Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/660

 

О.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч О.Б-ийн  өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/481 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын хамтарч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн 2008 01696 0282 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч овгийн О-ын Б, 1981 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Х” ХХК-д шаварчин ажилтай, ам бүл ганцаар ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

О.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод иргэн Б.Ж-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч овогт О-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-ийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг О.Б-д үүрэг болгож, хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд нар хамтарч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь нэг сараас нэг жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байх бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэг жил болж Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэрэг 2020 оны 4 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэг хугацааг 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл тоолж байна. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр болж Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нэмэлт өөрчлөлт орсон байсныг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татагдах хүртэл тоолохгүй, гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иймд хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татагдах хүртэл тоолохгүй. Иймд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтарч гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод иргэн Б.Ж-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Ж-ны: “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны шөнө 01 цагийн үед Б намайг өшиглөж сэрээгээд “Н-той чи найзууд уу” гэж асуухаар нь би “Тийм ээ, яасан бэ” гэж хэлээд гутлаа өмсөөд байж байтал Б шууд миний эрүү рүү өшиглөөд намайг учир зүггүй зодсон. Би учрыг нь ойлгоогүй. Миний эрүү, нүүр рүү цохиж, өшиглөсөн. Миний дээд 4 шүд нь унаж, доод нэг шүд хөдөлгөөнтэй болсон байгаа. ...” /хх 19/,

 

гэрч О.Б-ийн: “...Бие засаад ороод ирэхэд Ж, Б хоёр нэг нэг рүүгээ дохиогоор ярьж хэрэлдээд, салаавч гаргаад маргалдаад байх шиг байсан. ...Намайг гадаа байхад нэг нэгнээ цохиж авсан юм шиг байна лээ. ...” /хх 27/,

 

шүүгдэгч О.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Би Ж-аас “Чи надаас зээлсэн 8.000.000 төгрөгөө хэзээ өгөх юм бэ” гэсэн чинь Ж над руу салаавч гаргасан. Тэгээд бид хоёр маргалдаж, зодолдсон. Би Ж-ын нүүрэн тус газар нь хоёр удаа цохисноо санаж байна. Би архи уусан байсан болохоор цааш нь юу болсныг сайн санахгүй байна. ...Ж-ын биед учирсан гэмтлийг би нүүрэн тус газарт нь цохиж учруулсан. ...” /хх 74/ гэсэн мэдүүлгүүд,

 

хохирогч Б.Ж-ын эрүүл мэндэд зүүн дээд 22, 23 дугаар шүдний түүшин хэсгийн хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2, 3 дугаар шүдний булгарал, баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацрын төвгөрийн зулгаралт, эрүү, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын цус хуралт, зүүн талын дотор салст, дээд уруулын язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учирсан, уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулахыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4562 дугаартай дүгнэлт /хх 33-35/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Хэргийн үйл баримтын талаар хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ж-тай ажлын хөлсний асуудлаар маргаж, улмаар түүний нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

 

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч О.Б-д тухайн зүйл, хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэснийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан өдрөөс хүчин болгосон бөгөөд харин тухайн өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлийг хөндөөгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор заасан бөгөөд шүүгдэгч О.Б-ийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан нь хөөн хэлэлцэх хугацааны дотор байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.  

 

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд О.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын хамтарч гаргасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Б-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/481 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ