| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0196/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/204 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Н
Улсын яллагч: Ц.Ц,
Шүүгдэгч: М.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 2519000000208 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ,,,, оны ,, дүгээр сарын ,,-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, , ,,, настай, тусгай дунд боловсролтой, Танкны механикч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид механик ажилтай, ам бул 3, аав, ээжийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян Догмидын 2а-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Илдынхэн овгийн Мөнхсүрэн овогтой Мөнх-Отгон /РД: ЕП98091916/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: Яллагдагч М.М нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг саатуулан шалгаж байсан цагдаагийн алба хаагч Г.Г-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж албаны дүрэмт хувцсыг урж, "Чамайг Зүүнбаянд явуулахгүй, ална, пизда минь" гэх мэтээр харааж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч М.М нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг саатуулан шалгаж байсан цагдаагийн алба хаагч Г.Г-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж албаны дүрэмт хувцсыг урж, "Чамайг Зүүнбаянд явуулахгүй, ална, пизда минь" гэх мэтээр харааж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Г-ийн "...2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Олон нийтийн цагдаа Б.Э-ын хамт орой Зүүнбаян багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 20 цагийн орчим тус багийн төв зам дээр зогсож байтал 22-79 ДГС улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг дохитол зогсоогүй намайг өнгөрөөд явчихсан. Би араас нь явахад 1-р 58 айлын зогсоол дээр очихоор нь би олон нийтийн цагдаагийн хамт очиход жолооч нь буугаад ирсэн. Би бичиг баримтаа шалгуулахыг шаардахад хажууд нь сууж явсан М гэх залуу голоор орж ирээд надад саад болоод байсан. Тэр залуу нь армийн албаны хувцастай явж байхаар нь цэргийн цагдаа болох З гэх хүнд мэдэгдсэн. Тэр хүн ирэхэд мөн адил шаардлагыг нь биелүүлээгүй. Тэр 2 хоорондоо зууралдаад байхаар нь би М болон жолооч Г гэх 2 залууг машиндаа суулгаад цагдаагийн хэсэг рүү явсан. Намайг ирсний дараа 336 дугаар ангийн удирдлагууд ирчихсэн байсан. Орж ирэхэд нь гадагшаа гаръя гэж М-д хэлэхэд гадагшаа гарахгүй гэтэл миний нүүрэн тус газар тул ирж зогсоод байсан. Тэгэхээр нь би цаашаа гээд түлхэхэд миний албаны кителнээс татаад 2 суга урагдсан. Би тэндээс Олон нийтийн цагдаагийн хамт Цагдаагийн газарт ирээд эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 3-р тал/,
Гэрч Б.Г-гийн "... 2025 оны 06 дугаар сарын 13-ны орой би найз М-той пиво хувааж уугаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зүүнбаян багийн 1 дүгээр 58 айлын гадна талын зогсоол дээр баригдсан юм. Тэгтэл тухайн үед тус багийн хэсгийн байцаагч Ганхуяг намайг шалгаж байх явцад М тухайн цагдаатай гадаа гарчхаад муудалцаад байсан. Гадаа бүрэнхий болчихсон байсан. Тэгээд манай цэргийн цагдаа Золбаяр ирээд шаардлага тавьсан ба мөн түүнтэй М муудалцаад байсан. Түүний дараа цагдаагийн хэсэг дээр очоод өрөөнд нь М бид 2 болон олон нийтийн цагдаагийн хамт хэсгийн байцаагч Г байсан. Би хувцсыг нь хаана урсныг нь мэдэхгүй байна. Сайншандад цагдаа дээр ирээд китель хувцас нь урагдсаныг нь мэдсэн. Гадаа тэр хоёр барилцаж аваад байсан тэр үед урагдсан байх гэж бодож байна. Би тэр үед найз М 4 сав 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уусан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,
Гэрч Б.Э-ын "...2025 оны 06 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчим миний бие тус багийн хэсгийн байцаагч Ганхуягийн хамт Зүүнбаянд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг саатуулсан. Тэр үед түүний хажууд сууж явснаа М гэх залуу бууж ирээд яасан гэж шалгуулдаг юм ороод амарчихъя гээд согтуураад байсан. Тэгэхээр нь хэсгийн байцаагч Г цэргийн цагдаа З-ыг дуудаад иртэл З-ын мөн адил үгэнд нь орохгүй муудаад байхаар нь машинд суулгаад цагдаагийн хэсэг дээр авчирсан. Дотор байхдаа Г-т хандаж М нь чамайг Зүүнбаянд явуулахгүй ээ харнаа чамайг ална гэх мэтээр өндөр дуугаар орилоод байсан. Би гарчхаад 1 минут ч болоогүй ороод иртэл Г-ийн энгэрээс нь зуурчихсан ална пизда гэх мэтээр харааж байсан. Тэр үед Г-ийн хээрийн хувцасны кителний баруун талынх нь суга нь урагдсан байсан...." гэх мэдүүлэг /хх- ийн 10-р тал/,
Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай "1. Г-ийн өмсөж явсан гэх албаны дүрэмт хувцсанд шинээр үүссэн ханзралтууд байна. 2. Уг ханзралтуудыг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. 3. Хар хөх өнгийн цагдаагийн албаны дүрэмт цамцанд үүссэн ханзралтууд нь татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байна." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/,
Төрийн албан хаагчийн анкет /хх-ийн 34-р тал/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 40-41-р тал/,
Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 52-61-р тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э гэм буруутай эсэх талаар хийсэн дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд торгох шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар "Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн…бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан байх ба шүүгдэгч нь гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэл гэж үзсэн ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг буюу Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай.
Шүүгдэгч М.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч М.Мөнх-Отгоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг буюу Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар тохиролцсон тул саналыг баталж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Police гэсэн бичигтэй хар хөх өнгийн цагдаагийн албаны хувцас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Илдынхэн овгийн М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг буюу Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Police гэсэн бичигтэй хар хөх өнгийн цагдаагийн албаны хувцас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ