Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/661

 

Б.Т, Ч.А холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Т, Ч.А нарт холбогдох эрүүгийн 2006 00165 0466 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Ч-ын А, 1986 оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, Э ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн с дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... гудамж ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /

 Т овгийн Б-ын Т, 1987 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр, дипломат харилцаа мэргэжилтэй, А ХХК-д үйл ажиллагаа хариуцсан захирал ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Ч.А нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн урд байрлах автомашины замын явган хүний гарцаар гарч байсан иргэн Б.Т-тай машины арын буфер руу өшиглөсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн урд байрлах автомашины замын явган хүний гарцаар гарч байх явцдаа жолооч Ч.А-тай хөл дээгүүр машинаар гарлаа гэх шалтгаанаар автомашины арын буфер хэсэгт өшиглөж, маргалдаж, улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Ч.А, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Б-ын Т, Хотчин овогт Ч-ын А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Т, Ч.А нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Т, Ч.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдолдоо: “...Би автомашинд шүргүүлээд зам хөндлөн гарч баруун зүг рүү 50 орчим метр алхаж байхад тухайн машины жолооч гарцны зүүн хойд хэсэгт зогсчихсон, намайг дуудсан. Хэд хэдэн удаа дуудсан тул яваад очиход цагаан зүйл барьсан байсныг гар утас гэдгийг сүүлд мэдсэн ба Баруун гараараа зүүн нүд рүү 2 удаа цохисон. Зүүн нүд рүүгээ хүчтэй цохиулснаас болоод нэг хэсэг юм харах боломжгүй болж, тухайн машины жолоочийн зогсож байсан зүг рүү баруун гараараа савж, түүнийг нэг удаа цохиод түлхсэн. Ч.А нь түлхэгдэн хойшлоод цааш харан газраас чулуу авсан бөгөөд би түүний гарыг даран тэврэхэд тэр эргэн харж, надтай ноцолдож байгаад миний дээр даран газар унасан ба би тохойгоороо толгойн хэсэгт 3 удаа цохиход надтай хамт явсан найз биднийг татаж босгосон. Түүнээс хойш дахин бие биедээ болон надтай хамт явсан найз ч түүнд гар хүрээгүй. Гэтэл анхан шатны шүүх “...жолооч Ч.А-тай хөл дээгүүр машинаар гарлаа гэх шалтгаанаар автомашины арын буфер хэсэгт өшиглөж, маргалдаж улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж унагаасан болох нь нотлогдож байна.” гэжээ. Шүүгдэгч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад “...машины буфер хэсэгт өшиглөсөн...” гэж мэдүүлдэг ч шүүх хуралдааны явцад миний өмгөөлөгчийн асуултад “...өшиглөсөн эсэхийг мэдэхгүй, хараагүй, буфер дугарсан тул өшиглөсөн гэж бодсон...” гэх агуулгаар мэдүүлсэн. Буфер дугарсан шалтгаан өшиглөснөөс бус намайг шүргэснээс болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Ч.А-ын биед тархи доргилт, духны зүүн төвгөр, зүүн нүдний гадна доод хэсэг хацарт, хүзүүнд төвөнхийн хэсэг, баруун сарвууны ар 3-5 дугаар хурууны 3 дугаар үе орчим, зүүн гуяны урд дунд дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэжээ. Тархи доргилт миний нэг удаагийн цохилтын үйлчлэлээр, газар унахад үүссэн байх боломжтой. Духны зүүн төвгөр хэсэг дэх гэмтэл миний нэг удаагийн цохилтын үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ч.А хэдийгээр миний дээр унасан ч газар унахад газар мөргөх зэргээр үүссэн байх боломжтой. Мөн газар унан ноцолдох явцад үүссэн байх боломжтой. Зүүн нүдний гадна доод хэсэг хацар хэсэг дэх гэмтэл нь миний нэг удаагийн цохилтын үйлчлэлээр үүссэн байх боломжтой.  Ч.А хэдийгээр миний дээр унасан ч газар унахад газар мөргөх зэргээр үүссэн байх боломжтой. Хүзүүнд төвөнхий хэсэг дэх гэмтэл Ч.А хэдийгээр миний дээр унасан ч газар унахад газар мөргөх зэргээр үүссэн байх боломжтой. Мөн газар унан ноцолдох явцад үүссэн байх боломжтой. Баруун сарвууны ар 3-5 дугаар хурууны 3 дугаар үе орчим хэсэг дэх гэмтэл, зүүн гуяны урд дунд дотор хэсэгт цус хуралт гэмтэл нь газар унан ноцолдох явцад үүссэн байх магадлалтай. Ч.А-ыг би нэг удаа цохисон байхад дээр дурдсан гэмтлүүд үүсэх боломжгүй. Танихгүй хүн дуудаж ирээд “...ална...” гэх үг хэлээд гартаа барьсан зүйлээр толгой, нүд хэсэгтээ цохиулаад, өөрийгөө хамгаалах зорилгоор санаатай биш үйлдлээр Ч.А-ыг нэг удаа цохисон анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан. Иймд шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т автомашинд шүргүүлчихээд зам гараад явж байхад нь араас нь дуудсан. Яваад очиход нь шууд хоёр удаа цохиход нь зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд ноцолдоод газар унасан үйл явдал болсон. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан. Тухайн үед буцаагаад нэг цохиод түлхэхэд газраас чулуу авч, чулуугаар цохихоор оролдох үед ноцолдож, дийлэлгүй өөрөө доор нь орж унасан. Энэ тохиолдолд Б.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Б.Т автомашинд шүргүүлчхээд зам гараад явж байхад нь араас нь дуудсан. Яваад очиход нь шууд хоёр удаа цохиход нь зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд ноцолдоод газар унасан үйл явдал болсон. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Тухайн үед буцаагаад нэг цохиод түлхэхэд газраас чулуу авч, чулуугаар цохихоор оролдох үед ноцолдож, дийлэлгүй өөрөө доор нь орж унасан. Энэ тохиолдолд Б.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгчийн зүгээс аргагүй хамгаалалт гэж үзэж байна. Гэмт хэргийн хохиролд 128.000 төгрөг өгсөн. Өөрөө мөн адил 128.000 төгрөгөөр эмчид үзүүлсэн. “Баримтаа яасан бэ” гэхэд “Цагдаад эх хувиар өгсөн боловч хэрэгт хийгээгүй байна” гэж мэдүүлдэг. Өршөөл үзүүлэх тухай хуулийг судалж харсан. Хэргийн нөхцөл байдал нь аргагүй хамгаалалт байгаа, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтаар Ч.А-ыг 1 удаа цохисон гэж мэдүүлдэг. Хамтдаа унаад урт хугацаанд зууралдсан. Ингэж зууралдаж байх хугацаанд зулгарал гэмтэл үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд аргагүй хамгаалалт байх боломжгүй. Ч.А нь Б.Т-ыг цохиж хэсэг хугацаа өнгөрсний дараа эргүүлж цохисон гэх асуудлыг ярьдаг. Довтолгоон төгссөний дараа зодоон болсон тул аргагүй хамгаалалт байх боломжгүй. Харин гэм буруу дээр маргаж байгаа бол Өршөөл үзүүлэх хуулийг хэрэглэх боломжгүй. Тухайн үед хөнгөн гэмтэл учирсан гэх гомдол гаргаж ирсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгасан. Гэм буруугийн талаар ямар нэг маргаан гаргаагүй бол Өршөөл үзүүлэх хуульд хамруулна. Гэм буруу дээрээ маргаж байгаа учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна. Ч.А хохирол төлбөрийг төлсөн гэм буруу дээр маргадаггүй учир өршөөлд хамруулах нь зүйтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Б.Т, Ч.А нар нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн урд байрлах автомашины зам дээр “Автомашинаар явган зорчигчийг шүргэлээ, автомашины арын буфер руу өшиглөсөн” гэх шалтгаанаар харилцан маргалдаж, улмаар хоорондоо зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Б-ын: “...Баруун талаас “Приус 30” загварын машин урсгал сөрж ирээд Т-ыг дайрах шахаад өвдгийг нь шүргээд өнгөрсөн. Тэр үед манай найз Т хүн дайрлаа гэж орилсон. Тэгээд бид хоёр автобусны буудал дээр алхаж байсан чинь нөгөө машин хойш эргэж зогсоод, машин дотроос нь жолооч нь бууж ирээд бид хоёрыг дуудаад байсан. Тэгэхэд Т “Хүн дайрах гэж байж юундаа орилоод байгаа юм бэ” гэж хэлээд очсон. ...Тэгэхэд нөгөө залуу газраас чулуу хайж эхэлсэн. Чулуу хайхад нь Т тэр залууг араас нь тэвэрч аваад тэр хоёр ноцолдоод, Т доор нь орчихсон, нөгөө залуу дээр нь гарчихсан байсан. Би татаж босгоод болиулсан. Тэгэхэд нөгөө залуу нь “Машин өшиглөлөө” гээд орилоод байсан. ...Т-ыг харахад нэг нүднийх нь булангийн доод талд хавдчихсан, гарын хуруунууд нь зулгараад шалбарсан харагдсан. ...” /хх 23/,

шүүгдэгч Б.Т-ын: “...Явган хүний гарцаар гарч байхад хар өнгөтэй “Тоёота приус 30” загварын автомашин урсгал сөрж ирээд миний зүүн хөлийн гуя хэсэгт шүргээд өнгөрсөн. Тус машины жолооч эргэж зогсчихоод, намайг хэл амаар доромжлоод дуудаад байхаар нь яваад очиход над руу цохих гэж дайрахаар нь хөлөөрөө тухайн залуугийн хэвлий, цээж хэсэгт тулсан. Тэгтэл миний нүүрэн хэсэгт баруун гартаа утсаа барьчихсан байсан гараараа 1-2 удаа цохисон. Хариуд нь би нэг удаа нүүрэн хэсэгт нь цохиод цааш түлхэхэд газраас том чулуу аваад над руу дайраад байхаар нь гарыг нь дараад хоёр гараараа тэвэрсэн. ...Тохойгоороо миний толгой хэсэгт 2-3 удаа тохойдоход манай найз бид хоёрыг салгасан. ...” /хх 77/,

шүүгдэгч Ч.А-ын: “...Ажлынхаа хүний автомашиныг унаад явж байхад үл таних хоёр залуу машины арын буфер руу өшиглөсөн. Тэгээд би бууж ирээд “Яаж байгаа юм. Яагаад машин цохиж байгаа юм” гэхэд “Чи зам тавьж өгсөнгүй” гээд миний өөдөөс хэл амаар доромжилсон. ...Нэг нь цээж рүү өшиглөж, нүүр рүү цохисон. Би нэгийг нь барьж аваад дараад унагасан. ...Би тэр хоёрын нэг залууд нь гар хүрсэн. ...” /хх 87/ гэсэн мэдүүлгүүд,

Б.Т-ын эрүүл мэндэд баруун хөмсөг, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 2, 3 дугаар хурууны 3 дугаар үе, зүүн гарын 4 дүгээр хурууны 1, 2 дугаар үений төвгөрт зулгаралт, баруун өгзөгний гадна хэсэг, түнхний ар хэсэг болон зүүн өвдөгний тойгны гадна доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаартай дүгнэлт /хх 27-28/,

Ч.А-ын эрүүл мэндэд тархины доргилт, духны зүүн төвгөр, зүүн нүдний гадна доод хэсэг хацарт, хүзүүнд төвөнхийн хэсэг, баруун сарвууны ар 3-5 дугаар хурууны 3 дугаар үе орчим, зүүн гуяны урд дунд дотор хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаартай дүгнэлт /хх 34-35/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Т-ын гаргасан “...өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн өөрийн эсхүл бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй халдлагыг хохирогч гэмтсэн гэсэн шалтгаанаар зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг боловч тухайн хууль бус халдлага бодитой буюу довтолгоон төгсөөгүй байхад хохирогч өөрийгөө эсхүл бусдыг хамгаалахаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Ч.А нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл гаргасны улмаас Б.Т, Ч.А нар нь маргалдаж, зодолдсон буюу Ч.А-ын дээрх зүй бус үйлдэл нь энэхүү гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч нар нь харилцан зодолдсон нь аргагүй хамгаалалтын шинжгүй, хэн хэн рүүгээ чиглэсэн довтолгооныг тухайн цаг мөчид нэгэн зэрэг хийж, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул анхан шатын шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.А, Б.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ч.А, Б.Т нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа уг хуулийг хэрэглэнэ” гэж тодорхой шаардлага, нөхцөлийг хуульчилсан.

Ч.А, Б.Т нарыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, шүүгдэгч Б.Т-ын гаргасан аргагүй хамгаалалтын шинжтэй үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ч.А, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б-ын Т, Ч-ын А нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
  2. Шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ