Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 104/ШШ2023/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* дүгээр байрны од байрлах, ******* СӨХ /РД:*******/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух ******* ******* /РД:/-т холбогдох

 

Орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөр 640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

Хариуцагч Ж.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 оны 8 дугаар сараас эхлэн ******* СӨХ-ийн захирлаар томилогдон ажиллаж байна. Захирлаар томилогдсоноосоо хойш орцны гадна талын 13 хаалгыг шинээр сольж, цэцэг, мод тарих, гадна тохижилтын ажил, вакум цонх шинээр суулгах, хайлш хашлагыг буулгах гэх зэрэг СӨХ-ны хийх ёстой ажил үүргийг тухай бүр шаардлагатай зүйлийг хийж гүйцэтгэсэн.

Хариуцагчийн амьдардаг байрны орцны хаалгыг сольсон. Харин вакум цонхыг нь солих гэсэн боловч, тухайн орцны иргэд СӨХ-ны төлбөрөө төлөөгүй учир тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж чадалгүй, түр зогсоосон байгаа. Хариуцагчийн амьдардаг байрны орцонд нийт 15 айл байгаагаас 7-8 айл өрх төлбөрөө цаг тухайд нь төлдөг. Бусад айл өрх СӨХ-ны төлбөр хураамжаа төлөөгүй нь улмаас СӨХ-ны хийж зүгээс хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа доголдож эхэлсэн.

Хариуцагч Ж. намайг 2011 онд нярав, нягтлангийн ажлыг хийж гүйцэтгэдэг байхад СӨХ-ны төлбөрөө төлдөггүй байсан. 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар эхнэр болох н.Энхтуяа нь манай удирдах зөвлөлийн нэг нь гишүүнээр сонгогдсон. Намайг ажил хүлээж авахад СӨХ-нд өртэй айл өрх нэлээдгүй байсан бөгөөд цаашдын үйл ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд төлбөр мөнгөө авах шаардлага гарч шүүхэд хандсан.

Ковид-19 буюу хөл хорио тогтоосон халдвар хамгааллын дэглэм сахих шаардлагатай үед СӨХ-ны тайланг цахим хэлбэрээр айл өрх бүрд тарааж, ээлжит хурлыг зохион байгуулсан. Хариуцагчийг үүргээ биелүүлж байж эрхээ эдлэх ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 640,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 1988 оноос одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд СӨХ-н гаргасан нэхэмжлэлийн эс зөвшөөрч байна. СӨХ-н дарга нар нь сонгогдохдоо бүх гишүүдийн 50-с доошгүй хувийн саналаар сонгогдох зарчмыг зөрчиж өөрийн танил 20-30 хүнийг цуглуулан хурлаа хийж сонгодог. ... Тайлангаа жил бүр тавьдаггүй, сонгогдсон дарга нь байрандаа амьдардаггүй тул байрны засварын ажлыг сайн мэддэггүй, мэргэжлийн бус хүн...

СӨХ байгуулагдсан цагаас хойш манай орцонд нэг ч удаа засвар хийж байгаагүй, .. будаг шохой нь халцарсан, ханаар нь элдэв юм бичсэн, цэвэрлэгээ тогтмол хийдэггүй, хаалга нь байнга онгорхой байдаг. ... ийм учраас СӨХ-н төлбөрийг төлөхөө зогсоосон бөгөөд СӨХ-н дарга нарт үйл ажиллагаагаа сайжруулахыг удаа дараа шаардаж байсан боловч биелүүлээгүй... гэжээ.

 

3. Нэхэмжлэгч тал ны тоот өрхийн өрийн үлдэгдэл тооцоолсон баримт, ******* СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, ******* СӨХ-ны хурлын тэмдэглэл, ******* СӨХ-ны хурлын ирцийн бүртгэлийн хуулбар, ******* СӨХ-нд гаргасан хүсэлт, ******* СӨХ-ны фейж хуудасны хуулбар, мэдэгдэл зэргийг хэрэгт ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* СӨХ хариуцагч Ж.*******т холбогдуулан орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөр 640,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

 

3. Хариуцагч тал ******* СӨХ холбогдох ажлаа хийж гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан хариу тайлбар ирүүлсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-******* СӨХ-н 2016 оны 09 сарын 30 өдрийн Бүх гишүүдийн хурлаар оршин суугчдын СӨХ-н хураамжийг 8,000 төгрөг болгох шийдвэрийг, 2022 оны 05 сарын 22 өдрийн Бүх гишүүдийн хурлаар СӨХ-н хураамжийг 15,000 болгох шийдвэрийг тус тус гаргажээ.

 

-Налайх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 35, 36, 37, 38, 39 дугаар байрны оршин суугчдын ******* СӨХ-г сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж гэрчилгээг шинэчлэн олгожээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заажээ.

 

Хариуцагч Ж.******* нь тоотод орших орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар маргаагүй байна.

 

******* СӨХ-г 2019 онд бүртгэж гэрчилгээ шинэчлэн олгосон баримт хэрэгт авагдсан хэдий ч 2016 онд СӨХ-н хураамжийг бүх гишүүдийн хурлын шийдвэрээр тогтоосон баримтыг хэрэгт ирүүлсэн тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 2016 оны 10 сараас 2021 оны 12 сар дуустал, 2022 оны 8-9 саруудад хамаарах дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 534,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 106,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч талаас 16,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.*******аас  534,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас 16,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА