| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2110004070172 |
| Дугаар | 2021/ДШМ/630 |
| Огноо | 2021-06-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2021/ДШМ/630
2021 6 29 2021/ДШМ/630
О.Лид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганчимэг,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/885 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ганчимэгийн бичсэн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлээр яллагдагч О.Лд холбогдох 2110004070172 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
_______________ овгийн О.Л, ____ оны _ дүгээр сарын _-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “____________________” ХХК-д жолооч ажилтай, ______________________________________ бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:цд________/;
Яллагдагч О.Л нь 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Гэгээнтэн цогцолборын хойд талын авто зогсоол дээр иргэн И.Бийн гээгдүүлсэн Самсунг А10S загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зуйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоож чадаагүй, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа ямар арга, аргачлалаар гаргасан, тухайн гар утасны элэгдэл хорогдлыг тооцсон эсэх нь тодорхойгүйн дээр тухайн тайланд үнэлгээний ажилд хэрэглэсэн арга зүй, зарчмуудыг дүгнэхдээ “...хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн шинжээч томилох тогтоолд ирүүлсэн мэдээлэл..."-ийг ашигласан гэх бөгөөд хохирогч алдсан гэх гар утсаа 2019 онд 480,000 төгрөгөөр худалдаж авсан гэж мэдүүлсэн /хх 8/ байхад шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд тухайн утсыг “2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 580,000 төгрөгөөр худалдаж авсан” (хх 15) гэж зөрүүтэй, өөр мэдээлэл бичсэн нь хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахад эргэлзээтэй байдлыг бий болгосон гэж шүүх дүгнэв.
Яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн 5 хуудас баримтаар тухайн загварын гар утасны зах зээлийн ханшийн талаарх баримтууд бөгөөд “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн тодорхойлолтыг шинжээч Д.Амгалан 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан, ингэж гаргахдаа тухайн гар утсыг 230,000 төгрөгөөр тогтоосон, улмаар тухайн утас хуучин, дэлгэц хагарсан байсан учраас дэлгэцийн үнийг хасаж тооцсон талаараа тодорхойлсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Д.Амгалан тухайн гар утсыг 350,000 төгрөгөөр үнэлсэн (хөрөнгийн үнэлгээний тайлан) нь шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан цаг хугацааны хувьд их биш, хоорондоо 15 хоногийн зайтай гарсан, улмаар үнийн дүн илт зөрүүтэй байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоож чадаагүй, эргэлзээтэй болсон байна гэж шүүхээс үзэв.
Энэ талаар гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэв. Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг дахин тогтоох шаардлагатай.
...Яллагдагч О.Лид холбогдох эрүүгийн 2110004070172 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч О.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эрүүгийн 2110004070172 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй тул дараахь үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
Шүүгчийн захирамжинд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож чадаагүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт авагдсан баримт болох хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Х-024 дугаартай “...Самсунг А10S загварын гар утас 350.000 төгрөг” гэх үнэлгээний тайлангаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон байхад хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг бүрэн тогтоож чадаагүй байна” гэсэн нь ойлгомжгүй байна.
Захирамжинд “...Яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн 5 хуудас баримтаар тухайн загварын гар утасны ханшийн талаарх баримтууд байх бөгөөд “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн тодорхойлолтыг Д.Амгалан нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан, ингэж гаргахдаа тухайн гар утсыг 230.000 төгрөгөөр тогтоосон, улмаар тухайн утас хуучин, дэлгэц хагарсан байсан учраас дэлгэцний үнийг хасч тооцсон талаараа тодорхойлсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчилсан. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан нь мөрдөгчийн шийдвэрээр шинжээч томилж шийдвэр гаргуулсан. Өмгөөлөгчийн гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр гаргуулаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй нотлох баримт байхад шүүх түүнийг үнэлсэн нь үндэслэлгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасны дагуу шүүх дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж байна.
Шинжээчийн дүгнэлтээр хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд тухайн эд зүйл ямар үнэлгээтэй байсныг тогтоож хохирол, хор уршгийн хэр хэмжээг тогтоох ёстой.
Харин “Тодорхойлолт”-оор хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тухайн эд зүйл ямар үнэлгээтэй байсныг тогтоосон гэж дүгнэх боломжгүй юм.
Шүүх хуралдаанд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийг оролцуулан дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Лид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/885 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Яллагдагч О.Лид холбогдох хэргийг анхан шатны шүүхээс “гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.
Хэрэгт “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “...нийт хохирлын дүн 350.000 төгрөгөөр тогтоож байна. ...” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 16/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаартай “...Samsumg A10s маркийн гар утасны зах зээлийн ханш нь 230.000 төгрөгөөр тогтоож байна. ...” гэх тодорхойлолт /хх 79/,
хохирогч И.Бийн “...би 2019 онд Теди төвөөс 480.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг,
мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “...2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Теди төвөөс 580.000 төгрөгөөр худалдаж авсан Самсунг А10 эс загварын гар утас 1 ширхэг...” гэх тогтоол зэрэг нотлох баримтууд авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан бөгөөд дээрх нотлох баримтуудаас үзэхэд эд зүйлийн үнэлгээний эх сурвалж тодорхойгүй, хэрэглэж байсан Самсунг А10 эс маркийн гар утасны зах зээлийн ханш, түүнчлэн уг гар утасны эвдрэл гэмтэлтэй байдалд дүгнэлт хийлгүйгээр үнэлгээ тогтоосон нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх тул үнэлгээг бодитой тогтоосны эцэст уг асуудалд шүүх дүгнэлт хийх нь хуульд нийцнэ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тухайд, хохирлыг үнэн зөв тогтоосноор яллагдагчийн үйлдлийг тохирох хуулийн зүйл, заалтаар зөв зүйлчлэх боломжийг бий болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны, бодитой байх, түүнчлэн гэм буруугүйд тооцох зарчмыг хангахад туйлын ач холбогдолтой байдаг.
Энэ хэрэгт хохирлын хэмжээг бодитой тогтоох нь яллагдагч О.Лийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөхөд нөлөөлж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/885 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Ганчимэгийн бичсэн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР