| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0149/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/176 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,
Улсын яллагч: Н.Зулаа,
Шүүгдэгч: У.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514001090181 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байх 3-31-213 тоотод хохирогч *******ийг тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хамрын нуруу, хацар ясанд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч У.*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан алдаандаа харамсаж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 122 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-31-2113 тоотод байх үед тухайн ******* гэх хүн орж ирээд баруун талын орон дээр суусан. Тэгээд би амармаар байна гар гэх үед нөгөө хажуугийн хашааны ******* гэх залуу босож ирээд миний нүүр лүү өшиглөчхөөд гараад зугтаачихаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үед бага зэрэг уусан байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /,
....Урьд нь ямар нэгэн шалбархай байгаагүй. Тухайн ******* гэх хүнийг миний нүүр лү өшиглөх үед шалбарсан байсан. Тэгээд нөгөө шалбархай нь ногоон туяатай тав тогтчихсон байсан. Тэгээд би 2-3 удаа тавыг нь хуулаад шахаад оролдоод байсан чинь шархалж байгаад эдгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
4. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 90.700 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан... гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 /,
5. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 01 дүгээр сарын 07-08-ны шилжих шөнө би найзын хамт 3-31-213 тоотод гэртээ нэг шил архи хувааж уугаад амрах гээд байж байсан чинь хажуугийн хашааны ******* гэх залуу хашаа давж ирээд манай гэрийн хаалгыг нүдээд байсан. Тэгээд онгойлгоод өгсөн чинь орж ирээд сууж байсан. Тэгээд манай найз бид нар амармаар байна гэсэн чинь манай найзын нүүр лүү нь өшиглөчихсөн. Тэгээд гараад явчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2025 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө манай нөхөр ажлаасаа ирэх үед ******* манай гэрт нэг шил архи аваад ирсэн. Тэгээд нөгөө архиа манай нөхөртэй хувааж уучихаад манай нөхөр чи нэг юм аваад өгөөч тэгээд бид хоёр амарлаа гэхээр нь би нэг шил 33 граммтай архи авч өгөөд тэр хоёр уух гээд байж байх үед хажуугийн хашааны ******* гэх залуу хашаа давж ирээд манай гэрийн хаалгыг нүдээд байсан. Тэгээд би онгойлгоод өгсөн чинь орж ирээд сууж байсан. Тэгээд манай нөхрийн найз чи гарчих бид нар амармаар байна гэсэн чинь манай хажуугийн хашааны ******* гэх хүн манай нөхрийн найз болох Гончигдоржийн нүүр лүү нь өшиглөчихсөн. Тэгээд гараад явчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
7. Шинжээч эмч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* гэгчийг үзэж 2 хуудас 124 дугаартай дүгнэлтийг мөрдөгчийн тогтоолын дагуу гаргасан. Хамар нуруунд 1,5x0,8 см арьсны түвшингээс доош хонхойсон зах ирмэг нь тэгш бус баруун хацарт 1x0,8 см улаан хүрэн өнгийн зах ирмэг нь тэгш бус эдгэрч буй шархтай байсан бөгөөд дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох журмын 3.1.1-т заасан хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,
8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн:...1. *******ийн биед хамрын нуруу, хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 47-49/,
9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай нэмэлтээр шинжээчийн:…..1. *******ийн биед хамрын нуруу, хацар ясанд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шалбарсан тавыг хуулж авахад үүсэх боломжгүй сорви байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 54-55/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/, хувийн байдлуудтай холбоотой нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч У.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байх 3-31-213 тоотод хохирогч *******ийг тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хамрын нуруу, хацар ясанд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч ******* мэдүүлэг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 18, 124 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч согтуурсан үедээ хувийн таарамжгүй байдлаас болж хохирогч *******той маргалдаж улмаар нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч У.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч ******* энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын 90.700 төгрөгийн зардал гаргаж хохирогч ******* эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч У.*******гаас 90.700 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч У.*******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г таван зуун тавин / 550 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган / 550.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч У.******* энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч У.*******гаас 90.700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч У.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ