Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/325

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, 

Улсын яллагч Б.Даваахүү

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дийн Гд холбогдох эрүүгийн 2538002530377 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Дийн Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Ч-ын үснээс нь зулгааж, нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хамар болон баруун ухархайн хананд хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 3-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл (хх-ийн 67-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 257 дугаартай: “...1. Н.Ч-ын биед хамар болон баруун ухархайн хананд хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг

хугацаанд үүгэгджээ.

3. Н.Ч-ын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 28-29-р хуудас),

Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би эхнэр болох Н.Ч-тай гэр бүлийн маргааны улмаас маргалдаж биед нь халдсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед бол манай нөхөр гадуур найзуудтай архи уугаад гар утсаа авахгүй болохоор нь дуудлагын такси дуудаж хайж яваад таарсан. Тэгтэл өөрийнхөө машины жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. Тэгсэн чинь манай машиныг нэг согтуу эмэгтэй жолоон дээр нь суучихсан байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгээс би машины түлхүүрээ авъя. Яахаараа чи манай машины жолооны ард сууж байдаг юм гэсэн чинь надад түлхүүр өгсөн. Түүний дараа манай нөхөр сэрж ирээд намайг үсдэж газарт чирэхээр нь хамт явж байсан хүмүүс болиочээ гээд салгаад тэр хамт явсан хүмүүс нь яваад өгсөн. Тэд нар явчихаар нь би өөрөө машинаа аваад айсандаа болоод гэрээ өнгөрөөд зогссон. Тэр үед би нөхрөө гэртээ ороод унтахаар орно гэж бодоод 2, 3 цаг болсон. Түүний дараа ажлынхаа нэг эгчтэй утсаар яриад болсон явдлыг ярьтал ажлын маань эгч манайд бага хүүхдээ аваад очоод хоночих гээд намайг авахаар гэрээсээ гарлаа гэхээр нь би гэрлүүгээ ороод бага хүүхдээ аваад машиндаа ороод л сууж байтал манай нөхөр гарч ирээд хүүхдээ булааж авсан. Тэгсэн чинь манай 2 том хүүхэд аавынхаа араас гарч ирээд бага дүүгээ аваад тэврээд зогссон. Харин нөхөр хүүхдээ өгөнгүүтээ шууд миний үснээс зулгааж аваад нүүр рүү хэд хэдэн удаа цохитол хамраас маань цус гоожоод л ирсэн. Нөхөр маань нэлээн согтуу байсан бөгөөд үүний дараа гэр рүүгээ орсон. Тэгээд нөхөр согтуу юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа байдалтай хэрүүл хийгээд дайрах гээд байхаар нь би өөдөөс ойр гарт таарсан зүйлсээ урдаас нь шидэж байгаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд манай нөхрийг аваад явсан. Үүнээс хойш ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-р хуудас),

Гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “... Манай хамт олон маань уулзаж ярилцаж сууцгаая гээд 4, 5 хүн уулзаад 1 шил 750 граммтай архи нэгийг уугаад 1 архийг талд нь оруулаад байж байтал Д.Г-ийн эхнэр болон нэг эмэгтэй ирсэн...Тэгээд тухайн эмэгтэй ирээд та нар нийлж архи дарс уулаа гээд л байсан. Тэгсэн чинь Г эхнэрээ одоо дуугүй бай одоо харьцгаая гэсээр байгаад яваад явсан...Бид нар тэгээд гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 60-61-р хуудас),

Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хамт олон ажил тараад гараад явж байтал манай ажлынхан. Гол орох уу гэхээр нь гол орсон. Тэгсэн чинь Д.Г-ийн эхнэр залгаад байна гэхээр нь бид нар хүргэж өгөхөөр явж байсан чинь зам дээр таараад эхнэр гэх нэг эмэгтэй ирээд Г-г аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-63-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Н.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч Н.Ч нь “надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 46-р хуудас) хэрэгт авагдсан, шүүгдэгч Д.Г нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 23,760 төгрөгийг төлсөн Хаан банкны 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 74-р хуудас) хэрэг авагдсан байх тул шүүгдэгч Д.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Г нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2538002530377 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Д-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Дийн Г-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4.  Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.3   дугаар   зүйлийн  5-д зааснаар

шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн 2538002530377 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УУГАНБАЯР