Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2022/01100

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, Т овогт Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын Засаг дарга /А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ө,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө нь хариуцагч Б аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд хүний их эмчээр томилогдон одоогоор 23 дахь жилдээ ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаанд ажлын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2016 оноос эхэлж Б аймгийн Ц сумын ерөнхий эмчээр томилогдон ажиллаж, ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн.

1.2 Гэтэл Б аймгийн Ц сумын Засаг дарга А нь ашиг сонирхол гарган намайг ажлаас чөлөөлж байгаа бөгөөд бидний ард иргэдэд үйлчлэх үйлчилгээ төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна. Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б\29 дугаартай захирамжийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн.

1.3 Урьд өмнө намайг нь 52 хүн ажиллуулсан, урамшуулал олгоогүй, аудитын шалгалтаар зөрчил илэрсэн гэж хоёр удаа үндэслэлгүй ажлаас чөлөөлж байсан. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Аудитын газраас 52 дугаартай албан шаардлага хүргүүлсэн. Тухайн албан шаардлагыг хүлээж авсны дараа 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр би илүү ажилтнуудаа гэрээт ажилтан болгосон. Ковидын нөхцөл байдлын улмаас ажилчдаа чөлөөлөх боломжгүй байсан. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сар хүртэл надад нэг зөрчлөөр дахин дахин арга хэмжээ авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.4 Ажилчдад урамшуулал олгоогүй, эмийн өртэй гэж хэлж байгаа. Үнэн хэрэг дээр Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төв ямар нэгэн өргүй байгаа. 2022 оны 01 дүгээр сард 42 орон тоогоор баталж өгсөн. Харин аймгийн Ээрүүл мэндийн газраас 2-4 хүнийг гэрээтээр ажиллуулж болно. MNS-50812013 оны стандартаар сумын хүн амын тоотой холбоотой шаардлагаар ажилчдыг гэрээтээр, нэмж ажиллуулж болно гэсэн заалт байгаа. Төсөвт багтаан төсвийн шууд захирагч дээрх стандартыг мөрдөн ажиллаж болно. Мөн нийгмийн даатгалын шимтгэл, халаалт, эмийн өр, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж хэлж байгаа нь худал. Би дээрх зөрчлийг гараагүй.

1.5 Статистик эмч нь сар болгоны мэдээ тайланг Б аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газарт цахимаар явуулдаг. Энэ бүх мэдээлэл цахим сүлжээнд байгаа. 2021 оны 12 дугаар сард Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төв шинэ жил тэмдэглэсэн, тухайн шинэ жилээр ажилчид гэмтэл авсан. Гэтэл тухайн асуудалд намайг буруутгасан байна. Гэхдээ тухайн шинэ жилийн арга хэмжээнд би оролцоогүй. Одоогийн ажилчид өөрсдөө нийлсэн ба тарах үедээ асуудал гарсан. Тухайн гарсан асуудал нь хуулийн байгууллагаар хянагдаж шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.

1.6 Мөн зуны улиралд урамшуулал олгоогүй. Сүүлийн 2 сарын хугацаанд бүх ажилчдад 45 хувийн урамшуулал олгосон. Жирэмсний амралт болон амарч байгаа ажилчдад урамшуулал олгоогүй. 2 жилд нэг удаа магадлалын том шалгалтад ордог. Ковидын нөхцөл байдлын улмаас 2021 онд магадлалын шалгалтад ороогүй сунгаж өгсөн. Харин 2022 оны 06 дугаар сард магадлалын шалгалтад орж тэнцэж 2022 оны 07 дугаар сард магадлалын 2 жилийн үйл ажиллагаа явуулах эрх авсан. Сүүлийн жилд эрүүл мэндийн байгууллагыг ажлын гүйцэтгэлээр санхүүжиж эхэлсэн. Гүйцэтгэлийн санхүүжилт нь 2019 оны 257\562 тоот тушаалаар батлагдсан. Нэг хүнд ногдох норм нормативаар санхүүжилт олгож байгаа. Үүнд Б аймгийн Ц сумын 10,000 иргэнд 600,000,000 төгрөгийг яамнаас хуваарилж өгч байгаа. Санхүүгийн талд ямар нэгэн асуудал гарахгүй байгаа. Нэг хүнд ногдох норм норматив эрүүл мэндийн газраас хуваарилагдаж ирсэн тохиолдолд иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Хэрвээ хүн бүрд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Эрүүл мэндийн газраас бидэнд үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Сэргэн засах, өдрийн эмчилгээ, гэрийн эмчилгээг хуваарилсан багаар үйл ажиллагаа явуулж, санхүүжилтээ авна. Харин тусламж үйлчилгээ нь чанарын түвшинд байгаа тохиолдолд санхүүжилтийг авах боломжтой. Иймд ажилчдын тоог заавал 42 орон тоотой байлгах асуудал цаг хугацааны хувьд яригдах асуудал болохгүй гэж үзэж байна.

1.7 Хөрөнгийн зарцуулалтыг өөр хүнээр хийлгэсэн асуудал гараагүй. Миний гарын үсэг, нягтлангийн гарын үсгээр хөрөнгө зарцуулалт хийгддэг. Өмнө нь Б аймгийн Ц сумын Засаг дарга захирамж гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байсан ба уг захирамжид гомдлын журмаар тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус сумын Засаг даргын захирамжийг шүүхээс хүчингүй болгуулж намайг ажилд эгүүлэн тогтоосон. Иймд Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн Б\29 дугаартай захирамжийг хүчингүй болгож, үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Ц сумын Ц сумын Засаг дарга А хариу тайлбартаа: Ө-ээс тус аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан “Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: “... ашиг сонирхол гарган намайг ажлаас чөлөөлж байгаа бөгөөд бидний ард иргэдэд үйлчлэх үйлчилгээ, төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна ...” гэжээ.

Гэтэл бодит байдал дээр Ц сумын Эрүүл мэндийн дарга Ө нь 2021 онд төсвийн батлагдсан орон тооны хязгаар нь 42 атал 10 хүнийг байхгүй орон тоонд ажилд авч 52 орон тоогоор үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ зөрчил одоо болтол арилаагүй, үүнээс болж эрүүл мэндийн төвд тодорхой хэмжээний өр төлбөр биелүүлэх үүргээ зөрчсөн. Өөрөөр хэлбэл, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс болж нэг хүн нас барсан байдаг.

2.2 Иймээс ажил олгогчоос Ө-ийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, мөн хуулийн арван долоодугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “... хууль дээдлэх ...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн болно.

2.3 Өмнө нь ажлаас чөлөөлсний дараа дээд шатны Засаг даргаас түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгч ажилгүй байсан ба ажилд эгүүлэн тогтоох асуудал гарсан. Маргаан бүхий акт гарсны дараа шууд түдгэлзсэн, энэ хооронд нэхэмжлэгч ажлаа хэвийн хийж байсан. Тухайн сарын цалингаа нэхэмжлэгч бүтнээр авсан.

2.4 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдийн Б/29 дүгээр захирамж, Б аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/612 дугаартай захирамж, Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/331 дугаартай албан бичиг, Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн Ерөнхий эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаартай тушаал, 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 15 дугаар тушаал, 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 16 дугаар тушаал, Санхүүгийн аудитын тайлан, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230 дугаартай албан бичиг, тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 130/ШШ2022/00292 дугаартай шийдвэр, Б аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/12 дугаартай захирамж, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/10 дугаартай захирамж, Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн Ерөнхий эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тушаал, тушаалын хавсралт, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 52 дугаартай тушаал, тушаалын хавсралт, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаартай тушаал, тушаалын хавсралт, 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 49 дүгээр тушаал, тушаалын хавсралт, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/379 дугаар тушаал, тушаалын хавсралт, 2018-2021 онуудын судалгаа, 2021 оны жилийн оны эцсийн аудитын тайлангийн дүгнэлт, магадлан итгэмжлэл авсан эрүүл мэндийн сайдын тушаал, Ш-ийн нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг,

Хариуцагчаас итгэмжлэл зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтээр Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1543 дугаартай албан бичиг, Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 00000000 дугаартай прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Ө-ийн Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай “Ө-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, тус аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын  ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2016 оноос эхлэн Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн Ерөнхий эмчээр томилогдон ажиллаж байгаа ба их эмч, сувилагч, асрагч албан хаагч нарыг удирдлагаар ханган ажиллаж, ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн боловч Б аймгийн Ц сумын Засаг дарга А нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б/29 дугаар захирамжаар намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ө нь 2021 онд төсвийн батлагдсан орон тооны хязгаар нь 42 атал 10 хүнийг байхгүй орон тоонд ажилд авч 52 орон тоогоор үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ зөрчил одоо болтол арилаагүй, үүнээс болж тус Эрүүл мэндийн төвд тодорхой хэмжээний өр төлбөр үүссэн, эмнэлгийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй, тасралтгүй биелүүлэх үүргээ зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ. 

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ө-ийг батлагдсан орон тооны хязгаар 42 байхад 52 орон тоогоор үйл ажиллагаа явуулж, ажилчдын үр дүнгийн урамшууллын зардлыг цалингийн зардалд гүйлгэн зарцуулсан нь тогтоогдсон, энэхүү зөрчлөө арилгаагүй, хамаарал бүхий этгээдийг ажилд авсан, их хэмжээний өр үүсгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үйл ажиллагааны талаар тайлан тавиагүй, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг хангалтгүй хэрэгжүүлсэн, шинэ жил тэмдэглэхийг хориглосон байхад шинэ жил тэмдэглэж, түүний улмаас ажилчид гэмт хэрэгт холбогдсон, ажилчдыг хууль бусаар ажлаас халж, хамт олны дунд хагарал үүсгэж, ажилчдын үр дүнгийн урамшуулал, илүү цаг, хөдөлмөрийн хөлсийг хууль журмын дагуу олгоогүй, өөртөө давуу байдал бий болгож илүү цагийн хөлс, урамшуулалт цалинг өөрөө өөртөө тооцож бичиж авсан үйлдэл гаргасан, өөрөө ажлын байран дээр байгаагүй мөртлөө бусад ажилчдын цагийн бүртгэлийг дураараа хөтөлж, ажилтнууд зөвшөөрөөгүй байгаа үед цалин хөлснөөс дураараа суутгал хийж хуулийг зөрчсөн, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй үед ажил олгогчид мэдэгдэлгүй дур мэдэн явж, орлох эрхгүй эмнэлгийн ажилтнаар ажлаа орлуулж хөрөнгийн зарцуулалт хийлгүүлдэг, иргэдийн мэдлэггүй сул дорой байдлыг ашиглаж өвчтөнүүдэд дуудлагын бензин шатахууныг олгодоггүй, эм тариа эмчилгээний хэрэгслийн тусламжийг журам ёсоор хүргэдэггүй гэх зөрчлүүдийг давтан буюу үргэлжилсэн үйлдлээр гаргасаар байгаа гэсэн  үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

7.2 Тухайн захирамжийн биелэлтийг Б аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/612 дугаартай захирамжаар түдгэлзүүлсэн байна. Б Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 000000003 дугаартай прокурорын тогтоолоор Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.  Тус аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/12 дугаартай захирамжаар Өийг Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн даргын ажлаас халсан байх ба Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 130/ШШ2022/00292 дугаартай шийдвэрээр дээрх захирамжийг хүчингүй болгож, Ө-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон байна.

 

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд тайлбар гаргажээ.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн  80.1, 80.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.  Ажил олгогч Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай захирамжид ажилтан тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ө-ийн гаргасан гэх зөрчлүүдийн талаар дурдсан байгаа боловч тухайн зөрчлүүдийг тогтоосон талаарх болон татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна.

Хариуцагчийн хүсэлтээр Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0000000000 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хэрэгт авсан бөгөөд уг тогтоолоор Эрүүл мэндийн төвийн дарга Ө-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох тул нэхэмжлэгч Өд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг яллагдагчаар татсан асуудал нь түүний гэм бурууг тогтоосон үндэслэлд хамаарахгүй болно.

10.Мөн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарлажээ.  Хариуцагчаас гаргасан шийдвэрийнхээ үндэслэлээ нотолж чадаагүй тул нэхэмжлэгч Өийн гомдлыг хангаж, Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай“Ө-ийг ажлаас чөлөөлөх тухай”  захирамжийг хүчингүй болгож, Ө-ийг Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын  ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай “Ө-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ө-ийг Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын  ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Ц сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х