Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 0036

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       Г.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            А.Т

Хохирогч                                                       А.Б

               Хохирогчийн өмгөөлөгч                           М.Э

Нарийн бичгийн дарга                              М.Ариунсайхан нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Дд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ы давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овгийн Г-ын Д.

 

Г.Д нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнө  аймгийн  сумын  багийн  тоотод оршин суух А.Бгийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” маркийн зурагт, 39 инчийн “Монел” маркийн зурагт, битүү чанагч, холигч зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 536.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Г-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 1 жилийн хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дын хүүхдүүд болох 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 3 настай охин Д.С, 2011 оны 08 сарын 08 дугаар сарын 30-ны төрсөн 9 настай охин Д.С нарт асран хамгаалагч тогтоохыг  аймгийн  сумын Засаг даргад даалгаж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо:

 ... Мөрдөн байцаалтын ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.Д А.Бтай 2018 оны 08 сараас эхлэн танилцаж үерхэж, нөхөрлөсөн. 2020 оны 09 сараас эхлэн А.Бгийн сэтгэл санаа нь өөрчлөгдөж, ааш зан нь олдохгүй, надтай уулзахгүй, гэртээ ирэхгүй байсан. Ийм байдалтай байсан ч надаар туслуулж байсан. Гэртээ ирэхгүй болохоор нь гэрт нь ирүүлэх гээд эд зүйлсийг нь аваад нуучихсан буцаагаад өгсөн. Надад зарах бодол байгаагүй гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч А.Б 2018 оны 08 сараас эхлэн Г.Дтай дотны харьцаатай үүсгэсэн, сексийн харьцаатай байсан. ... Мөн өөрөө би чамд хайртай юм чинь түлээг чинь хагалж өгье, усыг чинь авч өгье гэхээр нь эсэргүүцэж байсан. Би харилцаагаа таслах талаар хэлэхээр  заналхийлдэг байсан гэж мэдүүлдэг.

 

Эдгээр мэдүүлэг болон бусад мэдүүлгээр тодорхой дотно харьцаатай байсан болох нь тогтоогдож байна. Гэтэл шүүхээс гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа энэ талаар тодорхой дүгнэлт, тайлбарыг хийгээгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөхөөр байвал энэ тухай тайлбар үндэслэлийг тогтоолд заавал тусгаж байх ёстой атал анзаарч үзэлгүй орхигдуулсан.

 

Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт “Гэмт этгээдийн нууцаар авч байгаа арга нь субьектив ойлголт бөгөөд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог” гэсэн тайлбарт ач холбогдол өгч дүгнэлтийг хийсэнгүй.

 

Энэ гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн шууд санаатай, шунахайн сэдэлтэй байх ба шунахайн сэдэлт нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын заавал байх гол элемент бөгөөд эд зүйлийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдгийг мөн дүгнэн үзсэнгүй.

 

Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтад бодит дүгнэлтийг хийсэнгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн зарчмыг зөрчлөө. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдлыг үндэслэн Г.Дд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнө  аймгийн  сумын багийн  тоотод оршин суух, А.Бгийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” маркийн зурагт, 39 инчийн “Монел” маркийн зурагт, битүү чанагч, холигч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 536.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Дд ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг үндэслэл, журам, түүний зорилго, холбогдох хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч А.Т нь анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй, оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар давж заалдах гомдол гаргаснаас гадна шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...  би хулгай хийгээгүй ... гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ... заалтыг журамлан Г.Дд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангасан байх тухайлан оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх Эрүүгийн хуулийн зарчмыг хангасан байхыг шаарддаг.

 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ... гэмт хэргийн субъектив талын шинж болох шунахай сэдэлтгүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ... гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Дд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

           2.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                З.ХОСБАЯР

              ШҮҮГЧ                                                                  С.ЦЭЦЭГМАА