Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 80

 

                                                                                          

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Б.Сүглэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 201716000076 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.Сүглэгмаа нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн нутагт байрлах Тод баян дэлгүүрийн зогсоол дээр Л.Энхболдын эзэмшлийн Ниссан марч маркийн ........... улсын дугаартай автомашины баруун урд талын жолоочийн хаалганы шилийг чулуугаар цохиж хагалсан, зүүн хойд талын хаалга руу өшиглөж хонхойлгож бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Б.Сүглэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 дугаар сарын 10-ны өглөө би ажилдаа явж байсан. Тодбуян дэлгүүрийн ард талын дугуй засварын зогсоол дээр такси авах уу гэхэд нь би үгүй гэж хэлчихээд явтал миний араас намайг янхан байна ш дээ. Ийм хүн такси авдаггүй л байхгүй юу гэж хэлсэн. Тэгээд би эргэж очоод чи юу яриад байгаа юм. Чи намайг янхан байхыг хаана харсан юм гэж хэлэхэд чи муу буудалд ажилладаг янхан биздээ гэж намайг доромжилсон. Би эргэж очоод хаалгыг нь татсан чинь тавьж өгөөгүй. Тэгээд би 2 удаа өшиглөсөн тэгээд явтал араас дагаад доромжлоод байсан. Тэгээд би айсандаа болоод өөр таксинд суух гэж байсан чинь намайг машинаар дайрах шахаад ирэхэд нь айсандаа болоод шороо аваад шидсэн чинь цонхыг нь хагалсан. Би хагалснаа ч мэдээгүй. Би тогооч мэргэжилтэй. Намайг ажил дээрээ очоод хоол хийж байсан чинь цагдаа дагуулаад ирсэн. Тэгснээ энэ хүүхнийг хардаа ийм л аюултай хүүхэн шүү, гарт нь байгаа заазуурыг нь хардаа гэж хэлээд байсан.

 Хохирогч Л.Энхболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед 40-84 ӨМА улсын дугаартай машинтайгаа Баруун сайхны Тодбуян дэлгүүрийн ар талын зогсоол дээр зогсож байхад хойноос нэг эмэгтэй хүн ирж байсан. Би такси авах уу гэхэд тэр “суусан хүүхнээ оролддог хоёр эрэгтэй өвгөний нэг нь байна гэсэн. Тэгэхээр нь би биш баримттай юм хэлээрэй гэж хэлсэн. Нөгөө хүүхэн урагшаагаа явахаар нь би такси авдаггүй буудалд ажилладаг хүүхэн байна гэж нөгөө хүүхнийг хэлэхэд тэр хүүхэн намайг чи буудалд ажилладаг янхан гэж хэллээ гээд миний хэлсэн үгийг мушгиад буцаад ирсэн. Тэгээд би машиндаа орж суугаад хаалгануудаа түгжсэн. Тэгсэн нөгөө хүүхэн ирээд машины зүүн хойд талын хаалга руу хоёр гурван удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд машин руу чулуу шидээд байсан. Хаалга цонхон дээр чулуу нь оносон. Тэр намайг суусан хүүхнээ оролддог гэж хэлэхээр нь тэр үгэнд маш их эмзэглэсэн. ...Тэр хүүхэн нэг такси зогсоогоод суух гэж байснаа буцаж ирээд миний эсрэг талын хаалгыг нээж байгаад над руу чулуу шидсэн. Би хажуу тийшээ болоход шидсэн чулуу нь миний талын хаалганы шилийг онож дотроос нь хагалсан. Нөгөө хүүхэн таксинд суугаад явах гэхэд нь би хүүхнийг чи байж бай цагдаа дуудна гэж хэлэхэд тэр яваад өгсөн. Тэгээд би цагдаа дуудсан. Би тэр хүүхнийг Эрхэс буудалд ажилладаг гэдгийг нь мэддэг байсан. Тухайн үед бид хоёрын хажууд хэн байсныг нь мэдэхгүй байна. Дугуй засварын хүн хашаандаа орсон байсан байх гэж бодож байна. ...над руу чулуу шидсэн би хажуу тийшээ болоход машины шилийг хагалсан хэрэв би хажуу тийшээгээ болоогүй бол миний нүүр аман дээр тэр чулуу оноод гэмтээх байсан. Тэр хүүхэн над руу чулуу санаатай шидсэн. ...Гомдолтой байна. Би хохирлоо нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

          Гэрч Б.Бямба мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би Баруун сайхны 15-22 тоотод гэрийнхээ гадаа дугуй засвар ажиллуулдаг манай дугуй засварын өмнө талд

Тод буян дэлгүүр байдаг ард нь таксины зогсоол байдаг түүний ар талд манай дугуй засвар байдаг. 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 10 цагийн үед 40-84 гэсэн дугаартай жижиг машин дугуй засварын үүднээс хөдөлсөн. Түүнтэй зэрэгцээд нэг хүүхэн хамт явсан жолооч нь такси авах уу гээд нөгөө хүүхэн такси авахгүй гэж хэлээд явцгааж байгаа харагдсан. Өөр юу болсон талаар мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 Шүүгдэгч Б.Сүглэгмааг мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар байцаасан мэдүүлэгт:”...Одоогоос хориод хоногийн өмнө болсон асуудал. Би одоо өдрийг нь санахгүй байна. Би тэр өдрийн өглөө гэрээсээ гараад ажилдаа явах гээд алхаж байсан. Тэгсэн Энхболд машинтайгаа Баруун сайхны таксины зогсоол дээр зогсож байсан. Тэр надаас такси авах уу гэхээр нь би авахгүй гэж хэлчихээд өнгөрөөд алхсан. Тэгсэн тэр намайг энэ муу янхан ш дээ, янхан такси авдаггүй ш дээ чи буудалд ажилладаг янхан биз дээ гэж хэлэхээр нь миний уур хүрээд буцаж Энхболд дээр ирэхэд тэр машиндаа ороод суусан. Тэгэхээр нь би машины хаалгыг нь нээх гэхэд тэр машиныхаа хаалгыг дотроос нь түгжчихээд нээхгүй байсан. Тэгээд би гаднаас нь хаалгыг хоёр удаа хөлөөрөө өшиглөөд яваад өгсөн. Тэгсэн Энхболд машинтайгаа миний араас дагаад намайг янхан гичий чи буудалд ажилдаг янхан биз дээ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Энхболдоос хурдхан салах санаатай өөр такси зогсоох гэхэд гэнэт ар талд шар шур хийх шороо дуугарахаар нь би сандраад харахад Энхболд машинтайгаа намайг дайрчих шахаад миний өмнө талд гараад зогссон. Тэгэхээр нь би чулуу аваад Энхболд руу шидэхэд машины шилийг нь хагалчихсан. Тэгээд би өөр такси зогсоогоод суух гэхэд Энхболд машинаасаа бууж ирээд намайг суулгахгүй, явуулахгүй байсан. Тэгж байгаад Энхболдод чи араас миний ажил дээр очоорой гэж хэлчихээд яваад өгсөн. Намайг ажил дээр ирээд байж байхад араас Энхболд цагдаа дагуулаад ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30, 32-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Автомашинд нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2017.03.16-ны өдрийн 591 дүгээр дүгнэлтэд: Л.Энхболдын эзэмшлийн Ниссан марч маркийн автомашины хохирлын үнэлгээ 143.000 төгрөг гэжээ. /хх-ийн 20-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Сүглэгмаа нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн нутагт байрлах Тод баян дэлгүүрийн зогсоол дээр Л.Энхболдын эзэмшлийн Ниссан марч маркийн 40-84 ӨМА улсын дугаартай автомашины баруун урд талын жолоочийн хаалганы шилийг чулуугаар цохиж хагалсан, зүүн хойд талын хаалга руу өшиглөж хонхойлгож бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Л.Энхболдын: ”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед 40-84 ӨМА улсын дугаартай машинтайгаа Баруун сайхны Тодбуян дэлгүүрийн ар талын зогсоол дээр зогсож байхад хойноос нэг эмэгтэй хүн ирж байсан. Би такси авах уу гэхэд тэр “суусан хүүхнээ оролддог хоёр эрэгтэй өвгөний нэг нь байна гэсэн. Тэгэхээр нь би биш баримттай юм хэлээрэй гэж хэлсэн. Нөгөө хүүхэн урагшаагаа явахаар нь би такси авдаггүй буудалд ажилладаг хүүхэн байна гэж нөгөө хүүхнийг хэлэхэд тэр хүүхэн намайг чи буудалд ажилладаг янхан гэж хэллээ гээд миний хэлсэн үгийг мушгиад буцаад ирсэн. Тэгээд би машиндаа орж суугаад хаалгануудаа түгжсэн. Тэгсэн нөгөө хүүхэн ирээд машины зүүн хойд талын хаалга руу хоёр гурван удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд машин руу чулуу шидээд байсан. Хаалга цонхон дээр чулуу нь оносон. Тэр намайг суусан хүүхнээ оролддог гэж хэлэхээр нь тэр үгэнд маш их эмзэглэсэн. ...Тэр хүүхэн нэг такси зогсоогоод суух гэж байснаа буцаж ирээд миний эсрэг талын хаалгыг нээж байгаад над руу чулуу шидсэн. Би хажуу тийшээ болоход шидсэн чулуу нь миний талын хаалганы шилийг онож дотроос нь хагалсан. ...над руу чулуу шидсэн би хажуу тийшээ болоход машины шилийг хагалсан хэрэв би хажуу тийшээгээ болоогүй бол миний нүүр аман дээр тэр чулуу оноод гэмтээх байсан. Тэр хүүхэн над руу чулуу санаатай шидсэн. ...Гомдолтой байна. Би хохирлоо нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Шүүгдэгч Б.Сүглэгмаагийн: ”...би чулуу аваад Энхболд руу шидэхэд машины шилийг нь хагалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30, 32-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, автомашинд нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Сүглэгмаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож байх боловч 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Сүглэгмаагийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд Гэмт хэргийн хохирол, хор уршигын талаар хуульчилсан, мөн зүйлийн  4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээ байхаар заасан байна.

Ашид билгүүн ХХК-ийн 2017.03.16-ны өдрийн 591 дүгээр дүгнэлтээр хохирогч Л.Энхболдын эзэмшлийн Ниссан марч маркийн автомашины хохирлын үнэлгээ 143.000 төгрөг болох нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол энэ зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Б.Сүглэгмаа нь бусдын эд хөрөнгийг гэмтээсэн боловч түүний гэмтээсэн эд зүйлийн үнэлгээ нь бага хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул шүүгдэгчийн  үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэж, гэмт хэрэгт тооцохгүй байх хууль зүйн үндэслэл бий болжээ. 

 Шүүгдэгч Б.Сүглэгмаа нь хохирогч Л.Энхболдод 143.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Сүглэгмаад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сүглэгмаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаарийн 1-т зааснаар зүйлчилсүгэй.

          2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Сүглэгмаагийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул шүүгдэгч Б.Сүглэгмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

          3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Сүглэгмаа нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй болохыг дурдсугай.

         4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Сүглэгмаад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.   

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА