| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2022/00537/И |
| Дугаар | 136/ШШ2023/00027 |
| Огноо | 2023-01-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 136/ШШ2023/00027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж- д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ажилгүй байсан хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: О.О
Хариуцагч: С.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.О нь Дорноговь аймгийн А сумын Засаг дарга С.Жд холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын үлдэгдэл 21,807,758.9 төгрөг болон энэ шүүх хурлын шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч О.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Дорноговь аймгийн А сумын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны **** дугаар сарын *****-ны өдөр А сумын Засаг даргын захирамжаар ажлаас халагдсан. Миний бие тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж тухайн асуудлыг шийдвэрлүүлсэн. Ингээд гурван шатны шүүхээр О.О миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.... Дээд шатны шүүхийн шийдвэр 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тухайн маргаан дуусгавар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн. Энэ хугацаанд эхлээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар өөрийн хүсэлтээ бичгээр хариуцагчид гаргасан. ...Үүнээс хойш асуудал шийдэгдээгүй явж байгаад 08 дугаар сарын 27-ны үед шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхэд дахин хянуулахаар хариуцагч тал гомдол гаргасан....нэхэмжлэлийг 11 сарын 04-ний өдөр гаргасан. Тухайн нэхэмжлэлээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан олговрыг шүүхээр шийдвэрлүүлсэн байсан учраас одоо дахин үлдсэн хугацааны цалингийн нэхэмжлэлийг гаргасан. Үүнд нэгдүгээрт цалинг нэхэмжлэх хугацаа болон ажилд орох хүртэл хугацаа ба шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааг тооцож цалинг нэхэмжилсэн. Хоёрдугаарт нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагуудыг гаргасан. Би өнөөдрийн хувьд Засаг даргын захирамжаар ажлаа хүлээж аваад 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилд орсон. Шүүхийн шийдвэр хэрэгжиж хууль дүрэм биелэгдэж байгаад талархаж байна гэв.
Хариуцагч С.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн сүүлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд өмнөх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нягтлан бодогчоор бодуулж авсан. Энэ хүн өмнөх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа буцаж байна гэж ойлгож байна. 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр нь хариу тайлбар гаргасан байгаа. Одоо энэ хүн өмнөх нэхэмжлэлийн шаардлагаас буцаж байгаа учраас одоо гаргаж буй нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүүлийн 42 хоногт шинэ журам барьж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, 2022 оны **** сарын ****-ний өдрийн 001/ШХТ2022/00112 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хуулбар /хх-5/, 2021 оны**** сарын *****-ны өдрийн 202/МА2021/00026 дугаартай Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /хх-6-15/, 2021 оны *** сарын *****-ний өдрийн 136/ШШ2021/00244 дугаартай Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-16-20/, 2022 оны**** сарын ****-ний өдрийн А/122 дугаартай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал, хавсралтын хуулбар /хх-21-22/, 2020 оны **** сарын 09-ний өдрийн Б/09 дугаартай Дорноговь аймгийн Асумын Засаг даргын захирамжийн хуулбар /хх-23 зэрэг баримтууд
Хариуцагчаас: Тайлбар /хх-31-32/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч: О.О, Дорноговь аймгийн Асумын Засаг дарга С.Жд холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шүүх хурлын шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны олговор нийт тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
2021 оны **** дүгээр сарын 29-ний өдрийн 136/ШШ2021/00244 дугаартай Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч О.Оийг Асумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 7,427,948.69 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.
2021 оны **** дугаар сарын 08-ны өдрийн 202/МА2021/00026 дугаартай магадлал болон Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны ***** сарын 31-ний өдрийн 001/ШХТ2022/00112 тогтоолоор дээрхи шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Гэтэл Дорноговь аймгийн Асумын Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлж,
2022 оны **** дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаартай захирамжаар 2023 оны *** дүгээр сарын 02-ны өдрөөс нэхэмжлэгч О.Оийг Асумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоожээ.
2021 оны **** дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны ***дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзлээ.
Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор 30,347,898 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 5,249,772 төгрөгийг хасч 25,098,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийлгэхийг үүрэг болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Цалин хөлсийг тооцохдоо Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаал дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэн тооцлоо.
2022 оны 10,11,12 сарын дундаж цалин/1,126,198*3=3,378,594.00 төгрөг,
2022 оны 10,11,12 сарын нийт ажлын өдөр 63 өдөр,
Удаан жилийн нэмэгдэл 20 хувь буюу 60/ 225*3=675,718.80 төгрөг/
Зэрэг дэвийн нэмэгдэл 15 хувь буюу 45/168,929.70=506,789.10 төгрөг/
Орон нутагт ажилласны нэмэгдлийн хувь 15 хувь буюу 45/168,929.70*3=567,891.00/
3 сарын нийт цалин 1,689,297.00*3=5,067,891.00 төгрөг, 3 сарын цалингийн дундаж цалин буюу нэг өдрийн цалин 80,442.71 ажилгүй байсан хугацаа 312 хоног 80,442.71х312=25,098,126.86 төгрөг
/Тооцоололоор нэг өдрийн цалинг 80,442.71 төгрөг ажилгүй байсан 312 хоногоор үржүүлж нийт олгох ёстой цалин 25,098,126.56 төгрөг гэж тооцов./
2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор 25,098,126.56 төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Асумын Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч О.От олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Асумын Засаг даргаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Асумын Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт 30,347,898 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,249,772 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймгийн Асумын Засаг даргаас 25,098,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И г овогт О-ын О(РД:***********)-т олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 42 дугаар зүйлийн 42.1.6-д зааснаар нэхэмжлэгч О.Оийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийлгэхийг Дорноговь аймгийн Асумын Засаг даргад үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг хариуцагч Асумын Засаг даргаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ