Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/197

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Н

              Улсын яллагч: Ц.Ц,

              Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:

            Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Ганбаяр овогтой шүүгдэгч Гансайханд холбогдох эрүүгийн 2519000000185 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтМонгол Улсын иргэн, ,,, оны ,,,дугаар сарын ,,,-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд суманд төрсөн, яс үндэс халх, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Даланжаргалан суманд жоншны компанид ковшны оператор ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг,,,,,,,,,, оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

            Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

            Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, шүүгдэгч Г.Г (регистрийн дугаар ,,,,,,,,,,,)

            Холбогдсон гэмт хэргийн талаар: Яллагдагч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Тогоотын 1306 тоот хашааны гадаа М.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хутгаар хутгалж түүний биед баруун, зүүн бугалга, зүүн шуунд шарх, зүүн мөр, зүүн бугалганд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг ,,,,,,,, тоот хашааны гадаа М.М үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хутгаар хутгалж түүний биед баруун, зүүн бугалга, зүүн шуунд шарх, зүүн мөр, зүүн бугалганд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 2-3 дахь тал),

            Хохирогч М.Мөнхчулууны “... Тэгтэл Г гэрлүүгээ заазуур аваад гарч ирээд над руу дайрахаар нь наатганыхаа заазуурыг нь аваач гээд заазуурыг нь арай гэж нэг юм аваад хашаа давуулж шидсэн. Тэгэхээр нь би уурлаад чи яагаад заазуур бариад байгаа юм далжигнаад байгаарай гэж хэлсэн. Тэгээд буцаад Г гэрлүүгээ ороод гартаа хутга аваад гарч ирээд надруу дайрахаар нь би доогуур хамж ороод унагаагаад хутгыг нь гараас нь авах гэсэн чинь салгахгүй гээд скочоор ороосон байсан. Тэгэхээр нь би зайлс хийгээд салах гэтэл Г хутгаараа миний гарын булчин руу хэд хэд хатгаад авсан. Төд удаагүй миний хоёр гар халуун оргиод хоёр гараас нэлээн цус алдаад би цаашаа босож яваад хашааны булан эргээд ухаан алдсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 8-10 дахь тал),

            Гэрч Г.М "... Тэгээд бид хэд Г-ны гэрийн гадаа очоод тэр хэд буугаад би жаахан машинд сууж байгаад араас нь буусан чинь /М/ О, Г-ы дээр гараад суучихсан байхаар нь би болиулаад Г-ыг гэр лүү нь оруулсан. Яг үнэндээ би бааранд байхдаа согтууруулах ундааны зүйл нэлээн хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг сайн санаж байгаа үйлдэл нь бол Г хутга барьчихсан байхаар нь гараас салгаад гэрлүү нь авч ороод буйдангийн араар нь шидчихээд сууж байтал цагдаа ирээд бид нарыг авч явсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 дэх тал),

            Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ДОГ0725/211 дугаартай шинжээчийн “...М.М-ы биед баруун, зүүн бугалга, зүүн шуунд шарх, зүүн мөр, зүүн бугалганд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо..... Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..... Учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.....учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой..." гэх дүгнэлт (хх-ийн 23-25 дахь хуудасны тал),

            Яллагдагч Г.Г-ы "... Нэг мэдэхэд манай гэрийн хашааны гадаа ирчихсэн нэг зүс таних залуу миний дээр гараад суучихсан намайг дарчихсан байж байсан. Тэгээд би гэрлүү толинд нүүрээ харсан чинь миний нүдний доор шалбарсан жаахан цус гарсан байхаар нь нөгөө залууг айлгана гэж бодоод би гэрээс хутга аваад гартал намайг дахиж унагаад дээрээс дараад цохих гэж байхаар нь би хутгатай гараараа түлхээд босох гэж тэмцэлдэж байгаад нөгөө залуугийн гар луу хутгаараа хатгасан.... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Зөвхөн М бид хоёрын дунд болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-25 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Г.Г өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан ,,,,,, овгийн Г овогтой шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ