Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 88

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч С.Өлзий-Отгон, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

            Улсын яллагч: Т.Нансалмаа,

            Иргэдийн төлөөлөгч: Ё.Батсайхан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Сандуй,

            Шүүгдэгч: Ц.Ганболд, түүний өмгөөлөгч: Э.Наранцацрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овгийн Цогзолмаагийн Ганболдод холбогдох эрүүгийн ... тоот 1 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ганболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уулын ... тоот гэртээ эхнэр Д.Ихбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг хүзүүгээр нь гэрийн тоононы чагтаганы уяагаар боож амь насыг хохироон, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ц.Ганболд нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уулын ... тоот гэртээ эхнэр Д.Ихбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний хүзүүг гэрийн тоононы чагтагаар боож амь насыг хохироон хүнийг санаатай алсан гэмт хэрэгт Өмнөговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Шүүгдэгч Ц.Ганболдод холбогдох хэрэг анхан шатны шүүхэд шилжин ирснээс хойш 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан Хүнийг санаатай алах гэмт хэрэг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжид нийцэж, оногдуулах эрүүгийн хариуцлага нь хөнгөрсөн байх тул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ганболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

          Шүүгдэгч Ц.Ганболд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн орчим талийгаач эхнэр Д.Ихбаярыг мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар хүзүүгээр нь чагтаганы уяагаар боож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл...”Уг хэрэг учрал болсон гэх газар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Их-Уулын ... тоотод байх ба уг хашаа нь баруун хойд болон хойд талаараа банзан хашаатай зүүн хойд хэсэг нь онгорхой хаалгагүй урдуураа банзан хашаатай, зүүн талаараа цэнхэр өнгийн төмөр хашаатай байв. Хашаанд 2 гэр байх бөгөөд уг хоёр гэр хашааны хойд хэсэгт голлон байрлаж байв. Баруун гэрээс зүүн тийш 100 сантиметрт жижиг гэр байв.  Уг хэрэг учрал болсон гэх баруун талын гэрт ... гэрийн баруун талд шаргал өнгийн модон ор байх бөгөөд уг орон дээр эмэгтэй хүний цогцос байв. Цогцос хөлдөө хар өнгийн түрийтэй үдээстэй гуталтай, хөх өнгийн жинсэн өмдтэй, жинсэн өвдөг хэсэг сэмэрч урагдсан дээгүүрээ хар өнгийн ноосон цамцтай дээшээ харсан байрлалтай 2 гарыг биеийн дагуу унжуулж баруун гарын алгыг дээш харуулж байрлуулсан, баруун хөлийг орны доод хашлаганд тулж шагайн үеэр гадагш бага зэрэг нугалсан байдалтай, зүүн хөлийн өлмий хэсгээр баруун хөлийн гуталны уланд тулсан байрлалтай, зүүн өвдгийг жийсэн, баруун өвдгийг хагас бага зэрэг нугалсан байдалтай байв. Эрүүний баруун доод хэсэгт 5смх2см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай хүзүүний урд хэсгээс хүзүүний зүүн хэсэгт 3смх0,4 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай, хүзүүний урд хэсгээс хүзүүний зүүн хэсэг хүртэл үргэлжилсэн 9смх2см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай, хүзүүний ар хэсэгт цамцны дарагдал үүссэн мөр болон 2смх0.4см, 2смх0.3см арьс өнгөц зулгарсан байв. Зүүн чихний сүвнээс улаан хүрэн өнгийн цусархаг зүйл гарч хатсан байдалтай, уруулын зүүн дээд хэсэг хавдартай, дээд уруулын дотор салст язарсан шархтай, хуралттай. Хүзүүний баруун талд 4смх0.2 см улаан хүрэн өнгийн зулгаралт бүхий зулгаралттай. Зүүн хөмсөгний дотор тал хамрын нурууны зүүн дээд хэсэгт босоо байрлалтай 2смх0.1см хэмжээтэй, зүүн нүдний доод хэсэгт 1смх0.1 см хэмжээтэй зурагдал бүхий зулгаралттай байв. Цогцосны дээгүүрээ өмссөн цамц нь хоолойтой цамц байв” /хх-4 дүгээр хуудас/,

            Яллагдагч Ц.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 4-р сарын 07-ны өдөр Батсүхийн хашаанд машины мотор янзалж өнжсөн. 15 цагийн үед цалингийн урьдчилаа 100000 төгрөг дансанд орж ирлээ гэсэн мэдээлэл орж ирсэнээр 17 цагийн үед гэртээ очоод талийгаач эхнэр Ихбаярыг дагуулаад Хайрхан дэлгүүрийн АТМ-ээс 10000 төгрөг аваад 300 грамм байх жижиг Ерөө архи аваад идэх зүйл аваад гэртээ хариад хоёулаа архиа хувааж уучихаад унтсан. Өглөө эрт 06 цагийн үед босоод машин засаж байгаад Батсүхийн гэрт очоод машин янзалж байсан. 10 цаг өнгөрч байхад талийгаач эхнэр, хүү Энхбаяртай хамт ирсэн. Талийгаач ирээд төв рүү оръё гээд гурвуулаа төв рүү явган явсан. Хүнсний 3 дугаар дэлгүүрийн АТМ-ээс 40000 төгрөг аваад манай хүүхэд 10000 төгрөг аваад салаад явсан. Би талийгаачтай төв рүү явж байсан. Манай эхнэр шартаж байна уу гэхээр нь би гайгүй байна гэсэн талийгаач дотор жаахан муу байна гэхээр нь эргэж Хүнсний 3 дугаар дэлгүүр ороод 0.75 граммын Ерөө архи аваад 3 дугаар сургуулийн ар талд хашааны нөмөрт сууж байгаад хоёулаа архиа хувааж уусан. Тал архи үлдсэнийг пивор саванд хийж кармалаад хоёулаа савтай архиа балгаж ууж яваад Юнителийн төвд ирж гар утасны дугаар худалдаж аваад худалдааны төвд ирсэн. Худалдааны төвд ирж байсан нэг танихгүй хүн гар утас авах уу гэхээр нь хэдээр өгөх юм гэсэн нэг 0.5 граммын архиар өгнө гэхээр нь 0.5 граммын Ерөө архи авч өгч утсыг нь авсан. Сааданд нөгөө хүнтэйгээ гурвуулаа авсан архийг хувааж ууж байгаад худалдааны төв рүү ирж Ачмаагаас 5 толгой худалдаж аваад таксигаар явах гэсэн манай төрсөн дүү Ганбаатарын эхнэр Даваахүү таараад гурвуулаа таксигаар явах гэсэн талийгаач нэг юм авъя гэхээр нь өөрөө мэд гэсэн талийгаач худалдааны төвийн дэлгүүрээс Нутаг гэдэг 0.75 граммын архи аваад ирсэнийг аваад таксигаар дүү Ганбаатарын гэрт очиход Ганбаатарын охин байсан. Даваахүү талийгаач бид 3 авсан архиа хувааж уугаад дуусгасан. Таксины жолооч нэг ангийн Зоригсайхан гэдэг хүн байсан. Гэрт ирэхэд гэрт хүн байгаагүй. Авсан толгойгоо гэртээ оруулж тавьчихаад толгойгоо хуйхлах гээд газ авдаг юм уу гэсэн манай эхнэр өнөөдөр толгой хуйхлахгүй би хуйхлана гэснээс болж жаахан маргалдчихаад манай эхнэр гэрээс гараад явсан. Би жаахан байж байгаад араас нь гарсан талийгаач алга байсан. Би хашааны араар зүүн зүгт яваад хамт ажилладаг хогны ачигч хийдэг Батчулууны хажуу айл Батбаярын гэрлүү очсон. Батбаярынд хүн байгаагүй Батчулууны гэрт ороход Батчулуун ах Мөнхөө эгч, бэр Даваахүү, Батчулууны хүргэн, охин нь байсан. Батчулууны гэрт очиход архи ууж байсныг хамт ууж байсан. Талийгаач эхнэр араас ирсэн. Батчулууны гэрт байж байхад талийгаач эхнэр Батчулууны охинтой намайг хардаад хэрүүл хийгээд хамт гараад миний ажлын куртикийг ураад ноцолдсон. Би зугтаагаад гэр лүү явсан. Гэрлүү явах замдаа бид 2 хэрэлдээд ноцолдоод гэр лүү ирсэн. Талийгаач эхнэрийн зүүн гар нь хөдлөхгүй баруун гараараа надтай ноцолдоод байсан 0.5 граммын Ерөө архи аваад зүүн гарынхаа ханцуйнд хийсэн байсан. Гэрт ороод шил архиа гаргаад ширээн дээр тавьчихаад хэрэлдээд архиа уугаад сууж байсан хүү Энхбаяр орж ирээд бид хоёрыг хэрэлдэхээ боль гээд ээжийгээ түлхчихээд намайг нэг өшиглөчихөөд хүүхэдтэй уулзана гээд гараад явсан. Хүүхэд гараад явсан дараа манай эхнэр авсан толгойг гаргаад шидсэн. Би шанагатай ус залгилчихаад баруун орны зүүн талаар хэвтсэн эхнэр хажууд байж байгаад мөлхөөд ус уух гээд унаж тусаад явсан. Ус уучихаад толгойгоо чанавал чана байвал бай гээд толгойгоо над руу шидлээд байсан чамайг таслаад унагана мөнгө өг гэсэн өгөхгүй байсан. Мөнгө авах гээд эхнэртэйгээ ноцолдсон. Тэгж байгаад би гэрээс гараад мотоцикль асаагаад Гурвансайханы гудамжинд байдаг дүү Отгончулууныд очсон эзгүй байсан. Буцаад гэртээ ирэх гээд явж байгаад ойчсон. Ойчиход мотоциклийн речак хугарсан мотоциклийг түрж яваад Ишдоржийн хашаанд оруулж хашаанд нь Ишдоржтой хүүхэд мотоциклийн бензин үрээх гээд байх гэж мотоцикль энд тавъя гээд ярьж зогсож байгаад гэрлүүгээ явсан. Гэртээ ирэхэд гэрт талийгаач эхнэр орныхоо хажууд сууж байсан. Мөнгө өгчих юм авч ууя гэсэн өгөхгүй гээд хэрэлдээд байж байгаад би ус хутгаж уусан эхнэр ус хутгаад өг гэхээр нь хутгаад өгсөн усны хагасыг шанагатай нь над руу шидсэн. Тэгээд бид муудалцаад ноцолдсон. Би та нарыг тэжээж байгаа гэсэн намайг гэрээс холд гэхээр нь би нэг мөсөн холдъё гээд чагтагаа аваад хүзүүгээрээ нэг ороосон эхнэр ирээд орооосныг салгасан карманаас нь мөнгө авах гэсэн өгөхгүй болохоор нь ноцолдож байгаад чагтагаар эхнэрийн хоолойг хэд ороож татаад чагтагны үзүүрийг амандаа зууж байгаад эхнэрийн карманаас мөнгийг нь аваад тоолсон 1000-тын дэвсгэрт нийлсэн 20000 төгрөг байсан. Мөнгө аваад чагтагыг эхнэрийн хүзүүнээс салгаагүй орхичихоод гарч яваад дэлгүүр лүү явж байгаад дэлгүүрт оролгүй буцаад алхаад ирсэн эхнэр чагтагнаас хүзүүгээрээ дүүжлээтэй орхиод гарсан хэвээрээ хөлөө жийгээд чагтагаар хүзүүгээр нь орооход суусан хэвээрээ байсан. Чагтагаа салгасан нүүр эвгүй болсон байхаар нь баруун орон дээр өргөж тавиад цээж рүү нь дарсан амьсгаагүй байхаар нь гарч гүйгээд Ишдорж ахыг дуудаад манай хүн сонин болчихсон байна гэсэн хамт ирж үзээд түргэн дуудсан. Түргэн ирээд Ишдорж ахтай юм яриад байсан. Тэгсэн цагдаа ирээд намайг авчирч эрүүлжүүлэхэд хийсэн. Сая эрүүлжүүлэхээс гарч ирсэн. 4-р сарын 2-нд хог ачиж байсан дээсээр хийсэн чагтага гараад ирэхээр нь аваад гэрт очоод чагтаггүй байсан учир чагтага хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар хуудас/

          Гэрч А.Ишдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 04-р сарын 08-ны өдөр би цагийг сайн санахгүй байна. 18 цагийн үед байх манай урд хашааны хүн Ганболд намайг гэртээ ганцаараа байж байхад орж ирээд манай эхнэр xөдлөxгүй нэг эвгүй болчихлоо түргэн дуудаад өгөөч гэхээр нь  би утсаар түргэн тусламж дуудаж өгсөн. Би түргэний дуудлага авч байгаа хүнд хэлэхдээ манай урд талын хашааны буюу Их уулын 24-03 тоотод эмэгтэй хүн ухаан алдчихсан байна гэж хэлсэн. Би бол ухаан алдсан байсан үгүйг тухайн үед мэдээгүй. Ганболд л тэгж хэлж орж ирсэн учраас би дуудлага өгсөн. Тэгээд Ганболд бид хоёр дуудлага өгчихөөд манай хашаанаас гарсан. Ганболд хашааруугаа орсон. Би болохоор өөрийнхөө хашааны гадаа түргэний машин ирэхийг хүлээгээд зогсож байсан. Тэгээд түргэн тусламжийн машин 10 орчим минутын дараа манай гудамжны доор үзүүрт ирээд сигналь дуугаргахаар нь би гараараа даллаж зааж өгсөн. Түргэн тусламжийн машин ирээд Ганболдын хашааны гадаа хойд талд байх задгай хашаагүй хэсэгт зогсоод эмч нь бууж ирсэн. Тэгээд эмчийг дагуулаад Ганболдын гэрт нь оруулсан. Эмчийг Ганболдын гэрт нь ороход би гэрийн гаднаас хаалгаар нь харахад гэрийнх нь баруун орон дээр Ганболдын эхнэр цаашаа ханаруугаа харсан байдалтай баруун хажуугаараа хэвтчихсэн, хар өнгийн ноосон цамц болон жинсэн өмдтэй байгаа бололтой харагдсан. Эмч очоод нааш нь татаад дээш нь харуулаад цээжин нь дээр нь дараад байсан. Тэгж байгаад ерөөсөө болохоо байсан хүн байна. Цагдаад дуудлага өгнө гээд эмч цагдааруу утсаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сундуй мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Талийгаач Ихбаяр нь эхээс 8, айлын хамгийн том хүүхэд байсан юм. Ингээд манай эцэг эх хоёр хоорондоо таарч тохирохгүй салсан. Тэгээд манай аав Дорж 1990 онд намайг талийгаач эгч Ихбаяр болон мөн талийгаач эгч Буян-Өлзий нарын хамт аваад Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханхонгор сумын нутагт дүү Дарьзав гэж айлд ирж байсан юм. Тэрнээс хойш 2-3 жилийн дараа байх одоо энэ Ганболд гэж хүнтэй танилцаад гэр бүл болоод гэрээсээ нөхөртэйгөө хамт дагаад гарч явсан. Манай талийгаач Ихбаяр нь сургууль соёлд сууж байгаагүй байх би тэрийг сайн мэддэггүй юм. Би одоо амьд байгаа ах эгч нараас энэ талаар асуусан. Бүгд л мэдэхгүй гэж байсан. Учир нь тусдаа хүүхдүүд нь байцгаадаг болчихсон учраас бие биенийгээ сайн мэддэггүй байсан. Осолдохгүй цагаан сараар нэг уулзалддаг байсан байх. Тэгээд манай аав талийгаач Буян-Өлзий бид хоёрыг аваад Зүүн сайханы 06-06 тоотод амбаар худалдаж аваад амьдардаг байсан. Тэр хашаанд Ихбаяр нь Ганболдтойгоо гэр бариад нэг хэсэг амьдарч байсан. Тэгээд манай аав 1995 онд нас барсан. Тэрнээс хойш талийгаач Ихбаяр нь хадмаа дагаад явчихсан. Тэрнээс хойш бид нараас бараг холбоо тасрах шахуу болсон. Хааяа нэг уулзалддаг байсан. Ажил төрөл гээд байх юм хийдэггүй байсан. Оршин суугчидтайгаа тохиролцоод 4-5 жилийн өмнө хуучнаар банкны орон сууцыг цэвэрлэдэг байсан. Ганболд нь гэрээсээ гаргадаггүй байсан гэж өөрөө хэлдэг байсан. Ер нь бол ширүүн талдаа зан авиртай хүн байсан. Огцом цочир ууртай тийм л хүн байсан. Сайн тал гээд байх зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Сүүлийн үед архи их уугаад байдаг болсон байсан. Ганболдтой нийлээд л архи уучихдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/

          Гэрч Т.Батсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын захирагчийн албанд хогийн машины жолооч ажилтай. Тэгээд машины мотор болохгүй болоод янзлах болсон. Тэгсэн чинь манай байгууллагын удирдлагаас намайг нэг ачигчаа засварчин механик Мөнх-Эрдэнийг аваад машинаа засаж янзал гэж хэлсэн. Тэгээд миний машинд ачигч хийдэг Ц.Ганболдыг машин янзлуулахаар авсан. Ингээд машинаа оролдоод нийт 2 хонож байна. Машиныхаа моторт бүрэн ээлж хийж байгаа . Тэгээд өгчигдөр буюу 2017 оны 04-р сарын 07-ны өдөр Ганболд нь бүтэн манайд машин хамт оролдож өнжсөн. Тэгээд 2017 оны 04-р сарын 08-ны өдөр 09 цагийн үед би засварчин Мөнх-Эрдэнийг явж авч ирсэн. Тэгсэн чинь манайд Ганболд мөн зэрэгцээд шахуу ганцаараа явган ирсэн. Тэгээд бид гурав машинаа янзалж зхэлсэн. Тэгээд Ганболдоор диск боолгоод байж байтал Ганболдын эхнэр Ихбаяр нь хүү Энхүүшийн хамт ирсэн. Тэгээд Ганболдын уг Политехникийн коллежид сурдаг хүү нь хичээлийн юм канондах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Ганболд нь АТМ-ээс мөнгө авч өгөхөөр эхнэр хүүхэдтэйгээ манайхаас 11 цагийн үед явсан. Тэгээд огт сураггүй болчихсон. Тэгээд би Ганболд руу утсаар 14 цагийн үед залгаад хаана байна яачихав гэж асуусан чинь Ганболд нь нилээн согтуу бололтой одоо очих гэж байна гэж хариу хэлсэн. Тэгээд 15 цагийн үед бор саарал өнгийн приус 20 маркийн машинаар буюу таксигаар Ганболд нь эхнэр Ихбаярын хамт хүргүүлж ирсэн. Тэгж ирэхдээ Ганболд нь шал согтуу гуйвсан хүн байсан. Эхнэр нь согтууруулах ундаа хэрэглэсэн талаар огт мэдээгүй. Тэгээд эхнэр нь удаагүй ганцаараа яваад өгч байгаа харагдсан. Тэр үед нь би машины сэлбэг авахаар гарсан. Тэгсэн чинь Ганболдын эхнэр нь эргээд манай хашааруу орж ирж байсан. Тэгээд би хуучин хогийн цэгт байх айлаас буюу манаачийнхаас сэлбэгээ авчихаад эргээд иртэл Ихбаяр, Ганболд хоёр хоёулаа байхгүй явчихсан байсан. Мөнх-Эрдэнээс асуусан чинь мэдэхгүй эхнэр нь ирээд хамт гараад явсан гэж хэлж байсан. Тэгээд цагдаагаас 19 цагийн үед хүн ирээд Ганболдын эхнэрийг нас барсан талаар хэлээд уулзалдсан эсэхийг асуусан. Би ч мэдэх зүйлээ хэлсэн. Зан байдал нь бол тун зүгээр ажилчидтайгаа нийлсэн зугааллага гэх мэт зүйлд харин явдаггүй байсан. Эхнэр явуулахгүй байна гэдэг байсан. Би уг ажилд 2014 онд орсон. Намайг ороход л Ганболд уг ажлыг хийж байсан. Хогийн ачигчийн ажил хийдэг байсан. Ганболд нь ажилдаа сайн” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/

          Насанд хүрээгүй гэрч Г.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 11 цагт ээжтэйгээ хамт аав дээр очих гэж гарсан. Манай аав Хан-Уулд ажлынхаа машиныг янзалж байсан юм. Тэгээд бид хоёр аавын байгаа газарт очиж аавыг аваад хүнсний 3 дэлгүүр лүү очиж АТМ орж мөнгө авах гэж байсан би бие даалт хийх гээд 10000 төгрөгний хэрэг болсон байсан. Тэгээд аав АТМ-ээс 50000 төгрөг аваад надад 10000 төгрөгийг өгсөн. Ээж аав хоёр зүүн тийшээгээ, би төв рүү явсан. Бие даалтаа хийчихээд 14 цагийн үед гэр лүү явсан. Гэр лүүгээ явж байгаад Нисэх явдаг замын петровис колонкийн баруун талд аав ээж, эгч Даваахүү гурав зогсож байсан. Би тэр гурав дээр очиход аав, ээж хоёр нилээд согтуу байсан, би аав ээжийгээ аваад гэрлүүгээ явсан гудамжинд аав ээж хоёр хэрэлдэж зодолдоод байхаар нь гэртээ очоод аавыг баруун гэрт, ээжийг зүүн гэртээ оруулаад гаднаас нь цоожлоод 30 минут болсон. Тэгээд би ээжийгээ гэрээс гаргаж ирээд баруун гэр лүү оруулж цай хоол аав, ээж хоёртоо өгсөн. Тэгсэн ээж, аав хоёр хэрэлдээд байхаар нь хооронд нь эвлэрүүлээд гадагшаагаа хүүхэдтэй уулзах гэж гарсан. Гэрээс гараад найз нартайгаа уулзаад орой харанхуй болсон байхад гэртээ очиход баахан хүмүүс ирсэн байсан намайг гэрлүү орох гэхэд оруулахгүй байсан. Ээжийн баруун хөмсөгнийх нь дээр самардсан байсан түүнийг ээж, аав чинь самардсан гэж хэлж байсан. Харин аавын хамарнаас нь цус гарсан байсан. Би тэр хоёрыг зодолдож байхыг нь хараагүй. 2017 оны 04 дүгээр 08-ны өдөр өглөө манай аав шар өнгийн израль маягийн гуталтай хар өнгийн бэлтгэл өмд дээгүүрээ хар өнгийн куртиктэй дотор нь цэнхэр өнгийн фудволктой байсан. Ээж болохоор хар түрийтэй гуталтай, жинсэн өмдтэй дээгүүрээ бор өнгийн савхин богино хүрэмтэй, дотуур нь хар алаг цагаантай цамцтай, жижиг дөрвөлжин цүнхтэй түүнд нь бид нарын бичиг баримтнууд байсан, аав ээж хоёулаа малгайгүй явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

          Гэрч У.Даваахүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед би худалдааны төв дээр явж байхад Ганболд, эхнэрийнхээ хамт явж байхад нь таарсан. Би таксидаад харьлаа гэж хэлэхэд тэр хоёр хамт явна толгой авсан байгаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав манай гэр лүү явсан манай гэрт очоод цай уучихаад манайхаас гарсан. Бид гурав таксидаад би Батчулууныд буугаад үлдсэн. Ганболд эхнэртэйгээ хамт таксигаар гэр лүүгээ явсан. Батчулууных Ганболдын гэрээс өмнөхөн талд байдаг. Колонкын замын баруун талд нь байдаг. Би Батчулууныд баахан юм ярьж сууж байхад Ганболд гаднаас гүйгээд ороод ирсэн. Тэр Баяр намайг зодсон гэж хэлсэн тэгсэн тэрний баруун талын хацар нь шалбарсан байсан. Би Ганболдод та хоёр яах гэж дандаа хэрэлдэж зодолддог юм бэ гэж хэлсэн тэгж байтал гаднаас Ганболдын эхнэр нь орж ирсэн. Тэгээд тэр хоёр гадаа гараад Ганболдын өмсөж байсан хувцаснаас нь татаж ураад газар унагаж дээрээс нь толгой тархи руу нь цохиж зодсон тэгж байтал хүүхэд нь гүйгээд ирээд аав, ээж хоёрыгоо аваад явахаар нь би хүүд аав, ээж хоёртой хоол унд хийж өгөөд амруулаарай гэж хэлээд явуулсан. Би гэртээ хариад хоолоо идчихээд унтаж амарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/

          Гэрч Н.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би Батсүх гэдэг хүний машиныг янзалж байгаа. Өглөө 9 цагийн үед Батсүх намайг гэрээс аваад Хан-Уулын 6-8 тоотод ирж байхад Ганболд гудамжны дээд үзүүр дээр алхаж байсан. Түүнийг аваад Батсүхийнд очсон машин янзалж байхад 10, 11 цагийн үед Ганболдын эхнэр хүүхэд нь хүрээд ирсэн. Удаагүй Ганболд эхнэр хүүхэдтэйгээ хамт яваад өгсөн. Үдээс хойно 15 цагийн үед Ганболд таксигаар эхнэртэйгээ хамт ирсэн. Ганболд шал согтуу архи уусан байсан болохоор чи архиа гаргаатад гэж хэлсэн чинь тэр унтахгүй байсан. Би машин доогуур юм янзалж байсан юм. Ганболдыг эхнэртэйгээ хаашаа явсныг нь мэдээгүй нэг мэдсэн байхгүй болсон байсан. Би машинаа янзалсаар байгаад цагдаад дээр дуудагдаад ирлээ. Ганболд, эхнэртэйгээ машинаас буугаад ирж байгаа харагдсан. Би машин доогуур ороод мотор янзалж байсан болохоор хэдийд нь машин явсныг нь мэдэхгүй. Тэгээд гарч хоол идсэн Ганболдын эхнэр машины хаана сууж байсныг нь мэдээгүй. Ганболд, эхнэртэй нь хамт тэр машин буулгаад яваад өгсөн. Намайг хоол идэх гээд машин доороос гараад ирэхэд Ганболд машины ар талаар гараад ирсэн. Би Батсүх гэдэг хүний машиныг янзалж байгаа. Өглөө 9 цагийн үед Батсүх намайг гэрээс аваад Хан-Уулын 6-8 тоотод ирж байхад Ганболд гудамжны дээд үзүүр дээр алхаж байсан түүнийг аваад Батсүхийнд очсон машин янзалж байхад 10, 11 цагийн үед Ганболдын эхнэр хүүхэд нь хүрээд ирсэн. Удаагүй Ганболд эхнэр хүүхэдтэйгээ хамт яваад өгсөн. Би машинаа янзалсаар байгаад цагдаад дээр дуудагдаад ирлээ. Ганболд, эхнэртэйгээ машинаас буугаад ирж байгаа харагдсан. Би машин доогуур ороод мотор янзалж байсан болохоор хэдийд нь машин явсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/

          Гэрч Т.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 04-р сарын 08-ны өдөр гэртээ нөхөр Батчулуун, охин Эрдэнэцэцэг нарын хамт байж байсан. Гэтэл 12-13 цагийн үед болов уу би цагийг нь сайн мэдэхгүй байна. Ганболд талийгаач Ихбаяр, Ганболдын дүүгийнх нь эхнэр Даваахүү нар такситай ирсэн. Ирэхдээ Ихбаяр, Ганболд хоёр согтуу байсан. Даваахүү эгч архи уугаагүй байж байсан. Тэгээд манайд орж ирээд цай унд ууцгаасан. Тэгээд Ихбаяр, Ганболд хоёр явлаа гээд хүлээж байсан таксиндаа суугаад буцаад яваад өгсөн. Даваахүү манайд ярьж хөөрөөд үлдсэн. Тэгээд 2-3 цаг өнгөрсөн байх нилээн удсан дараа Даваахүү эгч нэг гарчихаад ороод ирэхдээ Ганболд Ихбаяр хоёр ирчихсэн гадаа зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гарсан чинь манай хашааны гадаа зүүн талд бие биенийгээ барьчихсан зууралдаад зогсож байсан. Хажууд нь бага хүү нь бас зогсож байсан. Тэгээд би ээж, аавыгаа аваад яв гэж хэлсэн. Тэгсэн чинь явъя гээд аав, ээжийгээ хүү нь аваад явсан. Тэгж явахдаа Ганболд нь манай хашааны гадаа куртикээ орхиод явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/

          Гэрч М.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 04-р сарын 08-ны өдөр 12 цагийн орчим Ганболд, эхнэр Ихбаяр, болон Даваахүү гэж хүнтэй хамт манай гэрт ирсэн. Ирэхдээ Ихбаяр, Ганболд хоёр согтуу ирсэн. Ганболд нь нилээн согтуу, эхнэр нь арай гайгүй халамцуухан байсан. Тэгээд ёроолоосоо 3-4 хуруу хиртэй үлдсэн архи гаргаж ирээд Даваахүү, Ганболд, ээж Мөнхцэцэг, аав Батчулуун нь нар нэг нэг татсан. Тэгээд нөгөө архи нь дуусчихсан. Тэгээд Ихбаяр нь хүргүүлсэн таксигаа буцааж дуудаад тэгээд нөгөө такси нь удаагүй ирээд Ихбаяр, Ганболд хоёр гэрлүүгээ явлаа гэж хэлээд явсан. Эргэж ирнэ гэх зүйл хэлээгүй яваад өгсөн. Тэгээд нилээн хэдэн цагийн дараа 15-16 цагийн үед Ихбаяр, Ганболд хоёр нь явган хүрээд ирсэн. Тэр хоёрыг ирэх үед би гадаа угаасан хувцас тохоод байж байсан. Тэгсэн тэр хоёр ирэхдээ хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд хэрэлдсэн чигтээ ирээд манайд ч ороогүй хашаан дотор бие биенийгээ барилцаж аваад хоорондоо зодолдоод эхэлсэн. Ганболд нь Ихбаярынхаа үснээс зулгаагаад Ихбаяр нь Ганболдыгоо самардаж цохиод өшиглөөд байсан. Тэгэхээр нь би аймхай учраас гэрлүүгээ орчихсон. Тэгээд Даваахүүд танай хоёр чинь ирчихсэн хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн чинь Даваахүү гарч очоод миний хоёр хүү та хоёр харьж унтаж амар адилхан сайхан идэж уучихаад ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь гэнэт л Даваахүү энэ намайг цохиод авлаа гээд Ихбаярыг хэлсэн. Би бол яг Даваахүүг Ихбаяр цохисон талаар хараагүй гэртээ орчихсон байсан. Тэгээд надад Ихбаяр цагдаа дууд намайг зодсон гээд байсан. Тэгээд байж байтал Энхбаяр гэж хүүхэд нь зам дагаад гэрлүүгээ алхаж байхаар нь би дуудаад ээж аав хоёрыгоо ав гэж хэлсэн. Тэгээд Энхбаяр ирээд та хоёр айлын гадаа ингэж болохгүйшдээ гэр орондоо харъя гээд дагуулаад явсан. Явахдаа Ганболд нь өөрийнхөө өмсөж явсан хар өнгийг куртикийг эхнэртээ хандаад чи миний куртикийг урчихлаа гээд тайлж хашааны гадаа хаячихаад явсан. Би энийг цагдаад хэлж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,

          Гэрч Д.Зоригсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би одоо он cap өдрийг нь санахгүй байна. Намайг таксинд явахаар худалдааны төв дээр зогсож байтал Ц.Ганболд нь эхнэртэйгээ таарсан. Тэгээд тэр хоёр такси авъя гэж хэлээд түр хүлээж байгаарай гэчихээд тэр хоёр махны дэлгүүрээс хэдэн ширхэг ямааны толгой авчихаад ирсэн. Тэгээд гурил, будаа авна гэчихээд больчихсон. Тэгтэл Ганболдын дүү Ганбаатарын эхнэр бас тааралдсан. Тэр бас таксинд цуг суусан. Тэгээд Ганбаатарын эхнэрийг нь гэрт нь хүргэж өгсөн. Тэднийд Ганболд мөн эхнэртэйгээ хамт буусан. Тэгээд тэр гурав 0.5 литрийн 1 шил архи хувааж уусан. Би юм яриад хамт сууж байтал Ганбаатар гаднаас орж ирсэн. Ганбаатар орж ирчихээд цайгаа уучихаад буцаад явсан. Архиа ууж дуусчихаад Ганбаатарын эхнэр болон Ганболд, Ганболдын эхнэр гурав Нисэх хороололд байдаг Петровисийн шатахуун түгээх станцийн баруун талын задгай айлд буугаад тэр айл руу ороод гарч ирэхгүй алга болчихсон. Тэгэхээр нь уг гэрт ортол Ганболд эхнэртэйгээ болон Ганбаатарын эхнэр мөн айлын эхнэр нөхөртэй хамт нийлчихсэн архи хувааж уугаад байж байсан. Тэгээд би ороод яасан явъя гэж хэлсэн чинь Ганболд эхнэртэйгээ гарч ирсэн. Ганбаатарын эхнэр нь болохоор тэр айлд үлдсэн. Тэгээд Ганболдыг эхнэртэй нь гэрт нь хүргэж өгсөн. Ганболд худалдаж авсан ямааныхаа толгойг гэртээ буулгачихаад машин засаж байгаа айлд очно гээд Хан-Уулд нэг айлд Ганболд эхнэртэйгээ хүргүүлсэн. Би хаягыг нь одоо хэлж мэдэхгүй байна. Тэгээд би явсан. Дахиж огт уулзалдаагүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/

          Гэрч Ц.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “он cap өдрииг нь одоо санахгүй байна. Намайг гэртээ цайны цагаар буюу 12 цагийн үед очиход манайд талийгаач Ихбаяр болон ах Ганболд манай эхнэр Даваахүү нар байж байсан. Ганболд жаахан архи уучихсан халамцуухан байсан. Тэгэхээр нь би харьж унтаж амар яах гэж яваа юм бэ гэж хэлсэн. Миний өөдөөс юм яриагүй. Ямааны толгой аваад явж байна. Харьж хуйхална гэж байсан. Намайг очиход гэрт архи дарсны зүйл бол үзэгдээгүй. Цай ууцгаагаад сууж байсан. Талийгаач архи дарс уусан байсан үгүйг би анзаараагүй учраас мэдээгүй. Ихбаяр нь тогтвор муутай гарч ороод байсан. Тэгээд араас дуудаад би буцаад гараад явчихсан. Тэгээд орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд Даваахүү даралт ихсээд гээд хэвтэж байсан. Тэгээд гэртээ орой байж байтал гаднаас Ганболдын бага хүүг дагуулаад нэг цагдаа очсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.26-ны өдрийн №24 дүгээр дүгнэлт:

          1. Талийгаачийн цогцост уруулын язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний урд, зүүн хэсэг, эрүүний баруун доод хэсэг, хүзүүний баруун хэсэг, зүүн хөмсөгний дотор хэсэг, зүүн нүдний доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Хүзүүний урд, зүүн хэсэг, эрүүний баруун доод хэсгийн зулгаралт гэмтэл нь хөшүүн материалын зүйлийн үйлчлэлээр, уруулын язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хэсэг, зүүн хөмсөгний дотор хэсэг, зүүн нүдний доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй.

  1. Талийгаач нь боолтын улмаас амьсгал бүтэлтээр нас баржээ. /хх-ийн 91 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.26-ны өдрийн №24 дүгээр дүгнэлт:

          1. Талийгаачид учирсан гэмтэл нь чагтага гэх уяагаар үүсгэгдсэн байх боломжтой. /хх-ийн 93 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн 2017.05.03-ны өдөр №3923 дугаар дүгнэлт:

          2. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ихбаярын цус нь муудсан байсан ба 2 удаа ДНХ-ийн шинжилгээ хийсэн боловч үр дүн гараагүй, ДНХ-ийн тогтоц тогтоогдсонгүй.

          3. Ц.Ганболдын цус, Д.Ихбаярын баруун гарын эрхий хурууны хумс, сэжигтэн Ц.Ганболдын хумсанд илэрсэн ДНХ-ийн тогтоцыг ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 3923-ын 1-ийн 2,3,4,5-р баганад үзүүлэв.

          3. Д.Ихбаярын хумсанд сэжигтэн Ц.Ганболдын ДНХ-ийн зарим тогтоц илэрсэн болно.

          4. Ц.Ганболдын хумсанд өөрөөс нь өөр ДНХ-ийн тогтоц илэрсэн бөгөөд энэ тогтоцыг Д.Ихбаярын ДНХ-ийн тогтоц тогтоогдсонгүй тул Д.Ихбаярын ДНХ-ийн харьцуулах боломжгүй байна. /хх-ийн 95-96 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн 2017.04.20-ны өдөр №2330 дугаар дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна.

          2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны “хар малгайнд 36 сантиметр, хар заханд гарсан 48 сантиметр, хар хүрмэнд гарсан 56, 40, 37, 46, 10, 14.5х2.5 сантиметр хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна. Уг уранхайнууд хэдэн цагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Хар хүрмэнд гарсан 1.5х2 сантиметр хэмжээтэй уранхай хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр гарсан хуучин уранхай байна. /хх-ийн 98-99 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.19-ний өдрийн №3609 дүгээр дүгнэлт:

          1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ихбаярын 45/эм Даланзадгад хот 8/04 гэж хаягласан цусанд 1,2 промилли спиртийн агууламж илрэв.

          2. Цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 103 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

          Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2017.04.08-ны өдөр /хх-ийн 04-27 дугаар хуудас/

          Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл 2017.04.08-ны өдөр /хх-ийн 31-41 дүгээр хуудас/

          Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тогтоол, тэмдэглэл 2017.04.09-ний өдөр /хх-ийн 42-46 дугаар хуудас/

          Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2017.04.09-ний өдөр /хх-ийн 47-54 дүгээр хуудас/,

          Нас барсны гэрчилгээ №0000184617 /хх-ийн 140 дүгээр хуудас/

          Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.Ганшагайг байцаасан тэмдэглэлд... “Боолт гэдэг бол ямар нэгэн гадны өөр хүний буюу бусдын оролцоотойгоор үүсгэгддэг. Талийгаач Д.Ихбаярын хүзүүнд хөндлөн байрлалтай зулгаралт үүссэн байсан. Энэ шинж тэмдэг нь болохоор талийгаачийг боолтын улмаас нас барсныг харуулж байна. Хүн хэзээ ч өөрийгөө боож нас барна гэж байдаггүй. Харин хүн өөрийгөө дүүжлэж нас бардаг. Хүн өөрийнхөө хүндийн жинг ашиглаж амьсгал бүтэлтээр нас барахыг дүүжлэлт гэдэг. Миний дүгнэлт болохоор дүүжлэлт биш боолт гэж гарсан. Өөрөөр хэлбэл энэ хүн өөрийнхөө амийг хорлосон байх боломжгүй юм. Боолтын улмаас нас барсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

          Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч Ц.Ганболдын үйлдсэн гэмт хэрэгт зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч Ц.Ганболд нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Их-Уулын 24-03 тоотод эхнэр Д.Ихбаяртай хэрэлдэж маргалдан  “мөнгө өгөөгүй” гэсэн шалтгаанаар хоолойг чагтаганы уяагаар боож хүний амийг хохироож алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

          Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл

          Шүүгдэгч Ц.Ганболд, эхнэр Д.Ихбаяртай байнга архидан согтуурдаг байснаас тэдний гэр бүлийн аж төрөх ёс алдагдаж гэр бүлийн хүчирхийлэл явагддаг байсан зэрэг нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан дараахь нотлох баримтаар нотлон тогтоосон байна. Үүнд:

          Гэрч Г.Эрхэмбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Ганболдын ам бүл тавуулаа байсан. Бас ядуухан амьдралтай айл байсан. Ганболд ганцаараа ажил хийдэг. Эхнэр нь Ганболдтой нийлээд л архи уугаад байдаг хүн байсан. Хүмүүсийн яриагаар бол нөхөртэйгөө нийлээд архи уучихдаг гэж дуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/,

          Гэрч Г.Болдбаатарын ...” манай ээж Ихбаяр нь өөрийнхөө ээжийг нас барсан дараагаас буюу 2013 оны хавраас хойш л архи их уудаг болчихсон” гэх мэдүүлэг /хх-82 дугаар хуудас/,

          Насанд хүрээгүй гэрч Г.Энхболдын ...”ээж өөрийнхөө ээжийг өнгөрсөн цагаас хойш архи их уудаг болчихсон. Хаанаас мөнгө төгрөг олоод байдаг юм мэдэхгүй ер нь л архи их уудаг болсон. Аав ч бас архи уучихдаг, архи уучихаараа жаахан агсан зантай. Гэхдээ тийм их буюу байнга агсам тавиад байдаггүй. Хоорондын харилцаа сайн гайгүй байдаг байсан. Тэр хоёр хоорондоо маргах хэрэлдэх асуудал хааяа нэг гардаг боловч нэгнийгээ хөөж туугаад зодож нүдээд байдаг асуудал байдаггүй байсан. Ээж нэг удаа намайг хөдөө явчихсан хойгуур архи уугаад аавын толгойг заазуураар цохьчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-83 дугаар хуудас/,

          Гэрч Л.Отгончулууны... “хоорондын таарамж зүгээр хэвийн байсан. Хоорондоо зодолдож нүдэлцээд байхыг нь би мэдэхгүй. Сүүлийн 3-4 жилүүдэд хоёулаа архи уудаг болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас зэргээр тогтоогдсон байна.

          Шүүгдэгч Ц.Ганболдын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараахь нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

          Гэрч Л.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Манайх эхээсээ 8-уулаа юм. Ганболд ахын дээр нь 1 ах байдаг. Манай ах 1965 оны 12-р сарын 26-ны өдөр төрсөн. Ингээд бага насаа гэртээ өнгөрөөсөн. Тэгээд 1-2 жил сургуульд сурсан байх би тэр үед нь бага байсан болохоор сайн санадаггүй юм. Сургуулиас гарсан шалтгаан нь болохоор сэтгэцийн өөрчлөлтэй хоцрогдолттой байсан болоод гарсан гэдэг. Манай ах ер нь багадаа тархи толгойны гэмтэл авч сэтгэцэд нь еөрчлөлт орчихсон унаж татдаг өвчтэй юм. Тэгээд 1992 онд шиг санаж байна. Энэ талийгаач Ихбаяртай танилцаж манайд ирж байсан. Манай ээжтэй хамт амьдарч байгаад 1996 онд энэ хоёрын дундаас том хүүхэд нь гарсан юм. Тэгээд том хүүхэд нь бол манай ээж дээр өссөн. Том хүүхдийг нь гарах үед нэг гэр барьж айл гаргаж байсан юм. Ихбаяр нь том хүүхдээ гарах үед огт буруу харчихаад хөхүүлдэггүй байсан. Ямар шалтгаанаар тэгээд байдаг байсан талаар мэдэхгүй байна. Манай ээж тэгээд том хүүхдийг нь тэмээний сүүгээр өсгөсөн юм.Тэгээд удаагүй Ихбаяр нь 1997 онд дараагийн хүүхэд нь гарсан. Тэрийгээ бол өөрөө өсгөсөн. Дараа нь бага хүү нь 2001 оны 01-р сард бага хүүхэд нь гарсан юм. Ингээд энэ хоёр дундаасаа 3 хүүтэй айл байсан юм. Ганболд нь хүүхэдтэй болсноос хойш ажил төрөл хийх болсон. Анх 2000 онд зэвсэгт хүчний 167-р ангид галчаар орж ажиллаж байгаад гарсан. Яг хэдэн жил ажилласан талаар сайн санахгүй байна. Нээх удаагүй гарчихсан. Тэгээд ажилгүй байж байгаад “Гүний ус” компанид орж хог ачдаг дугуй унадаг байсан. Тэгээд 2009 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын захирагчийн албанд хогийн ачигчийн ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Зан аашийн хувьд төлөв даруу зантай. Үг дуу цөөтэй хүн байгаа юм. Архи дарс ер нь уудаггүй байсан. Ээжийг нас барснаас хойш архи уух гээд байдаг болсон байсан. Манай ээж 2014 оны 07-р сард нас барсан юм. Манай ах Ганболдын цалингаар амьдардаг. Нэн ядуу өрхөд бүртгэлтэй амьдралын боломж бололцоо муу айл байгаа юм. Талийгаач Ихбаяр нь энэ хэдэн жил манай ахтай хамт амьдрахдаа нэг ч удаа ажил хийж байгаагүй. Хүүхдүүд нь ч ажил хийдэггүй. Бага хүүхдийг нь сая талийгаачийн дүү нь Ханбогд сумруу аваад яваад өгсөн. Нөгөө хоёр нь болохоор насанд хүрчихсэн хүүхдүүд байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,

          Гэрч Б.Түмэнбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би Ц.Ганболдтой 2013 оноос хойш хамт ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш таньдаг болсон. Ганболд нь намайг ажилд ороход хуучин ажилчин байсан. Ц.Ганболд нь ажилдаа сайн. Зан аашийн хувьд төлөв даруу зантай хүнтэй маргаж муудалцаад байдаггүй хүн байгаа юм. Хамт олондоо нэр хүндтэй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/

          Гэрч Х.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би Ц. Ганболдтой 2013 онд 1 жил хамт ажилласан. Тэгээд би ажлаасаа гарч байгаад буцаж 2015 онд ажилдаа орсон Тэрнээс хойш хамт ажиллаж байна. Ц.Ганболд нь ажилдаа сайн. Миний машинд ачигчаар ажилладаг байсан. Гэр нь Их-Уулд байдаг. Амьдралын хувьд жаахан тааруухан ядуухан амьдралтай. Би бас гэрт нь хэд хэдэн удаа очиж байсан. Эхнэр 3 хүүтэй. Эхнэрийнх нь талаар би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/

          Гэрч Г.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би айлын том хүү нь байгаа юм. Би багаасаа аавынхаа эмээ дээр өссөн юм. Тэгээд эмээг нас барсан хойно аав ээж дээрээ 2013 онд ирсэн. Өмнө нь бол аав ээж дээр ирж очин ихэвчлэн эмээ дээрээ байдаг байсан юм. Тэгээд 2013 оноос хойш 2016 оны 12-р cap хүртэл хугацаанд хамт байж байгаад эхнэр аваад Цогт-Овоо сумруу явсан. Манай зэж Ихбаяр нь 1971 онд Цогтцэций суманд төрсөн. Аав Ганболд нь 1965 онд Ханхонгор суманд төрсөн. Ээж аав хоёр 3 хүүтэй би хамгийн том нь байгаа юм. Ээж 2002 оноос 2006 онд хувиараа оёдолчин хийж байсан. Тэгээд 2006 оноос хойш 2016 оны 09-р cap хүртэл энд тэнд байрны орц цэвэрлээд яваад байдаг байсан. Хэнтэй уулзаж байр хунар цэвэрлэдэг байсан талаар мэдэхгүй байна. Сууц өмчлөгчидын холбоо гэж байхад тийм хүмүүстэй уулзаж цэвэрлэдэг байдаг байх. Яг байнгын бол ажил биш байсан байх. Аав Ганболд болохоор 167-р цэргийн ангид ажиллаж байгаад дараа нь “Гүний ус” компани ажиллаж байсан. Хамгийн сүүлд саяныг хүртэл Даланзадгад сумын захирагчийн албанд хог ачигч ажил хийж байсан. Би яг хэдээс хэдэн онд гэдгийг нь сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/

          Гэрч Г.Энхболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би одоо гэртээ буюу Их-Уулын 24-03 тоотод ганцаараа байгаа. Ах тусдаа эхнэр аваад гарчихсан. Бага дүүг ээжийн дүү нар аваад явчихсан. Манай бага дүү одоо 16 настай. Тэгээд сая манай аавын ажлын дарга аавынхаа оронд ажлыг нь түр хийж бай гэж хэлсэн. Тэгээд би аавын ажлыг буюу Даланзадгад сумын захирагчийн албаны хогч ачигчаар 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс одоо хүртэл ажиллаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/

          Гэрч Ц.Эрдэнэтөгс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би Гүний ус компанид 2010 онд ажилд орсон. Тэгэхэд Ганболд нь уг компанид ажиллаж байсан. Тэгээд намайг орсон хойно миний машинд ачигчаар ажиллаж  байсан юм. Бид хоёр хамт 1 жил гаран явсан. Тэгээд Гүний уснаас хогийн ажил сумын захирагчийн албанд шилжсэн. Тэгэхэд Ганболд мөн шилжээд захирагчийн албанд орсон. Ц.Ганболд нь ажилдаа сайн төлөв даруу зантай элдэв янзын асуудалд орж байгаагүй хүн байгаа юм. Архи бага зэрэг уучихдаг хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/

          Шүүх сэтгэц гэм судлалын 2017.05.25-ны өдөр №29/17

а/ Ц.Ганболд нь сэтгэцийн хувьд оюуны хомсдол хөнгөн хэлбэр хэмээх өвчтэй болно.

б/ Ц.Ганболд нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

в/ Ц.Ганболд нь хэрэг хариуцах чадвартай. /хх-ийн 107дугаар хуудас/

          Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол болон банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 193-201 дүгээр хуудас/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 202 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009.12.15-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 203-204 дүгээр хуудас/,

Даланзадгад сумын захирагчийн ажлын албанд ачигч Цогзолмаагийн Ганболдын ажил, зан байдлын тодорхойлолт /хх-162 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн НААҮ-ний “Гүний –Ус” ХХК-ий захирлын тушаал / хх-163 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын орон нутгийн өмчит тохижилт үйлчилгээний компаний захирлын тушаал /хх-164-178 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн засаг даргын дэргэдэх Гэр бүл хүүхэд, хөгжлийн газрын тодорхойлолт /хх-179-182 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүх шүүгдэгч Ц.Ганболдод хохирогч Д.Ихбаярыг алсан гэм буруутай үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ганболд нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс баривчлагдсан, 2017 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч нийт  цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоног байх тул  ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сандуй нэхэмжлэх зүйлгүй гэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.Ганболд бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Ц.Ганболдын 4 ханатай гэрийг түүний хүү Г.Болдбаатарт олгож, улаан өнгийн утас бүхий сахиус 1 ширхэгийг шүүгдэгч Ц.Ганболдод олгож, хар өнгийн уранхай куртик 1 ширхэг, куртикний урагдсан зах 1 ширхэг, куртикны урагдсан малгай 1 ширхэг, цагаан өнгийн хөндлөн судалтай хар өнгийн хоолойтой цамц 1 ширхэг, шүүгдэгч Ц.Ганболдын толгойноос авсан багц үс, хумс, талийгаач Д.Ихбаярын гарнаас авсан хумсыг устгаж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ганболдын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Тайжууд овгийн Цогзолмаагийн Ганболдыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ганболдод 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Ганболдод оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч Ц.Ганболдын цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.Ганболд бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Ц.Ганболдын 4 ханатай гэрийг түүний хүү Г.Болдбаатарт олгохоор, улаан өнгийн утас бүхий зүүлт 1 ширхэгийг шүүгдэгч Ц.Ганболдод олгохоор, хар өнгийн уранхай куртик 1 ширхэг, куртикны урагдсан зах 1 ширхэг, куртикны урагдсан малгай 1 ширхэг, цагаан өнгийн хөндлөн судалтай хар өнгийн хоолойтой цамц 1 ширхэг, шүүгдэгч Ц.Ганболдын багц үс, хумс, талийгаач Д.Ихбаярын хумсыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус шийдвэрлэсүгэй.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ДЭЛГЭРМАА

                                                                         З.ТӨМӨРХҮҮ