| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2022/01452/И |
| Дугаар | 182/ШШ2022/02642 |
| Огноо | 2022-11-18 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2022/02642
| 2022 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 181/ШШ2022/02642 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч Д.Батхуяг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Б-д холбогдох
Нэр, төр сэргээлгэх, дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Р.Б, иргэдийн төлөөлөгч Ө.Ц, Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Р.Б нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол HD телевизийн Хар хайрцаг нэвтрүүлэгт орохдоо миний талаар ор үндэслэлгүй, худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тарааж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан. Дээрх нэвтрүүлгийн явцад Р.Б нь ...800 хятад иргэдийг буудлуудад тараан байршуулж, гар утсаар хангасан хүн бол Д.Э, үүнийг тагнуулын байгууллага мэдэж байгаа, тогтоочихсон, мөн ...Д.Эг барих хэрэгтэй, Д.Энь гаднаас мөнгө авч хэвлэлийн байгууллагуудад тараадаг, үүнийг бүгд мэддэг гэхчилэн надад огт хамааралгүй асуудлыг хамааралтай мэтээр гүтгэн миний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж гэм хор учруулсан. Иймд Монгол HD телевизийн хар хайрцаг нэвтрүүлэгт орохдоо Р.Бы хэлсэн, ярьсан зүйл нь миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийг нэр хүндийг гутаасан тул миний нэр төрийг сэргээж, дахин ийм хууль бус үйлдэл гаргаж, гэм хор учруулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Р.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Эгийн дурдсан Монгол HD телевизийн Хар хайрцаг нэвтрүүлэгт оролцохдоо намайг ярьсан гэх зүйлийг хэлсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд ямар нэгэн тулгуурлах, баримтлах зүйлгүйгээр яриа өгдөггүй. 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө тагнуул, цагдаа хамтран 800 хятад иргэнийг цахим гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр дайчлан баривчилсан. Тухайн үед 783 гадаадын иргэний паспорт, бичиг баримтад шалгалт хийхэд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн боловч зорилгоосоо өөр ажил хийж байжээ. Энэ хэрэгт холбогдуулж Монгол улсын иргэдээс мэдүүлэг авсан нь М.О, Д.Энар юм. Тэд хятад иргэдийг Монголд авч ирэх, буудалд байрлуулах, хоол унд зэрэг асуудлыг нь хариуцдаг байжээ гэх утгатай мэдээлэл хэвлэлээр, олон нийтийн сүлжээгээр маш өргөн тархсан. Одоо ч хайлт хийхэд олноороо гарч ирдэг. Миний бие эдгээр мэдээлэлд тулгуурласан. Д.Эг дээрх хэрэгт холбогдолгүй гэсэн өөр ямар нэгэн мэдээлэл хайсан боловч олдоогүй. Д.Ээнэ асуудлаар надад тайлбар алга гэж хэлсэн гэх ганц мэдээлэл zaluu.com сайт дээр гарч ирж байсан. Хууль хяналтын байгууллагад кибер гэмт хэргийн чиглэлээр ажилладаг хүмүүсээс хувийн журмаар лавлахад Д.Э, М.О нар нь тодорхой үндэслэлээр шалгагдаж байсан, мөн тодорхойгүй шалтгаанаар мөрдлөгийг зогсоосон, хэрэв хэн нэгэн нь хэргийг сэргээн шалгах хүсэлт гаргавал үргэлжлүүлэн шалгаж, гэм бурууг тогтоох боломжтой баримт материалууд хангалттай бий гэсэн утгатай хариултыг амаар өгсөн. Д.Эг энэ хэрэгт холбогдолгүй гэх баримт мэдээлэл одоогоор надад олдоогүй тул түүнийг гүтгэсэн, нэр төрд нь халдсан гэж үзэхгүй байна. Иргэн Д.Энь анхдагч эх сурвалж болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан буруутай үйлдлийг нотлох, энэ хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй болохыг баримтаар бүрэн дүүрэн нотолж, мэдээллийн хэрэгслээр түгээх замаар ажил хэргийн болон хувийн нэр хүндээ сэргээх нь оновчтой шийдэл болох байх гэж үзэж байна. Миний хувьд Иргэн Д.Эг гүтгэх, харлуулах, нэр төрийг нь унагах тусгайлсан зорилго болон шаардлага байхгүй. Ярилцлага дээр хөтлөгчийн үндсэн сэдвээсээ гажсан асуултад хариулах явцад С.Эрдэнэ гэж хүний ёс зүйгүй байдлын талаар ярихдаа түүний ойр орчмын хүмүүс ч сэжигтэй үйлдэл хийдэг гэх жишээн дунд Д.Этай холбоотой олон нийтэд түгсэн мэдээллүүдийг дурдаж ярьсан болно. Ажил хэргийн болон хувийн ямар нэгэн өс хонзон зөрчил үгүй. Д.Эгийн талаар мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн буруутай нь тогтоогдсон , Д.Эхэрэгт холбогдолгүйг хуулийн байгууллага бүрэн дүүрэн нотолж, нийтэд мэдээлсэн нөхцөлд ташаа мэдээлийг эх сурвалж болгон ашигласан буруугаа хүлээхэд би бэлэн байна гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Олон удаагийн давтамжтай, олон төрлийн мэдээллийн сайтаар цацагдсаны дараа тухайн мэдээлэлтэй холбоотойгоор телевизийн ярилцлагад мэдээлэл өгсөн тул хариуцагч гэм буруугүй гэж ойлгож байна гэв.
4. Иргэдийн төлөөлөгч Ц.Д шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ....олон удаагийн мэдээллийн хэрэгслээр бичигдсэн яригдсан зүйлийг хариуцагч телевизээр ярьсан, нэр төрөө сэргээлгэх шаардлагатай гэв.
5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс:
- Иргэний үнэмлэхийн хуулбар
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Р.Бы оролцсон 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол HD телевизийн Хар хайрцаг нэвтрүүлгийн Д.Этай холбоотой бичлэг бүхий си-ди зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагчаас:
-2022 оны 05 сарын 17-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар
-zasagt.com сайтад нийтлэгдсэн нийтлэлийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангахгүй/
-Urug.mn сайтанд нийтлэгдсэн нийтлэл /Нотлох баримтын шаардлага хангахгүй/
Шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч хариуцагч талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудад үзлэг хийж бэхжүүлэн нотлох баримтын шаардлага хангуулсан болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Д.Энь хариуцагч Р.Бд холбогдуулан нэр, төр сэргээлгэх, дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Р.Б нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол HD телевизийн Хар хайрцаг нэвтрүүлэгт орохдоо нэхэмжлэгчийн талаар ор үндэслэлгүй, худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тарааж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг минь гутаасан, надад огт хамааралгүй асуудлыг хамааралтай мэтээр гүтгэн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, гэм хор урчуулсан тул нэр, төр сэргээлгэх, дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчид даалгуулна гэж маргасан.
8. Хариуцагч Р.Б нь дараах тайлбарыг шүүхэд гаргаж мэтгэлцсэн. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол HD телевизийн Хар хайрцаг нэвтрүүлэгт өөрийн биеэр орохдоо Д.Эгийн талаар ярьсан, хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Харин тухайн ярьсан зүйл нь өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр маш өргөн тархсан бөгөөд одоо ч хайлт хийхэд гарч ирж байгаа зүйлд үндэслэн уг зүйлийг нэврүүлэгт оролцохдоо хэлж, ярьсан, мөн Д.Эг тухайн хэрэгт холбогдолгүй гэсэн ямар нэгэн мэдээлэл олдоогүй, хууль хяналтын багууллагад кибер гэмт хэргийн чиглэлээр ажилладаг хүмүүсээс хувийн журмаар лавлахад Д.Э, М.Онар тодорхой үндэслэлээр шалгагдаж байсан, мөн тодорхойгүй шалтгаанаар мөрдлөгийг зогсоосон, хэрэв хэн нэгэн хэргийг сэргээх талаар хүсэлт гаргавал үргэлжлүүлэн шалгаж, гэм бурууг тогтоох боломжтой баримт материалууд хангалттай бий гэсэн утгатай хариултыг өгсөн, эдгээр зүйлд тулгуурлан телевизийн ярилцлагадаа дурдсан. Д.Энь мэдээллийг цацсан анхдагч эх сурвалжуудын буруутай үйлдлийг нотлох, мөн уг хэрэгт гэм буруугүй болохоо баримтаар нотолж, мэдээллийн хэрэгслээр түгээж, өөрийн нэр хүндээ сэргээх нь оновчтой шийдэл бөгөөд миний хувьд Д.Эг гүтгэх, харлуулах, нэр төрийг нь унагах зорилго байхгүй. Нэхэмжлэгчийн талаар мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн буруутай нь тогтоогдсон, түүнийг тухайн хэрэгт холбогдолгүйг хуулийн байгууллагууд бүрэн нотолж, нийтэд мэдээлсэн нөхцөлд ташаа мэдээллийг эх сурвалж болгон ашигласан өөрийн буруугаа хүлээхэд бэлэн гэж мэтгэлцсэн.
9. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
10. Хариуцагч Р.Б нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол HD телевизийн Хар хайрцаг нэвтрүүлэгт оролцохдоо уг нэвтрүүлгийн ярилцлагын дундуур нэхэмжлэгч Д.Эгийн талаар ярьжээ. Үүнд: Р.Б: ...Б руу дайрч галлаж байгаа хүмүүсийг хараарай. Сүүлд Д.Э гээд хүүхэн галласан байлээ ш дээ. Этэй бүжиглэж байгаа зураг нь хүртэл байдаг. 800 хятад хакер хийсэн гэсэн хэрэг байгаа. 820 хятадуудыг буудлуудад тараан байрлуулж, гар утсаар хангасан хүн бол Д.Э. Тагнуулын байгууллага тогтоочихсон. Тэгсэн мөртлөө хаа хамаагүй н.Мыг сүртэй бариад одоо Д.Эг барих хэрэгтэй. Д.Э нь гаднаас мөнгө авч хэвлэлийн байгууллагуудад тараадаг, үүнийг бүгд мэдэж байгаа гэсэн байна.
11. Хариуцагч Р.Б Хар хайрцаг нэвтрүүлэгт оролцох үедээ Д.Эгэдэг хүний талаар нэр цохон ярьсан асуудлыг нэхэмжлэгч нь өөрийнх нь талаар ор үндэслэлгүй, худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тарааж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, өөрт нь огт хамааралгүй асуудлыг хамааралтай мэтээр гүтгэн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, гэм хор учруулсан гэж үзжээ.
12. Р.Бы хэлсэн ярьсан зүйлийг өөрийн нэр төрд халдсан гэж нэхэмжлэгч Д.Энь Р.Быг хариуцагчаар тодорхойлж шүүхэд хандсан, Р.Б нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Д.Эгийн талаар хэлсэн ярьсан зүйлээ хүлээн зөвшөөрч байх тул тухайн телевизийн нэвтрүүлэг болон ярьсан сэдэв, агуулгын талаар зохигч маргаангүй гэж үзнэ.
13. Р.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны мэтгэлцээний явцад иргэн Д.Эгийн талаар 800 гаруй хятад иргэдтэй холбон ярьсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн боловч гагцхүү тухайн ярьсан асуудлыг нийтэд өмнө нь илэрхий болсон зүйл учир түүнийг ярилцлага өгөхдөө дурдьсан, тухайн мэдээлэлтэй холбоотой эх сурвалж нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн тархсан байсан тул миний хувьд анхлан яриагүй асуудал/анхны эх сурвалж биш/ бөгөөд нэгэнт хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тархсан зүйлийг ярьсныг Д.Эгийн нэр төрд халдсан гэж үзэхгүй, мөн Д.Эг гэм буруугүй болохыг тогтоосон талаарх мэдээ, мэдээлэл байхгүй, мэдээлэл цацсан анхдагч эх сурвалжийн гэм буруутай үйлдэл нь нотлогдоогүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж өөрийн татгалзлыг тайлбарласан.
14. Р.Б нь Хар хайрцаг телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо нэхэмжлэгч Д.Эгийн нэрийг цохон ярьсан асуудал нь бодит үнэнд нийцсэн байсан эсэх, улмаар түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй байсан эсэх асуудлыг талуудын гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримтад үндэслэн шүүх бүрэлдэхүүн хянан үзэв.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.
15. Р.Б нь Монгол HD телевизийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Хар хайрцаг нэвтрүүлэгт орохдоо иргэн Д.Эгийн талаар ярьсан хэлсэн зүйл нь буюу ...Баттулга руу дайрч галлаж байгаа хүмүүсийг хараарай. Сүүлд Д.Э гээд хүүхэн галласан байлээ ш дээ. Этой бүжиглэж байгаа зураг нь хүртэл байдаг. 800 хятад хакер хийсэн гэсэн хэрэг байгаа. 820 хятадуудыг буудлуудад тараан байрлуулж, гар утсаар хангасан хүн бол Энхтуяа. Тагнуулын байгууллага тогтоочихсон. Тэгсэн мөртлөө хаа хамаагүй Мөнхбаярыг сүртэй бариад одоо Энхтуяаг барих хэрэгтэй. Д.Э нь гаднаас мөнгө авч хэвлэлийн байгууллагуудад тараадаг, үүнийг бүгд мэдэж байгаа гэсэн нь иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээнд хамаарна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь хэрэгт цугларсан баримтаар хариуцагчийн хэлсэн ярьсан зүйл нь бодит үнэнд нийцсэн болох нь тогтоогдоогүйгээс гадна Р.Бы Д.Эгийн талаар хэлсэн зүйл нь бодит үнэнд нийцсэн эсэхийг хариуцагч нотлоогүй болно.
16. Хариуцагч Р.Б нь хэдийгээр нийтэд ил болсон буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан, одоо ч хайлт хийхэд гарч ирж байгаа мэдээллийн талаар байр сууриа илэрхийлсэн нь бусдын нэр хүндийг гутаасан үйлдэл болохгүй гэж маргаж байгаа хэдий ч мэдээллийн үнэн бодитой эсэхийг тогтоосон үйл баримтгүй байхад түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсан нь хариуцлага хүлээх үндэслэл болно.
17. Хариуцагч Р.Б нь иргэн Д.Эгийн хэлсэн ярьсан зүйлийн талаар өмнө нь нийтэд мэдээлэгдсэн зүйл, гэж марган цахим сайтуудад нийтлэгдсэн мэдээллийн эх сурвалжийг заасан, улмаар www.urug.mn/news/159 хуудаст шүүхийн журмаар үзлэг хийхэд 800 хятад иргэний асуудлаар хоёр монгол хүнээс мэдүүлэг авлаа гэсэн гарчиг бүхий нийтлэл гарч ирсэн.
Уг нийтлэлд Цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр 800 Хятад иргэнийг 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалтаар илрүүлсэн билээ. Нийт 783 гадаадын иргэний паспорт, бичиг баримтад шалгалт хийж, 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн Хятадын иргэд байсан юм. Тэд ирсэн зорилгоосоо өөр ажил хийж байгаад ийнхүү баригдсан.
Харин энэ хэрэгт холбогдуулж Монгол улсын гурван иргэнээс мэдүүлэг авчээ. Эх сурвалжийн мэдээллээр мэдүүлэг авсан, хэрэгт сэжиглэгдэж буй эхний хүн бол М.О. АН-ын гишүүн. Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч асан. Хоёр дахь хүн бол Д.Э. Сэтгүүлч мэргэжилтэй. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, МҮОНРТ-ийн захирал, NTV, Eagle News телевизүүдэд тус тус ажиллаж байжээ. Дээрх 800 Хятад иргэнийг дөрвөн өөр газраас баривчилж байсныг тухайн үеийн сайтуудын шууд дамжуулалтаас үзэж болно. Харин М.О, Д.Энар хэсэг Хятад иргэнийг Монголд авч ирэх, буудалд байрлуулах, хоол унд гээд Монгол дахь асуудлыг нь хариуцдаг байжээ.
800 Хятад иргэн нь цахим орчинд Wechat, Kuku chat зэрэг апплейкэшн хэрэглэж, Хятад хүмүүстэйгээ чаталж, итгэлцэл үүсгээд ямар нэг сугалаанд оролцох, хувьцаа худалдаж авахыг зөвлөж, хуурамч мэдээлэл өгөөд мөнгийг нь өөрсдийнхөө дансанд авч залилдаг байв. Мөн цахим мөрийтэй тоглоом тоглодог байжээ.Одоогоор дээрх 800 Хятад иргэнийг Хятадын тал шалгаж байгаа ба Монгол талаас цагдаагийн ажилтнууд БНХАУ-д очсон, хамтран шалгалт явуулж байгаа аж. гэж бичигдсэн байна.
18. Хариуцагчийн ярилцлагад дурдсан ...800 хятад хакер хийсэн гэсэн хэрэг байгаа. 820 хятадуудыг буудлуудад тараан байрлуулж, гар утсаар хангасан хүн бол Д.Э. Тагнуулын байгууллага тогтоочихсон. ....одоо Д.Эг барих хэрэгтэй. Д.Э нь гаднаас мөнгө авч хэвлэлийн байгууллагуудад тараадаг, үүнийг бүгд мэдэж байгаа гэсэн хэсгийн зарим агуулга нь тухайн мэдээллийн хэрэгслээр тараасан гэх мэдээлэлтэй адил агуулга бүхий байдлаар хэлсэн гэж ойлгогдохоор боловч зарим хэсэг нь тухайн мэдээлэлд гарсан зүйлд хамаарахгүй, Р.Бы хувь хүний зүгээс өөрийн үзэл бодолд тулгуурлан хийсэн мэдээлэл гэж үзнэ. Тухайлбал, Д.Э нь гаднаас мөнгө авч хэвлэлийн байгууллагуудад тараадаг, үүнийг бүгд мэдэж байгаа, тагнуулын байгууллага тогтоочихсон гэсэн нь тухайн мэдээллийн сайтад тусгагдаагүй байх тул бодит үнэнд нийцээгүй, бусдын нэр хүндэд халдсан мэдээ, мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэл болно.
19. Түүнчлэн, цахим сайт, мэдээллийн хуудсанд гарсан зүйлийг үнэн бодит мэдээ, мэдээлэл гэж шууд үзэх боломжгүй тул тухайн мэдээлэл тарсан гэдэг нь хангалттай бус харин тухайн мэдээлэл нь үнэн зөв эсэх нь мэдээ, мэдээлэл тараагчийн гэм буруутай эсэхийг тогтоох шалгуур болох тул мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хариуцагчид хамаарна.
Мэдээ, мэдээлэл тараасан этгээд нь мэдээллийн эх сурвалжаа зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд бусдын нийтэлсэн мэдээллийг бодит үнэн эсэх нь тогтоогдоогүй байхад хэдийгээр эх сурвалжаа зааж бусдад мэдээлсэн ч түүнийг дамжуулан нийтэлсэн, бусдад тараасан, бодит мэдээллийг гуйвуулсан бол гэм хорыг хариуцах үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 511.2-т Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж заасны дагуу буруутай этгээдэд хуульд заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэнэ.
20. Нэхэмжлэгч Д.Энь хариуцагч Р.Бы мэдээ тараасан үйлдлийг өөрт нь огт хамааралгүй байхад хамааралтай мэтээр гүтгэн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, гэм хор учруулсан тул нэр төр сэргээлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх хэдий ч нэр, төр сэргээлгэх шаардлагын үндэслэл, эрх зүйн үр дагавар нь тухайн мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах хариуцлага, үүргийг гэм хор учруулагчид хүлээлгэхээр хуулиар зохицуулсан байх тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511.2-т зааснаар хариуцагч Р.Бд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.
21. Харин нэхэмжлэлийн шаардлагаас дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчид даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т тодорхойлсноор Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байх үндсэн зарчимд тулгуурлах бөгөөд нэхэмжлэгч Д.Эгийн дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь энэ хуулийн 9.1-т хамааралгүй, мөн хуулийн 9.4-т заасан иргэний эрхийг хамгаалах арга хэрэгсэлд тусгагдаагүй байхаас гадна тухайн шаардлага нь ирээдүйд үүсч болзошгүй үйл явдлыг хамгаалуулах шаардлага байх тул нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотойгоор шүүхэд мэдүүлэх эрх-ийн зөрчилд хамаарахгүй учир ач холбогдолгүй юм.
Иймд Р.Бд холбогдуулан дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчид даалгах тухай Д.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
22. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ө.Ц нь ..олон удаагийн давтамжтай, олон төрлийн мэдээллийн сайтаар цацагдаж хугацаа өнгөрснөөс хойш телевизээр ярилцлага өгсөн, мэдээллийн эх сурвалжууд нь өмнө ч тодорхой байсан, шаардлагатай бүх сайтын мэдээллийг өгсөн учир хариуцагч гэм буруугүй гэж ойлгож байна гэж, мөн иргэдийн төлөөлөгч Ц.Д нь олон удаагийн мэдээллийн хэрэгслээр бичигдсэн яригдсан зүйлийг хариуцагч телевизээр ярьсан, нэр төрөө сэргээлгэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийсэн, иргэдийн төлөөлөгч нар өөр, өөр байр суурьтай дүгнэлт гаргасан болохыг дурдав.
23. Нэхэмжлэгч Д.Энь хариуцагч Р.Бд холбогдуулан нэр, төр сэргээлгэх, дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, эдгээр шаардлагууд нь бие даасан тусдаа шаардлага байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл тус бүрт төлөөгүй байх тул мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад нь холбогдуулан Д.Эгаар 70,200 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эгийн нэр төр гутаагдсаныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Р.Бд даалгаж, нэхэмжлэгч Д.Эгийн хариуцагч Р.Бд холбогдуулан дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Баас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
ШҮҮГЧИД Д.БАТХУЯГ
А.МӨНХЗУЛ