Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2023/00008

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг, Лааганы 1-107 тоотод үйл ажиллагаа явуулах, Х банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, С овогтой А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,858,119.84 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 80,191.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,401.79 төгрөг, нийт 2,939,713.61 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш,

Хариуцагч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х банкны Ховд салбар нь хариуцагч А-д холбогдуулан Үндсэн зээл 2,858,119.84 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 80,191.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,401.79 төгрөг, нийт 2,939,713.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Зээлдэгч Т овогтой Н, Ж овогтой А нар нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Х банкны Ховд салбартай “Цалийн зээлийн гэрээ”-г байгуулж, цалингийн орлого болон хөдлөх хөрөнгүүд /телевизор, хөлдөөгч, дуков/ барьцаалж банкнаас 5000000 /таван сая/ төгрөгийг сарын 1.7% , жилийн 20,4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн байдлаар 2,141,880.16 төгрөгийн үндсэн зээлийг хүүгийн хамт төлсөн.

1.2 Т.Н, Ж.А нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтанаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, 2017,04,02-ны өдрөөс хойш ямар нэгэн зээл, хүүгийн төлөлт хийхгүй, зээлийн ажилтантай холбоо барилгүй, зээл төлөхөөс байнга зайлсхийж  өнөөдрийг хүрлээ.

1.3 Иймд Т. Н, Ж.А нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-ний 3.2.1, 3.2.4, 3.3-т заасныг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,858,119.84 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 80,191.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,401.79 төгрөг, нийт 2,939,713.61 төгрөгийг хариуцагч А-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А хариу тайлбартаа: Х банкны Ховд салбарын тус шүүхэд зээлийн төлбөр нэхэмжлэх тухай гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хамтран зээлдэгч А миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Ж. Аманжол би Т.Н-тэй хамт гэр бүл болоод Ховд аймгийн төв Жаргалант сумын төвд амьдарч байх үед буюу 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний нөхөр болох Т. Н нь Х банкны Ховд салбартай гэрээ хийж цалингийн зээл авч байсан.

2.2 Тухайн үед Т. Н нь Ховд аймаг дах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж байсан юм. Би тухайн үед нэгэн гэр бүлд хамт амьдарч байсан тул эхнэрийнхэн хувиар хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Харин би Т.Н цалингийн зээл авсны дараа буюу 2016 оны 6 дугаар сард нөхөртэйгээ таарч тохирохгүй болсон тул хүүхдээ аваад Б аймгийн Ө суманд ирсэн ба одоо 9 дүгээр багт дүүгийн гэрт амьдарч байна. Тэр хугацаанаас хойш бид хоёр өөр өөр газар тус тусдаа амьдарч байна.

2.3 Зээл авсны дараа Т. Н нь нэг их удалгүй ажлаасаа халагдсан гэж сонссон. Т.Н нь хааяа нэг над руу залгадаг байсан ба залгах үед согтуу байдаг тул би нэг их юм ярьдаггүй юм. Харин сүүлийн 2 жилд залгахаа больсон боловч 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн хүү Ерасылын 95496839 дугаартай утсаар түүний өмнө хэрэглэж байсан 99426363 дугаарт залгахад хүүтэйгээ ярьсан ба тэр үед Т.Н нь ‘’...аав нь Сүхбаатар аймагт байна гэж хэлсэн.

2.4 Харин банкны нэхэмжлэлд  Т. Н нь хаяг тодорхойгүй, гадаад гарсан гэжээ. Гэтэл хаяг тодорхой гэдгийг нотлох баримт байхгүй, мөн гадаадад гарсан гэх баримт ч байхгүй байна. Нэхэмжлэгч банкны зүгээс хариуцагчийг орон даяар эрэн сурвалжилсан, улсын хил нэвтэрч гадаад руу гарсан эсэх талаар хил хамгаалах байгууллагаас лавлагаа тодруулга авсан нотлох баримт алга байна.

2.5 Тэгээд ч би тухайн үед зээлийн гэрээнд хамтран хариуцагчаа гарын үсэг зурсан боловч уг мөнгийг би хэрэглэж, ашиглаагүй, тусдаа амьдарч байгаа болохоор би зээлийн үлдэгдлийг хариуцах боломжгүй байна. Т.Н-ийн оршин сууж байгаа газрыг зохих журмын дагуу олж тогтоон, хариуцагчаар татаж, иргэний хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна.

2.6 Иймд Х банкны Ховд салбарын А надад холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №100000000 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, А-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дэлгэрэнгүй лавлагаа, А, Т.Н нарын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 27/816 дугаартай итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/1180 дугаартай итгэмжлэл, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 27/957 дугаартай итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Х банк Ховд салбарын хариуцагч А-оос зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2939713.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Зээлдэгч Т.Н, А нар нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Х банкны Ховд салбартай Цалингийн зээлийн гэрээ байгуулж, цалингийн орлого болон хөдлөх хөрөнгүүд барьцаалан, банкнаас 5000000 төгрөгийг сарын 1.7 (жилийн 20.4%)-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь  2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 2141880 төгрөгийн үндсэн зээлийг хүүгийн хамт төлсөн. Т.Н, А нар нь гэрээний үүргийг биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй 2017 оны 04 дүгээр сарын  02-ны өдрөөс хойш ямар нэгэн зээл, хүүгийн төлөлт хийхгүй, зээлийн ажилтантай холбоо барилгүй, зээл төлөхөөс байнга зайлсхийж байгаа тул А-оос зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2939713.61 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие Т.Н-тэй гэр бүл болоод хамт амьдарч байх үед буюу 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний нөхөр Х банкны Ховд салбартай гэрээ хийж цалингийн зээл авч байсан. Би эхнэрийнхэн хувиар хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Харин би 2016 оны 6 дугаар сард нөхөртэйгээ таарч тохирохгүй болсон тул хүүхдээ аваад Б аймгийн Ө суманд ирж дүүгийн гэрт амьдарч байна. Банкны нэхэмжлэлд Т.Н нь хаяг тодорхойгүй, гадаад гарсан гэж байгаа боловч хаяг тодорхойгүй, гадаадад гарсан гэх болон түүнийг эрэн сурвалжилсан тухай баримтгүй байна. Зээлээр авсан мөнгийг би хэрэглэж ашиглаагүй, би тусдаа амьдарч байгаа болохоор зээлийн үлдэгдлийг хариуцах боломжгүй байна. Т.Н-ийн оршин сууж байгаа газрыг зохих журмын дагуу олж тогтоон, хариуцагчаар татаж, иргэний хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Зээлдэгч Т.Н, хамтран зээлдэгч А нар нь нэхэмжлэгч Х банкны Ховд  салбартай 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр №000000 тоот Барьцаат зээлийн гэрээ (цалингийн зээл) байгуулж 5000000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ (цалингийн зээл), Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны зүйлийн жагсаалтаар тус тус тогтоогдож байна.

8. Талууд гэрээ байгуулагдсан талаар болон зээлийн хэмжээний талаар маргаагүй байх ба хариуцагчийн зүгээс уг мөнгийг ашиглаагүй тул зээлийн төлбөрийг  хамтран зээлдэгчийн хувьд хариуцах боломжгүй гэж маргажээ.

9.  Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

10. Х банк нь цалингийн зээл олгохдоо зээлдэгч Т.Нийн цалингийн орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалсан, зээлийг Т.Нийн дансанд шилжүүлсэн, зээл олгосноос хойш А, Т.Н нар нь тусдаа амьдарч байгаа болон  зээлдэгч Т.Нийн хаяг тодорхой болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогджээ. Зээлдэгч Т.Н, хамтран зээлдэгч А нарын Х банкны Ховд  салбартай 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан  №110000360407 тоот Барьцаат зээлийн гэрээ (цалингийн зээл)-ний 3 дугаар зүйлийн 3.3-т “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан боловч энэ нь гэрээний ерөнхий зарчмын зохицуулалт бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтад “Монгол улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцна” гэж хамтран зээлдэгчийн үүрэг хүлээх үндэслэл журам, нөхцөлийг тодорхой заасан байна.

Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.4-т заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд хариуцагч А нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх үндэслэлгүй.

11. Иймд  Х банкны Ховд салбарын хариуцагч А-оос зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2939713.61 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61985 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451.1 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х банкны Ховд салбарын хариуцагч А-оос зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2939713.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар Х банкны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61985 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х