| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/06597/И |
| Дугаар | 101/ШШ2023/00186 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2023/00186
| 2023 01 04 | 101/ШШ2023/00186 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш. Н /рд:/,
Хариуцагч: Э. С /рд:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 17,092,760.09 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, хариуцагч бөгөөд хариуцагч Ш.Нын төлөөлөгч Э.С, хариуцагч нарын өмгөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Н, Э.С нар нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Гтай ЗГ1175108569 дугаартай зээлийн гэрээ байгуулж 21,700,000.00 төгрөгийг жилийн 8.0 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай орон сууцны зээлийг авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр БГ1175108569 дугаартай ипотекийн гэрээгээр БЗД, хороо, ,,,, гудамж байр, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Ш.Н, Э.С нар ЗГ1175108569 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байх тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу Г гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн үлдэгдэл 16,193,159.07 төгрөг, зээлийн хүү 810,080.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,648.44 төгрөг, даатгалын төлбөрт 84,872.19 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 862 хоног /2020.05.19- 2022.09.29-ний хооронд үүссэн зөрчлийн хоног/, нийт 17,092,760.09 төгрөг. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-ш “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ш.Н, Э.С нараас орон сууцны ЗГ1175108569 тоот зээлийн гэрээний үүрэгт 17,092,760.09 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Ганд олгуулж өгнө үү. БГ1175108569 дугаартай ипотекийн гэрээгээр БЗД, 2-р хороо, ,,,, Б.Доржийн гудамж байр, тоот хаягт байршилтай, 32.37 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГ1175108569 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулж өгнө үү.
Хариуцагч нар нь 2016 онд зээлийн гэрээ байгуулсан. 21 700 000 төгрөг зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээгээр орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлд 16 193 159.07 төгрөг, хүүд 810 080.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 648.44 төгрөг, даатгалд 84 872.19 төгрөг, нийт 17 092 760.09 төгрөг гаргуулна. Энэ нь 2022.9.28-ны өдрийн байдлаар бодогдсон. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. 2022.11.25-ны өдрийн захирамжийн дагуу хойшлуулах хүсэлт хэзээ гаргасан талаар лавлагаа гаргасан. 11 сард цахим хэлбэрээр өгч 2 удаа хойшлуулагдсан. Эхний хүсэлтийн хувьд банкны зүгээс нотлогдохгүй байгаа юм. Тэрнээс хойш зөрчил үүсээд байгаа талаар зээлдэгчид мэдэгдэж байсан юм. Тэр үед зөрчлөө арилгасан бол нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагч Ш.Нын төлөөлөгч Э.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч Х.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш овогтой Н //, хамтран зээлдэгч Э овогтой С // нар нь Гнаас 2016 оны 12 сард ЗГ1175108569 дугаартай зээлийн гэрээ байгуулж 21,700,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай орон сууцны зээлээр авсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлтөө цаг хугацаанд нь хэвийн төлж байсан. 2020 онд Ковид-19 коронавирусын халдвар цар тахлаас шалтгаалан Монгол банк болон Монголын Ипотекийн Корпораци ХХК-с авч буй арга хэмжээний хүрээнд гарсан хуулийн дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн эргэн төлөлтийн хуваариа түр хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлтээ 2020 оны 04-р сард Ганд гаргасан. Хүсэлтийн дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарь түр зогссон тухай банкнаас мэдэгдсэн. Гэвч эргэн төлөлтийн эхлэх хугацааг танилцуулаагүй бөгөөд танилцуулна гэдгийг хүлээж байсан. Гтай зээлийн гэрээ байгуулснаас хойш сар болгон бүртгэлтэй дугаарт зээлийн төлбөрийн талаар мэдэгдэл ирдэг байсан. Харин хойшлуулах хүсэлт тавьснаас хойш нэг ч мэдэгдэл ирээгүй. /Банкнаас мессеж лог шүүж хавсаргав/. Нэхэмжлэх гаргасныг сонсоод мөн хүлээж аваад тухайн байгууллага дээр очиж уулзахад өөрсдийн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Иймд банкны алдаатай үйлдлээс болж хариуцлага хүлээх боломжгүй гэж үзэж байна. Хэрэв эргэн төлөх шаардлагатай болсон бол зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэвийн болгож төлөх хүсэлтэй байна. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Манайх 2016 оны 12 сард ипотекийн зээлийн гэрээ байгуулж байрыг авсан. Цар тахал гарснаас болж зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг 2020 оны 4 сард өгсөн. Орхон аймгийн салбарт өгсөн. Хүсэлт өгснөөс хойш бид нартай огт холбогдоогүй. Улмаар 5 сард очиж асуухад 6 сараар эргэн төлөлт хойшилсон гэж хэлсэн. Ингээд хойшилчихсон байна гэж ойлгож байсан. 2020 оны 11 сард бас дахин онлайнаар хүсэлт өгсөн. Энэ үед эхний хүсэлтийг өгөөгүй бол 2 дахь хүсэлтийг авахгүй гэдэг дүрэмтэй байсан тул 2 дахь хүсэлтийг хүлээж авсан тул эхний хүсэлтийг авсан гэж ойлгосон. Бид эдийн засагчтайгаа уулзах гээд очиход эдийн засагч нь ажлаасаа гарчихсан материал нь алга болсон байсан. Шүүхээс залгахад л бид мэдсэн. Нэхэмжлэгч нь гэрээний заалтыг зөрчсөн гэсэн боловч бид хугацаанд нь төлдөг байсан. Эхний хүсэлтийг Голомтоос авах гэхээр өгөхгүй байгаа юм. Бид хүсэлт өгсөн тул гэрээг удаа дараа зөрчөөгүй. Эхний хүсэлтийг тухайн үед хот хооронд хөл хорио тогтоосон байсан тул Орхоны салбарт өгсөн.
Зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй. 2020.4.24-ны өдөр хүртэл зээлийн гэрээний үүргийг зөрчөөгүй. 2020 оны 6 сарын хүсэлтийг авах гээд чадаагүй. Хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний зөрчил үүссэнээс гэрээг цуцлах саналыг нэхэмжлэгч гаргаагүй. Иргэний хуулийн 204.2 заасан үндэслэлээр мэдэгдээгүй. Нэхэмжлэгч нь гэрээг 4.4.1-д зааснаар гэж цуцлаад байгаа юм. Энэ заалт гэрээнд байхгүй. Шаардах эрх үүсээгүй байна. Зээлийн гэрээний дагуу нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийгээ цуцлаагүй байна. Нэмэлт гэрээ хүчин төгөлдөр байгаа тул хугацаа хэтэрсэн 862 хоног нь нотлогдоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Хойшлуулсан хугацааг гэрээний хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй. 6 сарын хүсэлтийг Орхон аймгаас явуулсан бүртгэл байдаг боловч ажиллагаа хийгдээгүй байдаг. Аль аль тал нь энэ талаар баримт үйлдээгүй байдаг. Бид одоо зөрчил гээд байгаа төлбөрийг төлөөд гэрээг үргэлжлүүлэх боломжтой гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ1175108569 дугаар орон сууцны зээлийн гэрээний хуулбар /хх7-11/, мөн өдрийн ипотекийн гэрээний хуулбар /хх12-14/, хүү тооцооллын хүснэгт /хх15/, зээлийн дансны хуулга /хх16-18/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хх19/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: зээлийн дансны хуулга /хх33-35, 50/, Хаан банк дахь Э.Солонгын дансны хуулга /хх51/, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /хх52/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр “Г” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14/хх/03-2943 дугаар лавлагаа /хх42/, “МИК ОССК” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22/11-207 дугаар лавлагаа /хх45/-г нотлох баримтаар гаргуулсан.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ЗГ1175108569 дугаар, 21,700,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 120 сарын хугацаатайгаар байгуулсан байна. /хх7-9/
Улмаар гэрээний дагуу зээл олгогдож, буцаан төлөлт хийгдэж байсан үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс гэрээний дагуу буцаан төлөлтийн хуваарь зөрчигдсөн тул гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байна.
Зохигчид 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэгт гэрээ байгуулж, зээлийн буцаан төлөх хугацааг хойшлуулах талаар тохиролцсон байна. /хх52/
Тодруулбал, зээлийн үндсэн гэрээний хугацаа 2026 оны 12 дугаар сарын 19-ны өдөр дуусах байсан бол энэхүү хугацааг 2027 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хүртэл сунгаж, өөрчилсөн байна.
Үүнээс үзэхэд 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс үүссэн гэх гэрээний зөрчлийн талаар зохигчид харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулжээ.
Мөн “МИК ОССК” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22/11-207 дугаар лавлагаанд дурдсанаар дээрх ЗГ1175108569 дугаар зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын хуваарьт эргэн төлөлтийг хойшлуулсан байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан гэх боловч хэргийн 32 дугаар талд байгаа баримтаас үзэхэд энэхүү мэдэгдлийг хариуцагч нарт хүргүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцлах эрх үүсээгүй.
Эдгээрээс гадна хариуцагч нар нь эргэн төлөлтийн хуваарийг хэвийн байдалд буцаан оруулж, зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжтой гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хуваарийн дагуу үүрэг шаардах, энэ шийдвэрээс хойших хугацаанд гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд гэрээг цуцалж, холбогдох нэхэмжлэлийг шүүхэд гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,613.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш.Н, Э.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 17,092,760.09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,613.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД