Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/05135

 

 

 

 

 

 

 

 

2022 12 06

101/ШШ2022/05135

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд цахимаар хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дугаар давхарт байрлах, Н а ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух Их тарвагатай овогт А.Т /рд:0/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,567,421 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч А.Т нь 2020 оны 03 дугаар сарын сарын 04-ний өдөр Samsung А20 маркын гар утас барьцаалан цахилгаан барааны лизингийн нөхцлөөр 600,900 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 0 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд биечлэн уулзаж, компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй гэрээний хугацаа дууссан байна. Мөн харилцагч А.Т нь удаа дараа утсаар холбогдож, гэрээр очин мэдэгдэх хуудас өгч шаардлага тавьсан боловч зээлийн төлөлт хийгдээгүй өнөөдрийн байдлаар 917 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээний төлбөрийн үндсэн зээл 600,900 төгрөг, үндсэн хүү 956,521 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 1,567,421 төгрөгийг А.Т-аас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, гар утас худалдан авах зорилгоор 600,900 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Анх надад гэрээ хийхдээ 2,7 хувийн хүүтэй гэсэн боловч одоо 5 хувийн хүүтэй нэхэмжлээд байна. Би 600,000 төгрөгийг төлбөрийг 2 дахин нэмэгдүүлээд байгаад гомдолтой байна. Би төлөхгүй биш төлнө, гэхдээ хүүгээ бууруулах хэрэгтэй гэж бодож байна. үндсэн төлбөр 600,900 төгрөг, зээлийн хүүд 300,000 төгрөг, нийт 900,900 төгрөг төлөх боломжтой. Зээлийн хүүг гэрээ байгуулах үед 2.7 хувь гэж надад танилцуулсан. Би гэрээнд гарын үсэг зурах үедээ хүүг 5 хувь байгааг анзаараагүй гарын үсэг зурсан нь миний буруу. Гэхдээ хүү арай өндөр байна. Би он гараад 4 дүгээр сараас эхлээд төлж чадна, одоогоор нялх хүүхдүүдтэй, би 4 хүүхэдтэй. Би нэхэмжлэгч талд цар тахлын үе, удахгүй би төрнө, шүүх рүү нэхэмжлэлээ явуулаад хүүгээ зогсоочих гэсэн тайлбараа удаа дараа хэлж байсан ч нэхэмжлэгч тал гэрээний хугацааг дуусгаж байж шүүхэд хандсанд бухимдалтай байна. Хүү нь надад хатуу санагдаад байна. 600,000 төгрөг зээлээд хоёр дахин өсгөж төлнө гэдэг надад хэцүү байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн анкет, өргөдөл, зээлийн хорооны хурлын шийдвэр, иргэний үнэмлэхийн хуулбар,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н а ХХК нь хариуцагч А.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,567,421 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 900,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчдын хооронд 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Н а ХХК нь 600,900 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдүүлэх, А.Т нь тохирсон хугацаанд зээлийг сарын 5 хувийн хүүтэй төлж барагдуулах, үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 3-5/

 

3.1 Мөн талуудын хооронд байгуулсан гэх 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ хэрэгт нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн боловч уг гэрээнд А.Т гарын үсэг зураагүй, шүүх хуралдаанд талуудын хэн аль нь фидуцийн гэрээ байгуулаагүй талаар тайлбарласан. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. /хх-ийн 6-7/

 

4. Нэхэмжлэгч Н а ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд байна. /хх-8-9/

 

4.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 600,900 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

4.1.1 Хариуцагч А.Т нь зээлийн гэрээний дагуу 600,900 төгрөгийн мөнгөн хөрөнгийг өөрийн Мост мони банк дахь 0 тоот дансаар хүлээн авсан үйл баримтад тэрээр маргаагүй. Уг зээлийн мөнгөн хөрөнгөөр өөртөө Samsung А20 маркын гар утсыг цахилгаан барааны дэлгүүрээс худалдан авсан талаараа тайлбарласан. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

5. Зохигчдын хэн аль нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч А.Т нь биелүүлээгүй, зээлийн төлөлт огт хийгээгүй үйл баримтын талаар тайлбарласан.

 

6. Хариуцагч А.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 600,900 төгрөг, зээлийн хүүд 300,000 төгрөг, нийт 900,900 төгрөг төлөх боломжтой. Зээлийн хүүг гэрээ байгуулах үед 2.7 хувь гэж надад танилцуулсан. Би гэрээнд гарын үсэг зурах үедээ хүүг 5 хувь байгааг анзаараагүй гарын үсэг зурсан гэж маргадаг. Тэрээр зээлийн хүүгийн хэмжээ 2.7 хувиар тохирсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

7. Харин хариуцагчаас гаргасан зээлийн хүүгийн хэмжээ 5 хувь байгаа нь бусад банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгээс 2 дахин их байна гэх тайлбар үндэслэл бүхий гэж үзэхээр байна. Учир нь Монголбанкны https://www.mongolbank.mn/ сайтад мэдээлэгдсэн статистикаас үзэхэд талуудыг зээлийн гэрээ байгуулах үед буюу 2020 оны 3 дугаар сард банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2.7 хувь байсан болох нь тогтоогдож байна. Уг статистик мэдээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий баримт байна.

 

7.1 Хэдийгээр хариуцагч нь зээлийн хүүгийн хэмжээг сарын 2.7 хувь байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй боловч дээрх статистик мэдээнээс үзэхэд зээлийн хүүгийн хэмжээ даруй их байна.

 

7.2 Хариуцагч нь зээлийн хүү 5 хувь байгаа нь түүний ашиг сонирхолд илт хохиролтой байна гэж маргасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан.

 

7.2.1 Иймд шүүх хэргийн үйл баримт, талуудын тайлбар, Монголбанкнаас гаргасан статистик судалгаа зэргийг харьцуулан үзэж зээлийн хүүг багасгаж, хүүг 3 хувиар тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

8. Иймд хариуцагч А.Т-аас зээлийн үндсэн төлбөр 600,900 төгрөг, 1 сард төлвөл зохих хүүг 3 хувиар тооцож 1 сарын хүү 18,027 төгрөгийг 24 сараар тооцоход зээлийн хүүд 432,648 төгрөг, нийт 1,033,548 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н а ХХК-д олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

9. Нэхэмжлэгч нь алданги нэхэмжлээгүй. Талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байх боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээгээр нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно.

 

10. Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 10,000 төгрөг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч А.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 1,033,548 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н а ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 533,873 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул 1,033,548 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29,355 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Т-аас 1,033,548 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н а ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 533,873 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,355 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ