Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002760164 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  ******* овогт *******ын ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Накула рестораны урд авто замын хажууд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 00 цагийн орчимд такси барих гээд зогсож байсан үл таних залуу болох иргэн *******той “иргэн тай барилцаж авсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар иргэн *******ын нүүр хэсэгт нь цохиж, биед нь зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, дээд уруулын язарсан шарх гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын зарим зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрэмдэх гэж байсан гэж ярьсан гэсэн байна. Бид нар тийм зүйл яриагүй, шүд рүү нь цохиогүй, би зүүн талын хацар луу нь алгадсан, тэгэхэд хацраа бариад зогсож байсан. Тэрнээс биш шүд амнаас нь цус гарсан зүйл бол байгаагүй, гэрч ын мэдүүлэгт дурдагдсан шиг тэр хүнийг гараа атгаж цохисон зүйл болоогүй, тухайн үед тэр хүний амнаас цус гараагүй, тэр хүн амаа дарж газар тонгойж суусан зүйл бас байгаагүй. Намайг алгадсаны дараа зүүн гараараа хацраа бариад зогсож байсан. Бидний дунд маргалдсан зүйл ерөөсөө болоогүй. Тухайн үед намайг Накулагаас гараад ирэхэд Булган ******* 2 маргалдаад байж байхаар нь би очоод ахаа боль гэхэд ******* намайг түлхсэн, түлхэхэд нь би арагшаа хөл алдаад буцаж ирээд зүүн хацар луу нь алгадсан. Тэр хүн хацраа бариад зогсоход нь уучлаарай ахаа гэж хэлээд салаад явцгаасан. Тэр 2 ах бол нэлээн согтолттой байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 91-94 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

щ3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн найз ын хамт Соёмбо ресторанд ороод 1 литрийн хэмжээтэй Eden гэх архи 1 ширхгийг уугаад гарч ирсэн. Тэндээсээ зам хөндлөн гарч Хаан банкны орчмоор гарч ирээд доош уруудаж Накула рестораны урд такси барих гээд байж байтал үл таних 4 залуу дөхөж ирээд хоорондоо энэ хоёр хүнийг дээрэмдчих үү гэж яриад байхаар нь бид хоёр за залуучуудаа зүгээр байхад зүгээр байгаарай гэж хэлээд бид нар муудалцаж эхэлсэн. Тэгтэл нэг залуу нь таксинд суугаад явсан, нэг нь намайг цааш дагуулж яваад намайг гараараа /аль талын гараараа цохисныг мэдэхгүй байна/ нэг удаа цохисон. Тэгтэл миний уруул язраад, цус гараад өвдөж эхэлсэн, шүдээ барьж үзтэл дээд эрүүний үүдний нэг шүд хөдөлж байсан. Тэр 3 залуу ч тэр дороо зугтаасан. Тэгээд маргааш нь Сувдан Сондор гэх шүдний эмнэлэгт очоод зургийг авхуулж, бэхэлгээ хийлгэсэн. Эмч надад таны шүд хугарсан байна гэж хэлсэн. Иймд би цагдаагийн байгууллагад хандаж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 31 /,

..... Би үл таних хүнд цохиулчхаад манай эхнэрийн төрсөн дүү болох руу залгаж дуудсан. Тэр үед би Ихзаяад сая хүн цохичихсон чинь шүд ийм болчихлоо гэж шүдээ хугарсныг харуулсан. Намайг үл таних хүн намайг цохисноос өмнө болон дараа, тухайн үед миний бие өөр хүн халдаагүй. Миний биед учирсан гэмтэл тэр үл таних залуу цохисноос үүссэн....гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

......Би тус хүнийг ерөнхийдөө танихгүй 2024 оны 04 дүгээр сарын 16- ны өдрийн 23 цагийн үед найзтайгаа уулзаж байгаад таксиныд суулгаж өгөх зорилгоор зам дагуу зогсож байтал танихгүй 2,3 залуу ирээд тус залуучуудын нэг буюу ******* гэх залуу нь согтуу байдалтай над ирээд Баянхонгорын атаманыг мэдэх үү гэж хэлээд үг дуугүй миний амны хэсэгт буюу дээд талын шүд рүү цохисон. ******* нь миний нүүрний хэсэг буюу ам хэсэг рүү 2,3 удаа гараа атгаж байгаад цохисон өөр ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. Тус залууд цохиулсны улмаас миний дээд талын үүдэн 1 шүд хугарч дээд талын уруул язарсан....гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:Шүдний үнэ 200.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардал 3.000.000 төгрөг нэхэмжилж байна  гэв.

5. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..******* /ХН81102072/нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдреес хойших хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас 661.472 (зургаан зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун далан хоёр) төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн байгаа нь харагдаж байна. Гэхдээ энэ хөнгөлөлт, чөлөөлөлт нь тухайн иргэний бусад байдлаар Эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авсан хөнгөлөлт, чөлөөлт байгаа учир энэ нь гэмтэл бэртлээс үүссэн өвчний оношид хамаарахгүй. ******* гэх иргэн нь гэмтэл бэртлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт чөлөөлөлт эдлээгүй байх тул манай байгууллага дээрх мөнгийг нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 27 /,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 40 минутын үед өөрийн найз *******ын хамт Соёмбо ресторанд ороод 1 литрийн хэмжээтэй Eden гэх архи 1 ширхгийг уугаад гарч ирсэн. Тэндээсээ зам хөндлөн гарч Хаан банкны орчмоор гарч ирээд доош уруудаж Накула рестораны урд такси барих гээд байж байтал үл таних 4 залуу Накулагийн замын хажууд зогсож байсан. Тэгсэн тэр 4 залуугийн нэг нь бид хоёрын зүг ирж байсан чинь ард нь үлдсэн хүмүүс нь наад хоёрыгоо дээрэмд гэж хэлээд байсан. Ганцаараа ирсэн залуу нь бид хоёртой нээх их юм яриагүй байж байгаад таксинд суугаад явсан. Ард нь үлдсэн 3 залуу араас нь бид хоёр дээр ирээд шар үстэй залуу *******ыг хүзүүдэж аваад надаас салгаад аваад явсан. Би араас нь явах гэсэн чинь үлдсэн 2 нь намайг хориод үлдсэн. Тэгсэн удалгүй ******* намайг цохичихлоо гээд дуугарсан. Тэгээд би дээр очсон чинь шүднээс нь цус гарч байсан, шүд эвгүй болчихлоо гээд байсан. Тэгснээ тэр залуучууд Шүүх шинжилгээний хэлтсийн ертөнцийн зүгээр урд талын замаар ороод зүүн тийшээ харанхуй руу ороод явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

....ыг үл таних хүн нэг удаа гараа зангидаж байгаад цохиж байхыг би харсан. Тэр хүнийг цохингуут амаа дарж зогсоод, шүд рүү цохичихлоо гэж хэлж байсан. Тухайн үед *******ыг амнаас бага зэрэг цус гарч байсан, уруул бага зэрэг хавдаж байсан, шүд нь хөдөлсөн, хугарсан талаар би яг хараагүй, харин өөрөө миний шүд хөдлөөд байна гэж хэлж байсан. Өөр *******ын биед орсон өөрчлөлтгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би такси үйлчилгээнд явдаг. Тухайн үед Накулагийн урдуур явж байхад замын хажууд богино хар куртиктэй, хром гуталтай 170 орчим өндөртэй залуу гараа өргөхөөр нь машиндаа суулгаад Баянхонгор сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа Элбэг гэх дэлгүүрийн үүдэн дээр буулгаад таксины төлбөр болох 4000 төгрөгийг “99” гэсэн гүйлгээний утгатайгаар өөрийн тоот данс руу 23 цаг 58 минутад шилжүүлж авсан. Тэр хүний мөнгө шилжүүлсэн данс нь Булган гэсэн эзэмшигчтэй тоот данс байсан. Тэр залуу машинаас буугаад Элбэг дэлгүүрийн замын эсрэг тал руу гараад зэрэгцээ гудамж руу алхаж орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад би гэртээ байж байсан. Тэгтэл Булган, ******* хоёр над руу яриад Накула ресторанд байна, ирээд аваадах гэхээр нь би такси бариад очсон. Намайг очиход тэр 3 болж буй үйл явдлаа санах хэмжээний согтолттой байсан. Тэгээд би Накулагаас тооцоо, төлбөрийг нь хийлгүүлчхээд гараад ирцгээсэн. Тэндээс гарахдаа Булган эхлээд гарсан, араас нь бид гурав гарсан. Бид гурвыг гарахад Булган замын гарц дээр оччихсон байсан. Тэнд нь 2 хүн зогсож байсан чинь Булган тэр хоёр хүнийг заамдчихсан байсан. Ямар учраас муудалцсан талаар мэдээгүй. Тэгтэл ******* түрүүлж очоод салгах гээд очтол нэг нь *******ыг түлхсэн. Тэгтэл ******* үл таних 2 хүний нэгийг нь түлхээд нэгийг нь алгадсан. Алгадуулсан хүн амаа дараад доошоо суучихаар нь би яасан ахаа зүгээр үү гэсэн чинь дуугарахгүй байхаар нь би тэр хүнтэй хамт явсан хүнд би энэ хүмүүсээ аваад явлаа гэж хэлээд явцгаасан. Булган түрүүлээд явчихсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

9. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2024 оны 04 дүгээр сарын 20 цагийн Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах Накула ресторанд ороод караокед сууж, Nomada гэх 0.5 литрийн хэмжээтэй архинаас 2 ширхгийг уучхаад, ажлын чат групп дээрээ г бид нарыг ирээд аваадхаач гэж бичсэн. Удалгүй ирээд бид нарын Накулагаас гарсан. Тэр үед би түрүүлж гараад такси барих гээд замын гарц дээр ирсэн. Тэнд 2 үл таних эрэгтэй хүн зогсож байсан. Нэг нь надаас тамхи байна уу гэж асуухаар нь тамхи байхгүй, татдаггүй гэсэн чинь хар куртиктэй ах нь тамхиа харамлаад байна гэх утга бүхий зүйл хэлээд хараагаад байсан. Тэр хоёр хүнтэй барилцаж авсан зүйл байхгүй. Тэгтэл нэг такси ирж зогсохоор нь би суусан, тэр үед манай хэд Накулагаас гараад ирчихсэн байсан. Түүнээс хойш юу болсныг би хараагүй. Маргааш нь Өмнөговь аймаг руу явах гээд машинд суух гээд нөгөө хэдтэйгээ уулзсан чинь ******* би өчигдөр таныг өмөөрөөд нэг нөхрийг нь алгадчихсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Манай ах намайг очиход уруулаас нь цус гарчихсан. Шүд нь ганхаад хөдөлсөн байсан. Тэгэхээр нь би: та шүдээ чанга зуучих, маргааш эмнэлэг дээр очоод үзүүлчих гэж хэлчхээд би өөрөө нөгөө гүйж байсан 3 залуугийн араас явсан. Намайг очиж явахад 3 залуу Шүүхийн шинжилгээний байр тойроод гүйчихсэн болохоор би урдуур нь очих гээд хоёр ихэр 36-ын тийшээ явсан чинь байгаагүй. Тэгээд иргэний бүртгэлийн хажуугаар баахан хайгаад олдоогүй, тэрүүгээр нэлээн хайгаад цаашаа гэр хорооллын чиглэл рүү бас нэлээн хайж байгаад явсан. ******* ах надад хэлэхдээ нэг залуу нь намайг цохичихлоо л гэж хэлсэн. Алгадсан гэж бол хэлээгүй, Намайг харахад уруулаас нь цус гоожчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,

11. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Тухайн үеийн цаг хугацааг сайн санахгүй байна. Ямартай ч 2024 оны хавар байсан юм. ******* гэх хүн манайд нэг өдөр ирээд шүд хөдөлчихлөө гэж хэлэхээр нь үзсэн чинь 2-1 дүгээр шүд нь 2-ний 1-ээр буйлан дотроо хугарсан байсан. Тэгээд би энэ тухай хэлээд ийм болсон шүд нөхөн сэргээх боломжгүй, заавал авах нөхцөл байдал үүссэн байна гэж хэлсэн чинь надад зовуурь бага байгаа учир заавал авахгүйгээр бэхэлгээ хийгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би бэхэлгээ хийж өгөөд, үзлэгийн тэмдэглэл бичээд шүднийх нь зургийг авч өгсөн. ******* гэх хүний шүдний хугарал нь хүзүүвч углуургаараа хугарах гэх ойлголтод хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 60/,

12. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Миний бие уг дүгнэлтийг гаргасан нь үнэн. Тухайн дүгнэлтийг хуулийн үндэслэлтэй гаргасан. Тэр үед шинжлүүлэгч *******ын гэмтсэн гэх шүдний дүгнэлтийг гаргахдаа хуулийн дагуу мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан. Хэрэв тухайн үед анх үзсэн мэргэжлийн эмч хугарсан гэх үзсэн бол би тус мэргэжлийн эмчийн оношийг дүгнэлтдээ тусгасан байх ёстой... Тухайн үед хохирогчийн биед учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үйлдлээр үүсэх боломжтой гэмтэл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

13. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 248 дугаартай шинжээчийн:.....1. *******ын биед зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, дээд уруулын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 66-67/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 13-18/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул 2 хуудас шинэ нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Накула” рестораны урд авто замын хажууд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 00 цагийн орчимд такси барих гээд зогсож байсан үл таних залуу болох иргэн *******той “иргэн тай барилцаж авсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар иргэн *******ын нүүр хэсэгт нь цохиж, биед нь зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, дээд уруулын язарсан шарх гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан учруулсан үйл баримт болсон нь  хохирогч *******ын мэдүүлэг, гэрч *******, *******, *******, , нарын мэдүүлэг, шинжээчийн 248  дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогч  нар нь “Накула” гэх ресторанд харилцан хамааралгүй  архидан согтуурсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь шүдний үнэ 200.000 төгрөг болон цаашид эмчилгээний зардал 3.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийг өмгөөлөгч нь шүдний үнэ 200.000 төгрөгийг шүүх хуралдааны явцад завсарлага авч нөхөн төлсөн байна.

Харин хохирогч *******ын зүгээс цаашид гарах эмчилгээний зардал 3.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Харин эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар диск 1 ширхэг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг таван зуун / 500 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ын цаашид гарах эмчилгээний зардал 3.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар диск 1 ширхэг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ