Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 104/ШШ2023/00004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******,******* ******* ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух, /РД:/-д холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

61,151,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Д.*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., М.

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

хариуцагчийн өмгөөлөгч Б.,

гэрч С., Х.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай, орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсны хөлс болох 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.тэй 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.7 дахь заалтад Налайх дүүргийн *******, хаягт байрлах, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө, орон сууцыг гэрээнд заасан хугацаагаар хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч тал хэлэлцэн тохирсон хөлсийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэж заасан. Мөн энэхүү гэрээг талууд 5 сарын хугацаатай байгуулж, хөлслүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байдаг.

Орон сууцыг хөлслөх явцад хариуцагч талын зүгээс тухайн орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдаж авах баталгааны бичиг үйлдсэн. Гэтэл хариуцагч талын зүгээс баталгааны бичиг дээрх хугацаа буюу 2 сарын хугацаанд 45,000,000 төгрөгийг төлөөгүй учраас талуудын хооронд хэлцэл үргэлжлэх боломжгүй болсон.

Хариуцагч тухайн орон сууцыг эзэмшиж, ашигласан хэвээр байсан. Талуудын хооронд орон сууц эзэмших, ашиглах гэрээ амаар байгуулагдаад явсан.

Өнгөрсөн хугацаанд хариуцагч Б. тодорхой хэмжээний төлбөрийг өгснийг нэхэмжлэгч Д.******* байр ашигласны төлбөр гэж ойлгосоор ирсэн. Гэтэл үүнийг хариуцагч Б. худалдах, худалдах авах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж тайлбарладаг. Орон сууцаа чөлөөлж өгөхийг шаардахад бид тохиролцсоны дагуу орон сууцыг худалдаж авах төлбөрөө төлж байгаа, байраа суллаж өгөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх заалтад Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан. Тэгэхээр эд хөрөнгө хөлслөх гэрээ нь орон сууц хөлслөх гэрээний нэгэн адил хэрэглэгдэнэ. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.2 дахь заалтад Хөлслүүлсэн сууцны талбай хөлслүүлэгчид өөрт нь буюу түүний ойрын төрөл төрөгсдөд хэрэгцээтэй болсон гэж заасан. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн зүйлийг эзэмшиж, ашиглаж чадахгүй байна. Энэ орон сууц нь өөрт нь нэн хэрэгцээтэй байгаа учраас гэрээг дуусгавар болгож байгаа юм. Гэрээг дуусгавар болсны үр дагавар нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх заалтад Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэсэн үр дагавар үүсэж байгаа юм. Хариуцагч тал энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж 24,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч талаас 36,000,000 төгрөгийг хөлслөх гэрээний дагуу авсан гэж үзэж байгаа юм. Харин хариуцагч тал үүнийгээ буцааж шаардаж байгаа учраас өнөөдрийг хүртэл орон сууц, эд хөрөнгө хөлслөх, эзэмшиж, ашигласны төлбөрийг нэхэмжилнэ. Өнөөдрийг хүртэл орон сууцыг түрээсэлсний төлбөр 24,500,000 төгрөгийг 21,500,000 төгрөг болгож багасгаж, үлдэх хэсгээс татгалзаж байна.

Иймд хариуцагч Б.г Налайх дүүргийн *******, тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлж, орон сууцны хөлс 21,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

Харин сөрөг нэхэмжлэлийн тухайд худалдах, худалдан авах гэрээ хийхээр тохиролцсон хэдий ч тухайн гэрээ нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангадаггүй. Барилгын материал, ажлын хөлс зэргийг тооцож 32,500,000 төгрөг болж байна. Үүн дээр 3,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч нь баримт нь байхгүй ч гэсэн тооцчихъё, би нийт 36,000,000 төгрөг авсан гэдэг дээр маргахгүй гэдэг. Эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу сууж байх хугацаандаа засвар хийсэн. Өнөөдөр гэрээ дуусгавар болж байгаатай холбоотой хохирлыг шаардаж байна. Гэтэл энэ засварыг хийхдээ зохих этгээдийн зөвшөөрлийг авсан юм уу, хөлслөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний эд хөрөнгөд өөрчлөлт зохион байгуулалт хийхгүй байх, засварлахгүй байх нь хөлслөгчийн үүрэг юм. Тухайн орон сууцанд засвар үйлчилгээ хийхдээ нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй. Тэгэхээр зөвшөөрөл аваагүй байж, засвар үйлчилгээ хийчхээд үүнийгээ нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.

Уг орон сууцанд Б. нь гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед харилцан тохиролцсон 2015 оны гэрээний дагуу түрээсийн төлбөрийг нөхөн төлж барагдуулсан байдаг. Үүний дараа байрыг худалдах, худалдан авах үйл явц яригдаж, бичгээр буулгахдаа хугацааг сунгая, түрээсийн гэрээг тусгая гэж тохиролцсон. Хариуцагчийн зүгээс байрыг худалдаж авъя гэж харилцан тохиролцсон байсан учраас мөнгийг хэсэгчлэн шилжүүлж байсан. Өөрөөр хэлбэл бэлэн болон бэлэн бусаар нийт 36,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Өнөөдрийг хүртэлх зохигчийн хоорондын харилцаа нь орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаад байсан зүйл байхгүй. Тийм учраас бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлгүй. Уг орон сууцыг худалдаж авах явцад н. гэх хүнд гэрчилгээг нь өгөөд байрыг нь банкны барьцаанд тавьчихсан байсан. Тухайн үед байрны мөнгө гэсэн утгатайгаар 1,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг өгсөн байдаг. Байрыг авъя гэрчилгээ нь яасан бэ гэхээр барьцаанд тавьсан гэдэг асуудал илэрсэн. Байрны гэрчилгээг хэрхэн авах талаар ярилцахад 9,000,000 төгрөг дутсан асуудал гарч ирсэн. Зээлдэгч нь н. байсан учраас банкны төлбөрийг төлж, зээлийн гэрээ дуусгавар болсон. Төрийн банкны зүгээс эдгээр нэр бүхий хүмүүстэй холбоотой маргаан байгаад байгаа учраас гэрчилгээг одоог хүртэл өгөөгүй, банк дээр байгаа гэж ойлгож байгаа. Орон сууцыг худалдах, худалдан авахтай холбоотойгоор нийт 36,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууцыг худалдахаа болилоо, эсхүл хөлслөх гэрээ хэвээрээ байгаа шүү гэх талаар огт хандаж байгаагүй. Орон сууцны зах зээлийн ханш тодорхой хэмжээгээр өссөн учраас уг нэмэгдэл мөнгийг гаргуулж авахаар энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж ойлгож байна. Орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зүйл заалттай нийцэхгүй байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд эвлэрэх ямар нэг нь нөхцөл байдал харагдахгүй байна. Байрыг худалдахаас татгалзаж байгаа бол үүнтэй холбоотой шилжүүлсэн мөнгө, мөн засвар хийсэн төлбөр зэргийг буцааж авах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч тал итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, орон сууц хөлслөх гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг хэрэгт ирүүлсэн.

 

Хариуцагч тал хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, баталгааны хуудас, Б.гийн хорооны тодорхойлолт, захиалгын хуудас, зарлагын баримт, депозит дансны хуулга, гараар бичсэн баримт, зээлийн дансны харилцагчийн хуулга, итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг хэрэгт ирүүлжээ.

 

Зохигчдын хүсэлтээр Д.*******ийн дансны хуулга, гэрч С., Х. нарын мэдүүлгийг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Б.д холбогдуулан Налайх дүүргийн *******, тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, 

Нэхэмжлэгч Д.*******ид холбогдуулан гэрээнээс учирсан хохирол 61,151,000 /байр худалдаж авахтай холбоотой төлсөн 38,920,000 төгрөг, барилгын материалын зардал 14,731,600 төгрөг, засварын ажлын хөлс 7,500,000 төгрөг/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Хариуцагч тал талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч тал хариуцагчтай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, хөлслөгч орон сууцанд засвар үйлчилгээ хийхдээ өмчлөгчөөс зөвшөөрөл авах ёстой байсан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

- Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б. нар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр , , хаягт байрлах орон сууцыг 2015 оны 11 сарын 26 өдрөөс 2016 оны 04 сарын 26 өдөр хүртэл сарын 300,000 төгрөгөөр хөлслөх нөхцөл бүхий орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. /хх-6/

 

-Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б., иргэн Д. нар 2016 оны 06 сарын 27 өдөр орон сууцны түрээсийн хугацааг 2016 оны 05 сарын 25-аас 2016 оны 07 сарын 26 хүртэл сунгах, дээрх хугацаанд орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдаж авах нөхцөл бүхий гэрээ байгуулжээ. 

 

-Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.гээс бэлнээр болон дансаар 36,000,000 төгрөг хүлээн авсан болохоо зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.гээс нэхэмжлэгч Д.*******ид 28,750,000 төгрөг / данс уруу 13,800,000, дансанд 14,950,000/ шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-39-53/

 

Талуудын хооронд 2015 оны 11 сарын 216 өдрөөс 2016 оны 07 сарын 26 хүртэл хугацааны орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ.

 

Орон сууц хөлслөх гэрээний явцад талууд 2016 оны 07 сарын 26 дотор хөлслөгч тал 45,000.000 төгрөг төлсөн тохиолдолд тухайн орон сууцыг хөлслөгч талд худалдах нөхцөл бүхий гэрээг байгуулсан байна.

 

Хөлслөгч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцны үнэ 45,000,000 төгрөгийг хөлслүүлэгч талд төлөөгүй байна.

 

2016 оны 07 сарын 26 өдрөөс хойш талууд орон сууц хөлслөх гэрээг сунгах талаар аман болон бичгийн хэлбэрээр харилцан тохиролцоогүй боловч хөлслөгч тал орон сууцыг үргэлжлүүлэн ашигласан, хөлслүүлэгч тал үүнийг нь татгалзаагүй байх тул талуудын хоорондын орон сууц хөлслөх гэрээ сарын 300,000 төгрөгөөр хөлслөх нөхцөлөөр тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзлээ. Иймд хариуцагч талаас орон сууцны хөлслөх гэрээний үнэ нийт 21,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах, өмчлөх эрх үүсэх харилцааны онцлогийн дагуу Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэх шаардлагыг хангах үүднээс талууд бичгээр гэрээ байгуулах, гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой байжээ.

Талуудын хооронд дээрх шаардлагыг хангасан гэрээ байгуулагдаагүй, бүртгэгдээгүй тул маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч талын орон сууцыг худалдан авах гэрээ байгуулж үнийг төлсөн гэх татгалзал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч талын орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч талаас маргаан бүхий орон сууцанд хийсэн засварын зардал болон барилгын материалын үнийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-д заасныг баримтлан нэхэмжлэх эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч талаас 22,231,000 төгрөгийг байрны засварын барилгын материал болон ажлын хөлсөнд төлсөн болох нь нотлогдохгүй /захиалгын хуудас болон зарлагын баримтуудын огноо засвартай, худалдагч болон худалдан авагч этгээд тодорхойгүй, гэрч С.ын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдоогүй/ байх тул 22,231,000 төгрөг болон бэлнээр өгсөн гэх 2,920,000 төгрөг /бэлнээр өгсөн нь нотлогдоогүй/, нийт 25,151,000 гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талуудын хоорондох мөнгөн шаардлагыг харилцан тооцож нэхэмжлэгч Д.*******оос 14,500,000 төгрөг /36,000,000-21,500,000=14.500.000/ гаргуулан хариуцагч талд олгохоор шийдвэрлэв.

 

5. Зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 337,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчаас 335,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1., 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.гээс Налайх дүүргийн *******, хаягт байрлах, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө, орон сууцыг албадан чөлөөлж, 21,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ид олгосугай.

 

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******оос 36,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талуудын хоорондох мөнгөн шаардлагыг харилцан тооцож, нэхэмжлэгч Д.*******оос 14,500,000 төгрөг /36,000,000 төгрөг-21,500,000 төгрөг=14,500,000 төгрөг/ гаргуулан хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,450 төгрөг, хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464,000 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамж 337,950 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагч Б.гээс тэмдэгтийн хураамж 335,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА