Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2023/00019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарыг цахимаар оролцуулан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэнгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан эрэг 8 дугаар гудамжны 07 тоот хаягаар оршин суудаг *******ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн 13 дугаар гудамжны 02 тоот хаягаар оршин суудаг *******т холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг  хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Завхан аймгийн Их-Уул сумын иргэн ******* нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр надаас “ДАЕВОО” маркийн 01-06 3АН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг 42,000,000 төгрөгөөр үнэлэн худалдаж авсан ба анх 20,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Харин үлдсэн 22,000,000 сая төгрөгийг мөн оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өгөхөөр тохиролцон худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүнийг нотариатаар баталгаажуулсан. Уг гэрээгээр зээлээ хугацаанд нь төлөхгүй бол сарын 3 хувийн хүү тооцон өгөхөөр тохиролцсон. ******* нь дээрх мөнгөнөөс 05 дугаар сарын сүүлээр 6,475,000 төгрөгөөр үнэлж модон материал, 08 дугаар сард 2,000,000 төгрөг шилжүүлж, 09 дүгээр сарын дундуур 12,051,000 төгрөгний модон материал тус тус өгсөн. Нийт авсан мөнгөн дүн нь 20,526,000 төгрөг болж байна. Үндсэн зээлнээс 1,474,000 төгрөг үлдэж байгаа ба хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт 2,526,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг гэрээний дагуу нэхэмжилж байна. 09 дүгээр сард мод өгсний дараа би түүнд таниас мөнгөө гүйцэд авч чадаагүй дахиад 10 м/куб мод аваад тооцоогоо дуусгая гэхэд өөрөө 7,0 м/куб мод өгье гэж тохирсон боловч утсаа авахгүй алга болчихсон. Би сүүлийн 6 сарын хугацаанд авах ёстой мөнгөө авч чадахгүй чирэгдэж байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд *******аас 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийнхээ хамтаар шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

  1. *******ын иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  3. Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ
  4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Худалдах худалдан авах гэрээ зэрэг болно.

Хариуцагч *******  нь *******ын нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардан авсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Завхан аймгийн Их-Уул сумын иргэн ******* миний бие 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр *******ээс ДАЕВОО маркийн ******* улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг 42,000,000 төгрөгөөр үнэлэн худалдаж авсан ба анх 20,0 сая төгрөгийг шилжүүлгээр өгсөн ба харин үлдсэн 22,0 сая төгрөгийг мөн оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өгөхөөр тохирч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Ингээд миний бие 5 дугаар сарын эхээр 6,555,000 төгрөгөөр үнэлж модон материал, 7 дугаар сард 1 сая, 8 дугаар сард 1 сая төгрөг, 9 дүгээр сард 35 куб.метр буюу 15,400,000 төгрөгийн модон материал, нийт 43,955,000 төгрөг өгч тооцоо дууссан болно. Тэгтэл ******* 9 дүгээр сард модон материалаа ачиж нутагтаа очингуутаа буцааж мөнгө нэхэж байгаад санал нийлэхгүй байна. Модон материалаа ачиж явахдаа тоолуулаагүй, мөн аккумлятораа солино гэснээ ч солиогүй шууд яваад өгсөн. ******* миний бие машин худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа. Иймд ******* миний бие тооцоо дууссан учир *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч биелүүлэх боломжгүй болно...” гэжээ.

Харин тайлбарынхаа хамтаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас нэмж нотлох баримт гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хугацаа дуусаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан “...энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан...” үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь *******т өөрийн өмчлөлийн DAEWОО маркийн ачааны автомашиныг 42,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээнд зааснаар ******* гэрээ байгуулагдмагц 20,000,000 төгрөг төлөөд, үлдэгдэл 22,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэвч ******* нь 2022 оны 5 дугаар сарын эхээр 6,475,000 төгрөгийн модон материал өгөөд, 2022 оны 7 дугаар сарын эх, 8 дугаар сарын 26-нд тус бүр 1,000,000 төгрөг буюу нийт 2,000,000 төгрөгийг хадам дүү Түмэнжаргалаар хийлгүүлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би өөрөө очиход хадам дүү Түмэнжаргал нь 12,051,000 төгрөгийн үнэ бүхий  27куб.метр модон материал өгсөн. Үндсэн мөнгөнөөс 1,474,000 төгрөг дутуу байгаа ба үүн дээр гэрээгээр тохиролцсоны дагуу хугацаа хэтрүүлсэн 186 хоногийн хүү нэмээд 4,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь *******ээс 42,000,000 төгрөгөөр автомашин авахаар тохиролцоод эхний ээлжид 20,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 22,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон. ******* нь 2022 оны 5 дугаар сарын эхээр ирээд 6,475,000 төгрөгийн модон материалыг надаас аваад явсан. 2022 оны 7 дугаар сарын эх, 8 дугаар сарын дунд үед би хадам дүү Түмэнжаргалаар тус бүр 1,000,000 төгрөг буюу нийт 2,000,000 төгрөгийг *******ын дансанд хийлгүүлсэн. 2022 оны 9 дүгээр сард намайг байхгүйд ирээд хадам дүү Түмэнжаргалаас 35 куб.метр модон материал аваад явсан байсан. Тэгэхээр бид хоёрын хоорондох тооцоо дууссан гэж үзэж байгаа учир дахин мөнгө өгөх боломжгүй...” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд  гаргажээ.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, ******* нь өөрийн өмчлөлийн  ******* маркийн ачааны автомашиныг 42,000,000 төгрөгөөр *******т худалдаж, ******* нь худалдан авсан автомашины үнэ 42,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдмагц бэлнээр төлж, үлдэгдэл 22,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд сарын 3%-иар тооцож хүү төлөхөөр тохиролцон, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.

Гэрээний дагуу худалдагч тал нь худалдсан автомашинаа худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн талаар, худалдан авагч нь гэрээ байгуулагдмагц гэрээгээр тохирсон 20,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Харин худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 2022 оны 5 дугаар сарын 01-ний дотор худалдан авсан автомашины үнийн үлдэгдэл 22,000,000 төгрөгийг төлөхдөө хугацаа хэтрүүлсэн, зарим төлбөрийг төлөөгүй үндэслэлээр худалдагч тал нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсаныг худалдан авагч тал бүх төлбөрийг бүрэн барагдуулсан үндэслэлээр зөвшөөрөөгүй учир тэдний хооронд маргаант байдал үүссэн байна.

Иймд шүүх тэдний хооронд үүссэн маргааныг хуульд заасны  дагуу шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд хуульчилсан худалдах худалдан авах гэрээний тухайд худалдагч нь худалдан авагчид хуульд заасан шаардлага хангасан эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь тухайн эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй буюу тодорхой цаг хугацааны дараа гэрээний үнэ тогтвортой байдаг онцлогтой гэрээ юм. Харин Иргэний хуулийн 262 дугаар зүйлд хуульчилсан зээлээр худалдах худалдан авах гэрээний тухайд худалдагч нь худалдан авагчид хуульд заасан шаардлага хангасан эд хөрөнгийг үнийг төлөхөөс өмнө шилжүүлж, тодорхой цаг хугацааны дараа худалдан авагч нь тухайн эд хөрөнгийн үнийг зээлээр авсан хугацааны хүүгийн хамт төлөх үүрэгтэй буюу тодорхой цаг хугацааны дараа гэрээний үнэ анх тохиролцсоноос өссөн байдаг онцлогтой гэрээ юм.

*******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний хувьд ******* нь *******ын өмчлөлд автомашин шилжүүлэх, ******* нь автомашины зарим үнийг төлж, зарим үнийг тодорхой хугацааны дотор төлөхөөр тохиролцсон хэдий ч тухайн тодорхой хугацаанд хүү төлөх талаар бус харин тогтоосон хугацаанд үлдэгдэл үнийг төлөөгүй тохиолдолд хүү тооцохоор буюу гэрээний зүйл болох автомашины үндсэн үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцлага тооцох хэлбэрээр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй  тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн 2 төрөлтэй байна” гэж, 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж тус тус хуульчилсан.

 Иймд шүүх *******, ******* нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс анз буюу торгууль тохиролцсон байна гэж дүгнэлээ.

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан учир тэд харилцан бие биеэсээ гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй ба ******* нь автомашин худалдсаны үлдэгдэл төлбөр болон гэрээнд заасан анзыг *******аас шаардах эрхтэй байна.

Хариуцагч ******* нь худалдан авсан автомашины үнэ 42,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан даруйд 20,000,000 төгрөг өгч, 2022 оны 5 дугаар сарын эхээр 6,475,000 төгрөгийн модон материал өгч, 2022 оны 7 дугаар сарын эхээр 1,000,000 төгрөг өгч, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг өгч барагдуулсан талаар талууд маргаагүй болно.

 Харин нэхэмжлэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 27 куб.метр буюу 12,051,000 төгрөгийн модон материалыг хариуцагч *******ын хадам дүү Түмэнжаргалаас авсан, үлдэгдэл төлбөр 1,474,000 төгрөг үлдсэн, үүнийг  гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 3 хувьтайгаа авна гэж тайлбарласныг хариуцагч ******* зөвшөөрөхгүй, манай хадам дүү Түмэнжаргал нь 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 35 куб.метр модон материал өгч тооцоо дууссан гэж мэтгэлцэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч ******* нь өөрийн маргаж буй үйл баримт буюу 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр *******эд Түмэнжаргал гэгч хүнээр 35 куб.метр модон материал өгүүлсэн гэдгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд шүүх хариуцагч *******ыг нэхэмжлэгч *******ээс худалдаж авсан автомашины үнэ 42,000,000 төгрөгөөс гэрээ байгуулагдсан даруйд 20,000,000 төгрөг өгч, 2022 оны 5 дугаар сарын эхээр 6,475,000 төгрөгийн модон материал өгч, 2022 оны 7 дугаар сарын эхээр 1,000,000 төгрөг өгч, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг өгч, 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 12,051,000 төгрөгийн модон материал өгч, нийт 40,526,000 төгрөгийн төлбөрийг барагдуулан, үлдэгдэл 1,474,000 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй байна гэж дүгнэв.

Иймд хариуцагч *******аас худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг 1,474,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нь автомашины үлдэгдэл үнэ 22,000,000 төгрөгт тооцуулан 2022 оны 5 дугаар сарын эхээр нэхэмжлэгчид 6,475,000 төгрөгийн модон материал өгсөн гэдгийг талуудын аль аль нь хүлээн зөвшөөрч байх боловч хэн хэн нь тодорхой он сар мэдэхгүй байх ба хамгийн ойр боломжит тодорхой хугацаа 5 дугаар сарын 01-ний өдөр  тул уг хугацаагаар тооцон дээрх төлбөр гэрээнд заасан хугацаанд төлөгдсөн гэж дүгнэлээ.

Харин үлдсэн 15,525,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 01-нд 1,000,000 төгрөг өгөх хүртлээ 2 сарын хугацаагаар, 14,525,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 26-нд 1,000,000 төгрөг өгөх хүртлээ 1 сар 26 хоногийн хугацаагаар, 13,525,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 11-нд модон материал өгөх хүртлээ 16 хоногийн хугацаагаар, 1,474,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 1 сар 23 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн байна.

Сарын дундаж хоногийг 30 хоногоор тооцон гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнд тохирох хувиар анз /торгууль/ тооцоход:

  1. 15,525,000 төгрөгийн 3%=465.750 төгрөг, 2 сарын хугацаанд 931,500 төгрөг
  2. 14,525,000 төгрөгийн 3%=435,750 төгрөг, 1 сар 26 хоногт 813,400 төгрөг
  3. 13,525,000 төгрөгийн 3%=405,750 төгрөг, 16 хоногт 216,400 төгрөг
  4. 1,474,00 төгрөгийн 3%=44,200 төгрөг, 1 сар 23 хоногт 78,102 төгрөг,         бүгд 2,039,402 төгрөг болж байх ба гэрээнд заасны дагуу хариуцагч *******аас гаргуулан *******эд олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,474,000 төгрөг, зээлийн гэрээнд тохирсон анз /торгууль/ 2,039,402 төгрөг, нийт 3,513,402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас 486,598 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх: 

Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/

0-130 000

4550 төгрөг.

130 001-650 000

4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.

650 001-1 300 000

20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.

1 300 001-13 000 000

35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.

13 000 001-ээс дээш

222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 78,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 3,513,402 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад бодогдох 71,164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,474,000 төгрөг, зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу анз /торгууль/ 2,039,402 төгрөг, нийт 3,513,402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас 486,598 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 71,164 /далан нэгэн мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.УРТНАСАН