| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2022/00350/И |
| Дугаар | 130/ШШ2022/00497 |
| Огноо | 2022-05-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2022/00497
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А овогт Б /РД:000000/. Хаяг: Б аймаг, Н сум, 7 дугаар багт оршин суух /Харилцах утас:0000000/
Хариуцагч: Ж овогт Т /РД:00000000/. Хаяг: Б аймаг, Н сум 4 дүгээр баг /Харилцах утас 0000000/
Нэхэмжлэлийн шаардлага: Миний эзэмшлийн хадлангийн талбайгаас хууль бусаар хадсан нэг машины өвсний үнэ 650,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч К,
Хариуцагч Т,
Орчуулагч Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К нь хариуцагч Т-т холбогдуулан эзэмшлийн хадлангийн талбайгаас хууль бусаар хадсан нэг машины өвсний үнэ 650,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:
2.Миний бие Б аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “хадлангийн талбай ашиглуулах тухай” А/92 дугаар захирамжаар тус сумын 7 дугаар багийн Бэлчээр гэх газарт 1,5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаагаар авч, жил бүр хадлангаа хадаж ирсэн. Уг хадлангийн талбайг тус сумын Засаг даргаас захирамжаар эзэмшүүлэхээс олон жилийн өмнө ашиглаж ирсэн. Хариуцагч бид хоёр нэг нутгийн хүмүүс ч гэсэн хариуцагч миний эзэмшиж ашиглаж байгаа хадлангийн талбайгаас хууль бусаар өвс хадаж авч үндэслэлгүй хөрөнгөжиж миний эрх ашигт халдсан. Хариуцагчийн миний хадлангийн талбайгаас хадаж авсан өвс нь нэг машинаас ч илүү гарна. Т миний хадлангийн талбайгаас өвс хадаж байх үед би түүнд энэ газраас өвс битгий хадаж аваарай миний эзэмшлийн газар гэж сануулж байсан боловч тэр миний шаардлагыг хүлээж аваагүй тул газар дээр нь сумын захиргааны байгууллагад мэдэгдсэн.Хадлангийн маргааны шийдвэрлэж өгөхөөр сумаас комисс томилж өгсөн бөгөөд уг комиссын хүмүүс нь газар дээр очиж, хүний хадлангийн талбайд орж хадсан өвсийг надад буцааж олгох тухай шийдвэрлэж тэмдэглэл үйлдсэн. Одоо хүртэл уг нэг машины өвсний үнийг төлөхгүй байгаа ба энэхүү маргааныг шийдвэрлүүлж авахын тулд аймгийн төвд дахин дахин ирээд хохирч байна. Иймд хариуцагч Т-ээс миний эзэмшлийн хадлангийн талбайд хууль бусаар орж хадаж авсан нэг машин өвсний үнэ 650,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч Т хариу тайлбар, татгалзал: Н сумын Засаг даргын захирамж гарч сумын нийт ард иргэдэд хадлангийн талбайг хүн бүрд тэгш хуваарилахад Ш гэгч хүнд Бэлчээр хэмээх газраас хадлангийн талбайг хуваарилан өгсөн байна. Ш нь 2008 онд Казахстан улсад нүүхэд хашаа, хороо, байшин болон хадлангийн талбайг би худалдаж авсан байсан. Тухайн үед уг хадлангийн талбайг хуваарилахад одоогийн миний эзэмшиж байгаа хадлангийн талбайн доор чиглэл нь К-ийн хадлангийн талбайттай залгагдсан шугамтай юм. Би өөрийн хадлангийн талбайг сүүлийн 14 жил өвс хадаж 2-3 машин өвч авч хэрэглэж ирсэн.Одоогийн К-ийн нэхэмжилж байгаа хадлангийн талбай бол миний жил болгон хадаж өвс авдаг талбай юм.К нь миний хадлангийн талбайд цөмрөн орж өнгөрсөн жил трактор хадуураар хадаж өвсийг буулгаж авсан. Тухайн үед би эрүүл мэндийн байдлаас болж маргаан үүсгэж чадаагүй.
Нэхэмжлэгчээс миний хадлангийн талбайгаас Т хууль бусаар өвс хадаж авсан гэж намайг гүтгэж байна. Би өөрийнхөө хадлангийн талбайг хадсан.К-ийн хадлангийн талбайд ороогүй.Энэ асуудал намар сумын Засаг даргын Тамгын газраас газрын даамал тэргүүтэй ажлын комисс очиж газар дээр нь үзээд К чиний хадлангийн талбай том байна. Энэ хүний хадлангийн талбай чиний хадлангийн талбайгаас бага байна.Хоорондоо учраа олоод хадлангаа аваарай гэж явснаар би өөрийн хадсан газрын өвсийг буулгаж авсан. К-ийн надтай маргалдаж нэхэмжлэл гаргаж буй газрын өвсний гарц тийм сайн биш учир хагас машин өвс гардаг юм. Нэхэмжлэгч К нь Н сумын газрын даамлыг дагуулж очоод миний газрыг өөрийн газартаа оруулаад зураг гаргуулаад авсан байна. Маргаан бүхий газар миний газар учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,Б аймгийн Н сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар албан бичгээр мөн сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр олгосон тодорхойлолт, тус сумын Төрийн сангийн төлөөлөгч У.Берикболын үнэлгээний талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, Б аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “хадлангийн талбай ашиглуулах тухай” А/92 дугаар захирамж,уг захирамжийн хавсралт, 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Иргэн,хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ, Б аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас олгосон К-ийн газрын байршлын кадастрын зураг, Т, О, Х нарын тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажлын хэсгийн дүгнэлт”, тухайн үед маргаан бүхий газарт авсан фото зураг, хадлангийн талбайд үзлэг хийх тухай хүсэлт зэргийг нэхэмжлэгчээс,
5.Хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бичсэн хариу тайлбар, Б аймгийн Н сумын 12 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12/16 дугаар албан бичгээр олгосон тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.
6.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШЗ2022/01443 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий Б аймгийн Н сумын “Бэлчээр” гэх хадлангийн талбайд үзлэг хийсэн тэмдэглэл, газрын үзлэгийн үеийн схем зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “хадлангийн талбай ашиглуулах тухай” А/92 дугаар захирамжаар тус сумын 7 дугаар багийн Бэлчээр гэх газарт 1,5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаагаар авч, жил бүр хадлангаа хадаж ирсэн. Уг хадлангийн талбайг тус сумын Засаг даргаас захирамжаар эзэмшүүлэхээс олон жилийн өмнө ашиглаж ирсэн. Т миний хадлангийн талбайгаас өвс хадаж байх үед би түүнд энэ газраас өвс битгий хадаж аваарай миний эзэмшлийн газар гэж сануулж байсан боловч тэр миний шаардлагыг хүлээж аваагүй тул газар дээр нь сумын захиргааны байгууллагад мэдэгдсэн.Хадлангийн маргааны шийдвэрлэж өгөхөөр сумаас комисс томилж өгсөн бөгөөд уг комиссын хүмүүс нь газар дээр очиж, хүний хадлангийн талбайд орж хадсан өвсийг надад буцааж олгох тухай шийдвэрлэж тэмдэглэл үйлдсэн. Одоо хүртэл уг нэг машины өвсний үнийг төлөхгүй байгаа ба энэхүү маргааныг шийдвэрлүүлж авахын тулд аймгийн төвд дахин дахин ирээд хохирч байна гэж тайлбарлажээ.
3.Хариуцагч Т-ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:
Үүнд: нэхэмжлэгчээс миний хадлангийн талбайгаас Т хууль бусаар өвс хадаж авсан гэж намайг гүтгэж байна. Би өөрийнхөө хадлангийн талбайг хадсан. К-ийн хадлангийн талбайд ороогүй. Энэ асуудал намар сумын Засаг даргын Тамгын газраас газрын даамал тэргүүтэй ажлын комисс очиж газар дээр нь үзээд К чиний хадлангийн талбай том байна. Энэ хүний хадлангийн талбай чиний хадлангийн талбайгаас бага байна.Хоорондоо учраа олоод хадлангаа аваарай гэж явснаар би өөрийн хадсан газрын өвсийг буулгаж авсан. К-ийн надтай маргалдаж нэхэмжлэл гаргаж буй газрын өвсний гарц тийм сайн биш учир хагас машин өвс гардаг юм. Нэхэмжлэгч К нь Н сумын газрын даамлыг дагуулж очоод миний газрыг өөрийн газартаа оруулаад зураг гаргуулаад авсан байна. Маргаан бүхий хадлангийн газар миний газар учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “хадлангийн талбай ашиглуулах тухай” А/92 дугаар захирамжийн нэг дэх заалтаар хадлангийн талбайг зохистой ашиглах,хамгаалахаар хүсэлт гаргасан иргэний хүсэлтийг үндэслэн газрын хэмжээ, байршлыг харгалзан “газар ашиглах бүхий бэлчээр” гэх газраас 3 га талбай бүхий газрыг иргэдийн нэрсний жагсаалтыг хавсралт ёсоор баталж, гурав дахь заалтаар ашиглуулсан хадлангийн талбайн хил заагийг газар дээр тогтоон өгч, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, газар ашиглуулах гэрээ байгуулан ашиглалтын явцад хяналт тавьж ажиллахыг газрын даамал Т.Манарбект даалгасан ба уг захирамжийн хавсралтад А овогт К-д Н сумын 7 дугаар багийн Бэлчээр гэх газарт 1,5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаагаар олгож, мөн өдөр тус сумын газрын даамалтай иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ байгуулж К-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг үйлдсэн зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч К нь тус сумын 7 дугаар багийн Бэлчээр гэх газарт 1,5 га газрыг эзэмшдэг болох нь тогтоогджээ.
5. Гэтэл хариуцагч Тээс өөрийнхөө хадлангийн талбайгаас хадсан гэх газрын 0.466 га газар нь нэхэмжлэгч К-ийн дээрх захирамжаар хадлангийн зориулалтаар эзэмшдэг Н сумын 7 дугаар багийн Бэлчээр гэх газарт байгаа 1,5 га газарт давхацсан болох нь маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, схем зургаар тогтоогдлоо.
6. Хэдийгээр хариуцагчаас өөрийнхөө хадлангийн талбайгаас хадсан гэж маргаж байгаа боловч 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс миний эзэмшлийн хадлангийн газарт хариуцагч Т нь орж нэг машин өвс хадаж авсан гэж маргаж, улмаар сумын Засаг даргаас хадлангийн газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсэг гаргасан ба уг ажлын хэсэг тухайн өдөртөө маргаан бүхий газарт очиж хариуцагчийн хадсан гэх газрыг хэмжиж хэмжилт хийж ,зургаар баталгаажуулсан ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан тухайн өдрийн ажлын хэсгийн дүгнэлт, хариуцагчийн нэг УАЗ-469 дугаар машины чиргүүлд нь өвс ачсан фото зургаар мөн хариуцагчийн өөрийнхөө газраас хадсан гэх 0.466 га газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн хадлангийн газарт орж хадсан болох нь маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байгаа тул хариуцагч Т нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч К-ийн хууль ёсны эзэмшлийн хадлангийн талбайгаас нэг машины өвс хадаж авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж шүүх үзлээ.
7. Хариуцагч Т-ээс уг хадлангийн талбайг тус сумын иргэн Ш нь Казахстан улсад нүүхэд худалдаж авсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх болон маргаан бүхий хадлангийн талбайн хууль ёсны эзэмшигч эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
8. Харин нэхэмжлэгч К нь Б аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “хадлангийн талбай ашиглуулах тухай” А/92 дугаартай захирамжаар тус сумын 7 дугаар багийн Бэлчээр гэх газарт 1,5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар авсан газартаа тавьсан тэмдэг нь хариуцагч Тийн эзэмшлийн гэх хадлангийн талбай талд 2.5 метр орсон болохыг дурдав.
9.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигч өөрөө хүлээх тул шүүх хэрэгт байгаа нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н сумын төрийн сангийн төлөөлөгчийн гаргасан үнэлгээг үндэслэн хариуцагч Т-ээс хууль бусаар хадсан нэг машины өвсний үнэ 650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,150 /хорин мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т-ээс хууль бусаар хадсан нэг машины өвсний үнэ 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч К-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 20,150 /хорин мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч К-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж