Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 78

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

Улсын яллагч:  Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Заяатхүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Булгачин овгийн Бямбын Заяатхүүд холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч Б.Заяатхүү нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Дэрсэн ус гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас Ө.Батсүрэнгийн бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

                                                 Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ө.Батсүрэн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 06-р сарын 11-ний өглөө 05 цагийн орчимд би Заяатхүүгийн эгч, хүргэн ах Цолмон нарын хамт Номгон сум яваад тэмээний ноос аваачиж тушаасан. Орой 19 цагийн үед гэртээ эргэж ирсэн. Би сумаас 15-нд төл засахад хэрэглэнэ гээд 0,5 граммын Ерөөл архи 1 шилийн авчирсан байсныг Заяатхүү ганцаараа уучихсан байсан. Маргааш өглөө нь босоод цайгаа чанаж байхдаа нөхрийгөө архи их уулаа архиа болихоор юм гэсэн чинь манай нөхөр босож ирээд чамд ямар хамаатай юм гээд намайг газар сууж байхад 0,5 граммын Ерөөл архины шил надруу шидэж тэр нь миний духан дундуур оноход би ойчсон. Тэгээд босоод ирсэн чинь толгой дүүрээд байсан. Жаахан байж байгаад гайгүй болсон. Тухайн үед миний дух хавдаад 2 нүд хөхөрсөн. Толгой өвдөөд юм идэж болохгүй 2 өдөр хэвтсэн. Тэгээд 2017 оны 06 сарын 14-нд Хүрмэн суманд ирсэн. Сум ороод ирье гэж явах болгондоо архи уучихаад ирдэг эрүүл ирж байсан удаа байхгүй. Архи ер нь их уудаг. Намайг зодох үед шөнө ганцаараа 1 шил 0,5 граммын Ерөөл архи ууж байгаад талыг нь өглөө шар тайлна гэж орхисон байснаа өглөө нь уусан. Архи нь гараагүй согтуу байсан. 2015 онд бид 2 нэг гэртээ орсон 3 жил ханилж байна. Бид 2-ын дундаас хүүхэд байхгүй. Өмнө нь би тайлбар өгөхдөө уур хүрээд гомдолтой байна гээд өгчихсөн байсан одоо бол надад ямар нэг гомдол санал хүсэлт алга байна. Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Шүүгдэгч Б.Заяатхүү хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 06-р сарын 11-ний өглөө манай эхнэр Батсүрэн манай эгч хүргэн ах нартай Номгон сумруу яваад орой 19 цагийн үед ирсэн. Тэгээд ирэхдээ авгай надад нэг шил 0,5 граммын Ерөөл архи авчирч өгсөн. Тэгээд би тэр архийг нь ганцаараа уусан. Тэгээд намайг архи ууж байхад авгай манай нутагт байдаг нөхөргүй малчин Оюундэлгэр гэж хүүхэнтэй намайг хардаад чи унтаж хэвтдэг гээд байсан. Тэгэхээр нь би ууж байсан архиныхаа шилийг шидсэн чинь эхнэрийг оносон. Харанхуй байсан учраас хаана нь оносныг нь би мэдээгүй. Тэгээд би ...  дугаартай АУЗ 469 маркийн өөрийнхөө машинаа асааж унаад гэрээсээ ойрхон жаахан явж байгаад эргээд гэртээ ирээд машиндаа унтаад өгсөн. Би толгойг нь архины шилээр цохиж нүдийг нь хөхрүүлсэн гэмтэл учруулсан. Бид 2 хоёул байсан. Хүн байгаагүй. Би малын хойноос явж айл амьтнаар орохоор намайг хардаад бөгсний хэрүүл хийгээд байхаар нь би гар хүрсэн юм. Миний буруу. Надад арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй. ...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: Ө.Батсүрэнгийн биед тархины доргилт, хамрын нуруу, зүүн доод зовхины цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 14-р хуудас/,

           Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 07-08-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 09-р хуудас/,

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 24-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/зэрэг болно.

Хохирогч нь шүүгдэгч Т.Заяатхүүтэй сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан хэрэгт хавсаргасан байх боловч, шүүгдэгч хохирогч нар эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх талаарх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зүйл, заалтуудыг буцаан хэрэглэх боломжгүй байна.

  Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль нь 2015 оны Эрүүгийн хууль байна гэж үзэж, шүүгдэгчийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Заяатхүү нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Дэрсэн ус гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас Ө.Батсүрэнгийн бие эрх чөлөөнд нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            Хохирогч Ө.Батсүрэнгийн: ”...2017 оны 06-р сарын 11-ний өглөө 05 цагийн орчимд би Заяатхүүгийн эгч, хүргэн ах Цолмон нарын хамт Номгон сум яваад тэмээний ноос аваачиж тушаасан. Орой 19 цагийн үед гэртээ эргэж ирсэн. Би сумаас 15-нд төл засахад хэрэглэнэ гээд 0,5 граммын Ерөөл архи 1 шилийн авчирсан байсныг Заяатхүү ганцаараа уучихсан байсан. Маргааш өглөө нь босоод цайгаа чанаж байхдаа нөхрийгөө архи их уулаа архиа болихоор юм гэсэн чинь манай нөхөр босож ирээд чамд ямар хамаатай юм гээд намайг газар сууж байхад 0,5 граммын Ерөөл архины шил надруу шидэж тэр нь миний духан дундуур оноход би ойчсон. Тэгээд босоод ирсэн чинь толгой дүүрээд байсан. ...Тухайн үед миний дух хавдаад 2 нүд хөхөрсөн. Толгой өвдөөд юм идэж болохгүй 2 өдөр хэвтсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: Ө.Батсүрэнгийн биед тархины доргилт, хамрын нуруу, зүүн доод зовхины цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 14-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 07-08-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 09-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

        Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь түүний ...гомдол саналгүй...гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгчид Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Заяатхүүгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

           2.Шүүгдэгч Булгачин овгийн Бямбын Заяатхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Заяатхүүд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Заяахүүд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 2017 оны 07 дугаар сард 225.000 төгрөгийн, 8 дугаар сард 225.000 төгрөгийн торгуулийг тус тус төлөх болохыг мэдэгдсүгэй.   

           5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Заяатхүү нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шилийг устгасугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Заяатхүүд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА