| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2017/0079/э/ |
| Дугаар | 92 |
| Огноо | 2017-08-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 92
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Э.Уянга,
Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарт холбогдох .... дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Б.*******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 10-15-ны хооронд Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай баг, Их Номгоны энгэр гэх газраас С.гийн эзэмшлийн ишиг 11, эм сувай ямаа 14, эр ямаа 40, шүдлэн эр ямаа 8, нийт 73 тооны алдуул ямааг завшсны улмаас 7340000 төгрөгийн хохирол учруулж алдуул мал завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Яллагдагч Б.*******аас мэдүүлэг авсан тэмдэглэлд... “Би 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг болох Ханангийн бууц гэдэг газраас малаа туугаад сумын Цагаан эрэг гэдэг газар луу нүүх гэж байсан. Тэгээд мал туух гээд байж байтал ******* ява маркийн мотоцикльтой хүрч ирэхээр би *******г мал туулцаад өг манайх отроор сум руу нүүх гэж байна хэлсэн. Тэгээд тэр өдөр 14 цагийн үед ******* бид хоёр миний ява маркийн мотоциклиор мал тууж, эхний оройгоо Ханангийн бууц гэдэг газраас 30 гаруй км зайтай Шороот гэдэг газарт хоносон. Тэгээд маргааш өглөө нь би явган малаа туугаад хажуугаар нь ******* ява маркийн мотоциклиор мал туугаад замдаа 2 хоноод Номгон сумын нутаг болох Их Номгон уулын энгэр ар дээр хоночихоод маргааш өглөө нь босоод хартал манай мал алга байсан. Тэгээд бид хоёр малаа эрээд явж байхад манай малны хажууд хэсэг эзэнгүй ямаанууд явж байхаар нь ******* бид хоёр тэр хэсэг тасарсан ямаануудыг өөрийнхөө малтай хамт туугаад худаг дээр авчираад усалсан. Би тэгээд *******д энэ мал хүний мал байна орхиод явъя гэхэд ******* усаар цангасан эзэнгүй мал байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн үед тэр ямаануудыг эзэнгүй айлын алдуул мал байна гэж бодоод өөрийнхөө малтай нийлүүлээд цааш хамт нь туугаад явсан. Тэгээд замдаа бид хоёр гурав хоноод сумын нутаг болох Улаан эрэг гэдэг газарт хүрээд очиход манай эхнэр Саранчимэг гэрээ барьчихсан байсан. Тэгээд удалгүй машинтай хүмүүс ирээд ******* бид хоёрын олсон малыг сураад явж байсан. Тэгээд тэр хүмүүст тэр ямаанууд манай малд байгаа хэд хоногийн өмнө манай малны захад бэлчиж явахад нь хүний эзэнгүй мал байна гэж бодоод өөрийнхөө малтайгаа хамт нийлүүлээд авчирсан юм гэж хэлээд тэр айлын ямаануудыг хүлээлгэж өгсөн. Эзэн нь олдох байх гээд өөрийнхөө малтай нийлүүлээд туусан. ******* бид хоёр тэр малыг тоолоход 73 ширхэг том жижиг ямаанууд байсан. Ишигтэй ямаа байгаагүй, дандаа эр ямаа, сувай эм ямаанууд байсан. Тухайн үед ямар хүний алдуул мал байсныг нь мэдээгүй малаа авчирсны маргааш нь өглөө нь манайд машинтай 4 хүн ирсэн ямааны эзэн нь гэдэг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд малыг нь тоолоход 73 тооныг ямааг эзэнд бүгдийг хүлээлгэж өгсөн. Би тухайн үед хэний малыг мэдэхгүй учраас зарлаж хэлсэн зүйл байхгүй. Тухайн ямаануудын чихүүд нь цуулбар, мөн зөв талын эврэндээ улаан өнгийн будгаар будсан тэмдэгтэй байсан. Би хүний малыг алдаж магадгүй тэгээд өрөнд орж болзошгүй гээд тэр ямаануудыг бүгдийг нь өөрийнхөө цэнхэр будгаар будсан. Тэгэхгүй бол тэр ямаануудыг алдчих байх гэж бодсон. ******* бид хоёр архи уугаагүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Яллагдагч *******гаас мэдүүлэг авсан тэмдэглэлд... “Би 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг болох Ханангийн бууц гэдэг газарт байгаа найз *******ын гэрт очиход тэнд ******* эхнэр хүүхэдтэйгээ Цогт-Цэций сум руу нүүх гээд байцгааж байсан. Тэгээд намайг ******* завтай бол манай малыг туулцаад өг гэхэд би завтай тэгье гэж хэлсэн. Тэгээд ******* бид хоёр ява маркийн мотоциклиор малаа туугаад явсан. Тэгэхэд *******ын эхнэр, хүүхэд нь түрүүлээд машинтай явчихсан. Тэгээд бид хоёр эхний оройгоо Ханангийн бууц гэдэг газраас 30 гаруй км зайтай Шороот гэдэг газарт хоносон. Тэгээд маргааш өглөө нь ******* малаа явганаар туухад би мөн малын хажууд ява маркийн мотоциклийг нь унаад хамт малыг туулцаад замдаа 2 хоноод Номгон сумын нутаг болох Их Номгон уулын энгэр ар дээр хоночихоод маргааш өглөө нь босоод хартал *******ын мал алга байсан. Тэгээд бид хоёр малаа эрээд явж байхад *******ын малны хажууд хэсэг эзэнгүй ямаанууд явж байхаар нь ******* бид хоёр тэр хэсэг тасарсан ямаануудыг *******ын малтай нийлүүлж туугаад худаг дээр авчираад усалсан. Тэгэхэд ******* энэ мал хүний мал байна хоёулаа орхиод явъя гэхэд би энэ ямаанууд усаар цангасан эзэнгүй мал байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр хэсэг ямаануудыг айлын алдуул мал байна гэж бодоод *******ын малтай нийлүүлээд цааш хамт нь туугаад явсан. Тэгээд замдаа бид хоёр гурав хоноод сумын нутаг болох Улаан эрэг гэдэг газарт хүрээд очиход *******ын эхнэр Саранчимэг гэрээ барьчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь машинтай хүмүүс ирээд алдсан ямаагаа сураад явж байна гэж хэлэхэд ******* бид хоёр тэр хүмүүст та нарын сураад байгаа ямаанууд манай малд байгаа хэд хоногийн өмнө *******ын малны захад бэлчиж явахад нь бид хоёр хүний эзэнгүй мал байна гэж бодоод *******ын малтай нь хамт нийлүүлээд авчирсан юм гэж хэлсэн. Тэр хэсэг ямаа тасарсан газрын ойр хавьд айл харагдаагүй тэгээд бид хоёр хүний эзэнгүй мал сүргээсээ тасраад явж байгаа юм байна гэж бодсон ******* бид хоёр ямаануудыг шуурганаар уруудуулаад алдсан хүний эзэнгүй мал байна гэж бодсон. ******* бид хоёр тэр малыг тоолоход 73 ширхэг том жижиг ямаанууд байсан. Ишигтэй ямаа байгаагүй, дандаа эр ямаа, сувай эм ямаанууд байсан. Тухайн үед ямар хүний алдуул мал байсныг нь мэдээгүй, тэр машинтай хүмүүсээс ямааны эзэн нь Номгон сумын малчин гэдэг хүн байсныг нь мэдсэн. Би тухайн үед тэр ямаануудыг хүний эзэмшлийн ямаа гэдгийг мэдэж байсан. Би хоёрын замд хүн таараагүй тэгээд нүүж очихоод тэгээд хүн амьтанд зарлана гэж бодож байсан. Тухайн ямаануудын чихүүд нь цуулбар, мөн зөв талын эврэндээ улаан өнгийн будгаар будсан тэмдэгтэй байсан. ******* тэр хүний малыг алдаж магадгүй гээд өөрийнхөө цэнхэр будгаар будсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “” гэв.
Хохирогч мэдүүлэг авсан тэмдэглэл... “2017 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 09 цагт Өмнөговь аймгийн Номгон сумын 1 дүгээр багийн нутаг болох Цагаан-Ус гэдэг өвөлжөөндөө байж байгаад малаа бэлчээртээ гаргасан. Тэгээд орой 17 цагийн үед манай хүргэн Алтансүх ява маркийн мотоциклиор явж малаа тууж өвөлжөөндөө авчирсан. Маргааш өглөө нь төлөө тавьдаг хэдэн ишигтэй 10 гаруй ямаа дутсан ишиг нь майлаад байсан. Тэгээд бид нар малаа хороон дотор оруулаад тоолтол дан ямаанаас 73 тооны ямаа дутсан. Тэгээд бид нар тэр хавиар эрэхэд малаа олоогүй 4 хоног бүтэн хайсан. Тэгээд манай хүүхдүүд сумын уулын хойд талын айлаар сурч явахад ******* гэдэг айлд манай мал байна гэж манай бэр , , хүү гурав надад утсаар хэлсэн. Тэгээд тэд нар 73 ямаагаа маятийгаар ачиж ирсэн. Хавар цаг байсан тухайн үед ямаанууд ногоо хөөгөөд хэсэг хэсгээрээ тасараад явдаг байсан. Тэгээд орой нь явж цуглуулж ирдэг байсан. Манай алдсан ямаанууд бүгд хоёр талын эвэрний ар талдаа улаан өнгийн будагтай, хоёр янзын имтэй ямаанууд байсан. Ишигтэй ямаа нь 11, сувай эм ямаа 14, бүдүүн эр ямаа нь 40, шүдлэн эр ямаа 8 байсан нийлээд 73 ямаа байсан. Энэ хүн отроор нүүгээд явж байсан байх манай уулын араар явж байхдаа манай тасарсан хэсэг малыг нийлүүлээд туугаад явчихсан байсан энэ хүмүүсийг би танихгүй бусдаар бол манай малыг зориудаар хулгайлсан гэж бодохгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Алдсан малаа *******гаас бүрэн авсан, одоо ямар нэгэн нэхэмжпэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Гэрч мэдүүлэг авсан тэмдэглэлд... “Би 2017 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 09 цагт Өмнөговь аймгийн Номгон сумын 1 дүгээр багийн нутаг болох Цагаан-Ус гэдэг өвөлжөөндөө байж байхад манай хадам ээж өөрийнхөө малаа бэлчээртээ гаргасан. Тэгээд орой 17 цагийн үед би ява маркийн мотоциклиор малдаа явахад манай мал өвөлжөөнөөс хойд зүгт байдаг Тахилагат хайрханы энгэр дээр бэлчиж, мөн хэсэг тасарсан ямаа нь хайрханы хажууд нь бэлчиж байсныг нь нийлүүдээд гэртээ тууж авчирсан. Тэгээд маргааш өглөө нь хадам ээж төлөө тавиад хэсэг ямаа дутуу байна, намайг олоод ир гэж хэлэхээр би ява маркийн мотоциклиор тэр хавьдаа эртэл дутсан ямаа олдохгүй байхаар буцаж ирээд тэр хавьдаа 2 хоног ойр хавийн айлуудаар сурахад ямар нэгэн сураг чимээ гараагүй. Тэгээд би аймаг руу явж , , нарыг явж малыг нь олоод өгөөчөө би одоо Улаанбаатар хот руу явах ажилтай болчихлоо гэж хэлсэн. Би тэгээд тэр өдөртөө Улаанбаатар хот руу явсан. Тэгээд намайг хотод явж байхад хадам ээж над руу устаар залгаад алдсан хэсэг ямаагаа айлаас олсон гэж хэлсэн. Хаврын цагаар ямаанууд ногоо хөөгөөд хэсэг хэсгээрээ тасараад, жалгын нэг болдог тул орой болгон явж цуглуулж ирдэг байсан. Хэдэн тооны ямар ямаа алдсныг сайн мэдэхгүй байна ямар ч байсан дан ямаанууд алга байна гэж хэлж байсан. Алдсан ямаанууд бүгд хоёр талын эвэрний ар талдаа улаан өнгийн будагтай, хоёр янзын имтэй ямаанууд байсан. Манай хадам ээж ганцаараа амьдардаг юм. Би өглөө болгон очиж малыг нь төлтэй нь ялгаж өгч орой бүр малыг нь хотлуулж өгдөг юм. Мал алга болох үед хадам ээж бид хоёр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ний 2017.06.21-ний өдрийн №ӨМА/73 дугаар хөрөнгө үнэлгээний дүгнэлт: “Шүдлэн эр ямаа 90000, бүдүүн эр ямаа 120000, ишигтэй ямаа 100000, зусаг эм ямаа/сувай/ 80000 төгрөг нийт 390000 төгрөг. /нэг бүрийн үнэ/ /хх-ийн 16 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/
Ял шийтгэлийн тэмдэглэл *******гийн /хх-ийн 40 дүгээр хуудас/
Ял шийтгэлийн тэмдэглэл Б.*******ийн /хх-ийн 41 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайханы 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт: Б.******* нь Дундсайханы 4 дүгээр багийн 3-40 тоотод, ам бүл тавуул оршин суудаг нь үнэн болно. /хх-ийн 43 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт: ******* нь Даланзадгад сумын Хан-Уулын 2 дугаар багийн Их-Уулын 22-03 тоотод, ам бүл дөрөвүүл оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов.
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 50-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Б.*******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 10-15-ны хооронд Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай баг, Их Номгоны энгэр гэх газраас С.гийн эзэмшлийн ишиг 11, эм сувай ямаа 14, эр ямаа 40, шүдлэн эр ямаа 8, нийт 73 тооны алдуул ямааг завшсны улмаас 7340000 төгрөгийн хохирол учруулж алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.*******аас мэдүүлэг авсан тэмдэглэлд... “Тэгээд бид хоёр малаа эрээд явж байхад манай малны хажууд хэсэг эзэнгүй ямаанууд явж байхаар нь ******* бид хоёр тэр хэсэг тасарсан ямаануудыг өөрийнхөө малтай хамт туугаад худаг дээр авчираад усалсан. Би тэгээд *******д энэ мал хүний мал байна орхиод явъя гэхэд ******* усаар цангасан эзэнгүй мал байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн үед тэр ямаануудыг эзэнгүй айлын алдуул мал байна гэж бодоод өөрийнхөө малтай нийлүүлээд цааш хамт нь туугаад явсан. ******* бид хоёр тэр малыг тоолоход 73 ширхэг том жижиг ямаанууд байсан. Би хүний малыг алдаж магадгүй тэгээд өрөнд орж болзошгүй гээд тэр ямаануудыг бүгдийг нь өөрийнхөө цэнхэр будгаар будсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, шүүгдэгч *******гаас мэдүүлэг авсан тэмдэглэлд... “Тэгээд бид хоёр малаа эрээд явж байхад *******ын малны хажууд хэсэг эзэнгүй ямаанууд явж байхаар нь ******* бид хоёр тэр хэсэг тасарсан ямаануудыг *******ын малтай нийлүүлж туугаад худаг дээр авчираад усалсан. Тэгэхэд ******* энэ мал хүний мал байна хоёулаа орхиод явъя гэхэд би энэ ямаанууд усаар цангасан эзэнгүй мал байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр хэсэг ямаануудыг айлын алдуул мал байна гэж бодоод *******ын малтай нийлүүлээд цааш хамт нь туугаад явсан. ******* тэр хүний малыг алдаж магадгүй гээд өөрийнхөө цэнхэр будгаар будсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, хохирогч мэдүүлэг авсан тэмдэглэл... “Тэгээд бид нар малаа хороон дотор оруулаад тоолтол дан ямаанаас 73 тооны ямаа дутсан. Тэгээд бид нар тэр хавиар эрэхэд малаа олоогүй 4 хоног бүтэн хайсан. Тэгээд манай хүүхдүүд сумын уулын хойд талын айлаар сурч явахад ******* гэдэг айлд манай мал байна гэж манай бэр , , хүү гурав надад утсаар хэлсэн. Тэгээд тэд нар 73 ямаагаа маятийгаар ачиж ирсэн. Ишигтэй ямаа нь 11, сувай эм ямаа 14, бүдүүн эр ямаа нь 40, шүдлэн эр ямаа 8 байсан нийлээд 73 ямаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг авсан тэмдэглэлд... “маргааш өглөө нь хадам ээж төлөө тавиад хэсэг ямаа дутуу байна, намайг олоод ир гэж хэлэхээр би ява маркийн мотоциклиор тэр хавьдаа эртэл дутсан ямаа олдохгүй байхаар буцаж ирээд тэр хавьдаа 2 хоног ойр хавийн айлуудаар сурахад ямар нэгэн сураг чимээ гараагүй. Намайг хотод явж байхад хадам ээж над руу устаар залгаад алдсан хэсэг ямаагаа айлаас олсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ний 2017.06.21-ний өдрийн №ӨМА/73 дугаар хөрөнгө үнэлгээний дүгнэлт: “Шүдлэн эр ямаа 90000, бүдүүн эр ямаа 120000, ишигтэй ямаа 100000, зусаг эм ямаа/сувай/ 80000 төгрөг нийт 390000 төгрөг. /нэг бүрийн үнэ/ /хх-ийн 16 дугаар хуудас/ гэх дүгнэлт зэрэгт хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.*******, ******* нарын 2017 оны 05 дугаар сарын 10-15-ны хооронд Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай баг, Их Номгоны энгэр гэх газраас С.гийн эзэмшлийн ишиг 11, эм сувай ямаа 14, эр ямаа 40, шүдлэн эр ямаа 8, нийт 73 тооны алдуул малыг завшсан гэж зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч С. буюу алдуул мал гэдгийг мэдэж байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогджээ. Б.*******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 10-15-ны хооронд Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай баг, Их Номгоны энгэр гэх газраас С.гийн эзэмшлийн ишиг 11, эм сувай ямаа 14, эр ямаа 40, шүдлэн эр ямаа 8, нийт 73 тооны алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******, ******* нарыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзлээ. Алдуул мал завших гэдэг нь бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
Шүүгдэгч Б.*******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.*******, Т.Гантуая нарыг бусдын алдуул мал завшсан гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Б.*******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 төгрөгөөр торгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ..
Хохирогч С.гийн... “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Алдсан малаа *******гаас бүрэн авсан, одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарыг бүлэглэн алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Т.Ганхүү нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр тус тус торгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.*******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч Б.*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, 1.5-д зааснаар шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 –д зааснаар шүүгдэгч Б.*******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дудсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ