2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/2020

 

2025            8             25                                         2025/ШЦТ/2020

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч З.Бат-Амгалан,

хохирогч А.А,

хохирогч нарын өмгөөлөгч Б.Ууганбаатар,

шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ц.Эрдэмбилэг нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт М.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210005990332 дугаартай 5 хавтаст хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны электроник мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Г хотхоны ** дугаар байрны 45 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:**/, Б овогт М.Т.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

М.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Г хотхоны ** дугаар байрны ** тоот гэртээ байхдаа “1xbet” нэртэй олон улсын хэмжээнд бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг тоглоомд бооцоо тавих зорилгоор хохирогч А.А-гийн харилцах данс, нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан түүний данснаас 43,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан А.А-д 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Г хотхоны ** дугаар байрны ** тоот гэртээ байхдаа А.А-гийн фейсбүүк хаягаар Э.У, Ж.Т, С.Ц нартай холбогдож, Хаан банкны ** тоот дансандаа 255.000.000 төгрөгтэй мэтээр хуурч, бодит байдлыг нууж, удахгүй буцааж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр Э.У-аас 20.000.000 төгрөг, Ж.Т-аас 93.000.000 төгрөг, С.Ц-с 45.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг өөрийн ** дугаартай тоглогчийн дансанд тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 158.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хүлээн зөвшөөрөхгүй байгаа. А нь их сургуулийн нөгөө ангийн охин байсан. 43,000,000 нэгжтэй тэнцэх тэмцээний цэнэглэлт хийсэн зүйл байхгүй. А.А-гийн фейсбүүкийг ашиглаж хохирогч Э.Т, Э.У, С.Ц нартай холбогдсон зүйл байхгүй. Хүч хэрэглэж бичлэг хийсэн. Бичлэг дээрх зүйл бол худлаа. Хаан банкны өдрийн лимит тулсан гэх шалтгаанаар миний дансыг хэрэглэж байсан удаатай. Би мөнгө авч байгаагүй. Хаан банкны дансаар бусдаас мөнгө авч байгаагүй” гэв.

 

            Хохирогч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Т бид хоёр нэг сургуульд сурдаг байсан бөгөөд манай нөгөө ангийн хүүхэд байсан. Бид хоёр нэг нэгнийгээ мэддэг байсан ба эхлээд надтай холбоо барьж гэртээ ажилгүй байна гэж байсан. Бид хоёр найзын харилцаатай байсан. Бид хоёр 1xbet эхлүүлэх талаар ярьж, ээлжилж хийдэг байсан. Тэгтэл одоо танихгүй гэж байна. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т над руу сандарсан байдалтай залгасан. Эхлээд надад худлаа хэлээд байсан. Манай үеэл ах тээврийн хэрэгсэл зарах гэж байгаа, дансны лимит нь тулсан байгаа учир 00 цаг өнгөрөөгөөд буцаагаад хийгээд өгнө, цэнэглэлт хийгээд өг гэхээр нь би тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгтэл би дансыг нь хараад хажууд нь байна гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрөхгүй байхад энэ хүн нууцаар цэнэглэлт хийлгэсэн байсан. Яг тэр үеэр би эмчийн хяналтад, сургуулиа төгссөн нэлээд ядаргаанд орсон байсан учир шууд унтчихсан байсан. Утас олон давтамжтай дуугараад байхаар нь сэрсэн. Тэгтэл хүмүүс мөнгөө хийгээрэй гэхээр нь яадаг мөнгө вэ гэтэл миний фейсбүүкээр ороод хүмүүсээр цэнэглэлт хийлгэсэн байсан. Хуурамч дансны үлдэгдэлтэй скрийншот явуулсан байсан. Ах нь тээврийн хэрэгслээ зарсан юм чинь мөнгийг нь хийчих гэж хэлсэн. Тэгтэл над руу уйлаад би худлаа ярьсан юм, би тоглосон гэж хэлсэн. Тэр өдөр гэрт нь очсон. Гэр бүлийнхэн нь бүгд энэ хүнийг тоглосон болохыг мэдэж байсан. Уйлаад би үхнэ гээд байхаар нь би мөнгөнөөс болж ингэж болохгүй, арга нь олдоно гэж хэлж тайвшруулсан. Ээж М нь ямар үйлийн үртэй хүүхэд вэ гээд харааж зүхэж байсан. Уг хүмүүс нь надаас мөнгөө нэхээд байсан учир хоёулаа явж энэ хүмүүст үнэн учрыг хэлье гэж хэлсэн. Мөн тухайн бичлэгийг хийлгэхдээ би гэрээс нь гаргасан ба би энэ хүнийг дийлэхгүй. Ээж нь мөн гэрээсээ гарч ирээд Т эгчтэй уулзсан. Т эгч бид хоёр 160 см өндөртэй, 50 кг жинтэй учир эрэгтэй хүнийг тээврийн хэрэгсэлд чирч суулгаж чадахгүй. Хүмүүст үнэнээ хэлэхэд яаж байгаа нь бэ гэснээс өөрөөр хүчирхийлсэн зүйл огт байхгүй. Хэрвээ тэр өдөр хүчирхийлүүлсэн гэж байгаа бол гарч яваад цагдаагийн байгууллагад хандах ёстой байсан. Тэр өдрөө арга хэмжээ авах ёстой байсан. Маргааш нь би ямар нэгэн тэнэг үйлдэх хийчих болов уу гэж санаа зовоод гэрт нь очиход эмээ, ээж нар нь байсан бөгөөд манайд нэг лагерь байгаа, төлөх арга нь олдоно гэж хэлсэн. Ямар нэгэн өргүй болгоно гэхээр нь миний 43,000,000 төгрөг яах вэ, эхлээд энэ хүмүүсийг өргүй болгоё гэхэд ээж, эмээ нар нь намайг ёс бус хэллэгээр хэлж, харааж зүхсэн. Тэдний гэр бүл над руу дайраад ирэхээр нь би хуулийн байгууллагаар явъя гэж хэлсэн. Уг 3 жилийн хугацаанд би бие, сэтгэл санаагаараа хохирсон бөгөөд хаашаа ч явж чадахгүй, хүмүүс надаас өрөө нэхсэн байдалтай байсан. Т 15-тай 1xbet-ийн хаягаа өөрөө нээсэн. Тэрийг нээхэд өөрийнх нь мэдээлэл хэрэгтэй учир би нээх боломжгүй. Хаан банкны нэвтрэх нэр, нууц үгээ Т-д хэлсэн. Хэлэх хэмжээний дотно байсан. Тэмүүлэн мөнгийг авч, цэнэглэлт хийдэг байсан. Тухайн үед мөнгийг сайт дээр бэт тавьж алдсан гэж хэлсэн. Хаан банкны 250,000,000 төгрөгтэй дансны хуулгыг групп дээр тавьсан болохоор харсан” гэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                                 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт М.Т-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт,

 “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт  оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг хоёр жил найман сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Шүүгдэгч М.Т-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Хохирогч А.А-гаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-ээс нийт 201.000.000 төгрөг гаргуулж, А.Ад 43.000.000 төгрөг, Э.У-т 20.000.000 төгрөг, Ж.Т-д 93.000.000 төгрөг, М.Цэнд-д 45.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ