| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2022/00911/И |
| Дугаар | 130/ШШ2022/01080 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2022/01080
| 2022 12 12 | 130/ШШ2022/01080 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.М. Хаяг: Б аймаг, Ө сум, 9 дүгээр баг, оршин суух
Хариуцагч: Ш.М. Хаяг: Б аймаг, Ө сум, 6 дугаар багт оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: 0000 улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах эсхүл үнэ болох 7,000,000 төгрөгөөс үлдсэн 3,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.М ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н ,
Хариуцагч Ш.М ,
Орчуулагч Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.М нь анх шүүхэд хариуцагч Ш.М ад холбогдуулан түүнээс Л маркийн тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж хариуцагч Ш.М аас 0000 улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгслийг гаргуулахыг хүссэн байна.
Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шаардлагаа тодруулж хариуцагч Ш.М аас 0000 улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах эсхүл үнээс үлдсэн 3,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие Х.М нь 2022 оны 5 сарын сүүлээр 6 дугаар сарын эхэн үед мөнгөний хэрэг гарсан тул осолд орсон өөрийн эзэмшлийн Л маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Ш.М нь надад худалдаач гэхээр нь түүнд 7,000,000 төгрөгөөр үнэлж аман гэрээ хийж зээлээр худалдсан ба мөнгийг нь удахгүй өгнө гэж тохиролцсон боловч Ш.М нь надад нийт 4,000,000 төгрөгийн миний Х банкин дахь 00 дугаартай данс руу шилжүүлсэн тэр талаарх дансны хуулгыг нотлох баримтаар хавсаргаж өгсөн.
1.2 Дараа нь хариуцагч надаас худалдаж авсан тээврийн хэрэгслийн моторыг задалсан байсан. Ш.М надад чиний тээврийн хэрэгслийн мотор нь цохисон байна, үлдсэн мөнгийг өгөхгүй гэсэн. Гэхдээ миний тээврийн хэрэгсэл осолд орсон болохоос биш мотор, коропк, дугуй нь бүгд бүрэн байсан. Дараа нь би үлдсэн мөнгө өгөхгүй бол тээврийн хэрэгслээ авна гэж Ш.М ын гэрт очсон. Тухайн үед хариуцагч архи уусан согтуу, надад агсам тавьсан тул би цагдаа дуудсан. Нурболат гэх цагдаагийн ажилтан ирсэн. Цагдаагийн албан хаагчийн зөвлөснөөр шүүхэд хандаарай гэснээр шүүхэд хандсан.
1.3 Миний Л маркийн тээврийг хэрэгслийн зах зээлийн одоогийн ханш нь 15,000,000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой бөгөөд хүн чанар гаргаж үнийг нь буулгаж Ш.М ад худалдахад тэрээр “үлдсэн мөнгийг өгөхгүй, хэрэгтэй бол машинаа авчих” гэх мэтээр доромжилж байна. Тухайн машин одоо хүртэл миний нэр дээр бүртгэлтэй байгаа болно.
1.4 Иймд хариуцагч Ш.М аас 0000 улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах эсхүл үнэ болох 7,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг авсан ба үлдсэн 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ш.М хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч Х.М ийн энэхүү асуудлаар 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр танай шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, би эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж байсан. Х.М нь эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөлдөө Л маркийн машиныг 5,500,000 төгрөгөөр үнэлж зээлээр худалдан борлуулж, үүнээс 4,000.000 төгрөгийг төлж, одоо 1,500,000 төгрөг үлдсэн уг мөнгийг төлж өгөхгүй байгаа тул төлүүлж өгнө үү гэж бичиж байсан.
2.2 Гэтэл тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 7,000,000 төгрөгөөр үнэлж аман гэрээ хийж зээлээр худалдсан, 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж бичсэн байна. Энэ нь түүний худал мэдүүлж байгааг нотолж байна.
2.3 Би Х.М ээс 2022 оны 5 дугаар сарын үед аваарт орж онхолдож эвдэрсэн Л маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан маань үнэн. Би тухайн үед Л маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа моторыг нь өөрийнхөө Л маркийн тээврийн хэрэгсэлд ашиглахаар сэлбэгийн зориулалтаар 4,000,000 төгрөгөөр тохиролцож худалдаж авсан. Би тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлж барагдуулсан тул Х.М бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй.
2.4 Нэхэмжлэгч Х.М тухайн тээврийн хэрэгслийг надад худалдахдаа мотор нь сайн гэж худалдсан. Х.М ээс худалдаж авсан машины моторыг задалж өөрийнхөө машинд тавьж 2022 оны 7 дугаар сарын 16-ны үед АТ явах замд Б аймгийн Ц сумын М гэх газарт машин маань эвдэрч хэр газарт үлдсэн. Дараа нь би өөрийнхөө тээврийн хэрэгслийн өмнөх моторыг тавиулсан.
2.5 Үүнээс би 4,000,000 төгрөгийн алдагдалд орсон. Анх нэхэмжлэгч надад Л маркийн тээврийн хэрэгслийн мотор нь сайн гэж намайг хуурч мэхлээгүй бол би тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахгүй байсан. Л маркийн тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлж барагдуулсан тул Х.М т төлөх өр төлбөр байхгүй.
2.6 Нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гэрээ дуусгавар болсон тул худалдаж авсан хөрөнгийг буцааж олгох үндэслэл байхгүй.
2.7 Осолд орсон тээврийн хэрэгслийн үлдсэн запаасыг худалдсан боловч 4,000,000 төгрөгийн алдагдлаа нөхөж чадаагүй. Х.М ээс худалдаж авсан Л маркийн тээврийн хэрэгслийг задалж худалдсан тул нэхэмжлэгчид буцаан олгох боломжгүй. Нэхэмжлэгчийн Л маркийн тээврийн хэрэгсэл нь хоёр удаа осолд орсон тул унах боломжгүй болсон. Нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлагч болон шүүхэд худал мэдүүлэг өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.М ийн Х банкны 00 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, 0000 улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н тай байгуулсан өмгөөллийн гэрээ, нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тухай нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тодруулах тухай нэхэмжлэл зэргийг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Ж.А , Б.А , Х.Е , А.К нарын тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч Х.М ийн 2022.09.12-ны өдөр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, Ш.М ын Х банкны 000 тоот болон Т банкны 0000 тоот тус тус депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эвдэрсэн автомашины мотор солих үеийн гэх 2 ширхэг фото зураг, хариуцагчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбогдуулан гаргасан тайлбар зэргийг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Ш.М аас Л маркийн тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,500,000 төгрөг, мөн 0000 улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгсэл тус тус гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Л маркийн тээврийн хэрэгсэл маань зах зээлийн одоогийн ханш нь 15,000,000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой бөгөөд хүн чанар гаргаж үнийг нь буулгаж 7,000,000 төгрөгөөр Ш.М ад худалдахад тэрээр “үлдсэн мөнгийг өгөхгүй, хэрэгтэй бол машинаа авчих” гэх мэтээр доромжилж байна. Уг үнээс 4,000,000 төгрөгийг Х банкны дансаар төлсөн ба тухайн машин одоо хүртэл миний нэр дээр бүртгэлтэй байгаа болно. Хариуцагч Ш.М аас 0000 улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах эсхүл үнэ болох 7,000,000 төгрөгөөс үлдсэн 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч Ш.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:
Үүнд: Би Х.М ээс 2022 оны 5 дугаар сарын үед аваарт орж онхолдож эвдэрсэн Л маркийн тээврийн хэрэгслийн моторыг өөрийнхөө Л маркийн тээврийн хэрэгсэлд ашиглахаар сэлбэгийн зориулалтаар 4,000,000 төгрөгөөр тохиролцож худалдаж авсан. Би тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлж барагдуулсан тул Х.М бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй. Худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гэрээ дуусгавар болсон тул худалдаж авсан хөрөнгийг буцаан олгох үндэслэл байхгүй гэж маргажээ.
8.Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо.
8.1 Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр маргаан бүхий 0000 улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Х.М ийн нэр дээр байгаа боловч уг тээврийн хэрэгсэл нь аваарт орж онхолдсоны улмаас хариуцагч Ш.М нь сэлбэгийн зориулалтаар нэхэмжлэгч Х.М ээс худалдаж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн Х банкны 000 тоот болон Т банкны 0000 тоот тус тус дансны хуулгаар, нэхэмжлэгч Х.М ийн Х банкны 00 дугаартай дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга гэдэг дээр (хариуцагчийн 0000 дугаар утаснаас сэлбэгийн үнэ, Л ) гэж бичиж шилжүүлсэн депозит дансны хуулга болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
8.2 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар хуульчилжээ.
Гэвч нэхэмжлэгч Х.М нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх мөн гэрээнээс татгалзах тухай нэмэлт хугацаа олгосон эсэхийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн хариуцагч Ш.М ад сэлбэгийн зориулалтаар худалдсан Л маркийн тээврийн хэрэгслээ буцааж авахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
8.3 Түүнчлэн хариуцагч Ш.М нь нэхэмжлэгч Х.М ээс сэлбэгийн зориулалтаар худалдаж авсан Л маркийн тээврийн хэрэгслийн моторыг өөрийнхөө Л маркийн тээврийн хэрэгсэлд тавьж, улмаар үлдсэн эд ангийг задалж худалдсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
8.4 Харин нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Ш.М аас маргаан бүхий тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгт худалдсан гэж Ө сумын ЗДТГазрын мэргэжилтний 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тэрээр хариуцагч Ш.М ад Л маркийн тээврийн хэрэгслийг 5,500,000 төгрөгөөр худалдсан болох нь түүний Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид 2022.09.12-ны өдөр гаргасан өргөдөл мөн түүний шүүх хуралдаанд “...анх Л маркийн тээврийн хэрэгслээ 5,500,000 төгрөгт худалдсан. Дараа нь өмгөөлөгч авсан, мөн энэ асуудлаас болж ажилд явж чадаагүй хоцорлоо мөн юмны үнэ нэмэгдсэн тул 1,500,000 төгрөгийг нэмсэн” гэх тайлбараар тогтоогдлоо.
8.5 Иймд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч Х.М ийн аваарт орж онхолдсон түүний эзэмшлийн Л маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Ш.М нь сэлбэгийн зориулалтаар худалдаж авч 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Х банкин дахь 00 тоот дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа ба үүнээс үзэхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээгээ амаар байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
8.6 Хариуцагч Ш.М нь “...Х.М ээс худалдаж авсан машины моторыг задалж өөрийнхөө машинд тавьж 2022 оны 7 дугаар сарын 16-ны үед АТ явах замд Б аймгийн Ц сумын М гэх газарт машин маань эвдэрч хэр газарт үлдсэн. Дараа нь би өөрийнхөө тээврийн хэрэгслийн өмнөх моторыг тавиулсан. Үүнээс би 4,000,000 төгрөгийн алдагдалд орсон. Анх нэхэмжлэгч надад Л маркийн тээврийн хэрэгслийн мотор нь сайн гэж намайг хуурч мэхлээгүй бол би тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахгүй байсан. Л маркийн тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлж барагдуулсан тул Х.М т төлөх өр төлбөр байхгүй. Бусад эд ангийг худалдахад 1,400,000 төгрөг гарсан” гэж маргаж Ж.А , Б.А , Х.Е , А.К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, эвдэрсэн автомашины мотор солих үеийн гэх 2 ширхэг фото зураг зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлээгүй болно.
Учир нь, хариуцагч Ш.М нь маргаан бүхий нэхэмжлэгчийн эзэмшлийн Л маркийн тээврийн хэрэгсэл нь аваарт орж онхолдсон тээврийн хэрэгсэл эсэхийг мэдэж байсан мөн уг тээврийн хэрэгслийг сэлбэгийн зориулалтаар худалдаж авснаа шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарласан тул тэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тухайн тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн мөнгөө төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч Х.М ээс үлдсэн мөнгөө түүнээс шаардах эрхтэй байна.
9.Хариуцагч Ш.М нь нэхэмжлэгч Х.М ээс маргаан бүхий тээврийн хэрэгслийг сэлбэгийн зориулалтаар 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарлаж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна.
Хариуцагчаас энэхүү тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу дагуу нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.
10.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ш.М аас Л маркийн тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,500,000 төгрөг, мөн 0000 улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгсэл тус тус гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 1,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 38950 төгрөгийг хариуцагч Ш.М аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.М аас Л маркийн тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,500,000 төгрөг мөн 0000 улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгсэл тус тус гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.М аас улсын тэмдэгтийн хураамжид 38950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.М т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж