Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 149/ШШ2023/00002

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 149/ШШ2023/00002

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХААН банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын 2 дугаар баг, 8 дугаар байр, № 6А тоотод оршин суух, 1983 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Хар чойжил овогт Чогдордоржийн Мөнхбаяр /РД:МЗ83102913/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Төмөр замын 38 дугаар байрны № 11 тоотод оршин суух, одоо Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48-124 тоотод түр оршин суух, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, Булган овогт Пүрэвцэрэнгийн Цолмонгэрэл /РД:МИ83071520/ нарт холбогдох

Зээлийн төлбөр 30542153 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн, хариуцагч Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл, хариуцагч П.Цолмонгэрэлийн өмгөөлөгч С.Цацралтуяа /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нар нь тус банкны Зүүнхараа салбараас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/201844192195 тоот зээлийн гэрээ байгуулан 36000000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан гэрийн эд хогшил, Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар баг, 38 дугаар байрны № 11 тоот 26 мкв талбайтай орон сууцыг тус тус барьцаалан цалингийн зээл авсан. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ковидтой холбоотой цахимаар хүсэлт явуулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хугацааг 12 сараар сунгасан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу цалингийн үндсэн зээлд 11295257 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10501955 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 21797212 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 121 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн ч төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201844192195 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 24704843 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5817493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19817 төгрөг, нийт 30542153 төгрөгийг нэхэмжилж байна. Нотариатын үйлчилгээний төлбөр 17000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 310661 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох зээлдэгч П.Цолмонгэрэл, Ч.Мөнхбаяр нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1307005105 тоот бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 38 дугаар байр № 11 тоот хаягт байрлах 26 мкв талбайтай орон сууц зориулалттай хөрөнгөөр тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын 43 дугаар байрны 52 тоотод оршин суух, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, ХААН банкны Зүүнхараа салбарт зээлийн багц хариуцсан менежер ажилтай, Жагар овогт Ганбатын Баасансүрэнгээс /РД:ГН85060101/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нар нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 36 сая төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд 38 дугаар байрны № 11 тоот 26 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан. 2020 оны 12 дугаар сарын 10, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ковидтой холбоотойгоор зээл төлөх хугацааг сунгасан. Зээл олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт нийт зээл, хүүнд 21797212 төгрөг төлсөн байдаг. Банкнаас зээл хүүгээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээл төлөлтийг 121 хоногоор хугацаа хэтрүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үед үндсэн зээлийн үлдэгдэл 24704843 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5817493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19817 төгрөг, нийт 30542153 төгрөг байсан. Нотариатын үйлчилгээний төлбөр 17000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 310661 төгрөгийг нэхэмжилсэн. Одоогийн байдлаар үндсэн зээл 18284630 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5817493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19817 төгрөг, нийт 24121940 төгрөг болж байгааг нэхэмжилнэ. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш Ч.Мөнхбаярын төлсөн төлбөрийг хасч тооцож байна. Зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд Төмөр замын 38 дугаар байрны № 11 тоот байраар хангуулж өгнө үү. Ч.Мөнхбаярын 36 сая төгрөгийн цалингийн зээлээс 10638976 төгрөгийг П.Цолмонгэрэлийн цалингийн зээлийг төлсөн нь баримтаар нотлогддог. 6800000 төгрөг нь П.Цолмонгэрэлийн ээж Наранцэцэгийн данс руу орсон байдаг. 17 сая төгрөгөөр Ч.Мөнхбаярын Хас банкин дахь цалингийн зээлийг төлсөн байдаг гэв.

Хариуцагч Ч.Мөнхбаяраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХААН банкнаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох 2 өрөө орон сууцааар төлөх хүсэлтэй байна. Миний ХААН банкнаас авсан 36 сая төгрөгийн зээлнээс 17 сая төгрөгийг Хас банкны зээл хаасан. 10 сая төгрөгийг нь П.Цолмонгэрэлийн цалингийн зээлийг хаасан. Үлдэгдэл 9 сая төгрөгийг нь орон гэртээ зарцуулсан гэв.

Хариуцагч П.Цолмонгэрэлээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Мөнхбаяр бид хоёр албан ёсны гэр бүл байхдаа уг цалингийн зээлийг авсан. Зээлийн барьцаанд 38 дугаар байрны № 11 тоот 2 өрөө орон сууцыг тавьсан. Уг орон сууцны өмчлөгчөөр Ч.Мөнхбаяр бид хоёрын нэр байдаг. Тухайн авсан цалингийн зээлийн тавин хувь болох 17 сая төгрөгийг Ч.Мөнхбаярын Хас банкин дахь цалингийн зээлийг хаасан. Үлдэгдэл мөнгийг нь амьдрал ахуйдаа зарцуулж Тоёота виш маркийн 69-11 СЭА улсын дугаартай суудлын автомашин худалдаж авсан. Уг машиныг 16 сая төгрөгөөр худалдаж авсан. Автомашин үнэ 16 сая төгрөгөнд Ч.Мөнхбаярын цалингийн зээлээс 8 сая төгрөгийг өгч үлдэх 8 сая төгрөгийг өөрийнхөө аав ээжээс авч өгч байсан. Үлдэгдэл мөнгийг нь бид хоёр амьдрал ахуйдаа зарцуулсан. Ч.Мөнхбаяр бид хоёр 2022 оны 06 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. ХААН банкнаас авсан энэ 36 сая төгрөгийн цалингийн зээлийн асуудлыг түрүүчийн шүүх хуралдаанаар огт хэлэлцээгүй. Энэ цалингийн зээлээр авсан эд хөрөнгө болох автомашиныг хувааж авцгаасан. Ч.Мөнхбаяр нь 38 дугаар байрны № 11 тоот орон сууцаар зээлийг төлье гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Мөнхбаяр нь цалингийн зээлээ өөрөө төлж барагдуулах нь зүйтэй гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201844192195 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № БГХ201844192195 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № БГҮ201844192195 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нарын өмчлөлийн Ү-1307005105 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн № ЗГ/201844192195-1 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № ЗГ/201844192195-2 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нарт зээл төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн баримт 3 хуудас, 310661 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримт, ХААН банкны итгэмжлэл 3 ширхэг зэргийг гаргаж өгсөн. Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч талаас зээлийн төлбөртэй холбоотой 16 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагч Ч.Мөнхбаяраас зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 38 дугаар байрны № 11 тоот орон сууцаар төлөх хүсэлтэй гэсэн хариу тайлбар гаргасан.

Хариуцагч П.Цолмонгэрэлээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбарыг гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш Ч.Мөнхбаяр нь 6420213 төгрөгийг зээлийн төлбрт төлсөн тухай дансны хуулга, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 24121940 төгрөгийг нэхэмжилсэн тухай хүсэлт зэргийг шинээр гаргаж өгсөн.

Хариуцагч Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нараас нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбар нь хариуцагч Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № ЗГ/201844192195 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 24704843 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5817493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19817 төгрөг, нийт 30542153 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, 38 дугаар байрны № 11 тоот 26 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нарын хоёр хүний өмчлөлийн Ү-1307005105 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Мөнхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг гаргажээ.

Харин хариуцагч П.Цолмонгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Хариуцагч Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нар нь ХААН банкны Зүүнхараа салбараас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр № ЗГ/201844192195 зээлийн гэрээ байгуулан 36000000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нарын хоёр хүний өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, 38 дугаар байрны № 11 тоот 26 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ү-1307005105 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж цалингийн зээл авсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан № ЗГ/201844192195 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № БГХ201844192195 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № БГҮ201844192195 дугаартай барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн № ЗГ/201844192195-1 дугаартай зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № ЗГ/201844192195-2 дугаартай зээлийн гэрээгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Ч.Мөнхбаяр нь ХААН банкны Зүүнхараа салбартай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр № ЗГ/201844192195 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № БГХ201844192195 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № БГҮ201844192195 дугаартай барьцааны гэрээ байгуулахад П.Цолмонгэрэл нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байх ба Иргэний хуулийн 156, 166 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбар нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр № ЗГ/201844192195 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, 38 дугаар байрны № 11 тоот 26 м.кв талбайтай орон сууцны зориулалттай өмчлөх эрхийн Ү-1307005105 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбар нь шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш харицагч Ч.Мөнхбаярын цалингийн зээлд төлсөн 6420213 төгрөгийг 30542153 төгрөгнөөс хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагаа багасган 24121940 төгрөгийг хариуцагч Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нараас нэхэмжилж, мөн нотариатын үйлчилгээний төлбөр 17000 төгрөгийг нэхэмжилснийг дурьдах нь зүйтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбар, хариуцагч Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан № ЗГ/201844192195 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нараас үндсэн зээлийн төлбөр 18284630 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5817493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19817 төгрөг, бүгд 24121940 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах буюу хариуцагч Ч.Мөнхбаяраас зээлийн төлбөр 12060970 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 8500 төгрөг, бүгд 12069470 төгрөг, хариуцагч П.Цолмонгэрэлээс зээлийн төлбөр 12060970 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 8500 төгрөг, бүгд 12069470 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбарт олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулааагүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, 38 дугаар байрны № 11 тоот 26 м.кв талбайтай орон сууцны зориулалттай өмчлөх эрхийн Ү-1307005105 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нар нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбар нь 30542153 төгрөгийг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 310661 төгрөгийг төлснийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 24121940 төгрөгийг нэхэмжилсэн нь хангагдсан учир хариуцагч Ч.Мөнхбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 139280 төгрөг, хариуцагч П.Цолмонгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд 139280 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Мөнхбаяраас зээлийн төлбөр 12060970 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 8500 төгрөг, бүгд 12069470 төгрөг, хариуцагч П.Цолмонгэрэлээс зээлийн төлбөр 12060970 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 8500 төгрөг, бүгд 12069470 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 310661 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мөнхбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 139280 төгрөг, хариуцагч П.Цолмонгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд 139280 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, 38 дугаар байрны № 11 тоот 26 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ч.Мөнхбаяр, П.Цолмонгэрэл нарын хоёр хүний өмчлөлийн Ү-1307005105 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.