Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2022/00948

 

Баймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, И овогт А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн А сумын 12 дугаар багт оршин суух, А овогт Ж,

Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, С дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа 22 гудамж 000 тоотод оршин суух, Т овогт С нарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлдэж авсан мөнгө 3000000 төгрөг, нийт 19065000  төгрөг гаргуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: А тай 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А , түүний өмгөөлөгч С,

Хариуцагч Ж, түүний өмгөөлөгч З,

Хамтран хариуцагч С /цахим сүлжээгээр/,

Орчуулагч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А  нь хариуцагч Ж, хамтран хариуцагч С нарт холбогдуулан зээлээр худалдан авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлдэж авсан мөнгө 3000000 төгрөг, нийт 19065000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ж, С нар мах цуглуулахаар Б аймгийн Д суманд ирсэн. Тухайн үед тэд надаас 16065000 төгрөгийн үнэтэй мах авсан ба Ж энэ талаар гарын баримт үйлдээд өгсөн байсан. Улмаар Ж махыг Улаанбаатар руу ачаад явсан.

1.2 Түүнийг Улаанбаатар хотоос ирэх үед түүнээс мөнгө нэхэхэд өөрийнхөө Ланд круйзер-80 маркийн маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслээ 20 сая төгрөгөөр үнэлж өгсөн. Би  түүнд  уг мөнгөнд 3 сая төгрөг нэмж өгсөн.

1.3 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ж надад таны авсан машиныг нэр дээр чинь буулгаж өгье хүрээд ир гэсний дагуу аймгийн төвд ирээд тухайн машиныг миний нэр дээр шилжүүлэх гэж байхад Ж машинаа буцаагаад авсан. Үүнээс хойш 4 жил өнгөрсөн боловч би махны мөнгөө авч чадаагүй. Иймээс махны үнэ 16065000 төгрөг, бэлэн өгсөн 3000000 төгрөгийг Ж, С нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ж хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлтэй махны үнэ 16065000 төгрөг, зээл 3000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг  гаргаж байна.

2.1 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Н гэх хүн 500 боодол өвсийг Д суманд буулгаад ирье гэсэн санал тавьсан тул түүнтэй тохироод машинаараа Д суманд өвс хүргэж өгөхөөр болсон. Д суманд шөнийн 12 цаг гээд очсон учраас өвсөө нэхэмжлэгчийн хашаанд буулгасан.

2.2 Тэгэхэд нэг залуугаас маргааш нь мах авахаар болж тохиролцсон. Н болон нэхэмжлэгч А  нар Д сумын Засаг дарга байсан А-тай ярьж байсан. Тухайн үед 5 тонн махыг килограмм нь 3100 төгрөгөөр үнэлээд авахаар тохиролцож сургуулийн хойд талд байдаг агуулахаас мах жинлэж авсан. Энэ талаар хоорондоо гар баримт бичиж өгсөн ба 15 хоногийн дараа махны үнийг төлөхөөр болсон.

2.3 Б аймагт махны үнэ хямд байсан учраас махаа Улаанбаатар хот руу аваачиж зарахаар болсон. Махаа Улаанбаатар хотод худалдаад олсон ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон байсан. Гэтэл Н би ажилтай учраас Улаанбаатар руу явж чадахгүй гэсэн учраас Еркин би та нартай 6000 төгрөгөөр тооцоо хийе, харин 500 төгрөгийг би өөрийнхөө ашгаа болгоё гээд надтай хамт явсан.

Дараа нь Эмээлтэд очоод махаа буулгасан. Мөнгөө компаниас очоод авахаар болоод би машиндаа сууж байхад хоёр машин ирсэн ба А машинд суугаад зугтаад явсан. А надаас миний дансны дугаарыг аваад Таван шар ороод байж байгаарай гэсэн тул би тэнд очоод хүлээж байсан. Би түүний утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Дараа нь тэр өөрөө над руу залгаад орж ирж 1 сая төгрөг хийлээ, буудал аваад байж байгаарай гэсэн. Дараа нь түүний утас ерөөсөө холбогдоогүй. Цагдаад хандах гэхээр маргааш өглөө мөнгөө өгөх байх, хүлээж байя гээд цагдаад хандаагүй. Дараа нь шүүхэд хандсан.

2.3 Улаанбаатар хотод ачаа цуглуулж байхад Д сумын хүмүүс залгаж Д сум руу ачуулах ачаа байна гэхээр нь тэдний ачааг ачаад Д суманд ирсэн. Замд С надад аймгийн Байгаль орчны газарт ажилладаг Сакен гэх ах маань байдаг, ахдаа хэлээд ирвэсийн асуудлыг чинь шийдүүлээд өгнө гэсэн. Д суманд ирэхээр А , С нар намайг нэг байшинд дагуулаад орсон. Тэгсэн тухайн газар нотариат байж таарсан. Нотариатад тэд намайг ирвэсийн асуудлаар сүрдүүлэхээр нь айгаад гарын үсэг зурж баримт бичээд өгсөн.  Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг А төлөх ёстой гэжээ.

3. Хамтран хариуцагч С хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А ын нийт 19065000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлдээ зөвшөөрөхгүй байна.

3.1 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бид Д суманд очсон. Н өмнө нь Жгаас авах авлагатай байсан учраас тээврийн хөлсийг авлагадаа тооцуулсан. Д суманд очсоны дараа Ж би Улаанбаатар луу ачих ачаагүй боллоо гэхээр нь энд зарах мах байдаг юм байна, чи авах уу гэхэд Ж авна гэж хэлсэн. Тэгээд Ж уг махыг аваад бид нар зараад өгөхөөр болсон.

3.2 Дараа нь би махыг авахаа больсон гэсэн боловч Ж надад махыг зараад өгөх найз нөхөд байгаа гэж хүчээр шахуу авсан. Улаанбаатар хотод очсоны дараа Ж  махыг болон ирвэсийн арьсыг нэг хүнд зараад, тэр хүнээсээ 1 сая төгрөг авсан. Тэгээд би түүнд үлдсэн мөнгийг хурдан аваад өгөөрэй, А ад өгье гэхэд Ж би маргааш зохицуулаад өгье гээд худлаа яриад махны мөнгийг тэд хуваагаад авсан. Дараа нь Ж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө махны мөнгийг авснаа хүлээн зөвшөөрөөд мэдүүлэг өгөөд тээврийн хөлсний мөнгөөрөө А ын мөнгийг өгөхөөр болсон.

3.3 Ж А ад өгөх ёстой мөнгөндөө өөрийн Ланд-80 маркийн машинаа өгөөд нэр дээр нь шилжүүлээд өгөхөөр болсон боловч одоо хүртэл А ын мөнгийг өгөөгүй юм байна. Ж А аас 3 сая төгрөг нэмж аваад баримт үйлдээд өгсөн байна. А аас тухайн махыг Ж худалдаж авсан. Бид зөвхөн холбож өгсөн. Өөрөөр хэлбэл би нэхэмжлэгч А тай мах худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, тийнхүү харилцаанд ороогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4.Хариуцагч Ж нэхэмжлэгч А ад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Миний бие Улаанбаатар хотоос Б аймагт ачих ачаа тээш хайж явтал Д сумын наймаачид Улаанбаатар хотоос Д сум хүртэл бараа таваар хөлсөөр ачсан болно. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос гараад 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д сумд С бид хоёр орой ирсэн бөгөөд тэр үед С А ыг утсаар дуудаж авсан. Ачааг буулгаж дууссаны дараа С А  нар намайг машинтайгаа Д сумын Засаг даргын Тамгын газрын байрны хажууд зогсоож байгаад, миний машиныг хүчээр битүүмжилж, урьд С, Н нарын А , А.Ахылбек нараас зээл авсан, сүүлд Жд  алдсан "махны оронд барьцаална" гэж надад хүч хэрэглэсэн юм. Иймд намайг олон цагаар саатуулж, хүч хэрэглэн машиныг барьцаалан авсан тул аргагүйн эрхэнд тэдний эрхшээлд орж, 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн "хүчин төгөлдөр бус хэлцэл" болох гарын баримтыг бичиж өгсөн болно. Түүнээс биш би А аас зээлээр мах худалдаж авсан явдал байхгүй болно. А ын нотлох баримт болгож өгсөн Ж миний бичсэн баримт бичиг бол хуурамч болох нь түүний он сарыг хоёр өнгийн үзгээр 2019 оны 04-р сарын 06-нд гэснийг 03-р сарын 22-ны өдөр болгон өөрчилсөн бичилт, мөн Д сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нотариатын тэмдэг дарж баталгаажуулсан цаг хугацаа, тухайн 2019.04.06-ны өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан зэргээр илт тодорхой юм. Иймд Ж миний А тай хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 1.1-д "хүч хэрэглэж хийсэн хэлцэл" учир хүчин төгөлдөр бус хэлцэл юм аа. Иймд Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ж миний А тай хийсэн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

5.Нэхэмжлэгч А  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Ж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойгүй, тогтоогдоогүй үйл баримтаар болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож, иргэн А  Ж нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болгохыг хүсжээ.

5.1 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж буй үйл баримтыг тогтоосон нотлох баримтаа хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй нь тухайн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэх юм.

5.2 Сөрөг нэхэмжлэлдээ дурдсан үйл баримт нь А  миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй байх ба Н, С, А гэгч нартай холбогдох асуудал нь өөрөө тусдаа эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэгдэх, цаашлаад Ж өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа бол С, А нарт холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргах журмаар хохирлоо барагдуулах боломжтой болохоос биш энэ хэрэгт хамааралгүй болохыг дурдаж байна.

5.3 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т "...үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна..." гэж заажээ. Хөнгөмсөг, хайхрамжгүй хандаж буй нь бодитой илэрхий байх. Хүсэл зоригийн энэхүү илэрхийлэл нь хүчин төгөлдөр бус байна. Сэтгэл санааны бухимдал, уцаараас үүдэн хийсэн хүсэл зоригийн илэрхийллээр хэлцэлд хөнгөмсөг хайхрамжгүй хандаж буйгаа илэрхийлж, үүнийгээ эсрэг тал ойлгоно гэдгийг урьдчилан тооцоолсон бол энэ нь дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т хамаарна. Хуулийн дээрх заалтаас үзэхэд Ж, А  нарын хооронд хийсэн хэлцлийг ямар нэгэн хөнгөмсөг, хайхрамжгүй байдлаар хийсэн гэж үзэх боломжгүй байгаа ба Ж-ийн зүгээс тухайн махыг худалдаж авахгүй байх хүсэл зориг байгаагүй, тухайн махны үнэ хэт өндөр үнэтэй байх гэх зэрэг илэрхийлэл алга, мөн ямар нэгэн доголдолтой эд хөрөнгө шилжүүлээгүй байгаа нь тогтоогдож байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохгүй.

5.4 Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "...Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй..." гэжээ. Хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг ойлголт гэмт хэргийн шинжтэй байх ба Ж-ийн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар түүнийг барьцаалж, олон цагаар саатуулж, машиныг нь хүчээр битүүмжлэх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхаар байна. Энэ тохиолдолд Ж өөрийнхөө хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар хуулийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. Нөгөө талаар Ж нь өөрийн өмчлөлийн Ланд круйзер-80 маркийн, 0000 улсын дугаартай саарал өнгийн авто машиныг 20 сая төгрөгөөр үнэлж, хэлцэл хийгдсэний 3 сарын дараа сайн дурын үндсэн дээр машинаа А ад хүлээлгэн өгөх, цаашлаад 3 сая төгрөгийг бэлнээр авто машины зөрүүд авсан гэх үйл баримтуудаас харахад хүчин төгөлдөр бус хэлцэл хийх, хүч хэрэглэсэн хэлцэл хийсэн гэх үйл баримт *******сгэгдэж байна. Иймд хариуцагч Ж-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж-ийн гарын баримт, Б аймгийн Д сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2000 дугаартай тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5/206 дугаартай прокурорын тогтоол зэргийг,

Хариуцагчаас Ж-аас Б аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсийн мөрдөгчид гаргасан мэдүүлэг, өмгөөллийн гэрээ, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/344 дугаартай прокурорын зөвшөөрөл, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчоор мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, гэрчид эрх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 27/4485 дугаартай, 2019 оны 11 дүгээр  сарын 20-ны өдрийн 27/4726 дугаар албан бичгүүдийг шүүх бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Нэхэмжлэгч А ын хариуцагч Жгаас зээлээр худалдаж авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлдэж авсан 3000000 төгрөг, нийт 19065000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж нь 2019 оны 03 дугаар сарын үед Б аймгийн Д суманд очиж надаас 16065000 төгрөгийн хонины махыг өөрийн автомашинд ачиж авч яваад мөнгийг өгөөгүй бөгөөд махны үнийг шаардахад мөнгөний оронд Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг  20.0 сая төгрөгт үнэлж өгсөн ба миний бие зөрүү 3.0 сая төгрөг төлсөн. Дараа нь би Өлгийд очих үед Ж надад өгсөн Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээ булааж авч өгөөгүй болно. Иймд 19065000 төгрөгийг Ж, С нараас гаргуулж өгнө үү гэжээ.

9.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: 2019 оны 03 дугаар сарын 22-ны үед Н, С нар Ж миний “DAEWOO” маркийн 20 тн даацтай машиныг хөлслөн авч, Б аймгийн Д суманд өвс ачиж очоод, тэнд борлуулж, Д сумын төвөөс А гэдэг хүний нөөцөлж тавьсан 3 тн 150 кг /3150 кг/ хонины гулууз махыг зээлээр худалдан авч, Улаанбаатар хот хүргэж борлуулах болж, миний машинд ачсан бөгөөд намайг 1000000 /нэг сая/ төгрөгөөр хөлслөн авч, уг махтай хамт жижиг тээврийн хэрэгсэл, малын багсармал зэрэг эд зүйл ачиж, С өөрөө дагаж очоод махыг борлуулах гэтэл өөр хүнд залилан мэхлүүлж, махыг бүрэн хэмжээгээр алдсан юм. Махыг залилан мэхэлж авсан К.А гэх хүнд алдсан бөгөөд одоогийн байдлаар К.А нь Улаанбаатар хотын Мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг нээж, мөрдөн байцаалт явуулж байна. А ын нэхэмжлэлийн шаардлага болох хонины махыг 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Д сумын төвд С нь махны эзэд болох Б, А  нараас зээлээр худалдан авч, миний ачааны машинаар С тээвэрлэлт хийж хүргэсэн, Б, А  нараас С зээлээр худалдан авсан болно гэжээ.  

10.Хариуцагч Ж сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ А тай 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчээр айлган сүрдүүлж бичүүлж авсан тул  хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

11.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хариуцагч Ж нь хэлцлийг сайн дурын үндсэн дээр хийсэн бөгөөд түүнийг айлган сүрдүүлсэн,  хүч хэрэглэсэн үйл явдал болоогүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

12.Хамтран хариуцагч С нь нэхэмжлэлийг болон хариуцагч Ж-ийн тайлбарыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бид Д суманд очсон. Н өмнө нь Ж-аас авах авлагатай байсан учраас тээврийн хөлсийг авлагадаа тооцуулсан. Д суманд очсоны дараа Ж би Улаанбаатар хот руу ачих ачаагүй боллоо гэхээр нь энд зарах мах байдаг юм байна, чи авах уу гэхэд Ж авна гэсэн. Ж надад махыг зараад өгөх найз нөхөд байгаа гэж хүчээр шахуу авсан. Улаанбаатарт очсоны дараа Ж  махыг болон ирвэсийн арьсыг нэг хүнд зараад, тэр хүнээсээ 1 сая төгрөг авсан. Тэгээд би түүнд үлдсэн мөнгийг хурдан аваад өгөөрэй, А ад өгье гэхэд Ж би маргааш зохицуулаад өгье гээд худлаа яриад махны мөнгийг тэд хуваагаад авсан. Дараа нь Ж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө махны мөнгийг авснаа хүлээн зөвшөөрөөд мэдүүлэг өгөөд тээврийн хөлсний мөнгөөрөө А ын мөнгийг өгөхөөр болсон. Ж А ад өгөх ёстой мөнгөндөө өөрийн Ланд-80 маркийн машинаа өгөөд нэр дээр нь шилжүүлээд өгөхөөр болсон боловч одоо хүртэл А ын мөнгийг өгөөгүй юм байна. Ж А аас 3 сая төгрөг нэмж аваад баримт үйлдээд өгсөн байна. А аас тухайн махыг Ж худалдаж авсан. Бид зөвхөн холбож өгсөн гэжээ.

13.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ж-ийн  2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бичсэн “миний бие А сумын 12 дугаар багийн Ж 2019.03.22-ны өдөр Д сумын 9 дүгээр багийн иргэн А-аас 3150 кг хонины мах 5100 төгрөгөөр үнэлж 16065000 төгрөгөөр авсан. Энэхүү мөнгийг 2019.05.01-ний өдөр хүртэл өгнө” гэх, мөн “Ж би А аас 3150 кг мах авсан. Уг махны оронд Ланд 80 маркийн 5777 БӨТ машинаа 20 сая төгрөгөөр үнэлж өглөө. Махны 16 сая төгрөгийн зөрүү 4000000 төгрөг авлаа. Одоо махны тооцоо байхгүй гэх” гарын баримт, нэхэмжлэгч, хариуцагч, хамтран хариуцагч нарын тайлбар  зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч А  нь хариуцагч Жд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3150 кг хонины махыг нэг килограмм махыг 5100 төгрөгөөр тооцож өгсөн болох, мөн талууд харилцан тохиролцож махны үнэд Ж-аас  Ланд круйзер-80 маркийн 000 улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч А ад өгч, нэхэмжлэгч А-аас зөрүү 3000000 төгрөгийг авч байсан нь тогтоогджээ.

14.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.  

 

15.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.  Худалдагч А  нь худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийг худалдан авагч Ж-ийн өмчлөлд шилжүүлж, эд хөрөнгийг хариуцагч Ж хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын  тайлбараар бүрэн нотлогдож байна. Хариуцагч Ж нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч А  нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдсан барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуульд зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэж заажээ. Хариуцагч Ж нь нэхэмжлэгч  А тай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн эзэмшлийн Ланд круйзер-80 маркийн машиныг өгч, буцааж авсан байх ба мөн хариуцагч Ж-ийн “... Би А аас 3150 кг мах авсан. Уг махны оронд Ланд 80 маркийн 0000 улсын дугаартай машинаа 20 сая төгрөгөөр үнэлж өглөө. Махны 16 сая төгрөгийн зөрүү 4000000 төгрөг авлаа. Одоо махны тооцоо байхгүй гэсэн гарын баримтаар нэхэмжлэгч А ад төлөх байсан махны тооцоо байхгүй, одоо төлөх төлбөргүй” гэсэн гарын баримтыг хариуцагч Ж нь бичиж өгсөн байх тул болсон үйл явдал болон бичгийн нотлох баримтын хүрээнд талуудын хооронд хэлцэл хийгдэж эрх үүрэг үүссэн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гарын баримтыг няцаах үндэслэл тогтоогдохгүй байгаа, мөн худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч А  нь хариуцагч Ж-аас өөр этгээдтэй хийсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж-аас худалдаж авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлж авсан 3000000 төгрөг, нийт 19065000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ад олгох нь зүйтэй байна.

16.Хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Ж-ийн А тай 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бичсэн бичмэл нотлох баримтыг хүчээр бичүүлж авсан гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй”, 60.2-т “Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ” гэж тус тус заажээ. Хариуцагч Ж нь нэхэмжлэгч А , хамтран хариуцагч С нар тухайн баримтыг хүчээр бичүүлж авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

17.Хариуцагчаас нотлох баримтаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 000000000 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт гэх газар С нь Жанботагаар дамжуулан зүс таних хүнд 3,5 тонн мах заруулахаар өгсөн гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тогтоол, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн 0000000 дугаартай хэрэгт иргэн С-ийг хохирогчоор /иргэний нэхэмжлэгчээр/ тогтоосон тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл болон Ж-г гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг гаргаж өгсөн байна.

Тус хэрэгт хамтран хариуцагчаар Сийг татан оролцуулсан бөгөөд С нь хариуцагч Ж-ийн тайлбарыг зөвшөөрөөгүй ба Ж-д холбогдох эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн тухай нотлох баримт байхгүй байгаа тул дээрх эрүүгийн хэрэгт холбогдолтой нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй  байна.

Нэхэмжлэгч А  нь гэрээний үүргийн биелэлтийг шаардсан ба хэрэв хариуцагч Ж нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол үүссэн гэж үзвэл буруутай этгээдээс хохирол шаардах эрхтэй болно.

18.Нэхэмжлэгч А  нь хариуцагчаар Жг тодорхойлж ирүүлсэн байх ба хамтран хариуцагч С-ээс “... худалдах худалдан авах гэрээ А , Ж нарын хооронд хийгдсэн талаар болон болсон үйл баримтын хувьд зөвхөн хотод байнга оршин суудгийн хувьд Ж-ийн хүсэлтээр хохирогчоор оролцсон ...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтаар А  болон Ж нарын хооронд хэлцэл хийгдсэн нь тогтоогдож байх тул хамтран хариуцагч С-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

19.Нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253275 төгрөгийг, хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238275 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Ж-аас 253275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж-аас зээлээр авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлж авсан мөнгө 3000000 төгрөг, нийт 19065000 /арван есөн сая жаран таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ад олгож, хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Ж-ийн А тай 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хамтран хариуцагч С-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253275 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238275 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Ж-аас 253275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х