| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2022/00294/И |
| Дугаар | 136/ШШ2022/00524 |
| Огноо | 2022-12-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 136/ШШ2022/00524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х а с ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д хХХК /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 17,727,363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О
Өмгөөлөгч: Н.Б,
Хариуцагчийн төлөөлөгч Т.Ш
Нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х а с ХХК-нь хариуцагч Д хХХК-нд холбогдуулан 17,727,363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах байдлаар тодорхойлж байна. Манай компани нь 2021 оны *** дугаар сарын ***-ны өдөр Д хХХК-тай 2600 мкв талбайд явган замын өнгөт хавтанг 1 мкв-ыг 15,000 төгрөгөөр, 480 ширхэг явган замын хашлага 1 ширхгийг нь 2080 төгрөгөөр 30 хоногийн дотор нийлүүлэхээр гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу урьдчилгаа 25 хувь буюу 10,000,0000 төгрөг, гэрээ баталгаажсанаас хойш 3 хоногийн дотор 25 хувь буюу 10,000,000 төгрөг, сүүлийн төлөлт 50 хувийг ажил дууссаны дараа төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу Д хХХК нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Г бны ***** тоот данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш гэрээний дагуу мөнгө шилжүүлэхгүй бага багаар шилжүүлэн нийт 24,470,000 төгрөгийг өгсөн. Манай компанийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 20-нд гэрээнд заасан бүх хавтанг нийлүүлж үлдэгдэл 15,530,000 төгрөг,зээлээр олгосон барааны материалын үлдэгдэл төлбөр 2,197,363 төгрөг нийт 17,727,363 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д хХХК нь Х а с ХХК-тай 2,600 мкв талбайд хавтан нийлүүлэх гэрээ байгуулаад гэрээний төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохиролцсон боловч урьдчилгаа 10,000,000 төгрөгийг төлөөд үлдсэн мөнгийг төлөөгүй. Үлдэгдэл төлбөрөө бараа материал нийлүүлсэнтэй холбоотойгоор тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж авсан. Хавтаст хэрэгт гэрчээр А-ын мэдүүлэг байдаг. Үүнд бид нар 1,000,000 төгрөгийн цалин авсан талаар хэлдэг. Үүнийг үндэслээд Д хХХК-иас ажилсан 4 ажилчдын цалинг 5,400,000 төгрөгөөр тооцож бүх зарлага 24,470,000 төгрөгийг цувуулж авсан гэж үзэж байна. 2022 оны 03 дугаар сард Соёмбо цогцолборын явган хүний замд 350 мкв хавтан дутсан тул хариуцагч талаас бараа материал, ажилчид гаргаагд өгье гэж гуйсны үндсэн дээр өмнөх гэрээний үнийн дүнгээр 1 мкв хавтанг 15,000 төгрөгөөр тооцож 950 мкв хавтанг нийлүүлсэн. Үүнээс 54,236,063 төгрөгийг хариуцагч компаниас авах байсан боловч 36,509 төгрөгийн бараа материал аваад үлдэгдэл болох 17,727,363 төгрөгийг өгөөгүй....Нэхэмжлэгчийн зүгээс эхний ажилд гэрээ байгуулсан боловч сүүлчийн 950 мкв хавтан нийлүүлэхэд хариуцагчид итгэж итгэлийн үндсэн дээр гэрээ байгуулсан. Хариуцагчийг бараа материал болон ажилтнаас өгье гэхээр нь гүйцэтгэлийн үнийн дүнгээс хасаад тооцож тухайн үед баталгаажуулах боломжгүй буюу итгэлцлээр хийсэн учраас нотлохын тулд хавтангийн гэрэл зураг, бараа материалын 9 ширхэг шуудайн зураг, дэвтэр зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Иймд хариуцагч компанид 10,440 ширхэг нийт 39,040 ширхэг хавтан нийлүүлсэн гэж үзэж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахаар шаардаагүй учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Х а с ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 40 сая төгрөгийн үнийн дүнтэй бараа материал нийлүүлэх гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан ч тус компани гэрээний хугацаанд багтааж нэг ч бараа материал нийлүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй боловч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний дагуу бараа материал нийлүүлэлтийг хийж дуусгасан.
Гэвч барилга байгууламж барих ажил өвлийн улиралд явагдах боломжгүй тул бид тухайн үед үйл ажиллагаагаа зогсоож 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буцаан эхлүүлж 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хийж дуусгасан.
Х а с ХХК нь гэрээний хугацаанд багтааж бараа материалаа нийлүүлээгүйгээс болж манай компани төлөвлөснөөс өндөр өртгөөр ажил үйлчилгээгээ явуулж алдагдалд орсон бөгөөд арилжааны банкинд хугацаа хэтэрсэн өр зээлтэй болон хохирсон.
Иймд бид Х а с ХХК-ийн нэхэмжилсэн 17 сая төгрөгийг өгөх боломжгүй. Манай компани 2021 оны *** сарын ***-аас хойш өнөөдрийг хүртэл 49 сая 214 мянган төгрөг өгсөн. Авсан материал хавтан 38440 ширхэг буюу 3495м2 үнийн дүн 52 сая 425 мянган төгрөг, авсан бордер 250 ширхэг үнийн дүн 1,500,000 төгрөг. Манайх нийт 53,925,000 төгрөг өгсөн. Өгсөн мөнгөө хасаад 4,711,000 төгрөгийг улсын комисс орж ажил хүлээн авсны ар дээр өгнө гэв.
Манай талаас 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд энэ ажлыг дуусгах байсан. Банкнаас гэрээ барьцаалсан зээл авсан. Гэрээнд урьдчилгаа 10,000,000 төгрөг, явцын дунд 10,000,000 төгрөг, дуусахаар нь бүх мөнгөө өгнө гэж байсан боловч одоог хүртэл энэ ажлаа хүлээлгэж өгөөгүй. Банкны хүү бодогдоод явж байгаа. Хэрвээ нэхэмжлэгч тал хугацаандаа бараа материалаа нийлүүлсэн байсан бол манай ажил дуусаж нэхэмжлэгч тал тооцоогүй болох байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг өгөх боломжгүй юм. Манай компанийн хувьд дампуурч байгаа. Ер нь бол нэхэмжлэгч компаниас болоод дахин үйл ажиллагаа явуулах үндэслэлгүй болсон. Хэрвээ нэхэмжлэгч энэ мөнгийг авна гэж байвал хавтангийн чанарын баталгаа, гэрчилгээ зэргийг өгөөгүй. Сумын Тамгын газраас хавтанд олон асуудлыг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл далий, мурий, хэв солиогүй зэрэг асуудлууд байгаа. Ер одоо 4сая гаруй төгрөг л өгөх байх гэв.
Нэхэмжлэгчээс: итгэмжлэл /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, худалдах, худалдан авах гэрээ /хх 6-8/, /5405117280 тоот дансны хуулга 11-13,26,27/, шүүхэд гаргасан хүсэлт /хх-24, 47/, гэрчийн мэдүүлэг /хх-61-62,65-68/ тооцооны хуудас /хх-10/, баримтууд /хх 26-28/, фото зураг /хх-29-35,48/, ажилчдын ирцийн бүртгэл /хх-36 зэрэг баримтууд, соёмбо цогцолборын шинэчлэлтийн гэрээ /хх-38-43/, дансны хуулга /хх-44-45/ зэрэг баримтууд,
Хариуцагчаас: Тайлбар /хх-22/,тооцооны хүснэгт/23/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Д хХХК-иас гэрээний төлбөр 15,530,000 төгрөг, зээлээр олгосон бараа материалын үлдэгдэл төлбөр 2,197,363 төгрөг нийт 17,727,363 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Х а с ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Д хХХК-тай худалдах худалдан авах гэрээ хийжээ.
Гэрээнд зааснаар 2600 мкв талбайд явган замын өнгөт хавтанг 1 мкв-ыг 15,000 төгрөгөөр, 480 ширхэг явган замын хашлага 1 ширхэгийг нь 2080 төгрөгөөр 30 хоногийн дотор нийлүүлэхээр. Гэрээний дагуу урьдчилгаа 25 хувь буюу 10,000,0000 төгрөг, гэрээ баталгаажсанаас хойш 3 хоногийн дотор 25 хувь буюу 10,000,000 төгрөг, сүүлийн төлөлт 50 хувийг ажил дууссаны дараа төлөхөөр тохиролцсон,
Гэрээний дагуу Д хХХК нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Г бны 5405117280 тоот данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш бага багаар мөнгө шилжүүлж нийт 24,470,000 төгрөгийг шилжүүлэн төлсөн.
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс Д хХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***-р багт байрлах Соёмбо цогцолборын гадна талын талбайг засаж байгаа ба засахад шаардлагатай бараа материалыг манай компаниас зээлээр авч бараа материал нийлүүлэхэд ажилласан ажилчдын цалинг Д хХХК өгөхөөр тохиролцсон.
Зээлээр өгсөн бараа болон ажилчдын цалин нийт 14,236,363 төгрөг өгөхөөс 12,039,000 төгрөгийг өгч үлдэгдэл 2,197,363 төгрөг өгөөгүй.
Д хХХК-иас гэрээний төлбөр 15,530,000 төгрөг, зээлээр олгосон бараа материалын үлдэгдэл төлбөр 2,197,363 төгрөг нийт 17,727,363 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Худалдах худалдах гэрээгээр 15,530,000 төгрөг нэхэмжилсэн,мөн зээлээр өгсөн барааны үнэ, ажилчдын цалин 2,197,363 төгрөг нийт 17,727,363 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй, хавтангийн чанарын баталгаа, гэрчилгээ зэргийг өгөөгүй. Сумын Тамгын газраас хавтанд олон асуудлыг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл далий, мурий, хэв солиогүй зэрэг асуудлууд байгаа. 4 сая гаруй төгрөг л төлнө гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар түүнэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх,татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж,гаргаж өгөх мөн хуулийн 25.2.3 дахь хэсэгт заасан шүүхийн дуудсанаар ирэх, шүүхээс тавьсан шаардлыг биелүүлээгүй байна.
Иймээс нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэл,тайлбар түүнтэй холбоотой шүүхэд гаргаж өгсөн худалдах, худалдан авах гэрээ /хх 6-8/, /5405117280 тоот дансны хуулга 11-13,26,27/, шүүхэд гаргасан хүсэлт /хх-24, 47/, гэрчийн мэдүүлэг /хх-61-62,65-68/ тооцооны хуудас /хх-10/, баримтууд /хх 26-28/, фото зураг /хх-29-35,48/, ажилчдын ирцийн бүртгэл /хх-36 зэрэг баримтууд, соёмбо цогцолборын шинэчлэлтийн гэрээ /хх-38-43/, дансны хуулга /хх-44-45/ нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-Худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ,эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх,худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж,худалдан авсан хөрөнгөө хүлээн авах,
Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон ...барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх,зөөх тээвэрлэх,хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж тус тус зааснаар хариуцагч Д хХХК-иас 17,727,363 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х а с ХХКнд олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д хХХК-иас 17,727,363 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х а с ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х а с ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,587 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д хХХК-иас 246,587 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х а с ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ