Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2023/00031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Хангай сервис ХХК-ийн байранд байрлах, Төрийн банк ХХК /РД:5341469/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчид 1б гудамжны 01 тоотод оршин суух, Батсайханы Одонтуяа /РД:УД83052827/,

Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчид 1б гудамжны 01 тоотод оршин суух, Бадрайн Баярсайхан /РД:УД56012361/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 16,207,972.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

Хариуцагч Б.Одонтуяа, Б.Баярсайхан нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч тал Төрийн банк Налайх салбараас зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн посс-ын орлого барьцаалсан зээлийг авсан. Зээлдэгч нар нь зээлийг авснаас хойш зээл, зээлийн гэрээний дагуу хавсралтаар харилцан тохиролцсон хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн, мөн хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч нарын бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэр нь зээлээ төлөхгүй байгааг нь санаатай үйлдэл гэж үзэж байна. Мөн зээлдэгч нь зээлээ төлөх чадвартай гэж үзэж байх тул зээлийн гэрээний үүрэг 16,207,972.86 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. Надад олгосон итгэмжлэлээр хариуцагч талтай эвлэрэх боломжгүй болно гэжээ

 

2. Хариуцагч Б.Одонтуяа, Б.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн надаас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,207,972.86 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлтэй байна. Хэрэв нэхэмжлэгч Төрийн банк ХХК миний саналыг зөвшөөрвөл эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 24/282, 01/6433, 01/1116 дугаартай итгэмжлэл, Төрийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас, зээл олгох зөвшөөрлийн хуудас, Пос-ын орлого барьцаалсан зээлийн гэрээ, 312500719012 дугаартай барьцааны гэрээ, зээлдэгчийн анкет, Б.Одонтуяа, Б.Баярсайхан нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Зээл хүсэгчийн үйл ажиллагаатай танилцсан акт, гэрэл зургийн үзүүлэлт, Бэлэн мөнгө тоолсон акт, бараа материалын үлдэгдлийн жагсаалт, Миний гэр бүл цайны газрын хоолны цэс, борлуулалтын орлогын түүвэр, пос-ын орлогын тайлан, зээлийн барьцаа шалгасан акт, түрээсийн гэрээ, Нутгийн тогоруу ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол банкны зээлийн мэдээллийн сан, зээлдэгчтэй холбоо барьсан талаарх мэдээллийн хүснэгт, Зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлдэгчтэй уулзсан тайлбар зэргийг баримтаар өгсөн. /хх-5-52/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч тал үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 16,207,972,86 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 16,207,972,86 төгрөгийг гаргуулах шаардлагатай маргаагүй, зээлийн төлбөр 16,207,972,86 төгрөгийг 12 сарын хугацаанд хуваан төлөх нөхцлөөр нэхэмжлэгч талтай эвлэрэх хариу тайлбар гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч Төрийн банк ХХК хариуцагч Б.Одонтуяа, Б.Баярсайхан нар 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 25,000,000 төгрөгийн 312500719012 тоот ПОС-ын орлого барьцаалсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан байна. /хх-11-15/

 

-Хариуцагч тал 2022 оны 01 сарын 08 өдрөөс хойш зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй байна. /хх-51/

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,207,972.86 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үүснэ.

 

Харин хариуцагч Б.Одонтуяа, Б.Баярсайхан нар нэхэмжлэлийн шаардлагыг 12 сарын хугацаанд хуваан төлөх хариу тайлбар ирүүлсэн тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 16,207,972.86 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  238,990 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Одонтуяа, Б.Баярсайхан нараас 238,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-т заасныг баримтлан хариуцагч Б.Одонтуяа, Б.Баярсайхан нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 16,207,972.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Одонтуяа, Б.Баярсайхан нараас 238,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА