| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/03793/И |
| Дугаар | 101/ШШ2023/00126 |
| Огноо | 2023-01-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2023/00126
| 2023 01 02 | 101/ШШ2023/00126 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” ХХК /рд:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,185,178,720.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь 2018 оны 05 сарын 03-ны өдөр ЗГ1405113150 тоот Зээлийн гэрээг Гтай байгуулж 1,500,000,000.00 /Нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 /Хорь аравны дөрвөн/ хувийн хүүтэй, 84 /Наян дөрвөн/ сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ1405113150 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ1405113150 тоот ипотекийн гэрээгээр овогтой Сын өмчлөлийн:
1. ,,,, сууц, гарашийн зориулалттай үл хөдлөх;
2. ,,,, м.кв газар;
3. ,,, 3 өрөө ОС-ны зориулалттай үл хөдлөх;
4. ,,,,, тоот 360 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх;
5. ,,,,, тоот 650 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар;
6. ,,,,, 675 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар;
7. ,,,,, тоот хаягт байршилтай 828 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх;
8. ,,,,,840 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх тус тус барьцаалсан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БДГ1405113150 тоот батлан даалтын гэрээгээр Ц.С батлан дааж өөрийн эд хөрөнгө, данс дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно.
“С” ХХК-н ЗГ1405113150 тоот зээлийн гэрээний хугацаа 2025 оны 05 сарын 10-ны өдөр дуусах боловч зээл авсан үеэс эхлэн зээлийн гэрээний 2.4, 3.1.3-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 4.3-т заасныг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна. 2022 оны 05 сарын 19-ний өдрийн байдлаар 1013 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 1,381,043,680.02 /Нэг тэрбум гурван зуун наян нэгэн сая дөчин гурван мянга зургаан зуун наян төгрөг хоёр мөнгө/ төгрөг, үндсэн хүүд 785,750,903.11 /Долоон зуун наян таван сая долоон зуун тавин мянга есөн зуун гурван төгрөг арван нэгэн мөнгө/, нэмэгдүүлсэн хүүд 15,250,925.68 /Арван таван сая хоёр зуун тавин мянга есөн зуун хорин таван төгрөг жаран найман мөнгө/, шимтгэлд 3,151,275.56 /Гурван сая нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуун далан таван төгрөг тавин зургаан мөнгө/ нийт 2,185,178,720.36 /Хоёр тэрбум нэг зуун наян таван сая нэг зуун далан найман мянга долоон зуун хорин төгрөг гучин зургаан мөнгө /төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Зээлийн гэрээний 2.2-т заасны дагуу зээлийн хугацаа дууссанаас үл хамааран зээл төлөгдөж дуусах хүртэл хүүг үргэлжлүүлэн бодох ба гэрээний 2.5-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү бодно.
Иймд Г нь “С” ХХК-с ЗГ1405113150 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 2,185,178,720.36 /Хоёр тэрбум нэг зуун наян таван сая нэг зуун далан найман мянга долоон зуун хорин төгрөг гучин зургаан мөнгө / төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “С” ХХК-с Гтай байгуулсан ЗГ1405113150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,185,178,720.36 /Хоёр тэрбум нэг зуун наян таван сая нэг зуун далан найман мянга долоон зуун хорин төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.
2. ЗГ1405И3150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ1405113150 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдээс тус тус хууль тогтоомжийн дагуу хангуулж, мөн Ц.Сын БДГ1405113150 тоот хувийн батлан даалтын гэрээнээс тус тус хангуулж өгнө үү.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018.5.3-нд зээлийн гэрээ байгуулсан. 1 500 000 000 төгрөгийн зээлийг авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээгээр 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Мөн батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2025.5.10-нд дуусах боловч зээл олгогдсоноос хойш хуваарь зөрчигдөж байгаа тул гэрээг цуцалж зээлийг буцаан шаардаж байна. Үндсэн зээл 1 381 043 680.02 төгрөг, хүүд 785 750 903.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15 250 925.68 төгрөг, даатгалд 3 151 275.56 төгрөг, нийт 2 185 178 720.36 төгрөг нэхнэ. Гэрээний 2.2-т зааснаар хүү үргэлжлүүлэн бодно. Улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна. Иргэний хуулийн 153.1-т зааснаар тэргүүн ээлжид шаардлага хангуулах эрхтэй. 158.1-д зааснаар хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны эд зүйлийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Итгэмжлэл нь хурлын өмнө ирсэн. Хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүх хангаагүй. Иймд тайлбар гаргах боломжгүй байна. Хуралд оролцохоос татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: хүү тооцооллын хүснэгт /хх9-11/, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ1405113150 дугаар зээлийн гэрээний хуулбар /хх12-14/, мөн өдрийн ипотекийн гэрээний хуулбар /хх15-17/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000544974 дүгээр гэрчилгээний хуулбар /хх18/, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх19-20/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дүгээр гэрчилгээний хуулбар /хх21/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хх22, 23/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хх24, 25, 26, 27/, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн БДГ1405113150 дугаар батлан даалтын гэрээний хуулбар /хх28/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэр /хх29-30/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийдвэр /хх31-32/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамж /хх33-35/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 26ж2-3/1761 дугаар албан тоот /хх36/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн лавлагаа /хх94/, аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолтын хуулбар /хх95/, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар /хх96/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх97-98/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “С” ХХК-с 2,166,794,583.13 төгрөг гаргуулж, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үлдэх 18,384,137.23 төгрөгт холбогдох болон батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,381,043,680.02 төгрөг, хүүд 785,750,903.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,250,925.68 төгрөг, шимтгэлд 3,151,275.56 төгрөг, нийт 2,185,178,720.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчид “С” ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь түүний хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсантай холбогдуулан шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж, орхин гарсан.
Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЗГ1405113150 дугаар, 1,500,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх12-14/
Нэхэмжлэгч нь зээл олгосон дансны хуулгыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч нь зээл олгогдсон эсэх талаар маргаагүй тул шүүх зохигчдын маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж үзлээ.
Зээлийн гэрээгээр жилийн 20.4 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 84 сарын хугацаатайгаар гэрээ байгуулсан байна.
Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээ 4 жил, 23 хоног хэрэгжсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн гэж тайлбарласныг хариуцагч нь үгүйсгэж маргаагүй тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Зээлийн гэрээ хэрэгжсэн хугацаанд хариуцагчид үүссэн үүргийг тооцвол 1 жилд 306,000,000 /1,500,000,000*20.4%/ төгрөг, 4 жилд 1,224,000,000 төгрөг, 1 хоногт 838,356.16 /306,000,000/365/ төгрөг, 23 хоногт 19,282,191.68 төгрөг, нийт 1,224,838,356.16 төгрөгийн хүү тооцогдоно. Үүн дээр үндсэн зээлийг нэмбэл хариуцагчид нийт 2,724,838,356.16 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 499,410,405.95 төгрөг төлсөн гэж тайлбарлаж, холбогдох тооцоог ирүүлсэн бөгөөд хариуцагч нь буцаан төлсөн энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй.
Иймд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2,225,427,950.21 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй. Иймд нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.
Цаашлаад нэхэмжлэгч нь үндсэн зээлд 1,381,043,680.02 төгрөг, хүүд 785,750,903.11 төгрөг шаардсан. Тодруулбал, үндсэн зээл, түүний хүүд нийт 2,166,794,583.13 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч нь шимтгэлд 3,151,275.56 төгрөг шаардсан. Хэдийгээр зээлийн гэрээний 2.1.6-д зээлийн үнийн дүнгийн 0.5 хувиар шимтгэл тооцохоор заасан боловч энэхүү заалт нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд нийцэхгүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгч нь зээл олгох үйл явцад ийнхүү шимтгэл авах хэмжээний зардал гарсан гэдгийг нотлоогүй.
Иймд шимтгэл гаргуулах тухай шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
Эдгээрээс гадна нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлд шаардсан мөнгөн дүн тус бүрийн нийлбэр нь нийт шаардсан мөнгөн дүнгээс зөрүүтэй байх тул нийт нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хангаж шийдвэрлэсэн хэсгийг хасаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Зохигчид дээрх ЗГ1405113150 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ипотекийн гэрээ байгуулжээ. /хх15-17/
Ипотекийн гэрээний зүйл нь Ц.Сын өмчлөл болон эзэмшилд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн , Өлзийт гудамж тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 169,2 м.кв хувийн сууц, гарашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн хороо, Өлзийт тоотод байрлах, эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 650 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянзүрх дүүргийн тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 675 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянзүрх дүүргийн тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 828 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 840 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байна. /хх18-27/
Улмаар дээрх ипотекийн гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр болжээ.
Мөн барьцааны гэрээний тал болох Ц.С нь нэхэмжлэгчтэй зээлийн болон ипотекийн гэрээ байгуулагдсан өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. /хх28/
Түүнчлэн дээрх гэрээнүүд байгуулагдах өдөр хариуцагч “С” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.С байсан болох нь уг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх41/
Үүнээс үзэхэд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь өөрийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, ипотекийн гэрээ хүчин төгөлдөр байх тул хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дурдсан 8 төрлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч “Г” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр БДГ1405113150 тоот батлан даалтын гэрээг иргэн Ц.Стай байгуулсан боловч энэ хэрэгт түүнийг хариуцагчаар татаагүй, уг гэрээний үүргийг “С” ХХК-с шаардсан нь үндэслэлгүй байх тул батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч “С” ХХК-с зээлийн гэрээний үүрэгт нийт 2,166,794,583.13 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, үлдэх 18,384,137.23 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сын өмчлөл, эзэмшлийн ,,,,,,, м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 11,154,044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,062,122.92 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД