 16,80 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлдэж авсан.

1.2 Зээлдэгч Ш.С , хамтран зээлдэгч А.Т  нар нь зээлийн гэрээний 6.2.5 дэх заалтын дагуу зээл болон хүүгийн төлбөрийн бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бөгөөд зээлдэгч болон хамтран зээлдэгчид утсаар ярьсан, биечлэн уулзсан, мэдэгдэх хуудас хүргүүлж зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн зээл төлөх сонирхолгүйгээс зээл, зээлийн хүүгээ төлөлгүй өнөөдрийг хүрлээ.

1.3 Зээлдэгч нар тус банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний нөхцөл, заалтыг хүлээн зөвшөөрч, үүргээ ухамсарлан гарын үсэг зурсан. Барьцаат зээлийн гэрээний 3.3-р заалтад “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж тодорхой заасан тул тус зээлийг зээлдэгч болон хамтран зээлдэгч нар хариуцах ёстой. Гэрлэлт цуцлуулсан нь тухайн хүмүүсийн хувийн асуудал бөгөөд уг асуудал нь банканд ямар ч хамааралгүй болно.

1.4 Иймд зээлдэгч Ш.С , хамтран зээлдэгч А.Т  нар нь банктай байгуулсан зээлийн гэрээний 2.2.1,3.2.1,3.2.8 дах заалтуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул гэрээний 6.2.1 дэх заалтуудыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж үндсэн зээлийн үлдэгдэл 10,151,844.11 төгрөг, зээлийн хүү 1,479,112.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,284.89 төгрөгийн хамт нийт 11,690,241.14 (арван нэгэн сая зургаан зуун ерэн мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж тус банканд олгож өгөхийг хүсье гэв.

 

2. Хариуцагч Ш.С ы хариу тайлбар, зөвшөөрөл:

2.1 Миний бие Т банкны салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээж авч танилцлаа.

2.2 Би тус банкнаас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг цалингийн зээл авсан нь үнэн. Тухайн үед хамтран үүрэг гүйцэтгэгчээр А.Т  нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

2.3 Иймд миний бие Т банкны салбарын надаас нэхэмжилж байгаа 11,690,241.14 (арван нэгэн сая зургаан зуун ерэн мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг би өөрөө төлнө.

2.4 Хамтран зээлдэгч гэх эхнэр болох А.Т  энэ зээлд ямар ч хамааралгүй. Би энэ мөнгийг өөрөө хэрэглэсэн. Эхнэр бид хоёр 2019 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Эхнэр А.Т  нь энэ зээлд болон мөнгөнд ямар ч хамааралгүй. Тухайн зээл авахдаа хамтран зээлдэгчээр гарын үсэг зурснаас биш ямар ч хамааралгүй.

2.5 Иймд энэ асуудлыг миний зөвшөөрснөөр шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

 

3.Хариуцагч А.Т йн хариу тайлбар, татгалзал:

3.1 Миний бие Т банкны салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тайлбараа гаргасан байгаа. Уг банкнаас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг Ш.С   цалингийн зээлийн зориулалтаар авсан нь үнэн.

3.2 Уг мөнгөөр А  маркийн машин авсан, би уг мөнгөнөөс нэг ч төгрөг авч ашиглаж байгаагүй. Тус банкны шаардлагын дагуу зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тухайн үед Ш.С  бид хоёр гэр бүл байсан ба 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулахдаа би эд хөрөнгийн маргаан үүсгээгүй.

3.4 Би өөрөө цалингийн зээлтэй, 2 хүүхдийн хамт байр хөлслөн сууж байгаа өрх толгойлсон эмэгтэй. Иймд би нэхэмжлэгч Т  банкны нэхэмжилж байгаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 11,690,241 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь би өөрөө цалингийн зээлтэй ба 2 хүүхдийн сургалтын төлбөрийг мөн адил өөрөө төлж, байрны мөнгийг төлж байгаа. Уг зээлийг Ш.С  авч хувьдаа машин авсан байгаа  тул өөрөө төлнө гэв.

 

4.Нэхэмжлэгч Т банкны салбарын нэхэмжлэл, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Ш.С , А.Т  нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ш.С ы зээлийн дансны харилцагчийн хуулга, нэхэмжлэгч байгууллагын захирлын 2022 оны11 дүгээр сарын 14-ний өдрийн 47/709 дугаар албан бичгээр С.Б д олгосон итгэмжлэл, мөн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 00 дугаар албан бичгээр гаргасан нэмэлт тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байна.

 

5.Хариуцагч Ш.С ы 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, хариуцагч А.Т йн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийдвэр, Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 0 дугаартай магадлал зэрэг бичгийн нотлох баримтуудыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ш.С аас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,690,241.14 (арван нэгэн сая зургаан зуун ерөн мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банкны Б салбарт олгож, нэхэмжлэгчийн хариуцагч А.Т д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

7.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Ш.С , хамтран зээлдэгч А.Т  нар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай банктай 000  тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 20,000,000 (хорин сая) төгрөгийн зээлийг сарын 1,4 хувийн жилийн 16,80 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлдэж авсан байна. Зээлдэгч нар зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд тус банкнаас удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байна. Хариуцагч нарын гэрлэлт цуцлуулсан асуудал тухайн хүмүүсийн хувийн асуудал бөгөөд энэхүү маргаан нь банканд  ямар ч хамааралгүй болно гэж тайлбарлажээ.

 

8.Хариуцагч А.Т  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: Т банкны Б салбарын Б  тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг Ш.С  цалингийн зээлийн зориулалтаар авсан, уг мөнгөөр Ш.С  нь машин авсан. Би тус банкны шаардлагын дагуу хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тухайн үед гэр бүл байсан ба 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулахдаа би эд хөрөнгийн маргаан үүсгээгүй. Би өөрөө цалингийн зээлтэй, өрх толгойлсон эмэгтэй учраас уг зээлийг төлөх боломжгүй.Тухайн зээлийг авсан хүн болох Ш.С  өөрөө төлөх ёстой гэж маргажээ.

 

9.Хариуцагч Ш.С  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: Уг цалингийн зээлийг би өөрөө авч хувьдаа зарцуулсан. Эхнэр бид хоёр 2019 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. А.Т  нь тухайн зээл авахдаа хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан болохоос ямар ч хамааралгүй. Иймд энэ асуудлыг миний зөвшөөрснөөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

10.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т  банк нь  2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 0000 дугаартай Барьцаат зээлийн гэрээ (цалингийн зээл) байгуулан, 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлж, уг мөнгийг зээлдэгч Ш.С ы дансанд шилжүүлсэн, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон ба түүнд талууд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Т  банк болон үндсэн зээлдэгч Ш.С , хамтран зээлдэгч А.Т  нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан ба үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээл олгох эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээгээр Т банкны Б салбар нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 6.3-т зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон мөн гэрээний 6.2 дахь заалтад заасан үүргээ зөрчсөн, энэ талаар зээлдүүлэгчээс удаа дараа мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар зөрчлөө арилгаагүй байх тул нэхэмжлэгч Т банкны Б салбар нь гэрээг дангаар цуцалж үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө зээлдэгч болох хариуцагч Ш.С , А.Т  нараас шаардсан хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

11.Хариуцагч Ш.С , А.Т  нар нь гэрлэлтээ тус шүүхийн 2019 оны 10 дүгээр сарын 24-ний өдрийн 0  дугаар шийдвэрээр цуцалсан болох нь уг шийдвэр болон 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нотлогдож байна.

 

12.Харин хариуцагч Ш.С , А.Т  нар нь хууль ёсны эхнэр нөхрийн хувьд хамтран амьдрах хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Т банкны Б салбарын Б  тооцооны төвөөс 20,000,000 төгрөгийн зээл авч, барьцаат зээл (цалингийн зээл)-ийн гэрээ болон зээлтэй холбоотой бусад баримтуудад үндсэн зээлдэгчээр Ш.С , хамтран зээлдэгчээр А.Т  тус тус гарын үсэг зурсан нь тогтоогджээ.

 

13.Гэвч Иргэний хуулийн 240 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан байх ба талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаартай цалингийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан боловч энэ нь гэрээний ерөнхий зарчмын зохицуулалт бөгөөд тус гэрээний 3.2.4-д “Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт/ тохиолдолд хуулийн дагуу Зээлдэгчийн өв залгамжлагч, Хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч" нь энэ Гэрээний дагуу зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцна гэж хамтран зээлдэгчийн хүлээх үүрэг үндэслэл журам, нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Иймээс талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний 3.2.4-д заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд хариуцагч А.Т  нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

14.Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Т банкны Б салбарын Б  Тооцооны төвөөс олгосон цалингийн зээлийн 20,000,000 төгрөгийг хариуцагч Ш.С ы тус банкин дахь 00000 дугаар дансанд оруулж, уг данснаас түүнд хэд хэдэн удаагийн зарлагаар бэлэн олгосон мөн нэхэмжлэгч Т  банктай байгуулсан зээлийн гэрээний зориулалт, барьцааны зүйл, зээлдэгч Ш.С ы цалинг барьцаалж олгосон буюу тухайн үндсэн зээлдэгчийн санхүүгийн эх үүсвэрт тулгуурлаж өгсөн зээлийн онцлог, хариуцагч Ш.С ы нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзаж, нэхэмжлэлээс хариуцагч А.Т д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш.С аар нэхэмжлэлийн үнийг бүрэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

15.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 11,690,241.14 төгрөгт 201,994 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой боловч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 200,947 төгрөг төлж 997 төгрөг дутуу төлсөн байх тул нэхэмжлэгч Т банкны Б салбараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн  997 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.С аас улсын тэмдэгтийн хураамжид 201,944 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.С аас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,690,241.14 (арван нэгэн сая зургаан зуун ерэн мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банкны Б салбарт олгож, нэхэмжлэгчийн хариуцагч  А.Т д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т банкны Б салбараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 997 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Ш.С аас улсын тэмдэгтийн хураамжид 201,944 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банкны Б салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.Ж