Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2022/02582

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Ц З ХХК-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М С ХХК-д холбогдох,

 

146,911,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн төлөөлөгч Л.Ж, гэрч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ц З ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах хатуу хучилттай 2,8 км автозамын болон Увс аймгийн Тариалан сумын төвөөс Хархираа баг хүртэлх 25 км сайжруулсан шороон замын ажлын гүйцэтгэгчээр М С ХХК шалгарч, 2019-2020 онуудад Увс аймагт байнгын үйл ажиллагаа явуулж байгаа. М С ХХК-ийн төслийн удирдагч 2020 оны 06 сарын 14-ний өдөр Ц З ХХК-ийн захиралтай уулзсан уулзалтаар хатуу хучилттай 2,8 км автозамын ажилд асфальт бетон зуурмаг 1 тонныг 100,000 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохирсон. М С ХХК нь дээрх 2,8 км замын ажлыг 2,911,190,573 төгрөгөөр гүйцэтгэх гэрээ байгуулж, эхний санхүүжилт 1,065,145,344 төгрөгийг 2020 оны 07 сарын 03-ны өдөр төрийн сангаар дамжуулан төсвөөс гаргуулан авсан байдаг. Гэвч М С ХХК нь ажлын хөлс 140,379,710 төгрөгийг Ц З ХХК-д одоог хүртэл өгөөгүй. Иймд хариуцагч М С ХХК-иас 140,379,710 төгрөг гаргуулж, Ц З ХХК-д олгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн.  Үүнд: М С ХХК нь өөрийн материалыг Ц З ХХК-д өгч замын асфальтийг тонн тутмыг 50,000 төгрөгөөр зууруулах, ингэж үнээ бууруулсны зөрүүд Ц З ХХК-ийн тавьж байгаа 1,8 км замын хучилтыг М С ХХК-ийн техникээр гүйцэтгүүлэхээр тохирсон бөгөөд Mотор Сервис ХХК-д нийлүүлсэн нийт асфальтын үнийг 150,000,000 төгрөгөөр тооцох талаар аман байдлаар тохирсон. М С ХХК-д нийлүүлсэн асфальтын үнэ 150,000,000 төгрөг, Битум 48,333,600 төгрөг, Авто бордиур 10*20 хавтан, краны хөлс нийлээд 187,090,800 төгрөг болсон, харин Ц З ХХКнь М С ХХК-д эрдэс, хайрга, шатахууны үнэнд 26,711,090 төгрөг төлөх тооцоог гаргаж, М С ХХК нь өмнө нь 20,000,000 төгрөг төлсөн үнийг хасаад, харилцан үүргийг тооцоод үлдэгдэл нь Ц З ХХКнь 140,379,710 төгрөгийн авлагатай гэж нэхэмжилсэн байсан. Гэтэл тооцоог дахин нягталж шалгахад М С ХХК-д нийлүүлсэн асфальтийн үнэ 150,000,000 төгрөг, Битум 48,333,600 төгрөг, Авто бордиур, 10*20 хавтан, краны хөлс нийлээд 186,540,800 төгрөг, харин Ц З ХХКнь М С ХХК-д эрдэс, хайрга, шатахууны үнэд 19,629,108 төгрөг төлөх тооцоог гарч, М С ХХК нь өмнө нь 20,000,000 төгрөг төлсөн үүнийг хасаад, харилцан үүргийг тооцоход Ц З ХХК146,911,692 төгрөгийн авлагатай гарч авлагын хэмжээ өмнөх тооцооноос 6,531,982 төгрөгөөр өсөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 6,531,982 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 146,911,692 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

2.            Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М С ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2,9 км авто замын ажил хийж гүйцэтгэсэн ба энэхүү ажилд Ц З ХХКямар ч хамааралгүй бөгөөд 2 компанийн хооронд ямар нэгэн гэрээ бичгээр байгуулаагүй, ялангуяа нэхэмжлэгч талаас гаргасан Бүтээгдэхүүн нийлүүлж хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй болно. М С ХХК нь дээрх ажлаа хийж гүйцэтгэхийн тулд Увс аймагт ажиллахгүй байсан бетон зуурмагийн үйлдвэрийг ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, түүнийг суурилуулж, ажиллуулах мэргэжилтний хамт Улаанбаатар хотоос өөрийн зардлаар авч суурилуулан хэрэгцээтэй нүүрсийг буулган бүрэн ажиллагаатай болгож замд шаардлагатай асфальт зуурмаг гарч эхэлсэн. Ингээд М С ХХК нь өөрийн ажилд шаардлагатай асфальт зуурмагийн үнэд Ц З ХХК-ийн тендерээр авсан дээрх 5 байрлалын замын ажил хийж өгөхөөр тохиролцсон боловч тухайн үед тус компани хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийлгэх нь тодорхойгүй, хэлэхгүй байсан тул гэрээ хийх боломжгүй болсон. Ц З ХХКдангаараа болон туслан гүйцэтгэгчээр тендерт шалгарч авсан замын ажлын байрлал, тоо хэмжээний дагуу манай компанийн хийсэн ажил тодорхой боловч хэдий хэмжээний төсөвт зардалтай ажлыг бид хийсэн нь өнөөдөр хүртэл тодорхойгүй байна. Хариуцагч М С ХХК нь Ц З ХХК-ийн дээрх 5 байрлалд хийх замуудын асфальтбетон хучилтын ажлыг хийхийн тулд хучилтын өмнөх нягтаршуулалт, тэгшилгээ, инженер техникийн ажилтан, замчин, техник тоног төхөөрөмж, машин механизм, түүхий эд бараа материал авах зэрэг ажлыг өөрийн хөрөнгөөр хийж бэлэн болгосон. Дээрх 5 байрлалд хийх замын ажлыг Ц З ХХКхийгээгүй, нэг ч төгрөгийн хөрөнгө зарцуулаагүй өөрөөр хэлбэл өөрсдийнх нь хийх ажлыг хариуцагч М С ХХК хийж гүйцэтгэсэн. Харин нэхэмжлэгч Ц З ХХКнь дээрх 5 байрлалд дангаараа болон туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тендер авсан, гэрээ байгуулсан атлаа тухайн замын ажилд зарцуулахаар төсөвлөгдсөн тендерийн төсөв мөнгийг зориулалтаар нь зарцуулаагүй, хууль бусаар завшсан гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлын хөлс 140,379,710 төгрөгийг Иргэний хуулийн 343.1-д зааснаар шаардсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулга хийхдээ шаардлагаа ямар ч үндэслэлгүйгээр ажлын хөлс биш авлага болгон зөрүүтэйгээр өөрчилсөн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ийнхүү нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй, маргааныг зөв тодорхойлж шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт болох дээрх 5 байрлалд хэдий хэмжээний төсөвт зардалтай замын тендер авсан, хийлгэсэн талаарх баримтгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ. 

3.    Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна: 

Нэхэмжлэгчээс:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нийт тооцоо,

-М С ХХК-ийн шалгарсан тендерийн мэдээлэл (Увс аймаг),

-Ц З ХХК-ийн асфальтбетон заводоос гарсан асфальтбетонын тооцоо, 

-2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Мотор сурвис ХХК Ц З ХХК-д төлөх нийт тооцоо,

-2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Мотор сурвис ХХК Ц З ХХК-д төлөх нийт тооцоо,

-2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ц З ХХК-ийн АЗЗА ТӨХК-д Асфальтбетон нийлүүлсэн тооцоо,

-Ц З ХХК-ийн Асфальтбетоны заводоос гарч байгаа гарцын мэдээ, баримтууд,

-Ц З ХХК-ийн инженер Б.Гүнтэвсүрэнгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан тодорхойлолт, 

-П.Гийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан тодорхойлолт, 

-Л.Бийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан тодорхойлолт, 

-2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №ХА20/01 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлж хамтарч ажиллах гэрээ, 

-2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №БХБЯ/201802055/02+1 дугаартай Гэрээний нэмэлт өөрчлөлт,

-2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №БХБЯ/201802055/02 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 

-УБЗЗАГ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэх, 

 

Хариуцагчаас: 

 

-Хариуцагчийн бичгээр гаргаж өгсөн хариу тайлбарууд,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №ЗТХЯЯ/201901019 дугаартай Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 2,8 км ажил гүйцэтгэх гэрээнд оруулсан өөрчлөлт,

-2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Улаангом сумын 12-р багт хийгдсэн Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 2,8 км ажлын үлдэгдэл ажил болох явган хүний зам, дугуйн замын ажлыг хүлээн авсан акт,

-М С ХХК-ийн санхүүгийн тооцоо,

-Ц З ХХК-н хашаанд буулгасан бутлуураас авсан 0-5мм хайрга жагсаалт,

-Ц З ХХК-н хашаанд буулгасан бутлуураас авсан 5-10 мм хайрга жагсаалт, 

-Ц З ХХК-н хашаанд буулгасан бутлуураас авсан 10-20 мм хайрга жагсаалт, 

-Мотор Сурвис ХХК-с Ц З ХХК-н ажилд зарцуулсан техник болон ажлын мөнгөн дүн, 

-М С ХХК-с Ц З ХХК-н ажилд материалын тээврийн зардал, 

-М С ХХК-с Ц З ХХК-н хашаанд илүү буулгасан материал,

-М С ХХК-с Ц З ХХК-н ажилд ажилласан техник түрээс, 

-М С ХХК-н битум нийлүүлсэн баримт, падаан, 

-Гэрч Э.Бийн шүүхэд гаргасан тодорхойлолт,

-Гэрч Ч.Хын шүүхэд гаргасан тодорхойлолт,

-Нотариатын тасалбарууд,

-Гэрчээр оролцуулах хүмүүсийн жагсаалт, 

-Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт-5 Бөхийн өргөө 0.164 км замын ажил дээр М С ХХК-ийн техник ажиллаж байгаа байдал, М С ХХК-ийн техникүүд Ц З ХХК-ийн ажлууд дээр ажиллаж байгаа байдал фото зургууд, 

 

Шүүгчийн захирамжаар:

 

-Хаан банкны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5822/248 дугаартай тоотын хариу албан бичиг,

-Төрийн банкны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 33/226 дугаартай албан тоот,

-Голомт банкны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11/153 дугаартай албан тоот,

-Хас банкны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25/379 дугаартай албан бичгийн хариу, 

-Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 260 дугаартай албан тоот, 

-Увс аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/235 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж,

-Увс аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/726 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай баримт,

-2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №БХБЯ/201902056 дугаартай Сумын төвийн тохижилт/Увс, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Тэс, Улаангом, Цагаанхайрхан сум/ тендерийн багц 4 буюу Тэс сумын төвийн тохижилт-ын ажил гүйцэтгэх гэрээ, Гэрээний тусгай нөхцөл,

-Увс аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/752 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж,

-Увс аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/458 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай баримт, 

-2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №БХБЯ/201802055 дугаартай Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт/Увс, Улаангом сум, 3 дугаар баг/-ийн ажил гүйцэтгэх гэрээ, Гэрээний тусгай нөхцөл,

-Увс аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/358 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж,

-Увс аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/1017 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай баримт, 

-2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №БХБЯ/201902025 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлт/Увс, Улаангом сум, 7 дугаар баг/-ын ажлын багц №1 буюу Цас тогтох дэлгүүрээс Заяшк хүртэлх 0,8 км замын ажил гүйцэтгэх гэрээ, Гэрээний ерөнхий нөхцөл, Гэрээний тусгай нөхцөл,

-Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №89 дугаартай албан тоотын хариу, Хавсралт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ц З ХХКнь М С ХХК-д холбогдуулан 140,379,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,531,982 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 146,911,692 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

а/ Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэсэн М С ХХК ХХК-тэй Ц З ХХКнь харилцан тохиролцож, хатуу хучилттай 2,8 км авто зам тавих ажилд нь асфальт бетон зуурмаг 1 тонн тутмыг 100,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохирсон. Гэрээний дагуу бетон зуурмаг, битум цацлагыг нийлүүлсэн. Гэтэл ажлын хөлсийг хариуцагч нь Ц З ХХК-д төлөөгүй тул 140,379,710 төгрөгийг М С ХХК ХХК-иас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан шүүхэд нэхэмжлэл гаргасан. /хх-1/

б/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц З ХХКнь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. М С ХХК нь өөрийн материалыг Ц З ХХК-д өгч асфальт, бетоныг 1 тонн тутмыг 50,000 төгрөгөөр зууруулж, өөрсдийн хариуцсан 2,8 км замд ашиглах, ингэж үнэ бууруулсны зөрүүд Ц З ХХК-ийн тавьж байгаа 1,8 км автозамын хучилтыг М С ХХК ХХК-ийн техникээр гүйцэтгүүлэхээр тохирсон. Улмаар асфальт, бетоныг нийлүүлсэн нийт үнэ 150,000,000 төгрөгийг Ц З ХХК-иас авах материалын үнийг оролцуулахгүйгээр тооцохоор аман байдлаар тохирсон. Аман тохироог гэрээ болгож мэйлээр явуулсан боловч хариуцагч нь элдэв шалтаг хэлээд гэрээг бичгээр байгуулаагүй.

Хариуцагчид нийлүүлсэн асфальтны үнэ 130,000,000 төгрөг, битум 48,333,600 төгрөг, авто бродюрь 414,000 төгрөг, авто бродюрь 2,790,000 төгрөг, краны хөлс 550,000 төгрөг, нийт 186,540,800 төгрөгийн авлагын тооцоотой болсон, нөгөө талаас Ц З ХХКнь М С ХХК-д эрдэс, хайрга, шатахууны үнэд 19,629,108 төгрөг төлөх ёстой ба, хариуцагчийн өмнө нь төлсөн 20,000,000 төгрөгийг хасч тооцвол харилцан үүргийг тооцоод үлдэгдэл төлбөр нь 146,911,692 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг 6,531,982 төгрөгөөр нэмэгдүүлсэн. /хх-131/

3. Хариуцагч М С ХХК ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах байдлаар маргасан. Ц З ХХКнь М С ХХК ХХК-д холбогдуулан шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэхчилэн зөрүүтэй байдлаар нэхэмжлэл гаргасан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэл, түүний үндэслэл, тайлбар хүсэлтээ үнэн зөв мэдүүлэхгүй, тухайн үеийн нөхцөл байдлыг худал мэдүүлж нэхэмжлэл гаргасан байдаг. М С ХХК ХХК нь 2,9 км авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн ба энэ ажилд Ц З ХХКнь ямар ч хамааралгүй, талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулаагүй, бид ажлаа хийж гүйцэтгэхийн тулд Увс аймагт ажиллахгүй байсан бетон зуурмагийн үйлдвэрийг өөрсдөө хөрөнгө гарган засан ажиллуулж өөрсдийн тавьсан замд шаардлагатай зуурмагийг гаргаж авсан. Тухайн үед Ц З ХХК-ийн зам тавих 5 байршилд М С ХХК ХХК зам тавьж өгөхөөр тохирсон боловч хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийлгэх нь тодорхойгүй, хэлэхгүй байсан тул гэрээ байгуулагдаагүй, дээрх 5 байршилд хийх ажлыг Ц З ХХКхийгээгүй, М С ХХК ХХК нь өөрсдийн хүч, хөрөнгөөр замыг тавьсан. Талуудын хооронд өглөг, авлагын тооцоо байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Нэхэмжлэгч Ц З ХХКнь М С ХХК ХХК-д асфальт бетон тонн тутмыг 100,000 төгрөгөөр нийлүүлсний төлбөрт 140,379,710 төгрөг гаргуулахаар анх шаардсан боловч шаардлагын үндэслэлээ өөрчилж, 1 тонн асфальтийг М С ХХК ХХК нь Ц З ХХК-иар 50,000 төгрөгөөр зууруулахаар тохирсон, үнэ бууруулсны төлбөрт Ц З ХХК-ийн гүйцэтгэж буй 1,8 км замыг М С ХХК ХХК-ийн техникийг ашиглан тавиулахаар тохирсон бөгөөд эцсийн байдлаар асфальт бетон нийлүүлсний төлбөрт нийт 150,000,000 төгрөгийг хариуцагчаас авахаар амаар тохирсон гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

5. Талуудын хооронд бий болсон эрх зүйн харилцааг нэхэмжлэгч тал нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх мэтээр янз бүрээр тайлбарладаг боловч М С ХХК ХХК-ийн тавьж буй замын асфальт бетоныг М С ХХК ХХК-ийн материалыг ашиглан хөнгөлөлттэй үнээр зуурч бүтээгдэхүүн болгож өгөх, мөн хавтан, авто бродюрь нийлүүлэх, түүний оронд өөрсдийн тавьж байгаа замд М С ХХК ХХК-ийн техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг ашигласан, автобродюур хавтан нийлүүлсэн зэрэг үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д заасан холимог гэрээний шинжтэй хэлцэл хийгдсэн гэж үзэв.

6. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар талуудын хооронд үүссэн бодит харилцаа хангалттай тогтоогдоогүй, талууд эсрэг тэсрэг байр суурьтай тайлбар өгсөн боловч хэн алин нь өөрсдийн хариуцсан асфальтан замыг барьж байгуулах ажиллагааны явцад харилцан бие биедээ ашиг тустай байдлаар тохиролцож, эрх зүйн харилцаанд оролцсон гэж үзэхээр байна.

Тодруулбал, Ц З ХХКнь өөрийн үйлдвэрийг ашиглан М С ХХК ХХК-ийн тавьж буй замын ажилд нь тодорхой хэмжээний асфальт бетоныг нь өөрсдийнх нь материалаар хөнгөлөлттэй үнээр зуурч өгсөн, мөн автобродюрь, автозамын хавтанг нийлүүлж байжээ.

М С ХХК ХХК нь асфальт бетоныг хөнгөлөлттэй үнээр Ц З ХХК-иас боловсруулж авсны хариуд авто замыг тавих тоног төхөөрөмжүүдээ өөрсдийн хүн, хүчээр удирдуулан Ц З ХХК-ийн хариуцсан авто замын ажилд нь оролцуулсан болох нь шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзнэ.

Түүнчлэн Ц З ХХК-ийн нэхэмжлэлд дурдсанаар асфальтны урьдчилгаанд 20,000,000 төгрөгийг хариуцагчаас авсан, мөн эрдэс, хайрга, шатахууны үнэд 19,629,108 төгрөг төлөх ёстой талаар тайлбарласан байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх, худалдах худалдан авах гэрээний харилцаа буюу холимог, нэрлэгдээгүй гэрээний харилцаа бий болсон, улмаар төлбөрийн арга хэрэгслийг харилцан ашигтай байдлаар шийдвэрлэх арга замыг сонгож, ажил гүйцэтгэх бараа нийлүүлэх байдлаар гүйцэтгэжээ.

7. Гэвч Ц З ХХКнь 130,000,000 төгрөгийн асфальт, 48,333,600 төгрөгийн битум нийлүүлсэн гэдгийг хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ хэсэгт холбогдох нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хариуцагч тал нь Ц З ХХК-ийн замыг хэдий хэмжээний өртөг, үнэлгээгээр тавьсан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй тул зөвхөн нэхэмжлэгч талын тайлбар, мэдүүлэгт үндэслэн асфальт битумын төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэхгүй.

8. Ц З ХХКнь М С ХХК-д нийлүүлсэн асфальт бетоны хэмжээ нь хавтаст хэргийн 96-125 дугаар талд авагдсан баримтаар нотлогдоно гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрсөн, М С ХХК ХХК-д асфальт бетон нийлүүлсэн гэх тооцооны баримтууд нь хариуцагч талд хүлээлгэж өгснийг бүрэн нотлоогүй, талуудын хооронд бараа асфальт бетоныг нийлүүлсэн, хүлээлгэн өгсөн, хүлээн авсныг нотлох баримтгүй, харилцан тооцоо нийлсэн баримт авагдаагүй тул эдгээр баримтыг нотлох баримтын хэмжээнд шууд үнэлж, дүгнэх боломжгүй гэж үзэв.

9. Нэхэмжлэгч нь Ц З ХХК-иас М С ХХК ХХК-д нийлүүлсэн нийт асфальтны үнийг 150,000,000 төгрөг гэж амаар харилцан тохиролцсон, гэрээ хийх талаар олон удаа шаардаж, гэрээний төслийг майлээр явуулсан боловч гэрээнд бодитоор гарын үсэг зураагүй тул гэрээ байгуулж чадаагүй гэж тайлбарладаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн байгууллага руу илгээсэн майл хаягт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр илэрсэн Бүтээгдэхүүн нийлүүлж, хамтарч ажиллах гэрээ-ний төсөлд нийт хэдэн төгрөгийн асфальт бетон нийлүүлэх талаар тогтоосон зүйлгүй, уг гэрээг баталгаажуулаагүй, үзлэг хийгдсэн гэрээний огноо нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэж огноолсон атлаа 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мэйлээр илгээсэн байх тул энэ гэрээг байгуулсан, гэрээг үндэслэн нэхэмжлэгч нь асфальт бетон нийлүүлсэн, асфальтны төлбөрт 150,000,000 төгрөгийг М С ХХК ХХК-иас шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй юм.

10. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд Ц З ХХК, М С ХХК ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн талаарх 5 хуудас баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагын аль хэсэгт хамаарах талаар тайлбар гаргаагүй, ямар төлбөр тооцооны асуудлаар талууд тооцоо нийлсэн эсэх нь тодорхойгүй байх тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

11. Түүнчлэн талуудын хэн алин нь Увс аймгийн авто зам тавихад шалгарсан тендер болон авто замын гүйцэтгэгчээр оролцсон газартай холбоотой баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн боловч эдгээр нотлох баримтууд нь талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд ач холбогдолгүй, нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлыг нотлох үйл баримтад хамааралгүй байх тул эдгээр баримтыг үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй байна. /хх-12-15, 154-192, 236-250, хх-2-1-189/

12. Иймд нэхэмжлэгч Ц З ХХКнь нэхэмжлэлд дурдсан асфальт бетоныг нийлүүлсэн гэх үйл баримтыг хангалттай нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

13. Харин Ц З ХХКнь М С ХХК ХХК-д нийлүүлсэн авто бродюрь, явган замын хавтанг нийлүүлсэн гэх тайлбар гаргасантай холбоотойгоор нэг бүрийн 18,000 төгрөгийн үнэтэй авто бродюрь 23 ширхэг, нийт 414,000 төгрөг, нэг бүр нь 15,000 төгрөгийн үнэтэй авто бродюурь 186 ширхэг нийт 2,790,000 төгрөг, нэг бүр нь 360 төгрөгийн үнэтэй хавтан 12,370 ширхэг, нийт 4,453,200 төгрөгийн баримт дээр талуудын төлөөлөгч нар тооцоо нийлж гарын үсэг зурсан байх тул нийт 7,657,200 төгрөгийн бүтээгдэхүүнийг Ц З ХХК-иас М С ХХК ХХК-д нийлүүлсэн гэж үзэхээр байна. /хх-224/

Автобродюрь болон хавтан нийлүүлсэн тухай баримтын задаргаа нь хавтаст хэргийн 225-226 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн акттай нийцэж байх тул нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, талуудын хооронд тооцоо нийлсэн баримт зэрэгт үндэслэн 7,657,200 төгрөгийн бараа бүтээгдэхүүний нийлүүлсэн гэж үзэх бөгөөд үнийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон тул талуудын хооронд үүссэн харилцаанд тулгуурлан худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардах эрхтэй.

14. Учир нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж, мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж тус тус заасан байх бөгөөд Ц З ХХКнь М С ХХК ХХК-д автобродюрь, хавтан зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд Худалдах, худалдан авах гэрээний хэм хэмжээг баримтлана.

Хариуцагч тооцоо нийлсэн дээрх актад холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч автобродюрь болон хавтанг нийлүүлсэн хоорондын тооцоог дуусгавар болсныг нотлоогүй, эдгээр баримтыг няцаагаагүй тул хариуцагч талаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

15. Харин уг баримтад кран 550,000 төгрөг гэснийг гараар бичсэн, үүнийг хэзээ бичсэн болох нь тодорхойгүй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд үнэлэх боломжгүй, хариуцагчаас шууд гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

16. Эдгээр үндэслэлээр Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч М С ХХК ХХК-иас 7,657,200 төгрөгийг гаргуулж, Ц З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 139,254,492 төгрөт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 243 дугаар зүйлийн 243.1, 343.1-т зааснаар хариуцагч М С ХХК ХХК-иас 7,657,200 төгрөгийг гаргуулж, Ц З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 139,254,492 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 979,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М С ХХК ХХК-иас 137,465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц З ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД