| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2022/00950/И |
| Дугаар | 130/ШШ2022/01079 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2022/01079
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн С сумын 3 дугаар багт оршин суух, У овогт А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төв /Ерөнхий эмч Ө/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн С сумын 8 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А нь хариуцагч Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Б аймгийн С сумын 8 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие 2011 онд АШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуульд элсэн орж 2016 онд эх баригч мэргэжлээр төгссөн.
1.2 Сургуулиа төгссөний дараа С сумын 8 дугаар багийн бага эмчээр 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 12 тоот тушаалаар түр томилогдсон. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б аймгийн С сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 41 тоот тушаалаар 8 дугаар багийн бага эмчээр бүр орон тоонд томилогдсон. Одоогоор 5 дахь жилдээ ажиллаж байгаа.
1.3 Миний бие ажиллаж байх хугацаанд ажлын ямар нэгэн дутагдал зөрчил гаргаж байгаагүй. Б аймгийн С сумын Сум дундын ерөнхий эмчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай тушаалаар бүтэц орон тоо танагдсан шалтгаанаар намайг Б аймгийн С сумын 8 дугаар багийн бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тухайн үед надад мэдэгдэх хуудас өгөөгүй, шууд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
1.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөр эрхлэлтийг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглох тухай хуульчилсан. Иймд намайг Б аймгийн С сумын 8 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн Ерөнхий эмч Ө хариу тайлбартаа: С сумын 8 дугаар багийн эмч А 2018 онд тус багт ажиллаж байсан Х.Шарив эмч нас барсан учир оронд нь томилогдсон. Эрүүл мэндийн газраас 2015, 2021 оны сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог батлахдаа 9 багийн бага эмчтэй гэж баталсан байсан. 2022 онд бүтэц орон тоог дахин баталж багийн эмчийг 7 болгож сумын төвийн хоёр багийн эмчийн бүтэц орон тоо хасагдсан учир ажлаас чөлөөлсөн болно гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн С сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 41 дугаартай тушаал, Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн Ерөнхий эмчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай тушаал, тус сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/347 дугаар албан бичиг, 0000000 дугаартай бакалаврын дипломын хуулбар, 000001 дугаартай дипломын хавсралт, 04 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 121212 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлын байрны тодорхойлолт, А, Т нарын төрсний гэрчилгээний хуулбар, иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оноос 2022 оны 10 дугаар сар хүртэлх А-ын сарын мэдээ, Б аймгийн С сумын сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Монгол Улсын стандартчилал зэргийг,
Хариуцагчаас Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар тушаал, мөн даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 591 дугаартай албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дугаартай тушаал, тушаалын хавсралт зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч А-ын Б аймгийн С сумын 8 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2017 оноос Б аймгийн С сумын Сум дундын эмнэлэгт эх баригчаар ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн С сумын 8 дугаар багийн бага эмчээр ажиллаж байсан. Ажиллаж байсан хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй ба намайг хуульд заасан журмыг зөрчиж ажлаас минь чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ.
6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Аймгийн Эрүүл мэндийн газраас 2015, 2021 оны сумын эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог батлахдаа 9 багийн бага эмчтэй гэж баталсан байсан. 2022 онд бүтэц орон тоог дахин баталж багийн эмчийг 7 болгож сумын төвийн 2 багийн эмчийн бүтэц орон тоо хасагдсан учир ажлаас чөлөөлсөн болно гэжээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд: Б аймгийн С сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 41 дугаартай тушаалаар А-ыг 8 дугаар багийн бага эмчийн ажилд томилсон байна. Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн Ерөнхий эмчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай Үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар бүтэц орон тоо танагдсан тул 8 дугаар багийн бага эмч А-ыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаартай сум тосгоны эрүүл мэндийн төвүүдийн орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаар Сум тосгоны эрүүл мэндийн төвүүдийн орон тоо /хүний нөөцийн/ доод хязгаарыг баталсан байна. Мөн даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дугаартай тушаалаар Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг баталж, энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаартай тушаалыг хүчингүйд тооцсон байна.
8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж тус тус заажээ. Ажил олгогч Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн Ерөнхий эмч нь ажилтан А-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар буюу ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн тухайгаа нотлох баримтаар нотлоогүй байх тул ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзлээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заажээ. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн С сумын бүртгэлийн ажилтнаас олгосон 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Т, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А нарын төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч А нь гурав хүртэлх насны хоёр хүүхэдтэй эх болох нь тогтоогдож байх тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгч А-ыг Б аймгийн С сумын 8 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан А-ыг Б аймгийн С сумын 8 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвөөс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х