Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар  2020/ДШМ/1485

 

 

 

 

 

 

        2020         12          15                                         2020/ДШМ/1485                          

 

 

О.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Олзод, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/1705 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1806 05716 1295 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогтой Оийн Д, 1999 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол Уран зургийн галерей”-д тайлбарлагч, сэргээн засварлагч ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 27 дугаар байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.........................../;

 

Шүүгдэгч О.Д нь:

1. 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 27 дугаар байрны 29 тоотод оршин суух Г.Бямбадоржийн фейсбүүк хаяг буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдаж цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийг ашиглан Х.Азжаргалыг хуурч мэхлэн 4.990.000 төгрөгийг “Хаан” банкны 5601026215, 5058154866 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан,

2. 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 20 дугаар гудамжны 7 тоотод оршин суух Л.Түвшинбаатарын “Хаан” банкны 5015116231 дугаартай дансны интернет банк руу хууль бусаар нэвтрэн 848.000 төгрөгийг 346000901699 дугаарын Төрийн банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоотод оршин суух Н.Дуламсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “мөнгө зээлээч” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар М.Золзаяагаас 2.400.000 төгрөг, Г.Идэрмаагаас 2.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

4. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Сэрчмаа Түмэнбаяр” гэх Т.Сэрчмаагийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “Түр мөнгө шилжүүлээч, буцаагаад өгье” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар Л.Одончимэгээс 65.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрт Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас мөнгө хүссэн мессеж илгээн цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар түүний нэрийг ашиглан Ш.Эрдэнэбаатараас 2.100.000 төгрөгийг “Хаан" банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

6. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Эрдэнэмөнхийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан И.Бавуугарьдаас 700.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5248026907 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан,

7. 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ө.Бат- Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Б.Очирбатаас 300.000 төгрөгийг 5422155675 дугаарын “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

8. 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт С.Батбаатарын цахим хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний нэрийг ашиглан А.Батжаргалаас 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

9. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Г.Мөнгөнцоожийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Энхбаясгалангаас 180.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Д.Мөнхцэцэгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Бадамцэцэгээс 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

11. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Баяр-Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Н.Энхцэцэгээс 731.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Тэмүүжингийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч “10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч Д.Тэнгисээс 1.000.000 төгрөгийг “Хаан” банкны 5039540649 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

13. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Лхагвасүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Цэнд-Аюушаас 982.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 102200237553 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

14. 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Н.Баярбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч Б.Лхагвасүрэнгээс 1.040.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675, 5585534166 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

15. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г.Үүрийнтуяагийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Өмнөговь аймагт оршин суух С.Сүнсэрмаагаас 234.000 төгрөг, Г.Ганзоригоос 500.000 төгрөг, Б.Эрхэмбаяраас 150.000 төгрөг, З.Мөнхнарангаас 150.000 төгрөг, Д.Отгонгэрэлээс 500.000 төгрөг нийт 1.534.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

16. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Б.Шинэбаяр руу “мобайл банканд чинь мөнгө байна уу, миний мобайл банкны гүйлгээ хийх лимит дуусчхаад мөнгө гарахгүй байна" гэж зурвас илгээн хуурч 3.450.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

17. 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Ц.Одбаяр руу “Миний интернет банкны лимит хэтэрчихлээ, надад мөнгө явуулаач” гэж хуурч 120.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

18. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Болорхүүгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Э.Батсайхан руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 200.000 төгрөгийг “Хаан” банкны 5419023552 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

19. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.Дагважанцангийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Д.Цэрмаа руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 600.000 төгрөгийг “Хаан” банкны 5071345935 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

20. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ц.Пүрэвсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан А.Отгонтунгалаг руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 400.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

21. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Л.Дэлгэрмандалын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Э.Отгонбаяр руу “Мобайлд чинь мөнгө байвал яаралтай өгөөч” гэж хуурч 500.000 төгрөгийг “Хаан” банкны 5248026907 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

22. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбатын фейсбүүкхаягруухууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Э.Юмжирмаа руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 50.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

23. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбат фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Х.Баярмөнх рүү “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 300.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

24. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан П.Наранбаяр руу мөнгө гуйсан захидал илгээн 312.000 төгрөгийг “Хаан” банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

25. 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ринзаан Булгамаа гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан А.Уранчимэг рүү “мобайл банкны дансандаа мөнгө байвал нэг данс руу шилжүүлээд өгөөч” гэж зурвас илгээн 150.000 төгрөгийг“Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч нийт 25 удаагийн үйлдлээр иргэдийн цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бадамсамбуу овогтой Очиргэрэлийн Дг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн,

мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

О.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4- т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, нийт ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар О.Дд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Очгэрэл овогтой Д миний бие 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр шийтгүүлсэн болно. Миний хувьд ээж Т.Очгэрэлийн хамт амьдардаг бөгөөд ээж маань Соёлын төв өргөөнд 20 гаруй жилийн турш ажиллаж байгаа. Энэ салбартаа тодорхой нэр хүндтэй, тогтсон орлоготой сэргээн засварлагч, зураач хүн байдаг. Би гэр бүлдээ санхүүгийн эх үүсвэр болгож мөнгө төгрөг олж, эд зүйл худалдан авч байгаагүй. Ээж минь надад шаардагдах хувцас хэрэгсэл, хэрэгцээний мөнгийг хангалттай өгдөг. Миний бие 2017 оны зун Сүхбаатар дүүргийн Орчлон сургуулийн урд Сэлбэ голын гүүрэн дээр унадаг дугуйтай явж байгаад автомашинд мөргүүлэн зүүн гар, зүүн эгэм, зүүн талын хавирга хугарсан зэрэг хүнд гэмтэл авч Гэмтэл, согог судлалын үндэсний төвд удаан хугацаанд хэвтэн эмчлүүлсний улмаас их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болж гэртээ эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх болсон. Гэртээ байх хугацаандаа ганцаараа байнга байдаг байсан болохоор компьютер тоглож сурсан. Тухайн үед интернетээр тоглох шаардлага бага байдаг байсан. Харин 2018 онд компьютер ээ зараад тоглоомоос хөндийрч хааяа нэг буюу 7 хоногт 5-10 цагийн хороонд л интернет тоглоомын газарт орж тоглодог болсон. Энэ хугацаанд одоо миний холбогдоод байгаа хэргүүд болсон байдаг. Анх намайг интернет тоглоомын газарт сууж байхад миний фейсбүүк хаягт тухайн үед тоглож байсан тоглоомын баатруудын хувцас, хэрэглэлийг солилцож, мөрий тавьж болдгийг мэдэж тоглож эхэлсэн. Тэр үед миний тоглолтын түвшин, тоглолтын зэрэг, цол маань ахидаг байсан учраас надад сонирхолтой санагдаж тоглодог болсондоо харамсаж байна. Энэ үеэс одоо хохирогчоор тогтоогдоод байгаа хүмүүсийг хохироох болсон. Одоо миний хохирогч нарт учруулсан хохирлыг ээж минь бүрэн төлж барагдуулсан ч би үнэхээр их гэмшиж байна. Гэмт хэрэгт анх 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр цагдаа дээр дуудагдсанаас хойш мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, хэргээ үнэн зөвөөр хүлээж, мөн би цахим тоглоом тоглоогүй өөрийн хаяг түүхэндээ нэвтрээгүй. Намайг байнгын цахим орчимд байдаг тэндээсээ мөнгө олж амьдрал ахуйдаа хэрэглэдэг мэтээр яллаж байна. Ээж минь өнөөдрийг хүртэл надад хэрэг болох хувцас, шаардлагатай эд зүйл, мөнгөөр дутааж байгаагүй. Би одоо 21 настай. Оюутан болж сурч боловсроод Монгол улсдаа мэргэжил эзэмшээд сайн хүн болж төлөвшинө гэсэн зорилготой. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсахаас гадна давхар ээжийгээ хүнд нөхцөл байдалд оруулсан. Ээж маань хохирлыг минь барагдуулахдаа өөрийн орон сууцаа зарсан. Мөн одоо ээж минь 56 настай, тэтгэвэрт гарсан. Ээжийг минь харж хандаж суух хүнгүй, надад төрсөн ах, дүү, аав гэх хүн байхгүй. Ээж минь намайг өдийг хүртэл ганцаараа өсгөсөн. Би залуу хүн цаашид алдаагаа засаж, ээжийнхээ дэргэд байж, сурч боловсорч, ажил хийж, ухаантай зөв амьдарч ээждээ туслах боломж олгож өгөхийг хүсэж байна. Хуулийн талаас нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн барагдуулсан зэрэг өөрөөр зөөлрүүлэн надад өгсөн ял, зүйлчлэлийг минь хөнгөрүүлэн өгөхийг гуйж байна. ...” гэв.

 

Шүүгдэгчийн О.Дн өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч О.Дг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, хүндрүүлэн зүйлчилж, нийт 25 удаагийн үйлдлээр бусдад нийт 26.052.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1. Шүүхээс дүгнэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн хохирогчдын бодит хохирлыг нэмж нэгтэн тооцвол, нийт 24.311.000 төгрөг гарч байгаа хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж зааснаас үзвэл энэ хэмжээнд хамаарч байгаа.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол ...” гэж зааснаар болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж үзвэл хохирлын хэмжээ 50.000.000 төгрөг, түүнээс дээш хэмжээнд хохирол учруулж үйлдсэн бол гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болох “Залилах” гэмт хэргийн хүндрүүлсэн зүйлчлэлийг цэвэр алгасаад, уг зүйлчлэл хамаарахгүй байхад, дараагийн хүндрүүлсэн зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Хүндрүүлсэн” зүйлчлэлээр зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан учруулсан хохирлын хэмжээгээр тооцож, зүйлчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Мөн түүнчлэн 25 удаагийн үйлдлээр гэх тоонд бус учруулсан 24.311.000 төгрөгийн хохиролтой, “Залилах” гэмт хэргийнхээ хувьд бүх хохирогчдын хохирлыг 100 хувь төлсөн учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хэргийн хүндрүүлсэн зүйлчлэлийг зөвтгөн, хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн авч үзэх бүрэн боломж байгаа гэж харж байна.

Хэрэв шүүх учруулсан бодит хохиролд ач холбогдол өгөхгүй, хэт тоонд ач холбогдол өгч үүнийгээ “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэвэл, жишээ нь 25 хүнээс тус бүр 100.000 төгрөг залилсан байлаа гэж бодоход нийт хохирол 2.500.000 төгрөг болно тэгэхээр “байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон” гээд шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэх нь шударга ёсонд үл нийцэж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасан. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/1403 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “...О.Дд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж шүүх дүгнээд, хэргийг прокурорт буцаасан ба тус шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичээгүй, уг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.

Гэтэл эсрэгээрээ О.Дгийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь байтугай бүр дордуулаад, тэр тусмаа зүйлчлэлийг хүндрүүлээд ороод ирж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бас үндэслэл болж байна гэж ойлгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасан байдаг.

Эндээс дүгнэвэл өмнө нь шүүхэд, 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 420 дугаар яллах дүгнэлтээр орж ирсэн хуулийн зүйлчлэлийг “Хүндрүүлж” орж ирсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж ойлгогдоно.

Хэрэв шүүхийн хэрэглэсэн эсхүл хэрэглэх гэж буй хуулийн тодорхой хэм хэмжээ ҮХ-ийн холбогдох заалт, түүний агуулга, үзэл санааг зөрчсөн болох нь тогтоогдвол уг хэм хэмжээнд тулгуурласан шийдвэр болон үйл ажиллагаа бүхэлдээ хүчингүйд тооцогдох эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын эрэмбэ, шатлалын суурь зарчимд үйлчилдэг болно.

Иймд дээрх үндэслэлээр Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан зүйлчлэл болгож, зүйлчлэл, ялыг хүндрүүлэн шүүхэд шилжүүлэн орж ирснийг анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, өмнөх хүчин төгөлдөр хэвээр байгаа шүүгчийн захирамжаа үгүйсгэсэн нь хууль зөрчсөн ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, зүйлчлэлийг хөнгөрүүлээгүй нь дээрх Үндсэн хуулийн агуулга, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн агуулга, үзэл санааг зөрчсөн байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан.

Шүүх О.Дг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Хэрэв шүүх О.Дг “байнга үйлдсэн” гэж дүгнэж л байгаа бол мөн “амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг нь давхар нотлогдож байж, дүгнэх учиртай байсан.

Гэтэл бодит байдал дээр гэмт хэргийн улмаас олсон мөнгөө шүүгдэгч нь амьдралын эх үүсвэр болгоогүй, ээжтэйгээ хоёулханаа хамт амьдардаг, ээж нь ажил хийдэг, ээж нь О.Дгаар тэжээлгэх шаардлага байхгүй, өвөө, эмээгээс нь ээжид нь үлдээсэн ганц хөрөнгө болох амьдарч байсан орон сууцаа зараад хүүгийнхээ бусдад учруулсан бүх хохирлыг төлсөн, (хавтаст хэрэгт орон сууц худалдах, худалдан авах гэрээ, холбогдох баримтуудыг хавсаргаж, шинжлэн судлуулсан) одоо нас ахисан ээж нь гудамжинд гарчхаад, орох оронгүй лагерийн модон байшинд ганцаараа амьдарч байгаа.

Тодруулбал, О.Д нь гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг яаж өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон юм бэ, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл эх үүсвэр болгож тогтвортой ашигласан юм уу, эдийн засгийн эх үүсвэр болгосон юм уу, хэрхэн амьдралын эх үүсвэрээ болгож, өөрийн болон өрхийн хэрэгцээндээ зарцуулсан юм бэ, гэмт хэргийн улмаас олсон мөнгөө юунд зарцуулсан юм бэ, уг мөнгөнүүд хаашаа орж алга болсон юм бэ, үнэхээр тоглоомд алдсан уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж чадаагүй, нотлох баримтыг цуглуулаагүй, хавтаст хэрэгт нотолж орж ирээгүй байж зүйлчлэлийг хүндрүүлэн “амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг “Бүрэн” дүгнэлтэд хүрэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-ийг хөнгөрүүлэн, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийн хувьд:            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоох ёстой.

Гэтэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй ба харин хохирогч нар хохирсон гэж үзвэл эрх бүхий байгууллагад хандан фэйсбүүк хаягаа сэргээлгэх, ашиглах талаар хүсэлт, нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгаа.

Гэвч О.Д гэм буруугаа анхнаас нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шударгаар хүлээн зөвшөөрч ирсэн, гэмт хэргээ илрүүлэхэд өөрөө тусалсан, өөрийн үйлдэл холбогдол дээр маргадаггүй юм.

Өөрөөр хэлбэл, залиланг цахим хэрэгсэл ашиглаж, авсан ба мөн энэ цахим залилантай холбоотойгоор үүссэн, үүнийг хоёр зүйлчлэлд хуваагаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зүйлчлэлээр, давхар зүйлчлэгдээд, давхар яллаж байгаа явдал нь түүний эрх зүйн байдал бас дордож байна гэж харж байгаа.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1705 дугаар шийтгэх тогтоолоор О.Дг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн хэргийн зүйлчлэлийг, дээр дурдсан үндэслэлүүд болон мөн шүүгдэгчийн хамгийн гол нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд шударгаар хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, түүний хувийн байдал зэргийг давж заалдах шатны шүүх анхааран үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэл, ялыг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-д заасан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг мөн өөрчлөн, ялыг хөнгөрүүлэн (торгууль) шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: Шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн. Амьдралын эх үүсвэрээ болгосон залилах гэмт хэргийн тухайд таваас арван хоёр жилийн хорих ялтай. Шүүгдэгч О.Дд 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний ялыг маш их багасгасан шийдвэр юм. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Д нь 2 жилийн хугацаанд нийт 25 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь тогтоогдсон. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байх тул О.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь зүйлчилсэн нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн тухайд 22 хохирогчийн цахим мэдээлэлд халдсан. Уг хүмүүсийг хохирогчоор тогтоон мэдүүлэг авахад фэйсбүүкээ сэргээлгэмээр байна гэсэн шаардлагыг гаргасан. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор залилах гэмт хэргийн тухай дурдахдаа “3 буюу түүнээс дээш удаа үйлдэж“ гэсэн байхад шүүгдэгч О.Дгийн хувьд 25 удаа үйлдсэн. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор хууль бусаар өөрийн болгох, амар хялбар аргаар ашиг олохыг байнга эрэлхийлж байхыг анхаарвал зохино гэсэн байх тул тухайн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчлэхээс амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хууль ёсны зарчим, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинж тодруулан хуульчилжээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

О.Д нь:

1. 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 27 дугаар байрны 29 тоотод оршин суух Г.Бямбадоржийн фейсбүүк хаяг буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдаж цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийг ашиглан Х.Азжаргалыг хуурч мэхлэн 4.990.000 төгрөгийн “Хаан” банкны 5601026215, 5058154866 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Х.Азжаргалын өгсөн: “...Амралтын өдөр би байгууллагын ажилчидтайгаа амралтын газар байж байхад Г.Бямбадоржийн фейсбүүкээс “яаралтай мөнгө хэрэгтэй байна, маргааш буцаагаад өгье” гэсэн чат ирсэн. “2 сая төгрөг байна уу” гэж асуусан. “Яг одоо нэг сая гарах боломжтой байна” гэхэд дахиад “найзаасаа мөнгө нэмээд олоод өгөх боломжтой байна уу” гэж чат ирэхээр нь “асууя” гэсэн. Тэгээд над руу “Хаан” банкны Энхбат гэдэг нэртэй 5601026215 тоот данс явуулсан тэр данс руу би өөрийнхөө Голомт банкны данснаас 990.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд удалгүй найзаасаа асуутал болно гэсэн. Тэгээд Г.Бямбадоржийн фейсбүүк чат руу “болох юм байна” гээд бичтэл Буйр гэдэг нэртэй 5058154866 тоот дансны өгсөн. Тухайн данс руу манай найз Мөнхтуяагийн данснаас шилжүүлсэн. Шилжүүлсний дараа удаагүй байж байтал дахиад “2 сая яаралтай хэрэгтэй болчихлоо” гэсэн чат ирсэн. Мөнхтуяагаас асуутал дахиад “2 сая төгрөг хэрэгтэй гэнэ байгаа юу” гэтэл “байгаа” гэсэн. Тэгээд Г.Бямбадоржийн фейсбүүк рүү чатаар “нэг мөсөн хэлэхгүй яасан юм бэ” гээд бичсэн. Тэгтэл урьдаас нөгөө Буйр гэдэг хүнийхээ данс рүү шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд шилжүүлчхээд байж байтал Г.Бямбадоржийн фейсбүүкээс “маргааш ямар данс руу буцааж хийх юм бэ” гээд асуусан. Би өөрийнхөө “Голомт” банкны найз Мөнхтуяагийн “Хаан” банкны дансны дугааруудыг явуулсан. Мөнгө шилжүүлснээс хойш гар утсаар шалгаагүй өглөө шалгахад мөнгө шилжүүлсний дараа намайг Г.Бямбадоржийн фейсбүүкээс найзын /unfriend/ хэсгээс гаргаад блоколсон байсан. Тэгээд найзуудынхаа чат руу ортол Г.Бямбадорж фейсбүүкээ хакердуулаад хүмүүсээс мөнгө асууж чатууд явуулсан байна шүү гэсэн анхааруулга бичээд скрийн шотыг нь зурган хэлбэрээр байршуулсан байсан. Тэр даруй Г.Бямбадорж руу залгаад “би чам руу өчигдөр чатаар бичээд 5 сая төгрөг шилжүүлсэн” гэж хэлтэл “чи ямар балай юм бэ, над руу ярихгүй” гэж хэлсэн. Надад Г.Бямбадорж ярихдаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс өргөдөл өгчихсөн байгаа гэж хэлсэн. Г.Бямбадоржийн фейсбүүктэй харилцан чатуудыг скрийн шотуудыг найзуудын чаатанд хийгээд тэндээс хэвлээд Г.Бямбадорж өргөдөлдөө өгсөн байх.” гэх мэдүүлэг /1 хх 123-124/,

хохирогч Г.Бямбадоржийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 08 минутад би гэртээ байж байсан чинь надтай хамт ажилладаг Дэлгэрмаа гэх хүн над руу залгаад “чи хоёр сая төгрөг зээлэх гээд байгаа юм уу, би шилжүүллээ шүү” гэхээр нь “би чам руу дансаа мессежээр явуулчих” гэсэн чинь 99069211 дугаарын утаснаас “Хаан” банкны 5031162528 дугаартай Энхчимэг гэх хүний дансыг явуулж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дэлгэрмаад “тэр бол би биш шүү” гэдэг талаар хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал манай нэг таньдаг ах залгаад “Чи нэг фейсбүүкээр хамаагүй орж ирээд нэг юм бичээдэх дээ” гэхээр нь би өөрийн фейсбүүк руу орох гэтэл болохгүй байсан. Ингээд би өөрийнхөө фейсбүүкээ хакердуулсан гэдгээ мэдсэн юм. Өдөр 12 цагийн үед надад юм өгөх ёстой байсан хүнээс фейсбүүкээр нэг линк ирэхээр нь би дарж ороод өөрийнхөө фейсбүүкээр нэг линк ирэхээр нь би дарж ороод өөрийнхөө фейсбүүкийг хакердуулж алдсан гэж бодож байна. Одоогийн байдлаар мөнгө шилжүүлж хохирсон хүн байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Тийм учраас энэ хүнийг олж тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг /1 хх 127-128/,

гэрч И.Буйрын өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сараас эхлэн 11 сар хүртэл Биткойны эксченж хийсэн. Тухайн үед буюу 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эрка Соёлсайхан гэдэг фейсбүүк хаягтай хүнээс “биткойн авъя” гэсэн. Эхлээд “2 сая төгрөгөөр авъя” гэсэн. Тэгээд төд удалгүй дахиад 2 сая төгрөгт тухайн өдрийн ханшаар биткойн зарсан.” гэх мэдүүлэг /1 хх-131/,

О.Дн гэрч, яллагдагчаар өгсөн: “...Анх би 2018 оны 6 дугаар сарын дундуур эхэлсэн. Сүхбаатар дүүрэгт байх “Орчлон” сургуулийн замын урд байх “АСЕ” гэдэг РС тоглоомын газарт анх гэмт хэрэг үйлдэх санаа олж авсан. Тухайн үед тэр РС тоглоомын газраас Youtube-ээр адилхан дуурайлгаж хийсэн. Веб сайтыг яаж асаах хийх талаар бичлэг үзсэн. Түүний дараа буюу 6 дугаар сарын 20-ны үеэс тухайн гэмт хэргээ хийж эхэлсэн. Shdowway.сот гэдэг сайтыг ашиглан гадаад нэртэй өөрийн аккаунтаар нээж ашиглаж байсан. Энэ хэргийг би үйлдсэн. Яг сайн санахгүй байна. Гэхдээ Бямбадорж гэдэг хүнийг авахдаа pishig илгээж авсан байх. Тэгээд хаягаар нь нэвтэрч ойр дотнын найз нөхдөөс нь мөнгө гуйж авч ашигласан. Тэр үедээ миний санаж байгаагаар хэрэг үйлдэхдээ Эрка Соёлсайхан гэдэг хүний хаягийг өөрийн болгоод авчихсан хэрэг үйлдэхдээ ихэвчлэн энэ хаягаар ашиглаж байсан. И.Буйр гэдэг хүнийг танихгүй тэр бол цахим мөнгө худалдаалдаг хүн. Тэр хүний дансаар тухайн мөнгийг цахим түрүүвчээр биткойн болгож авсан. Соёлсайхан гэдэг хаягаар харилцаж хэргээ хийсэн болохоор энэ хэрэг бол миний хийсэн хэрэг мөн гэж үзэж байна. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын цагдаа Нямтогтох, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа Баасанбат нарт хэргийн үзлэг, нийт хохирлын дүн хэмжээ, VPGAME.СОМ-д IТЕМ-Д шилжүүлсэн талаарх мэдээллүүд бүгд байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 136-139/,

2. 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 20 дугаар гудамжны 7 тоотод оршин суух Л.Түвшинбаатарын “Хаан” банкны 5015116231 дугаартай дансны интернет банкруу хууль бусаар нэвтрэн 848.000 төгрөгийг 346000901699 дугаарын “Төрийн банк”-ны дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Л.Түвшинбаатарын өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр орой 18 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн “Хаан" банкны 5015116231 тоот данснаасаа интернет гүйлгээгээр 848.000 төгрөг миний данснаас гарч алга болсон юм. Би тухайн үед маш их гайхаад “Хаан” банкнаас очиж дансны хууль авсан чинь Төрийн банкны 346000901699 дугаартай Батбаясгалан гэх хүний Төрийн банкны данс руу шилжүүлэг хийгээд миний мөнгийг авчихсан байсан. Би тэгээд 2017 оны 12 дугаар сарын 8-ны орой 20 цагийн үед би өөрийнхөө “Хаан” банкны интернет банк руу орох гэхэд нэвтрэх нэр, нууц үг буруу байна гэхээр би “Хаан” банкны 18001917 дугаарын лавлах руу утастаж өөрийнхөө дансны мэдээллийг авсан чинь “саяхан гүйлгээ хийгдээд банк хооронд интернет гүйлгээ хийгдээд таны данснаас мөнгө чинь гарчихсан байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр лавлахын өөдөөс би “өөрөө гүйлгээ хийгээгүй байхад яахаараа миний данснаас мөнгө гарчихаа” гэж асуусан чинь “лавлахын ажилтан салбар дээр очоод өөрийн биеэр лавлаж асуу” гэж надад хэлсэн юм.” гэх мэдүүлэг /2 хх 71-72/,

О.Дн гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би уг гүйлгээг хийсэн гэж бодож байна. Манай ээж интернет банк ашиглаж чадахгүй. Би Google, Youtube сайтаар фишинг сайтаар дамжуулж иргэдийн фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийг олж авах аргыг сурсан.” гэх мэдүүлэг /2 хх 80-81/,

3. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоотод оршин суух Н.Дуламсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “мөнгө зээлээч” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар М.Золзаяагаас 2.400.000 төгрөг, Г.Идэрмаагаас 2.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч М.Золзаяагийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Natsag Dulamsuren” гэсэн фейсбүүк хаягаас миний фейсбүүк хаяг руу “яаралтай мөнгөний хэрэг гарлаа” гэж хэлсэн. Би “хэдэн төгрөг хэрэг болсон бэ” гэж асуухад “5 сая төгрөгийн хэрэг байна” гэж хэлсэн. “Арай боломжгүй байна 2.400.000 төгрөг шилжүүлье, таны данс руу шилжүүлье” гэтэл “картаа орхисон байгаа учраас өөр хүний данс” гээд өгсөн юм. Түгээмэл нэртэй эмэгтэй хүний данс байсан. Одоо яг сайн санахгүй байна. Энэ талаар тодруулаад эргээд мэдэгдье. Шилжүүлгийн утгыг IТЕМS гэсэн утгаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа 6 цагийн дараа Дуламсүрэн эгч рүү хувийн асуудлаар холбогдоод “мөнгөө авсан уу” гэж асуухад “юун мөнгө вэ” гээд асуусан. Ойлгомжтой болсон юм. Тухайн 2.400.000 төгрөгийг “IPOMAX” ХХК-ийн данснаас тухайн данс руу шилжүүлж байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим манай ажил дээр ирээд надад 2.400.000 төгрөгийг бэлэн тоолж өгсөн. Надад Дуламсүрэн эгч “миний асуудал нааштай шийдэгдэж байгаа” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /2 хх 205-206/,

гэрч Э.Баттулгын өгсөн: “...Надад анх 1.300.000 төгрөг миний дансанд орсон. Тухайн үед 910.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний айтэм закгиуауй гэсэн хаягаар шилжүүлсэн. 390.000 төгрөгийг би буцаагаад 5015309800 М.Нямдорж гэх данс руу шилжүүлсэн. Одоо надад гомдол гаргасан Дуламсүрэн гэх хүнд 910 000 төгрөгийг шилжүүлж 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн.” гэх мэдүүлэг /2 хх 208-209/,

хохирогч Н.Дуламсүрэнгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай сэтгүүлийн фейсбүүк хаягаас “эгчээ таны сөрөг мэдээлэл гарсан байна.” гэхээр нь би ерөөсөө тоогоогүй. Тэгээд фейсбүүк хаяг маань юм бичиж болохгүй сонин болчихоор нь нэлээн байж байгаад би хаягаа алдчихсан болохоо мэдсэн. Би хуучин хаягаа авах сонирхолтой байгаа.” гэх мэдүүлэг /7 хх 147/,

Г.Идэрмаагийн гэрч, хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний хаяг руу манай сэтгүүлийн чаатанд манай найз Дуламсүрэнгийн фейсбүүк хаягаас над руу чат ирсэн. Яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд надаас 2 удаа нийт 2.500.000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд дараа нь Дуламсүрэн над руу мессежээр “миний хаяг хакердэж хүмүүсээс мөнгө аваад байна, болгоомжлоорой” гэж надад хэлсэн. Би 2.500.000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /2 хх 213, 10 хх 211-212/,

гэрч М.Хулангийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-нд анх аятэм авъя гэж Эрка Соёлсайхан гэх хаягаас холбогдож байсан. Би байгаа аятэмны зургийг харуулсан. Удалгүй дансанд 2.400.000 төгрөг орж ирсэн. Би тухайн мөнгийг эзэнд нь буцааж өгөх хүсэлтэй байгаа тул дансандаа хүрээгүй.” гэх мэдүүлэг /2 хх 214-215/,

О.Дн яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нацаг Дуламсүрэн гэдэг хүний фейсбүүк хаягийн нууц үгийг нууцаар нэвтэрч орж түүний ойрын хүн болох М.Золзаяагаас 2.400.000 төгрөг авах болоод 1.600.000 төгрөгийг л авсан. Би Буйр, Золжавхлан, Хулан, Баттулга, Батбаясгалан нартай хамтарч гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Би зүгээр өөрөө эдгээр аятины ченж болон энгийн хүмүүсийн дансыг нь ашигласан юм.” гэх мэдүүлэг /2 хх 230-231/,

4. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Сэрчмаа Түмэнбаяр” гэх Т.Сэрчмаагийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “түр мөнгө шилжүүлээч, буцаагаад өгье” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар Л.Одончимэгээс 65.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Л.Одончимэгийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр авга эгчийн охин болох “Түмэнбаяр Сэрчмаа” гэсэн хаягаас “мобайлдаа мөнгөтэй бол нэг шилжүүлэг хийгээд өгөөч, 420.000 төгрөг хэрэгтэй байна үдээс хойш гарахдаа өгье” гэхээр нь 65.000 төгрөг явуулсан.” гэх мэдүүлэг /З хх 28-29/,

гэрч С.Баасанбатын өгсөн: “...Би банкны дансны хуулгаа үзэхэд Эрка Соёлсайхан гэх хаягтай залуу надаас кет худалдаж авсныхаа мөнгийг шилжүүлсэн байсан.” гэх мэдүүлэг /3 хх 33-34/,

гэрч Э.Соёлсайханы өгсөн: “...Мэднэ, уг хаяг нь өмнө нь миний хаяг байсан. Би уг хаягийг 2012-2013 оны үед нээж байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 3-ны амралтын өдөр гэртээ байхад уг хаяг руу нэг линк ирэхээр нь дараад ороход хоосон байсан. Тэгээд түүнээс хойш 2 цагийн дараа ах залгаад “Соёлоо надаас яагаад мөнгө нэхээд байгаа юм бэ” гэхээр нь би унтаж босоод фейсбүүк рүүгээ орох гэхэд код өөрчлөгдсөн байсан. Ингээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст Азжаргал гэдэг байцаагчид энэ талаар гомдол гаргасан.” гэх мэдүүлэг /3 хх 35-36/,

хохирогч Т.Сэрчмаагийн өгсөн: “...Би гэртээ байж байсан чинь манай нөхөр надад хандан “чи надаас фейсбүүкээсээ мөнгө зээлээч гэж чат бичсэн юм уу” гэхээр нь гайхаад фейсбүүк хаяг руугаа орох гэсэн чинь болохгүй байсан. Тухайн үед би хаягаа хакердуулснаа мэдсэн. Миний ойр дотны хүмүүсээс мөнгө авсан үйлдэлд нь үнэхээр гомдолтой байна.” гэх мэдүүлэг /7 хх 155/,

О.Дн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Сэрчмаа Түмэнбаяр” гэх хүний фейсбүүк хаягаар Phishing линк явуулж Сэрчмаа Түмэнбаяр гэх хүний хаягт нэвтэрч ойр дотны хүмүүсээс нь “түр мөнгө шилжүүлээч, өдөр буцаагаад өгье” гэсэн мессежнүүдийг явуулсан. Тэгтэл Л.Одончимэг гэх хүнээс 65.000 төгрөгийг “Хаан” банкны 5248026907 дугаарын дансаар шилжүүлж авсан юм.” гэх мэдүүлэг хх 46-47/,

5. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрт Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “мөнгө хүссэн мессеж илгээн” цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар түүний нэрийг ашиглан Ш.Эрдэнэбаатараас 2.100.000 төгрөгийг “Хаан” бакны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Ш.Эрдэнэбаатарын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Dambii Batbaatar” гэх фейсбүүк хаягаас “1.600.000 төгрөг зээлчих, маргааш буцаагаад өгье” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд шилжүүлсэн. Тэгсэн тухайн хаягаас удалгүй дахиад “800.000 төгрөг зээлэх боломжтой юу” гэхээр нь би “800.000 төгрөг бол байхгүй байна, 500.000 төгрөг л байна” гэсэн чинь “өгчих” гэхээр мөн л шилжүүлсэн. Би Батбаатар гэх хүнтэй ажил мэргэжлийн холбоотой найзууд юм. Би нийт 2.100.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг хх 165-166/,

Д.Батбаатарын гэрч, хохирогчоор өгсөн: “...О.Д гэгч нь миний фейсбүүкийг ашиглан миний танил Ш.Эрдэнэбаатар болон Наранбаяр нараас нийт 2.412.000 төгрөгийг залилсан байсан. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагийн манай танил Зоригтбаатарын зурагтай хаягаас чат ирсэн. Ирсэн чаатных нь доор нь энэ мэдээлэл дээр чиний талаар зөндөө юм биччихсэн байна гэхээр нь би гайхаад орсон. Тэгээд тэр хаяг руу ороход баахан англи хэлний бичгүүд байхаар нь шууд гарсан. Тэгээд буцаад фейсбүүк хаяг руу орох гэсэн болохгүй байсан.” гэх мэдүүлэг хх 170-171,10 хх 240-241/,

О.Дн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Dambii Batbaatar” гэх хүний фейсбүүк хаягаар нэвтрэн орж “Shijirmaa Erdenebaatar” гэсэн фейсбүүк рүү 1.600.000 төгрөг зээлээч, маргааш буцаа:аад өгье” гэсэн чат бичсэн. Тэгээд 30 минутын дараа “800.000 төгрөг байна уу” гэж асуухад дахин 500.000 төгрөг шилжүүлсэн. Уг данс эзэмшигч нь танихгүй цахим тоглоомын хэрэгсэл зардаг хүн байсан. Тэгээд тухайн хүнээс 2.100.000 төгрөгт дүйцэх тоглоомын хэрэгсэл авсан.” гэх мэдүүлэг хх 189-190/,

6. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Эрдэнэмөнхийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан И.Бавуугарьдаас 700.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5248026907 дугаарын данснуудаар шилжүүлэн залилсан болох нь:

Хохирогч И.Бавуугарьдын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк чатаар “Эрдэнэбаатар Баатар” гэсэн хаягнаас “мобайлдаа мөнгөтэй бол шилжүүлэг хийгээд өгөөч орой буцаагаад шилжүүлье” гэсэн. Тэгэхээр нь би мобайлаа шалгасан чинь мөнгө байхаар нь шилжүүлсэн. Тэгээд байж байтал дахиад шилжүүлэх боломж байна уу гэхээр нь 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад 700.000 төгрөгийг хохирол учирсан.” гэх мэдүүлэг /4 хх 21-22/,

Н.Эрдэнэмөнхийн гэрч, хохирогчоор өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад манай менежер залуу надаас юун мөнгө нэхээд байгаа юм бэ гэсэн утгатай зүйл асууж залгасан. Миний фейсбүүк хаягийн чатаар хүн рүү мөнгө нэхэж чат бичсэн байсан. Би хаяг руу орж чадахгүй байсан. Тэгээд хүмүүст анхааруулаад хэлээд байж байсан чинь манай найз И.Бавуугарьдаас миний нэрээр мөнгө зээлээч гээд 700.000 төгрөг авсан байсан. Маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /4 хх 23-24, 7 хх 149/,

О.Дн яллагдагчаар өгсөн: “....Би 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэмөнх Баатар гэсэн фейсбүүк хаягийг дуурайлган хийсэн fishing link явуулж хаягийг нь авч нэвтрэн орж Бавуугарьд гэх хүнээс 300.000 төгрөг асууж Баттулга гэсэн хүн рүү шилжүүлж хэсэг хугацааны дараа дахиад 400.000 төгрөг Баасанбат гэх хүн рүү шилжүүлэн item авч тухайн шилжүүлсэн 2 хүнээс авч залилсан. 7000.000 төгрөгтэй дүйцэхүйц ITEM-аа VPGAME гэх цахим бооцооны вэб сайтад орж бооцоо тавьж алдсан.” гэх мэдүүлэг /4 хх 32-33/,

7. 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ө.Бат-Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Б.Очирбатаас "300.000 төгрөгийг 5422155675 дугаарын “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Б.Очирбатын өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 23-ны орой цаг ажилладаг Бат-Эрдэнэ гэх хүнээс фейсбүүк чат ирсэн. Мобайлдаа мөнгөтэй бол маргааш өглөө болтол зээлдүүлээч” гэхээр нь 300.000 төгрөг байна гэсэн чинь 248.000 төгрөгийг зээлчих гэхээр нь “Хулан” нэртэй “Хаан” банкны данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэхэд 10-15 минутын дараагаас манай захиргаа удирдлагын групп чаатанд Бат-Эрдэнэ яагаад хүмүүсээс мөнгө төгрөг зээлээд байгаа юм бэ гэсэн утгатай зүйл бичигдсэн байхаар нь гайхаад Бат-Эрдэнэ рүү залгаж асуухад би фейсбүүкээ хакердуулсан байна гэсэн.” гэх мэдүүлэг /4 хх 65-66/,

хохирогч Ө.Бат-Эрдэнийн өгсөн: “...Тухайн өдөр утсаараа фейсбүүк рүүгээ орох гэсэн чинь нэвтэрч болохгүй байхаар нь утасны интернет болохгүй байна гэж бодоод ажил руугаа ороод үзэх гэтэл ажлын хүмүүс “ахаа танд мөнгө хэрэгт болсон юм уу, та фейсбүүкээс бусдаас мөнгө нэхсэн утгатай юм бичсэн байна лээ” гэхээр нь ажлын хүний чаатнаас харахад миний фейсбүүкээр миний танил хүмүүс рүү мөнгө зээлээч гэсэн утгатай зурвас явуулсан байхаар нь Б.Очирбат руу залгасан чинь дөнгөж сая 300.000 төгрөг шилжүүлчихлээ гэсэн.” гэх мэдүүлэг /4 хх 70-71/,

О.Дн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр фейсбүүкийг дуурайлгасан fishing нэртэй линк явуулж нэг эгчээс надад 248.000 төгрөг явуулчих гэхэд чатаар холбогдож байгаад 300.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /4 хх 77-78/,

8. 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт С.Батбаатарын цахим хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Батжаргалаас 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч А.Батжаргалын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр С.Батбаатарын фейсбүүк хаягаас чатаар “мобайл банканд чинь мөнгө байна уу” гэхээр нь “хэдэн төгрөг ямар данс руу хийх вэ” гээд би интернет банкнаас өөрт байсан 300.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /4 хх 124-125/,

хохирогч С.Батбаатарын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр ажил тарах үед би гарах гээд компьютероо унтраах гэж байтал фейсбүүкийн чаатанд мэдээлэл ирсэн. Гэртээ орж ирээд фейсбүүк хаягаа нээтэл миний хаягийг ашиглан мөнгө зээлэх тухай хүсэлт бичиж харилцсан байсан. А.Батжаргал надад мөнгө өгч байна гэж миний хаягийг эвдэж орсон этгээдэд залилуулж түүний данс руу 300.000 төгрөг хийсэн байсан. Би гомдолтой байна.” /10 хх 243-244/ гэх мэдүүлэг,

9. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Г.Мөнгөнцоожийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Энхбаясгалангаас 180.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Д.Энхбаясгалангийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хамт ажилладаг байсан Мөнгөнцоож нь өөрийн “Mongontsooj Gongor” гэх фейсбүүкээр над руу чат бичээд 2.000.000 төгрөг зээлэх боломжтой юу гэхээр нь би боломжоороо 200.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /4 хх 167-165/,

хохирогч Г.Мөнгөнцоожийн өгсөн: “...Манай найз Энхбаясгалангийн найз над руу залгаад “чиний хаягаас хүмүүс рүү мөнгө зээлээч гэсэн чат бичээд байна чи мөн юм уу” гэж асуусан. Тухайн үед миний фейсбүүк орж болохгүй байсан болохоор түүнд хандан миний хаяг хакердуулчихсан юм шиг байна. Миний хувийн бүх мэдээлэлд халдаж уншиж, миний нэрээр найзаас 180.000 залилсан асуудалд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /7 хх 151/,

О.Дн гэрч, яллагдагчаар өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Mongontsooj Gongor" гэх фейсбүүкхаягаас “Enkhbaysgalan Dorj” гэх хүний фейсбүүк хаяг руу мөнгө зээлэх боломж байна гэж асууж 180.000 төгрөгийг авсан.” гэх мэдүүлэг /4 хх 166-167/,

10. 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Д.Мөнхцэцэгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Бадамцэцэгээс 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Б.Бадамцэцэгийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр фейсбүүк ороод байж байтал мэргэжилтэн Мөнхцэцэгийн фейсбүүк хаягаар “зээлэх мөнгө байна уу, надад 850.000 төгрөгийн хэрэг байна, би буцаагаад 2 цагийн дараа өгье” гэсэн. Би “миний мобайлд 300.000 төгрөг байгаа” гэсэн чинь “явуулчих” гэхээр нь явуулсан.” гэх мэдүүлэг /4 хх 200-201/,

хохирогч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр сургалтад сууж байтал 15 цаг 30 минутын үед миний фейсбүүк хаяг орж болохгүй болчхоод тэгсэн мөртөө би хүмүүс рүү мөнгө зээлээч гээд миний өмнөөс чат явчихсан байсан. Тэгээд байж байсан чинь цуг сургалтад ирсэн Бадамцэцэг над руу залгаад надад хандан “яасан мөнгөний хэрэг болсон юм уу, явуулчихсан” гэхээр нь би миний чаатнаас хэн нэгэн худлаа ярьж чат бичсэн болохыг нь мэдсэн. Миний фейсбүүкийн чаатны нууц кодыг хэн нэгэн өөрчилж миний өмнөөс Бадамцэцэг рүү мөнгө зээлээч гэж бичиж залилж 300.000 төгрөг авсан байсан.” гэх мэдүүлэг /10 хх 217-218/,

11. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Баяр-Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Н.Энхцэцэгээс 731.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Н.Энхцэцэгийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10 жилийн найз болон нэг нутгийн залуу Баяр-Эрдэнийн “Batkhurel Bayarerdene” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас чат бичээд “мобайлд чинь мөнгө байгаа юу” гэхээр нь би өөрийн төрсөн дүү Мартын дансаар над руу явуулсан дансаар нь 731.000 төгрөг явуулсан юм.” гэх мэдүүлэг /5 хх 3-4/,

хохирогч Б.Баяр-Эрдэнийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зүс таних Хаашкагаас хүнд ойлгогдохооргүй урт үргэлжилсэн үсгүүд ирсэн ба төгсгөлд нь “Баяраа ахаа энэ та мөн үү” гэсэн байсан. Тэгээд би үргэлжилсэн урт бичиг дээр дарж үзэхэд юм гараагүй. Тэгээд тоогоогүй ажлаа хийж байтал гэнэт миний утас дуугараад хүмүүс нэг нэгээрээ “чамд мөнгө хэрэг болсон юм уу” гээд асуугаад эхэлсэн.” гэх мэдүүлэг /5 хх 9-10/,

12. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Тэмүүжингийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч “10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч Д.Тэнгисээс 1.000.000 төгрөгийг “Хаан” банкны 5039540649 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Н.Тэмүүжингийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр танихгүй фейсбүүк хаягаас “өөрийг чинь энд муулаад байна” гээд нэг холбоос хаяг явуулахаар нь би тэр хаяг руу нь дарж ороход фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг асуухаар нэг, нууц үгээ бичиж оруулаад харахад миний талаар ямар нэгэн зүйл харагдахгүй байхаар нь “болохгүй байна ш дээ” гэж бичтэл тэр хаягаас компьютер дээрээс өөрийнхөө фейсбүүк хаяг руугаа орох гэхэд болохгүй байсан.” гэх мэдүүлэг /5 хх 127-128/,

хохирогч Д.Тэнгисийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед миний фейсбүүкийн чаатанд манай ажлын чатад найз Тэмүүжингээс “хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу” гэсэн чат ирсэн. Тухайн үед миний бие байрны найр хийгээд мөнгө цуглуулчихсан мөнгөтэй байсан учраас Тэмүүжингийн чат руу “яасан бэ мөнгө хэрэгтэй юм уу” гэсэн чинь над руу шубний зураг явуулаад “энийг авах гэсэн чинь мөнгө дутчихлаа 800.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь над руу явуулсан данс руу нь шилжүүлсэн. Тэгсэн чинь 20-30 минутын дараа дахин “200.000 дутчихлаа” гэхээр нь шилжүүлсэн. Би гомдолтой байна. 1.000.000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /11 хх 2-3/,

13. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Дэвсгэрт Б.Лхагвасүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Цэнд- Аюушаас 982.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 102200237553 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч А.Цэнд-Аюушийн өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байхад манай “Балын Лхагвасүрэн” цахим хаягаар над руу “яаралтай мөнгө хэрэгтэй боллоо, шилжүүлж өгөөч” гэх утгатай мессеж ирэхээр нь найздаа тус болох гээд над руу явуулсан данс руу нь мөнгө шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /6 хх 83-84/,

хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр миний чат руу танихгүй хүнээс нэг линк ирүүлсэн. Тухайн хүн над руу миний мэдээлэлтэй гэсэн болохоор нь тухайн линк рүү нь орсон чинь болохгүй байхаар нь болиод 20 минут орчим болсны дараа манай эхнэр залгаад “чи юун мөнгө нэхээд байгаа юм” гэж асуусан. Миний мэдээлэлд халдаж найзаас маань мөнгө зээлж, сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учруулсан явдалд маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /7 хх 153/,

14. 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Н.Баярбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч Б.Лхагвасүрэнгээс 1.040.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675, 5585534166 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр миний фейсбүүк чатаар Баярбат гэдэг манай ээжийн дүүгийн хаягаас мөнгө гуйж улмаар 792.000 төгрөг “Хулан” гэдэг данс руу, 248.000 төгрөгийг “Золжаргал” гэдэг данс руу тус тус шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /6 хх 142-143/,

хохирогч Н.Баярбатын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чука гэдэг найз маань утсаар ярьж “чи надаас 10.000.000 төгрөг зээлчих гээд чатаар бичлээ, яасан юу болсон” гэхээр нь би гайхаад “үгүй би тэгж бичээгүй” гээд хаяг руугаа орох гэсэн чинь болохгүй байсан юм. Ингээд хаягаа алдсанаа мэдээд хүмүүс рүү анхааруулж байсан чинь манай эгч Лхагвасүрэн над руу утастаж 1.040.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /10 хх 222-223/,

О.Дн яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баярбат гэх хүн рүү fishing link явуулж хаягаар орж Лхагвасүрэн гэх хаягтай хүнээс 792.000 төгрөг, мөн 248.000 төгрөг шилжүүлэн авч түүнд дүйцэхүйц хэмжээний IТЕМ тухайн хүмүүсийн дансаар дамжуулж авсан нь үнэн.” гэх мэдүүлэг /6 хх 152-153/,

15. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г.Үүрийнтуяагийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Өмнөговь аймагт оршин суух С.Сүнсэрмаагаас 234.000 төгрөг, Г.Ганзоригоос 500.000 төгрөг, Б.Эрхэмбаяраас 150.000 төгрөг, З.Мөнхнарангаас 150.000 төгрөг, Д.Отгонгэрэлээс 500.000 төгрөг нийт 1.534.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч С.Сүнсэрмаагийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай бэр Г.Үүрийнтуяагийн чатаар “234.000 төгрөг зээлэх боломж байна уу, маргааш өглөө өгнө” гэсэн. Тэгэхээр нь интернет банкаар 234.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /7 хх 60-61/,

хохирогч Б.Эрхэмбаярын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай ажилтан Г.Үүрийнтуяа чатаар “мөнгө зээлэх боломж байна уу маргааш үдээс өмнө өгнө” гэж бичсэн. Би “хэдэн төгрөг вэ” гэсэн чинь “800.000 төгрөг” гэж хариу ирсэн. Би “тийм мөнгө байхгүй” гээд 150.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /7 хх 66-67/,

хохирогч Д.Отгонгэрэлийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр миний дүү Г.Үүрийнтуяагийн фейсбүүк хаягаас чатаар “мөнгө зээлээч” гэсэн зурвас ирсэн. Надаас 1.900.000 төгрөг асуухаар нь “их мөнгө байхгүй 500.000 төгрөг байна” гэсэн. Тэгээд орой нь АТМ-аас 500.000 төгрөг шилжүүлсэн. “Хулан” гэж хүний данс руу утгыг нь IТЕМ гэж шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /7 хх 72-73/,

хохирогч Г.Ганзоригийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай ангийн хүүхэд Г.Үүрийнтуяагийн фейсбүүк хаягаас чатаар мөнгө зээлээч гэсэн зурвас ирсэн. Тэгээд 500.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /7 хх 75-76/,

хохирогч З.Мөнхнарангийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай найз болох Г.Үүрийнтуяагаас чатаар “850.000 төгрөг зээлээч зээл дутаад байна, маргааш эргүүлээд өгье” гэхээр нь “надад тийм их мөнгө алгаа байгаа нь 150.000 төгрөг байна” гэхэд “болно” гээд “гүйлгээний утга дээр Кет гэж бичээд шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /7 хх 83-84/,

хохирогч Г.Үүрийнтуяагийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үе миний фейсбүүк хаяг орж болохгүй байсан. Тэгээд тэр оройдоо сүлжээ болохгүй байгаа юм болов уу гэж бодоод унтаад өгсөн ба маргааш нь ажил дээрээ байж байхад манай ангийн Ганзориг гэдэг залуугаас “мөнгө зээлсэн мөнгөө өгөх үү” гэсэн чат ирэхээр нь би “чамаас би мөнгөө зээлээгүй” гээд утасных нь дугаарыг аваад ярьсан чинь хэн нэгэн этгээд миний хаягийг эвдэж ороод миний өмнөөс чатаар маань мөнгө зээлээч гэж худал чат илгээж манай ангийн хүүхэд Ганзоригоос 500.000 төгрөг, хадам эгч Сүнсэрмаагаас 234.000 төгрөг, захирал Эрхэмбаяраас 150.000 төгрөг, эгч Отгонгэрэлээс 500.000 төгрөг, найз Мөнхнарангаас 150.000 төгрөг тус тус залилсан байсан.” гэх мэдүүлэг /10 хх 226-227/,

16, 17. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Б.Шинэбаяр руу “мобайл банканд чинь мөнгө байна уу, миний мобайл банкны гүйлгээ хийх лимит дуусчхаад мөнгө гарахгүй байна” гэж зурвас илгээн хуурч 3.450.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Ц.Одбаяр руу “Миний интернет банкны лимит хэтэрчихлээ, надад мөнгө явуулаач” гэж хуурч 120.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэгийн өгсөн: “...Миний аавын төрсөн ахын охин болох Цэрэнжамцын Одбаяр нь Солонгос улс руу 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр явсан. Миний бие Одбаярын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк хаягаа бусдад алдсан. Миний фейсбүүк чатаар Одбаяртай холбогдож “надад мөнгө явуулаач” гэж хэлээд 120.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би өөрийн фейсбүүк хаягаа эргүүлэн авч нэр төрөө сэргээмээр байна.” гэх мэдүүлэг /7 хх 203-204/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ариунтунгалагийн “...Миний нагац ахын охин болох Б.Шинэбаяр нь Солонгос улсад сүүлийн 2 жилийн хугацаанд амьдарч байгаа бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр түүний найз болох Энхчимэг нь өөрийнхөө “Баатарын Энхчимэг” гэсэн фейсбүүк хаягаас манай дүүгийн чатаар холбогдож мөнгө шилжүүлээд өгөөч гэж ярилцсан байсан. Улмаар манай дүү 3 удаагийн гүйлгээгээр нийт 3.450.000 төгрөг шилжүүлсэн байсан.” гэх мэдүүлэг /7 хх 210/,

18. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Болорхүүгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Э.Батсайхан руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 200.000 төгрөгийг “Хаан” банкны 5419023552 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Э.Батсайханы өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр найз Болорхүүгийн фейсбүүкээс “Энхбатын данс руу яаралтай мөнгө шилжүүлээч" гэсэн зурвас ирсэн байсан. Тэгээд 3,4 хорооллын нутаг дэвсгэрээс өөрийн данснаас мобайл банкаар 200.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /8 хх 135/,

хохирогч А.Болорхүүгийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сард миний багийн найз над руу утсаар яриад “чамайг мөнгө хэрэгтэй боллоо” гэхээр 200.000 төгрөг явуулчихсан шүү” гэхээр нь би гайхаад “тийм зүйл чам руу явуулаагүй” гэж хэлсэн. Ингээд миний фейсбүүкээр өөр хүн нэвтрээд найзаас мөнгө авсан байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /11 хх 9-10/,

19. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.Дагважанцангийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Д.Цэрмаа руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 600.000 төгрөгийг “Хаан" банкны 5071345935 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Д.Цэрмаагийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай ажлын эмч болох Дагважанцангийн фейсбүүк хаягаас “мөнгө зээлээч” гэж мессеж ирсэн. “Хэд” гэтэл “2.000.000 төгрөг зээлээч” гэхээр нь би “надад тийм их мөнгө байхгүй дансанд 600.000 төгрөг байна” гэтэл “шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /8 хх 173-178/,

хохирогч Б.Дагважанцангийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ажил тараад явж байсан чинь манай хамаатны залуу над руу залгаж “чиний хаягаас хүмүүс рүү мөнгө нэхэж чат бичээд байна” гэхээр нь би хаяг руугаа орох гэсэн чинь болохгүй байсан. Тухайн үед гэртээ очоод хаяг руугаа орох гэсэн болохгүй болохоор нь найзаараа миний хаягийг хакердуулсан байна гэсэн пост оруулсан боловч устгагдаад байсан. Тэгээд маргааш өглөө нь ажил дээрээ очсон чинь манай ажлын Цэрмаа эмч надаас “зээлсэн мөнгөө авъя” гэхээр нь миний чатаас Цэрмаа эмч рүү мөнгө зээлээч гэж чат бичиж 600.000 төгрөг залилсан байсан юм. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /11 хх 14-15/,

20. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ц.Пүрэвсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан А.Отгонтунгалаг руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 400.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч А.Отгонтунгалагийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 10 жилийн найз Пүрэвсүрэнгийн хаягаас над руу мессеж бичээд “мөнгө байвал 400.000 төгрөг зээлээч” гэж хэлсэн. Тэгээд би “за” гэж хэлээд өгсөн. Данс руу нь шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /8 хх 214-215/,

Хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр том эгч Жамаасүрэн над руу залгаж надаас миний дансны дугаарыг маань асуусан. Тухайн үед би эгчээсээ “би танаас мөнгө асуугаагүй ш дээ, хэн таныг над руу мөнгө хийгээд өг гэж хэлсэн бэ” гэсэн эгч надад “чи өөрийнхөө фейсбүүкээс над руу мөнгө асуусан биз дээ” гэж хэлсэн. Тэгээд би хэн нэгэн хүн миний хаяг руу халдаж хүмүүсээс “мөнгө зээлээч” гэж чат явууллаа гэж бодоод хүмүүс рүү анхааруулаад ярьж эхэлсэн ба найз Отгонтунгалаг руу ярьтал тухайн өдөр над руу 400.000 төгрөг шилжүүлсэн талаар хэлсэн. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /10 хх 229-230/,

21. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Л.Дэлгэрмандалын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Э.Отгонбаяр руу “Мобайлд чинь мөнгө байвал яаралтай өгөөч” гэж хуурч 500.000 төгрөгийг “Хаан” банкны 5248026907 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Э.Отгонбаярын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байхад найз Дэлгэрмандал найз фейсбүүк мессенжер хаягаараа хандалт хийж харьцсан. Тэгээд “мөнгө байна уу, маргааш оройдоо өгье” гэхэд “Улаанбаатар хот орно, би урд Манжуурт явж байна, мобайлд чинь мөнгө байвал яаралтай мөнгө өгөөч” гэсэн. Тэгээд би гэртээ байхдаа 500.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /9 хх 135-136/,

хохирогч Л.Дэлгэрмандалын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 8-ны үед шиг санагдаж байна. Миний “Delgermandal Luwsantseren” гэсэн фейсбүүк хаяг руу чат ирсэн. “Таны зураг энэ дээр баахад яваад орж устгах шаардлагатай байна” гэсэн утгатай чат ирсэн. Тэгэхээр нь би тухайн холбоос руу ороод харахад нэвтрэх нэр, нууц үгээ хийнэ үү гэсэн цонх гарч ирсэн тэгэхээр нь би нэр нууц үгээ тухайн холбоос дээр хийхэд ямар нэгэн зураг байхгүй хоосон байсан. Тэгээд л миний фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үг авсан байсан.” гэх мэдүүлэг /9 хх 137-138/,

О.Дн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний “Delgermandal Luwsantseren” нэртэй фейсбүүк хаягаар найзуудаас нь мөнгө асууж байгаад нэг найзаас нь 500.000 төгрөг авсан.” /9 хх 148-149/ гэх мэдүүлэг,

22, 23. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан туу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 50.000 төгрөгийг “Хаан” банкны ярын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Х.Баярмөнх рүү “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 300.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Б.Болдбатын өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн үед Булган аймагт хувийн ажлаар явж байх үед миний эзэмшлийн “Boldbat Boldbat” гэсэн фейсбүүк хаяг үл таних хүн хууль бусаар нэвтэрч найз Х.Баярмөнхөөс 300.000 төгрөг, найз Э.Юмжирмаагаас 50.000 төгрөгийг дээрх дансанд шилжүүлж авсан байсан” гэх мэдүүлэг /9 хх 215-216/

хохирогч Э.Юмжирмаагийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз Б.Болдбатын фейсбүүк хаяг “Boldbat Boldbat” гэх хаягаас “яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч” гэсэн утгатай мессеж ирэхээр нь 50.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /9 хх 219-220/

хохирогч Х.Баярмөнхийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз Б.Болдбатын фейсбүүк хаяг “Boldbat Boldbat” гэх хаягаас “яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч” гэсэн утгатай мессеж ирэхээр нь 300.000 төгрөг шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /9 хх 223-224/

24. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан П.Наранбаяр руу мөнгө гуйсан захидал илгээн 312.000 төгрөгийг “Хаан” банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч П.Наранбаярын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр намайг гэртээ байхад миний танил Батбаатар ахын “Batbaatar Dambii” гэсэн фейсбүүк хаягаас “300.000 төгрөг байна уу, маргааш буцаагаад өгчихнө” гэхээр нь байна гэхэд “312.000 төгрөг өгөх боломж байна уу” гэхээр нь “байгаа” гэхэд Нямсүлд гэдэг хүний данс руу 312.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. гэх мэдүүлэг /10 хх 31-32/,

хохирогч Д.Батбаатарын өгсөн: “...О.Д гэгч нь миний фейсбүүкийг ашиглан миний танил Ш.Эрдэнэбаатар болон Наранбаяр нараас нийт 2.412.000 төгрөгийг залилсан байсан. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагийн манай танил Зоригтбаатарын зурагтай хаягнаас чат ирсэн. Ирсэн чаатных нь доор нь энэ мэдээлэл дээр чиний талаар зөндөө юм бичсэн байна гэсэн байхаар нь би гайхаад орсон. Тэгээд тэр хаяг руу ороход баахан англи хэлний бичгүүд байхаар нь шууд гарчихсан. Тэгээд би буцаад фейсбүүк хаяг руугаа орох гэсэн болохгүй байсан.” гэх мэдүүлэг /10 хх 240-241/,

25. 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ринзаан Булгамаа гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Уранчимэг рүү “мобайл банкны дансандаа мөнгө байвал нэг данс руу шилжүүлээд өгөөч” гэж зурвас илгээн 150.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч А.Уранчимэгийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр багш болох Р.Булгамаагийн фейсбүүк хаяг болох “Pinzaan Bulgamaa”-аас “мобайл банкны дансандаа мөнгө байвал нэг данс руу шилжүүлээд өгөөч” гэсэн чат ирсэн. Тухайн үед миний дансанд 150.000 төгрөг байсан болохоор шилжүүлсэн.” /Юхх-150-151/ гэх мэдүүлаг,

хохирогч Р.Булгамаагийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 13 цагийн үед Баянсэлэнгийн фейсбүүк хаягаас “сайн уу найзаа, энэ линк рүү ороод үзээрэй, чиний зургийг фотошопдоод айхтар мэдээ гарсан” байна гэхээр нь би чатаараа нөгөө линк рүү орох гэхэд “та фейсбүүкийнхээ нууц дугаарыг бичнэ үү” гэхээр нь бичээд орох гэсэн чинь миний фейсбүүк шууд хаагдаж би чат руугаа болон фейсбүүк рүүгээ орох боломжгүй болсон юм. Миний шавь А.Уранчимэгээс над руу 150.000 төгрөг шилжүүллээ гэсэн хариу өгсөн байсан.” гэх мэдүүлэг /10 хх 247-248/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс О.Дг “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх шүүгдэгч О.Дн бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад уг залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусдын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж нь тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгож, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч О.Дн үйлдэл нь уг шинжийг бүрэн хангажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Дн үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамруулж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Мөн анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4- т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, нийт ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч О.Д нь: “...хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа... анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ...бусдад учруулсан хохирол болох нийт 26.052.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан... зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял, зүйлчлэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг нь: “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...О.Дн үйлдлийг хүндрүүлж, давхар зүйлчилсэн нь үндэслэлгүй, ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ...гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд шударгаар хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, ялыг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг мөн өөрчлөн, ялыг хөнгөрүүлэн /торгууль/ шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Дн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн он цагийг 2020, 2021, 2022, 2023 онуудад үйлдсэн мэтээр үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаатай бичсэн зөрчил гаргасныг цаашид анхаарвал зохино.

Иймд шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/1705 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/1705 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН 

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ