| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0162/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/190 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч: Б.******* нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000175 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* УЕА улсын дугаартай Тоёота ланд крузер Жэй-100 загварын тээврийн хэрэгслийг 3.10 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байна гэв.
3. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд би Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын төвд хамгийн хойд талын гудамжны үзүүр дээр замын хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ******* УЕА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл илт хэрэглэсэн нь мэдэгдэж, мөн үнэртэж байсан тул Цагдаагийн хэсгийн кабон дээр жолоочийг авч ирэн Стандарт, хэмжилзүйн газраас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталгаажуулсан А-6820 загварын хүний амьсгал дахь спиртийн агууламж тогтоох хэмжүүр Драйгер багажаар тухайн жолоочийг үлээлгэж, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 3.10 бүхэл согтолттой гарсан. Тухайн жолоочийн регистрийн дугаарыг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа багажаар шалгаж үзэхэд тухайн жолооч *******гийн ******* нь 2024 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн шүүгчийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул Цагдаагийн газрын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэлд оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/, эр бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-4/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 716 дугаартай шийтгэвэр /хх-ийн 41-44/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 716 дугаартай шийтгэврээр 2025 оны 06 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3.10 хувийн промильтой үедээ 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тоёота ланд крузер Жэй-100 маркийн ******* УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд гэх үйл баримт болсон нь гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд би Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын төвд хамгийн хойд талын гудамжны үзүүр дээр замын хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ******* УЕА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл илт хэрэглэсэн нь мэдэгдэж, мөн үнэртэж байсан тул Цагдаагийн хэсгийн кабон дээр жолоочийг авч ирэн Стандарт, хэмжилзүйн газраас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталгаажуулсан А1со{ез1-6820 загварын хүний амьсгал дахь спиртийн агууламж тогтоох хэмжүүр Драгер багажаар тухайн жолоочийг үлээлгэж, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 3.10 бүхэл согтолттой гарсан. Тухайн жолоочийн регистрийн дугаарыг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа багажаар шалгаж үзэхэд тухайн жолооч *******гийн ******* нь 2024 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн шүүгчийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул Цагдаагийн газрын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэлд оруулсан...гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* УЕА улсын дугаартай Тоёота ланд крузер Жэй-100 загварын тээврийн хэрэгслийг 3.10 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг торгох ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ