Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2022/00929

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн А сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт А-д  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч Б,

Хариуцагч А /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ж /цахим сүлжээгээр/,

Гэрч М, А,

Орчуулагч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч А-д холбогдуулан ажлын хөлс 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 А нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр надтай Ц сумын Тува  сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир ус, халаалтын угсралт, дээврийн ажлыг гүйцэтгэх ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 3 сарын дотор хийж гүйцэтгэхээр тохиролцон ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар баталгаажуулсан юм.

1.2 Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 25 сая төгрөгөөр тохирсон. Би тохиролцсон ёсоор ажлаа хугацаандаа эхэлж дуусгасан. Гэрээнд заасан хийж гүйцэтгэх ажлуудаа бүрэн хийж дуусгасан юм. Бид 2018 оны 12 дугаар сарын сүүлээр ажлаа хийж дуусгаад хотоос ирсэн барилгын инженер Р гэх хүнд хүлээлгэж өгөөд бид аймаг руу буцсан юм.

1.3 Энэ хугацаанд ажлын хөлсний урьдчилгаанд 3 сая төгрөг, түүний дараа 7 сая төгрөг, бүгд 10 сая төгрөгийг А надад өгсөн, одоо 15 сая төгрөг надад өгөх ёстой. Бид хийж гүйцэтгэх ажлуудаа 2018 оны 12 дугаар сард дуусгаад ажлын хөлсний тооцоогоо хийхийг шаардсан боловч элдэв шалтаг хэлж, хугацааг сунжруулаад одоо хүртэл өгөхгүй байна.

1.4 Би энэ гэрээнээс ямар ч ашиг олоогүй, ашиг олох байтугай маш их хохирол амссан. Бид энэ ажлыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд олон залуучуудыг аваачиж ажиллуулсан. Анх А-тай тохиролцохдоо бид нарт хоолны мах өгнө гэж тохиролцсон боловч ямар ч мах өгөөгүй. Ц сум аймгийн төвөөс алс хол байдаг, тэнд 3 сар байрлаж ажиллана гэдэг маш хэцүү байсан. Дээврийн ажил буюу 2700000 төгрөгийн ажлыг С.Ержан хийж гүйцэтгэсэн байгаа. Иймд одоо А-аас 12300000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Би тухайн үед ажилласан ажилчдын цалинг өгөхийн тулд хадгаламж зээлийн хоршооноос 3 сая төгрөгийн зээл аваад ажилчдын цалинг өгсөн байсан.

1.5 А бид хоёрын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.2-т ажлыг дуусгаж хүлээлгэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоож миний хувьд гэрээнд заасан хугацаанд ажлаа дуусгасан. Мөн гэрээний 3.4-т захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч, хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй байхаар тохиролцсон боловч А нь гэрээний үүргээ зөрчиж ажил дууссан 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 602 хоног /2018 онд 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 хоног, 2019 онд 365 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны  08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 230 хоног/-ийн хугацаа хэтрүүлсэн.

1.6 Мөн гэрээний 6.1-т ... захиалагч ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч хөлсийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр зохицуулсан. А-ын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хугацаа хэтрүүлсэн 602 хоногт 0.5 хувиар алданги тооцвол 45.150.000 /602 хоног х 0.5 =301 хувь, 15000000 х 301% =41150000/ төгрөг болохоор байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар заасан тул 15000000 төгрөгийн 50 хувь 7500000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй байна.

1.7 2018 оноос хойш маш олон хугацаа өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл миний мөнгийг төлж өгөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч А-аас ажлын хөлс 12300000 төгрөг, алданги 7500000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч А хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А-ын надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1 Б аймгийн Ц-сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын ажлыг ТИКА төслийн хүрээнд Э ХХК  хийж гүйцэтгэхээр болсон. Улмаар уг барилгын ажлыг С захиралтай, Р менежертэй У ХХК дамжуулан хийж гүйцэтгэхээр болсон. Дараа нь би С, Р нартай тухайн барилгын ажлыг 85 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Улмаар ажил гүйцэтгэх явцад тодорхой шалтгааны улмаас барилгын ажил удааширсан тул би С, Р нарт энэ ажлыг би цаашид хийж гүйцэтгэж чадахгүй, өөр хүнээр гүйцэтгүүлээд аваарай гэж татгалзаж саналаа тавьсан.

2.2 Үүний дагуу С, Р нар нь үлдэгдэл ажлыг С-ийн дүү болох Б-ийн бригадаар хийлгүүлэхээр болж өөрсдөө тохиролцсон. Б нар нь уг гэрээг байгуулахаас өмнө  тухайн барилгын талбай дээр очиж танилцаж ирсэн. Үлдэгдэл ажлыг нь 25 сая төгрөгөөр хийхээр байна гэж хоёр тал өөрсдөө тохиролцсон. Тэгээд С, Р нарт Б 25 сая төгрөгөөр гэрээ хийе гэж байна ирж гэрээгээ хийгээрэй гэхэд Р, С нар нь чи Б аймагт байгаа юм чинь гэрээг чи хийчих, тэгтээ тэргүй бид мөнгийг чамаар дамжуулж шилжүүлэх учраас гэрээг би хийчих гэсний дагуу би Б-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулж, урьдчилгаа 3 сая төгрөгийг өгсөн бөгөөд гэрээ хийгдсэн шүү гэдгийг Р нарт мэдэгдсэн.

2.3 Гэрээнд зааснаар 2018 оны  09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажлаа эхлэх ёстой байсан ба Р нар нь миний хэлснийг үл ойшоож  09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Б-ийн дансанд мөнгө шилжүүлж эхэлсэн байдаг. Одоо бодохдоо Р нар нь гэрээ байгуулахдаа намайг ашигласан юм шиг байна.

2.4 Дараа нь би 10 дугаар сарын 20-ны үед аймгийн төвд Бд тааралдаж ажил төрөл нь юу болж байна гэж асуухад Б надад Р нараас 2500000 төгрөгийн цалин аваад хүнсээ цуглуулаад явж байна гэж хэлсэн. Тэр үед нь би уурлаад мөнгө төгрөг надаар дамжих ёстой, тэгж тохиролцсон шүү дээ гэж хэлсэн. Тэр үед Б бид хоёр тэр дор нь С руу залгаж та нар нэгэнт надаар дамжуулахгүй хоорондоо мөнгө төгрөгөө шилжүүлж байгаа юм байна, тэгвэл Б бид хоёрын хооронд байгуулсан тэр гэрээ хүчингүй болсон шүү, өөрсдөө хоорондоо ажил төрлөө зохицуулж, тооцоогоо хийгээрэй гэдгийг хэлээд тохиролцоод.

2.5 Түүнээс хойш Б нар надаас нэг ч төгрөг нэхэж байгаагүй, нэг ч ажил хүлээлцэж байгаагүй. Дараа нь 12 дугаар сарын дундуур тэд ажлаа дутуу үлдээж дуусгахгүй яваад өгсөн асуудал гарсан. Р нар нь М гэх хүнтэй засал чимэглэлийн ажлыг 800000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож хийлгүүлсэн байсан.

2.6 Уг барилга ашиглалтад ороод 2 жилийн хугацаа болж байгаа, анх гэрээ байгуулсан У ХХК нь цалин  хөлсний үлдэгдэл төлбөртэй талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандсан албан бичиг хэрэгт авагдсан байгаа.

2.7 Нэхэмжлэгч Б энэ төлбөр тооцооны мөнгийг Р-аас авах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 06  дугаар сарын 11-ний өдрийн 8-03/541 дугаар албан бичиг, Б ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/13 дугаар өргөдөл, тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00000 дугаар шүүгчийн захирамж, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 432 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 07/0000 дугаар албан бичиг, өмгөөлөгч Б-ээс Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулах газрын суурин төлөөлөгч Эмрах Устаөмэрт гаргасан хүсэлт, М-ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, түүний ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б-ийн ХААН банкны депозит дансны хуулга, Б аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаартай тодорхойлолт,  Х.Наранцэцэг, Т.Насанбат нарын Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн шинэ дотуур байрыг ашиглаж эхэлсэн тухай тодорхойлолт, И, Ж нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Ц сумын Тува бага сургууль, сургуулийн дотуур байрны фото зураг, ХААН банкны Б салбарын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5180/416 дугаар албан бичиг, Б-ийн ХААН банкны депозит банкны дэлгэрэнгүй хуулга зэргийг,

 

Хариуцагчаас Б аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт, Е-ийн нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1504 дугаартай прокурорын тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1084 дугаартай хариу мэдэгдэх хуудас, А-аас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын  газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 5/724 дугаар хариу мэдэгдэх хуудас, фейсбүүк цахим сүлжээний мессенжер чат /Р-ийн/, А-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А-ын гадаад паспортын хуулбар, У ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 27/2020 дугаар албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2-46/4260 дугаар тодорхойлолт, лавлагаа зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

            Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн УБ/028 дугаар албан бичиг, Б аймгийн Ц сумын Тува сургуулийн харьяа хийгдэх сурагчдын дотуур байрны ажлын түлхүүр гардуулах гэрээний төсөл, төлбөрийн хүсэлт, ХААН банкны Б салбарын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/525 дугаар албан бичиг, Х.Р, А нарын дансны лавлагаа, М, Х, А, И нарын гэрчийн мэдүүлэг, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн УБ/002 дугаар албан бичиг зэргийг,

            Хариуцагч талын хүсэлтээр Ргийн гэрчийн мэдүүлэг, Е-ийн гэрчийн мэдүүлэг, М-ийн гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг тус тус бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Б-ийн  хариуцагч А-аас ажлын хөлс 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг, нийт 22500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б миний бие А-тай  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ц сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир ус, халаалтын угсралт, дээврийн ажлыг гүйцэтгэх ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 3 сарын дотор нийт 25000000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцон ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар баталгаажуулсан юм. Гэрээнд заасан хийж гүйцэтгэх ажлуудаа бүрэн хийж дуусгасан бөгөөд  ажлын хөлснөөс 10000000 төгрөгийг авсан. Үлдсэн мөнгийг янз бүрийн шалтаг хэлж өгөхгүй байгаа тул хариуцагч А-аас гэрээний үүрэгт 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг, нийт 22500000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б-тай гэрээ байгуулагдсан боловч уг гэрээ огт хэрэгжээгүй, ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул төлбөр болон алданги төлөх боломжгүй гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б нь Б аймгийн Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлыг 3 сарын хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 25000000 төгрөгөөр тооцож төлөх үүргийг хүлээсэн, гэрээнд заасны дагуу захиалагч А-аас ажлын хөлсөнд урьдчилгаа 3000000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч Б-гийн ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогджээ.

7.2 Гэрч М-ийн ... “Бид нар 2018 онд Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны дотор заслыг Бтай тохиролцож хийсэн. Тухайн үед А, Ж, А гэдэг хүмүүс байсан ба Ц сумаас туслах ажилтнаар 2 хүн авч ажиллуулсан. Уг ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд гүйцэтгэсэн болно. Хийсэн ажлыг Р гэх хүнд хүлээлгэж өгсөн. Р гэдэг хүн ерөнхий инженер гэж явдаг байсан. Тухайн үед А өөрөө байхгүй байсан. Бид нар тухайн үед өөрт нь ирж ажлаа хүлээж ав гэсэн боловч наанаа байгаа хүнд хүлээлгэж өг гэсэн учир Рд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч А-ийн ... “Би Тува бага сургуулийн дотуур байрны барилгын гадна, дотор заслын ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хийж байсан. Тухайн ажлыг хамт ажилладаг байсан Б-ийн хүсэлтээр түүнтэй тохиролцож хийсэн. Ажлын хөлсөө Б-аас авч байсан бөгөөд одоо 1.5 сая төгрөгийг авах ёстой. Тухайн барилгын доод давхрын шавардлага дутуу хийгдсэн байсныг, дээд давхрын өрлөг, мөн барилгын дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Ажлыг А гэдэг хүнд хүлээлгэж өгөх гэсэн боловч тухайн үед Хятад улсад явж байна гэхээр Р гэдэг хүнд хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг”, гэрч А-ийн ... “Би Б аймгийн Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын сантехник, цэвэр бохир ус, халаалтын угсралтын ажлыг Б-тай тохиролцож хийсэн. Уг ажлыг 4 сая төгрөгөөр тохиролцож хийсэн ба одоо түүнээс 1 сая төгрөгийн авлагатай. Сантехникийн ажлыг зураг төслийн дагуу хийж өгсөн болно” гэх мэдүүлэг, гэрч М-ийн ... “Би Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын талбайн инженерээр ажилласан. Б нь тухайн барилгын дотор заслын ажлыг хийсэн. Сантехникийн ажлыг А гэдэг хүн хийсэн ба тэр хүнийг Б тохиролцож хийлгэсэн. Тухайн ажлыг 2018 оны 10 дугаар сард эхэлж 12 дугаар сард дууссан. Р гэж хүн менежер байсан. Э гэдэг компани нь ТИКА-аас тендер зарлах үед тендерт шалгарч авсан ба улмаар тус компаниас Р, С нар нь 320 сая төгрөгөөр аваад А 85 сая төгрөгийн ажлыг авсан. Дараа нь А нь тус барилгын дотор заслын ажлыг 25 сая төгрөгөөр тохиролцсоны дараа А нь Б-д урьдчилгаа болгож 3 сая төгрөг өгсөн. ... Б нар хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн гэх мэдүүлэг”, Б аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаартай  “Б аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/127 дугаар захирамжаар байгуулагдсан комисс Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн /Тыва бага сургуулийн дотуур байр/ дотуур байрны барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Тус сургуулийн дотуур байр нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт, мөн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн  “2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс сурагчид, байрны багш нар шинэ байрандаа шилжин орсноор өнөөдрийг хүртэл тухайн байранд байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байна” гэх тодорхойлолт зэргээр  нэхэмжлэгч Б гэрээнд дурдсан Б аймгийн Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир ус, халаалтын угсралт зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон байна.

7.3 Гэрч С.Ержаны ... “Б аймгийн Ц сумын Тува бага сургуулийн дээврийн ажил болон парпетийн ажлыг 2018 оны 09 дүгээр сарын дундаас 11 дүгээр сар хүртэл хийсэн. Парпетийн ажлыг А-тай 500000 төгрөгөөр тохиролцож хийсэн. Дээврийн ажлыг Ёлка, Р нартай тохиролцож 2700000 төгрөгөөр хийсэн ба уг мөнгөнөөс 1700000 төгрөгийг авч үлдсэн нэг сая төгрөгийг одоо хүртэл аваагүй болно” гэх мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар  дээврийн ажлыг Е хийсэн болох нь тогтоогдсон байна.

 

8.Нэхэмжлэгч Б нь хариуцагч А-д холбогдуулж гэрээний үүрэгт 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг, нийт 22500000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

9.Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б нь Б аймгийн Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлыг 3 сарын хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 25000000 төгрөгөөр тооцож төлөх үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээний дагуу хариуцагч А нь гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б-д 3000000 төгрөгийг ажлын хөлсний урьдчилгаа болгож төлсөн, мөн 2018 оны 11 дүгэр сарын 15-ны өдөр Р-аас  Б-ийн дансанд 7000000 төгрөгийг цалин гэж шилжүүлсэн нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

10.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б аймгийн Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт зэрэг ажлуудыг нэхэмжлэгч Б хариуцагч А-тай тохиролцож хийж гүйцэтгэсэн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б, хариуцагч А нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний аль аль тал гэрээнээс татгалзсан эсхүл захиалагч нь өөрчлөгдсөн талаар нотлох баримтгүй болно. Мөн зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

11.Хариуцагч А-аас нэхэмжлэгч Б нь ажлын үр дүнг надад хүлээлгэж өгөөгүй тул би хариуцлага хүлээхгүй гэж тайлбарласан байна. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлаа хугацаанд гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж заасан байх тул   Б аймгийн Ц сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир ус, халаалтын угсралт зэрэг ажлыг хүлээж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

12.Хариуцагч талаас Р-аас өгсөн гэрчийн мэдүүлэг худал болох нь тогтоогдсон гэж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1504 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 1/0000 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэхүү нотлох баримтууд нь нэхэмжлэгч Б, хариуцагч А нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг бүхэлдээ няцаах нотлох баримт биш байх тул энэхүү баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

13.Гэрч М-аас шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгч Б нарын дутуу хийсэн 800000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт ... Б нар хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн байх тул түүний зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэн Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас М-ийн хийж гүйцэтгэсэн гэх ажлын хөлсийг хасаж тооцох боломжгүй гэж үзлээ.  

14.Харин нэхэмжлэгч Б, хариуцагч А нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил болох дээврийн ажлыг өөр этгээд буюу иргэн Е нь 2700000 төгрөгөөр Р-тай тохиролцож хийж гүйцэтгэсэн нь тогтоогдож байх тул  уг мөнгийг ажлын үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

15.Хэрэгт авагдсан баримт болох Р-аас хариуцагч А-д цахим сүлжээний зурвасаар илгээсэн баримтад 3100000 төгрөгийг цалин, 300000 төгрөгийг сантехникийн хүмүүст, 120000 төгрөгийг хоолны мөнгө, 200000 төгрөгийг дулааны худаг ухалт, 250000 төгрөгийг цахилгаан нүх ухах булах, 45000 төгрөгийг цахилгаан нүх ухахад туслах зэрэгт тус тус төлсөн гэж бичигдсэн боловч энэ нь нэхэмжлэгч Б, хариуцагч А нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажил гэж үзэх боломжгүй болно.

16.Мөн хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн “У” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 27/2020 дугаартай албан бичигт Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой ажилчдын цалин болох 30 сая төгрөгийн авлагатай талаар дурдсан боловч энэ мөнгө нь хэнээс хэнд олгогдох мөнгө болох нь тодорхойгүй болно.

17. Нэхэмжлэгч Б нь хариуцагч А-аас алданги 7500000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б, хариуцагч А нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд хэчнээн хувиар алданги төлөх талаар тохиролцоогүй, тодорхой тогтоогоогүй байх тул шүүх алдангийн хувь хэмжээ тогтоож гаргуулах боломжгүй болно. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б нь ажлын хөлсний үлдэгдэл 12300000 төгрөгийг гаргуулж өгөхийг шаардсан байна.

18.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ааас ажлын хөлсний үлдэгдэл 12300000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 10200000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А-аас ажлын хөлсний үлдэгдэл 12300000 /арван хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 10200000 /арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367900 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А-аас 211750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х