Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/643

 

Б.Э-, Б.С- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

хохирогч, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Г.Тамир,

хохирогч, шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/1203 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр Б.Э-, Б.С- нарт холбогдох эрүүгийн 1908041590814 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б.Э-, 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 1, оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Б.С-, 2002 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.Э- нь 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед, ***  тоотод байрлах хашаанд Б.С-тай “...ээжийг маань мөнгө хулгайлсан гэж хэллээ, ээжийг байхгүйд мөнгө нэхлээ...” гэж маргалдан, түүний нүүрэн тус газар нь алгадаж, шалны модоор гар луу нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн сарвууны 5 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            Б.С- нь 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед, ***  тоотод байрлах хашаанд Б.Э-тай “...ээжээс ажлын хөлс болох мөнгөө өгөхгүй, хашаанаас хөөлөө...” гэж маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний цус хуралт, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                       

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Б.С-, Б.Э- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хохирогч Б.Э- нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой шинэ баримтуудыг гаргаж өгч шинжлэн судлуулж оролцсон ба мөн түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг шүүх хуралдаанд оролцсон шинжээч Н.Туяа, О.Болороо нар нь өөр өөр байдлаар тайлбарлаж оролцсон тул шүүх хуралдааныг хойшлуулж, бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэхээр 2021/ШЗ/380 дугаартай захирамжийг холбогдох баримтуудын хамт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн болно. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 335 дугаартай дүгнэлтэд “...Б.Э-ын биед гавлын суурь ясны хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрэнд цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи нугасны хатуу хальсны язрал, тархи нугасны шингэн гаралт нь гавлын суурь ясны хугарлын эмнэлзүйн үндсэн шинж юм. Гавлын суурь ясны хугарал нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэжээ. Өөрөөр хэлбэл, дахин гаргасан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг өөрчлөгдсөн, үүнтэй холбоотой асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж дүгнэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

             Прокурор Р.Очирсүрэн тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, 3 удаагийн шинжээчийн дүгнэлтэд гавлын суурь ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй байхад шүүгчийн захирамжаар томилсон шинжээчийн дүгнэлтээр илтэд зөрүүтэй, эргэлзээтэй дүгнэлт гарсан. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан “хөнгөн” зэргийн гэмтэл үндэслэлтэй эсэхийг тогтоолгүйгээр, хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг өөрчлөгдөн хүнд зэргийн гэмтэл учирсан, үүнтэй холбоотой асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх ... дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэсэн заалтыг баримтлан шүүхийн шатанд дахин шинжээч томилж дүгнэлт гаргасны эцэст хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогч, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч, шүүгдэгч Б.С- тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.

            Хохирогч, шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Гэвч хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжид мөрдөн байцаалтаар чухам ямар ажиллагааг явуулах шаардлагатай талаар тодорхой тусгаагүй нь тодорхой бус, ойлгомжгүй болжээ. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Б.Э-ыг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед, ***  тоотод байрлах хашаанд Б.С-тай “...ээжийг маань мөнгө хулгайлсан гэж хэллээ, ээжийг байхгүйд мөнгө нэхлээ...” гэж маргалдан, түүний нүүрэн тус газар нь алгадаж, шалны модоор гар луу нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн сарвууны 5 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

            Б.С-ыг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед ***  тоотод байрлах хашаанд иргэн Б.Э-тай “...ээжээс ажлын хөлс болох мөнгөө өгөхгүй, хашаанаас хөөлөө...” гэж маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний цус хуралт, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэний үр дүнд “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 335 дугаартай дүгнэлтэд “...Б.Э-ын биед гавлын суурь ясны хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрэнд цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи нугасны хатуу хальсны язрал, тархи нугасны шингэн гаралт нь гавлын суурь ясны хугарлын эмнэлзүйн үндсэн шинж юм. Гавлын суурь ясны хугарал нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэжээ. Өөрөөр хэлбэл, дахин гаргасан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг өөрчлөгдсөн, үүнтэй холбоотой асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Учир нь,

            Мөрдөн шалгах ажиллагааны үед, хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохоор түүний биед хийсэн үзлэгийн үр дүн, өвчний түүх, холбогдох шинжилгээний баримтуудад үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3 удаагийн дүгнэлт гарсан бөгөөд эхний буюу 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 9563 дугаартай дүгнэлтэд “...биед тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан...” /1хх 29/ гэж, дараагийн буюу 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 10450 дугаартай дүгнэлтэд “...биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний цус хуралт, зүүн шуунд цус хуралт, тархи, нугасны хатуу хальсны язрал, тархи нугасны шингэн гаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан...” /1хх 31/ гэж, эдгээр дүгнэлтүүдийн эргэлзээг тайлж, аль нь үндэслэлтэй болохыг тодруулах зорилгоор хэргийн материалаар хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 569 дугаартай дүгнэлтэд “...9563 дугаартай дүгнэлт үндэслэлтэй...” /1хх 159-161/ гэжээ.

            Харин 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад, хохирогч Б.Э-ын зүгээс өөрийн биед учирсан гэмтэлтэй холбоотой амбулаторын картууд, 3 ширхэг СиДи, рентген зураг, түүнд үндэслэж гарсан гэх компьютер томографын “...зүүн тохойн үений томографт зүүн талын шуу ясны дунд 1/3-ээр зөрүүгүй хугаралтай ясны бороололт үүссэн, энэ хэсэгт ясны хальс зузаарсан...” гэсэн онош бүхий шинэ баримтуудыг гарган өгч шинжлэн судлуулсан ба түүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаар шүүх хуралдаанд оролцсон шинжээч Н.Туяа, О.Болороо нар өөр өөр байдлаар тайлбарласан байна.

            Анхан шатны шүүх дээрх байдлыг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, өвчний түүхүүд дээр тавигдсан онош болон шинжээчийн 9563, 569 дугаартай дүгнэлтүүд дэх оношнууд зөрсөн шалтгаан үндэслэл, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудад тавигдсан эмнэлзүйн оношийг тодруулах зорилгоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэхээр холбогдох баримтуудыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсний дагуу хэргийн материалаар давтан хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 335 дугаартай дүгнэлтээр “...биед гавлын суурь ясны хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрэнд цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл учирсан. Тархи нугасны хатуу хальсны язрал, тархи нугасны шингэн гаралт нь гавлын суурь ясны хугарлын эмнэлзүйн үндсэн шинж юм. Гавлын суурь ясны хугарал нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах...” /2хх 221-226/ болохыг тогтоожээ.

            Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гарсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Б.Э-ын биед учирсан гэмтлийн зэргийг 3 өөр байдлаар тогтоосон бөгөөд сүүлд гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн 335 дугаартай дүгнэлт нь хэргийн зүйлчлэлийг өөрчилж болохуйц нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

            Хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнтэй холбогдсон бусад асуудлыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн өмнөх шинжээчийн дүгнэлтүүдийг өөрчлөх болсон баримтууд хууль ёсны эсэхийг нягталж, эдгээр баримтууд нь Б.С-ын гэмтэл учруулсан гэх үйл баримттай холбоотой эсэх, хохирогчийн зүгээс сүүлд гаргаж өгөх болсон шалтгаан үндэслэлийг тодруулсны эцэст гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иймээс хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг шалгуулахаар дээрх үндэслэлтэй нэгэн утга бүхий асуудлыг дурдсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/1203 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН