Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/259

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтуяа

Улсын яллагч Э.Хилчинбаатар

Иргэний нэхэмжлэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хилчинбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 10 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 22 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялтай дүйцүүлэн 12 жил 10 сар, 28 хоног хорих ял болгон хасаж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дугаар захирамжаар 2 жил, 01 сар, 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 1 сар, 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, 2 жил 07 сар, 19 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД:/

Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шийтгэл хүлээсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, хойд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй өөрийн эзэмшлийн улсын дугаартай, “Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн /2.128%/ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:... Би тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох үнэлгээгээр тогтоогдсон 2,361,300 төгрөг болон үнэлгээ хийлгэсэн *******,000, төгрөг явах эд ангийн оношилгоо хийлгэсэн 40,000 төгрөг, Шони Мед эмнэлэгт хүзүү болон тархины зураг авхуулсан 120,000 төгрөг, эм авсан 62,700 төгрөгөө нэхэмжилнэ. Эм авсан, эмнэлгээр явсан, оношилгоо хийлгэсэн баримт байхгүй гэхдээ дансаар гүйлгээ хийсэн баримтаа гаргаж егье. Би тээврийн хэрэгслээ ажлын гэж хүнээс 2,500,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэйгээр зээлж машинаа Вьетнам засварын газарт засуулсан. Тийм болохоор тухайн мөнгийг хүүтэй нь нэхэмжилж хохирлоо барагдуулмаар байна. ...Би эрүүл мэндийн даатгал, болон сэтгэл санааны хохирол зэргийг авахгүй. Зөвхөн миний машиныг мөргөж учруулсан 2,361,300 төгрөгийг авах хүсэлтэй байна...гэжээ. /хх-ийн 10 тал/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Иргэн *******ын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Иргэн *******ын эмчилгээний зардалд 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн тасгаас яаралтай тусламжаар 35,396 төгрөгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байна. Иймд Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн *******ын биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 18 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хэрлэн сум 6-р баг хойд төв зам дээр 15 цаг болох гэж байхад өөрийн Приус-20 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод замын хөдөлгөөнд оролцож байсан ба баруунаас зүүн чиглэлтэй явж ертөнцийн зүгээр хойд зүг рүү 71-р байр луу эргэх гээд зам дээр дохиогоо өгчихсөн зогсож байсан. Тэгсэн араас түс гээд чимээ гарахаар нь хартал приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл миний машины араас мөргөөд хажуу буюу 1-р эгнээ рүү ороод 1-р эгнээнд зогсож байсан Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг бас араас нь мөргөөд зогссон. Ингээд би машинаасаа буугаад өөрийнхөө машиныг харахад жолооч талын арын гэрэл хагарсан буфер зурагдсан байсан. Миний машиныг мөргөсөн жолооч тухайн үед Приус-30 маркийн улсын дугаартай машинаасаа бууж ирсэн ба мөргөсөн машинаа хараад гайгүй юу гээд байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Тэгэхээр нь чи гайгүй юу гээд байх юм чи хүн мөргөсөн бол ингээд гайгүй юу гэж хэлээд байж байх уу гэж хэлчихээд байж байхад тухайн залуу тохиролцъё гээд байсан. Тэгсэн 1-р эгнээнд машинаа мөргүүлсэн залуу цагдаа дуудсан. Миний биед гэмтэл учраагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэжээ. /хх-ийн 20 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагаас 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 08 цагийн хооронд техникийн шинжээчийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагт цагдаагийн газрын жижүүрийн 10 станцаар Хэрлэн сум 6-р баг 101 дүгээр байрны урд талд тээврийн хэрэгсэл шүргэсэн гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу очиход Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үедээ Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Приус-20 маркийн ДОА улсын дугаартай хоёр тээврийн хэрэгслийг мөргөсөн байдалтай зам зогсож байсан. Ингээд Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******, Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нартай юу болсон талаар асуухад нь би жолооч нь байгаа юмаа, би энэ хоёр машиныг мөргөчихлөө, хохирлыг нь барагдуулна гэж хэлсэн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар согтуурал шалгах багажаар шалгахад 2, 128 бүхэлтэй байсан, мөн жолооны эрхийг шалгахад 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан тул ийг мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэжээ. /хх-ийн 22 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал

- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шийтгэл хүлээсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, хойд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй өөрийн эзэмшлийн улсын дугаартай, “Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн /2.128%/ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа иргэний нэхэмжлэгч *******ын тээврийн хэрэгслийг мөргөж осол гарсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан болох нь /хх-ийн 58-59/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаагаар тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******ийн согтуурлын зэрэг 2.128 хувьтай гарсан болох нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******өд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Дорнод аймгийн Прокурорын газраас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч мөн өдөр түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр товлосон боловч шүүгдэгч нь өвчтэй гэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн.

 

Гэвч шүүгдэгч нь өвчтэй байсан эсэх талаарх нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, иргэний нэхэмжлэгч *******д учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, өвчтэй байсан эсэхээ нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөөгүй зэргийг үндэслэн Прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулсан болно.  

Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч *******ын эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрт учирсан хохирол болох 2,361,300 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч *******өөс 2,361,300 төгрөгийг гаргуулж,  Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч  ******* //-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 35,396 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 35,396 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 35,396 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс эд хөрөнгөд учирсан хохиролд 2,361,300 /хоёр сая гурван зуун жаран нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч ******* //-д олгосугай. 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд даруй хүргүүлсүгэй.

 

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.БАТЖАРГАЛ