Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/644

 

Б.Б-од холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Баттөгс,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/283 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905028130152 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.Б-, 1970 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа оршин суух хаягийн бүртгэлтэй,

             - Ажилчны районы шүүхийн 1986 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

             - Октябрын районы шүүхийн 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 93 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Октябрын районы шүүхийн 1990 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар,

            - Октябрын районы шүүхийн 1991 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 237 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж, нийт эдлэх хорих ялыг 14 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосон,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 14 жил 8 сар 15 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 6 хоногийн зарим болох 5 сарыг нэмж, нийт эдлэх хорих ялыг 10 жил 6 сарын хугацаагаар тогтоосон ба 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 960 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан ялаа эдэлсэнд тооцсон,

            Б.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 10 цагийн үед ***  тоотод оршин суух С.Н-ын байшинд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Sony” загварын LCD зурагт 1 ширхэг, “Samsung S4” загварын гар утас 1 ширхэг, “Samsung Note2” загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 472.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                        

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний бие 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан даруйдаа шударга хөдөлмөрлөн нийгэмшиж амьдрахыг зорьж, 9 жилийн хугацаанд улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудад олон ажил, албыг алдаа дутагдал гаргалгүй хашиж байсныг харгалзан үзэж нийгэмших боломж олгохыг хүсэж байна. 2. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эдгээр байдлыг анхан шатны шүүх шийдвэртээ бүрэн гүйцэд тусгаагүй байна. 3. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч аваагүй. Харин энэ удаад өмгөөлүүлэх хууль ёсны эрхээ хангуулж, өмгөөлөгчтэйгээр хэргээ шийдүүлэх боломж олгохыг хүсэж байна. Дээрх шалтгаануудыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б-ын хувьд гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Тэрээр анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол бүрэн төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдлыг болон хувийн байдлын хувьд өндөр настай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

            Прокурор В.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Б.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. ...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Б.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 10 цагийн үед ***  тоотод оршин суух С.Н-ын байшинд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Sony” загварын LCD зурагт 1 ширхэг, “Samsung S4” загварын гар утас 1 ширхэг, “Samsung Note2” загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 472.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хохирогч С.Н- нь “...2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 10 цаг 20 минутын үед охин “Ээж зурагтаа яасан юм бэ” гэхээр нь босоод хартал зурагт байхгүй байсан. Би том өрөөндөө ач охиноо тэврээд унтаж байсан юм. Хүүхдүүд 10 цаг гээд ажилдаа явцгаасан. Манай 42 инчийн “Sony” загварын зурагт, зурагтын өмнө байсан миний “Samsung S4” загварын гар утас, охины толгой дээр байсан “Samsung Note2” загварын гар утас зэрэг алга болчихсон байсан. ...” /хх 52-53/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийн шинж байдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - гэрч М.Д-ын “...би хөлийн чимээнээр сэрсэн. Хүн гарч явж байна гэж сонссон. ... би хоёр ахыгаа гарч байгаа юм байна гэж бодсон. Удалгүй ажилдаа явахаар босоод цаг хэд болж байгааг харах гээд өөрийн гар утсаа тавьсан газраа үзтэл байхгүй ... орон доогуур хайгаад олдохгүй байсан. Зочны өрөөний хөшиг нээлттэй болохоор ээж сэрсэн байна гэж бодоод ортол зурагт байхгүй байсан. 42 инчийн “Sony” загварын зурагт, “Samsung S4” загварын гар утас, миний өөрийн гар утас болох “Samsung Note2” загварын гар утас зэрэг алдагдсан. ...” /хх 32/,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25-29/,

            - алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 46-47/,

            - 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 10 цаг 08 минут 13 секундын үед хар өнгийн цамц, өмд гуталтай эрэгтэй хүн хойноос урагш чиглэлд зүүн гартаа зурагт бариад хэргийн газраас холдож байгаа байдлыг харуулсан хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23-24/,

            - шүүгдэгч Б.Б-ын аж байдлын талаар болон дээрх дүрс бичлэг дээрх эрэгтэй хүнийг Б.Б- мөн болохыг таньсан талаар мэдүүлсэн гэрч Р.Б-ийн “...би өөрийн амьдардаг хаяг болох *** тоотод маш олон жил амьдарч байна. 2014 онд манай найз Г-ийн ах Б- нь манайд жижиг амбаарт ирж 4 сар орчим амьдарч байгаад Багануур луу ажлаар явсан. Тэгээд холбоогүй байж байгаад 2019 оны 4 дүгээр сарын дундуур байх хороололд явж байгаад Б-той таарахад “Реклам самбарын газар ажиллаж байгаа, танай хашаанд угсраад хийе” гэж хэлсэн. Манайд 5 дугаар сарын эхээр ирж манай байшинд амьдарч эхэлсэн. ... 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байхаа ногоон байрны дэлгүүрээс тамхи аваад явж байхад манай хэсгийн байцаагч намайг дуудаад бичлэг үзүүлсэн. Тэгээд тэр бичлэгийг харахад Б- зурагт тэврээд явж байсан. Би өмссөн хувцсаар нь таньсан. ...” /хх 34/,

            - шүүгдэгч Б.Б-ын гэм буруугаа хүлээсэн “...би тэр өдөр архи уучихсан байсан. Хашаа даваад Суурийнд орох гэж байгаад архины халуундаа айлд ороод зурагт аваад гарчихсан байсан. Улмаар ломбардад тавьж архи авч уусан. ...” /хх 146/ гэсэн мэдүүлгүүд зэргээр давхар нотлогджээ.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

            Хүн амьдрах орон байр, үйлчилгээний танхим, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд оршин суугчид мэдэгдэлгүйгээр, амьдарч буй орон байрных нь үүд хаалга онгорхой байдлыг ашиглан сэм орж буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг илт агуулсан гэж үзэхээр байна.

            Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хорих ял шийтгэхээр тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Б-од анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.Б- нь давж заалдсан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсанаас хойш 9 жилийн хугацаанд улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудад олон ажил, албыг алдаа дутагдал гаргалгүй хашиж, нийгэмшиж амьдарсан, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшин хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг иш татсан байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдэж, шүүхээр 6 удаа ял шийтгүүлж байсан атал энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, засрал хүмүүжил олоогүй, согтуурсан үедээ дахин хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б-ын 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 72/, таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 76-85, 138-144/-аар шүүгдэгч Б.Б- нь урьд 6 удаагийн ял шийтгэлтэй байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт түүнийг 5 удаагийн ял шийтгэлтэй гэж тусгасан, үүнийг нь анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо удиртгал хэсэгт энэ байдлаар нь хуулж бичсэн байх тул давж заалдах шатны шүүх магадлалдаа зөвтгөн зассан болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/283 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 50 /тавь/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                          Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН