Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2022/03850

 

 

 

 

 

 

 

 

                               2022         11            30

                               184/ШШ2022/03850

              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж, 7а байр, 50 тоот хаягт оршин суух Их хайрхан овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

дүүрэг, 10 дугаар хороо, 44 дүгээр байр, 82 тоот 62,29 м.кв талбайтай орон сууцны өөрт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.******* миний бие өөрийн зээ дүү Ч.*******ийн хамт дүүргийн 10 дугаар Хороо, Их тойруу 44 дүгээр байрны 82 тоот 62.29 кв.м талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны өмчлөх эрхийг 2008 оноос хамтран өмчилдөг болно. 2013 онд Чадраабалын ******* надад хандаж ...”би энэ байрандаа амьдрахгүй, та эндээ амьдардаг юм чинь надаас энэ байраа худалдаж авч болно. Дүүд нь мөнгө хэрэгтэй байна, ашигтай бизнесийн саналууд гарч ирээд байна. Эргэлтийн мөнгөгүй болчихлоо"... гээд надад худалдах талаар санал тавьсан. Тэр үед байрны үнэ ханш хямд байсан бөгөөд тухайн үед би түүнд 25,000,000 төгрөгийг 4 хувааж түүнд төлөхөөр тохиролцож, уг мөнгийг төлж дууссаны дараа хариуд нь Ч.******* байрнаас нэрээ хасуулахаар тохиролцсон. Тэгээд миний бие энэ мөнгийг бөөнд төлж чадахгүй тул 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны оногдох хэсгийг “Зээлээр худалдах худалдан авах гэрээ" нэртэй гэрээ байгуулсан. Тухайн үед гэрээ байгуулсан өдөр нотариат орж баталгаажуулья гэхэд ..Та мөнгөө төлж дуусгасан үед чинь нотариат орж баталгаажуулъя гэхэд нь би зөвшөөрсөн. Ингээд миний бие тохирсон ёсоор Ч.*******д мөнгийг 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 6,250,000 төгрөг бэлнээр, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 6,250,000 төгрөг бэлнээр, 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 6,250,000 төгрөг бэлнээр, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 6,250,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг 4 жилийн хугацаанд бэлнээр төлж барагдуулсан.

Хамгийн сүүлд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 6,250,000 төгрөг авахдаа чи мөнгө төлсөн баримтуудаа надад өг, дандаа бэлнээр авах юм, баримт бичиж өг, нэрээ гэрчилгээн дээрээс хэзээ хасуулах юм гэхэд... За би баримт бичиж өгье гээд гэрээний хамгийн ар талд өөрөө гарын үсэг зураад өөрийн биеэр авсан мөнгөө гараараа бичиж өгөөд маргааш хоёулаа үл хөдлөх дээр уулзаад би танд шилжүүлээд өгчихье гээд цаг тохироод салсан.

Маргааш нь болзсон цагтаа хүлээгээд ирээгүй тул арга буюу миний бие утсаар холбогдоход “Та одоо дахиад 6,250,000 төгрөг нэмээд өгчих, тэгээд би танд өгье” гэж анх хэлж ярьж байснаасаа буцаж эхэлсэн тул үүнээс болж бид маргалдаж эхэлсэн. Тэгээд Ч.******* надад уурлаж утсаа авахгүй таг чиг алга болсон. Ч.*******ийг эрж сураад асуугаад олдохгүй, утсаар ярихаар өнөөдөр, маргааш гээд дандаа худлаа хэлдэг, эсвэл намайг хөдөө явж байхад за одоо та хүрээд ир гэж худлаа хэлдэг, хүрээд очихоор нэмж мөнгө өгөхийг шаарддаг тул хэрүүл маргаан болоод салдаг.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.******* миний бие Ч.*******ийн оногдох хэсгийг 4 хувааж түүнд хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр 2013 онд гэрээ байгуулсан бөгөөд гэрээний уг заалтаа миний бие бүрэн биелүүлж түүнд 25,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан.

Мөн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрэзг бичгээр хийнэ”, 263.2-т Тэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана”, 263.2.1-т “бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ”, 263.2.2-т “хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, 263.2.3-т “төлбөл зохих хүүгийн хэмжээ, 263.2.4 үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам, 263.3-т “Худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй”, 263.4-т “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлберийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ” гэжтус тус заасан байдаг.

Дээрх заалтын дагуу бид Иргэний хуулийн 263.1, 263.2, 263.2.1-263.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагын дагуу Зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийх шаардлага, гэрээнд тусгах төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөр зэргийг тохирсон хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг Ч.*******д бүрэн төлж барагдуулсан.

Иймээс уг орон сууцны хариуцагч Ч.*******ийн холбогдох хэсгийг бидний хооронд 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууцны оногдох хэсгийг зээлээр худалдах худалдан авах гэрээ” нэртэй гэрээний дагуу нэхэмжлэгч Д.******* миний бие 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4 хувааж бүрэн төлж барагдуулах замаар Ч.*******ээс түүний оногдох хэсгийг худалдан авсан. Бидний хооронд байгуулагдсан Орон сууцны оногдох хэсгийг зээлээр худалдах худалдан авах гэрээний 1.1.-т “Гэрээний нөхцөлийн дагуу худалдагч Ч.Одгэрэл нь дүүргийн 10 дугаар хороо, 44-82 тоотод байрлалтай, 62.29 м.кв орон сууцны өөрт оногдох хэсэг болох 50 хувийн 25,000,000 төгрөгийг Худалдан авагчид худалдах”, “Худалдан авагч тал болох Д.******* нь уг орон сууцны Ч.*******ийн оногдох хэсгийн 50 хувийн үнэ болох 25,000,000 төгрөгийг Ч.*******д бүрэн төлж дууссаны дараа Ч.******* өөрийн нэрийг уг байрны өмчлөгчдийн нэрээс нэрээ хасуулах”, 1.4-т “Худалдагч нь худалдан авагчийн худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг бүрдүүлж өгөх бөгөөд талууд уг бүртгэлтэй холбоотой зардлуудыг харилцан тохирч шийдвэрлэнэ” гэж тус тус заасан болно. Гэтэл худалдагч тал болох Ч.******* гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй гэрээний 1.1-т заасны дагуу миний бие гэрээнд заасан 25,000,000 төгрөг төлөх үүргээ бүрэн төлж дуусгасан байхад, Ч.******* нэрээ үл хөдлөхийн гэрчилгээн дээрээс нэрээ хасуулахгүй, өөрийн оногдох хэсгээ надад шилжүүлэхгүй худал үнэн ярьсаар, сүүлдээ гэрээнд заагаагүй өндөр үнэ нэмж өгөхийг шаардаж байгаа тул түүний уг үйлдлийг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Нэхэмжлэгч миний бие уг гэрээнд заасны дагуу түүний оногдох хэсэг болох 50 хувийн 25,000,000 төгрөгийг түүнд бүрэн төлж дууссан тул Ч.*******д оногдох хэсгийн шударга өмчлөгч нь нэхэмжлэгч Д.******* миний бие мөн тул уг орон сууцны Ч.*******д оногдох хэсгийг гэрээний дагуу түүнээс шаардах эрхтэй гэж үзэж байгаа болно.

Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчлөлийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байхаар Иргэний хуульд хуульчилсан байдаг.

Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.******* миний бие уг орон сууцны Ч.*******д оногдох хэсгийг бүрэн төлсөн тул Ч.*******д холбогдох хэсгийн шударга өмчлөгч гэж үзэж байгаа болно.

Тиймээс нэхэмжлэгч миний бие хариуцагч Ч.Одгэрэлээс дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу 44 дүгээр байрны 82 тоот 62.29 кв.м талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны Ч.*******д оногдох хэсгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар дүүргийн орон сууцны гэрчилгээ дээр хариуцагч Ч.*******ийн нэр байсаар байгааг хууль бус гэж үзэж түүнээс шаардаж байгаа болно.

Иймд Д.******* намайг дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу 44 дүгээр байрны 82 тоот 62.29 кв.м талбайтай, улсын бүртгэлийн Ү-  дугаартай орон сууцны Ч.*******д холбогдох хэсгийн өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гэрээний дагуу орон сууцны Ч.*******ийн оногдох хэсэг 50 хувийн үнэ болох 25,000,000 төгрөгийг Ч.*******д бүрэн төлж барагдуулсны дараа Ч.******* өөрийн нэрийг уг байрны өмчлөгчийн нэрнээс хасуулахаар тохиролцож, 25,000,000 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулсан нь үнэн.

Тухайн үед байрыг шилжүүлж авья гэж байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд 2013 оноос хойш өнөөдрийн байдлаар орон сууцны зах зээлийн дундаж үнэ хэд дахин өссөн тул төлбөрөө дахин тохиролцохоор Д.*******ид хэлж байсан.

Төлбөрийн асуудлыг дахин тохиролцох талаар хэлэхэд Д.******* зөвшөөрөөгүй тул байрыг шилжүүлж өгөөгүй. Харин Д.******* төлбөрийн асуудал дээр дахин тохиролцоонд хүрнэ гэвэл байрыг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй.

Гэрээ байгуулснаас хойш удаан хугацаа өнгөрсөн, орон сууцны үнийн өсөлтөөс шалтгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Д.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй дүүрэг 10 дугаар хороо Их тойруу 44 дүгээр байрны 82 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууцны оногдох хэсгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ түүний хавсралт, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2022/11033 дугаартай захирамж, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШЗ2022/13290 дугаартай захирамж.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Итгэмжлэл, хариу тайлбар.

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь “ дүүрэг 10 дугаар хороо Их тойруу 44 дүгээр байрны 82 тоот 62.69 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай хоёр өрөө орон сууцны Ч.*******д оногдох хэсгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Харин хариуцагч талаас орон сууцны үнэ өссөн тул 15,000,000 төгрөг нэмж өгвөл орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнээс нэрээ хасуулж болно гэж маргадаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. дүүрэг 10 дугаар хороо Их тойруу 44 дүгээр байрны 82 тоот 62.69 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Д.*******, Ч.******* нар бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн 61493 дугаар, Ү- дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна /хх-8х/.

3. Зохигчид орон сууцны оногдох хэсгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууцны оногдох хэсгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний эх хувиар тогтоогдож байна /хх-9-12х/.

2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орон сууцны оногдох хэсгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.1, 1.2, 2.1, 2.2, 3.3, 3.5-т заасан заалтууд болон гэрээний хавсралтаар хариуцагч Ч.******* дүүрэг 10 дугаар хороо Их тойруу 44 дүгээр байрны 82 тоот 62.69 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай хоёр өрөө орон сууцны өөрт оногдох хэсэг болох 50 хувийг 25,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Д.*******ид худалдахаар тохиролцсон, нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс хариуцагч өөрийн нэрийг хасуулах үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон ба хариуцагч нь 25,000,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан даруй 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид орон сууцны 100 хувь эзэмших эрхийг нээж өгөхөөр, мөн гэрээ байгуулснаас үнийг бүрэн төлж дуусгах хүртэл гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй гэж тусгаж зохигчид харилцан тохиролцсон байна.

Гэрээний хавсралтаар төлбөр төлөх хугацааг 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 6,250,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 6,250,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 6,250,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 6,250,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг байхаар тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Зохигчид худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, 25,000,000 төгрөгийг бүрэн төлсөн дээр маргаагүй, гэрээний хавсралтын төлбөрийн хуваарь дээр дээрх гэрээний төлбөр төлөх хугацаанд 4 хувааж төлбөрийг нэхэмжлэгчээс хариуцагч авсан талаарх хариуцагч Ч.*******ийн гараар бичиж тэмдэглэсэн гэрээ дүгнэсэн бичвэрээр гэрээний төлбөр дууссан нь тогтоогдож байна. Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч нэмж 1,500,000 төгрөгийг түүнд 2022 оны 05 дугаар сард П.гоос зээлж өгсөн талаар гэрч П.н мэдүүлэг, зохигчид энэ талаар маргаагүй зэргээр тогтоогддог.

4. Нэхэмжлэгчээс дүүрэг 10 дугаар хороо Их тойруу 44 дүгээр байрны 82 тоот 62.69 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай хоёр өрөө орон сууцны Ч.*******д оногдох хэсгийг худалдан авсан гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлдог боловч зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөл буюу гэрээнд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан нөхцөл уг гэрээнд тусгагдаагүй, ялангуяа төлбөл зохих хүүгийн хэмжээ тусгаагүй байх тул энэхүү гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчиийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэж байгааг тодруулах нь зүйтэй юм.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заажээ.

Харин хариуцагч Ч.******* нь Д.*******ийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхээ эдлэхэд саад учруулж, шударга өмчлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, гэрээнд заагдаагүй нэмэлт төлбөр шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь Орон сууцны оногдох хэсгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.5-т зааснаар няцаагдана, мөн нэмэгдүүлсэн орон сууцны үнэ болох 15,000,000 төгрөгийг нэхэмжилж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

5. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хариуцагчаас орон сууцны оногдох хэсгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацааны маргаагүй тул шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг хэрэглээгүй болно.

6. Иймд Нэхэмжлэгч Д.*******ийг улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй дүүрэг, 10 дугаар хороо Их тойруу 44 дүгээр байрны 82 тоот 62.69 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны Ч.*******д оногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дүүрэг 10 дугаар хороо Их тойруу 44 дүгээр байрны 82 тоот 62.69 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай хоёр өрөө орон сууцны *******ын ******* /РД:*******/-д оногдох хэсгийн өмчлөгчөөр *******ын ******* /РД:*******/-ийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  

56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД