Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/03772

 

 

 

 

 

 

 

                2022           11            23

                                      184/ШШ2022/03772

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13 дугаар байр 99 тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 23 дугаар хороо, ******* 50-22 тоот хаягт бүртгэлтэй,  ******* дүүрэг, 23 дугаар хороо, ******* 30-7 тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн /РД:/-д холбогдох

Гэрээний үүрэгт 26,776,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Э., гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.******* миний бие Э.ын хүсэлтээр 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 26,200,000 төгрөгийн үнэлгээтэй хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд нийт үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцхоор баталгаажуулан нотариатаар гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш 4 сарын хугацаанд төлбөр тооцоогоо нэг ч удаа хийгээгүй. Иргэн Э. болон Т.Ганзоригийн дунд Иргэний хуулийн 189 дугээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан эрх үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Э. нь гэрээний үүргээ биелүүлээгүй удаж гэрээний хугацаа хэтэрсэн байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Э.аас гэрээний дагуу төлөх 26,200,000 төгрөг, алданги 576,400 төгрөг, нийт 26,776,400 төгрөг нэхэмжилсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 26,200,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөө буцаан авсан тул үлдэх 576,400 төгрөг буюу алдангийг хариуцагч Э.аас гаргуулж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Т.*******той 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан эрх үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн нь үнэн. Тухайн гэрээнд дурьдсан хөдлөх хөрөнгийн хувьд хэвтээ хөргөгч 1 ширхэг 1.300.000 төгрөг үүнийг огт аваагүй. Баншны машин 1 ширхэг 3.500.000 төгрөг энэ төхөөрөмж огт ажилладаггүй байсан. Иймээс бид төлөвлөсөн төлөвлөгөөндөө ажиллаж чадахгүй байсан ба уг гэрээг 7 хоногийн дараа цуцлах санал тавьсан харин нөгөө тал маань үүнийг хүлээж аваагүй. Мөн ажил эхэлж гэрээ хийгдэх үед *******, Тамираа нар нь өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдээ шууд борлуулдаг 50-100 дэлгүүртэй тэдгээр дэлгүүрүүдийг нарийн сайн зааж өгнө гэж тохиролцсон боловч завгүй гэдэг нэрийдлээр нэг ч удаа ирээгүй бөгөөд учир нь олдохгүй хар цэгээр тэмдэглэсэн газрын зураг өгсөн, тэр нь ойлгохооргүй зураг байсан тул тэдгээр дэлгүүрүүдэд нь бараагаа борлуулж чадаагүй бөгөөд хөлдөөсөн бууз банш нь ид зуны халуун болж байсан тул хөргүүртэй машингүй, мөн шууд худалдан авах дэлгүүргүй тул өдөржингөө хөөсөн саванд хийгээд энгийн суудлын машинаар борлуулалт хийгээд явахад амархан гэсээд хоорондоо наалдаад ямар ч хүн идэхээргүй шууд хаяхаар л болсон тул бид 10 гаруй хоног л ажиллуулаад больсон байгаа. Хөрөнгө санхүүгийн хувьд гэвэл манай цех нь өөрөө шаржигнуур тахиа (бэлэн болсон) хийдэг байсан тул үүнийгээ борлуулаад орлогоороо буузны материалаа татдаг байсан. Тухайн үед тахианы махаа зээлээр аваад одоо ч мөн өрөө төлж барагдуулж чадаагүй байгаа. Meat bros гэдэг тахианы мах борлуулдаг компанид 90121045 дугаартай борлуулагчид 540.000 төгрөг, Наранбат /94042544/ гэх хүнд 700,000 төгрөгийн өглөгтэй. Түрээсийн байранд сарын 800,000 төгрөгний түрээс төлж ажилладаг байсан бөгөөд 5, 6, 7, 8, 9, 10 сарын 4-нийг хүртэл 4 сая гаран төгрөгний түрээс төлсөн. /99092825/ гэх энэ түрээслүүлэгчид 400,000 төгрөгний түрээс дутуу, Янта компанид /91251213/  395,000 төгрөг, Луча компанид /95091367/ 695,500 төгрөг, Шинэбаяр /90110444/ нарийн боовны тоног төхөөрөмжийн тооцооны үлдэгдэл 1,500,000 төгрөг, Гүүд Нейборс /89858855/ 1,360,000 төгрөг, нийт 5,590,500 төгрөгийн өртэй. Дээр дурьдсанчлан түрээсийн байранд би 2019 оноос анх ганцаар өрөө түрээслэн боорцог хийдэг байсан. Сүүлдээ ААН-ийн чиглэлээр бүтээгдэхүүний төрлөө нэмээд тоног төхөөрөмж нэмж аваад олон төрлийн нарийн боов бэлэн бүтээгдэхүүн хийдэг болсон. Тэр дунд хувь хүнээс зээлээр авсан байсан тоног төхөөрөмжүүд байсан. Би тэр хүндээ төлбөр тооцоогоо хараахан дуусгаагүй байсан тухайн үед малын мах 1 кг нь 11,000 төгрөг байсан бөгөөд бууз баншнаас үнэндээ ашиг авч чадаагүй тул би өөрийн 5 лизинг, 2 апликейшний зээлтэй, 1 банк бус санхүүгийн байгууллагад сард 1,600,000 төгрөгийн зээл төлдөг байсан. 2022 оны өвөл 1 сараас бараг төлөөгүй байсан нь нэмэгдээд олсон бүх мөнгөөрөө бууз хийгээд бас баншны машин нь ажиллахгүй байсан тул өдрөөр ажилтан авч банш чимхүүлээд маш их цаг алдаж цалингийн өрөнд орсон. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрхан 3-2 тоот хашаагаа 7, 8 сая төгрөгөөр зарж өрнүүдээ бага зэрэг хассан бөгөөд 8 сарын эхээр өөртөө байсан хувь хүнээс авсан нарийн боовны тоног төхөөрөмжүүдээ ч мөн зарсан. Хувь хүнд өгөх 1,500,000 төгрөгөө өгч чадаагүй л байгаа. Энэ мэтчилэн би одоогоор 7 cap гарантай жирэмсэн аль 5, 6 сард би удаа дараа олон удаа *******, Тамираа нарт жирэмсэн үнэхээр ажиллуулж чадахгүй юм байна буцаая гэж хэлсэн тэр үед огт хариу өгөөгүй. Би одоо 1-15 насны 6 хүүхэд нөхрийн хамт айлын хашаа байшин түрээсэлж амьдардаг. Мөн МУБИС-ийн Дизайн технологийн багшийн 4-р курсийн оюутан. Надад одоогоор эрхэлсэн тодорхой ажил байхгүй би алданги үнэхээр өгч чадахгүй тэгээд ч тухайн гэрээний 3.4-т төлбөрийг бүрэн төлөх хугацаанд хүү тооцохгүй ээ гэж заасан байгаа бөгөөд би 5, 6, 7, 8 саруудад тухайн хөдлөх хөрөнгийг буцаах саналаа маш олон удаа илэрхийлсэн байгаа. Тэгээд 10 дугаар сарын 4-нд 99292002 дугаартай нүүлгэлтийн компаний 0309 дугаартай портерт тухайн хөдлөх хөрөнгүүдийг ачуулаад хараагүйчүүдийн төвийн урд хүлээлгэж өгсөн байгаа. Мөн тухайн үед ачилтын мөнгийг 5113029551 ******* гэх (99292002) утасны дугаар бүхий жолоочийн дансанд 300,000 төгрөгийн төлбөрийг миний өөрийн данс болох 5726016012 данснаас шилжүүлсэн болно. Мөн тухайн гэрээний 5.1 мөн 5.2-т заасны дагуу миний зүгээс өөрийн холбогдох материалуудаа бүрэн хавсаргасан бөгөөд мөн надад учирсан хохирол болох хашаа болон нарийн боовны тоног төхөөрөмжүүдээ нэхэмжлэх эрхтэй байсан ч өрөвч зөөлөн сэтгэл гарган огт энэ тухай дурьдаагүй болно. Хэрвээ иргэн Т.******* нь надаас ямар нэгэн байдлаар алданги гэх мөнгө нэхэмжилж байгаа бол би өөрийн гаргасан зардлуудаа мөн адил гаргуулах хүсэлтэй байна” гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт:  нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар, 2021 оны 10 дугаар 25-ны өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот түрээсийн гэрээ, тооцооны үлдэгдэлийн баталгаа, Хаан эхлэл фүүдс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан эхлэл фүүдс ХХК-ийн ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тухай батламж, Агмарко ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй, зарлагын баримт, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Хаан эхлэл фүүдс ХХК-ийн цагийн бүртгэлийн дэвтэр, тэмдэглэлийн дэвтэр.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Т.******* нь гэрээний үүрэгт 26,200,000 төгрөг, гэрээний алданги 576,400

төгрөг нийт 26,776,400 /хорин зургаан сая долоон зуун далан зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг хариуцагч Э.аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Т.*******оос зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан эд хөрөнгөөс баншны машин ажиллахгүй, засвар авах боломжгүй, сэлбэг нь олдохгүй байсан тул ажиллуулж банш хийж үзээгүй тул гэрээг цуцлаж, эд хөрөнгийг буцаах хүсэлтээ гэрээ байгуулсан өдрөөс 7 хоногийн дараа Т.*******т удаа дараа тавьсан боловч саналыг хүлээж авахгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж маргадаг.

            Харин нэхэмжлэгч Т.******* шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах, худалдан авах гэрээний дагуу Э.д худалдсан эд хөрөнгөө хариуцагчаас буцааж авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 26,200,000 төгрөгөөр багасгаж, гэрээний алданги болох үлдэх 576,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд энэхүү хүсэлтээ дэмждэг. 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Зохигчид 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0354 дугаартай Зээлээр

худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0354 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

            Зохигчид Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж гэрээний нэрийг тодорхойлсон боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан заавал тусгах нөхцлийг хангаагүй байх тул зохигчдын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэх нь зүйтэй байна.

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх....худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан эд хөрөнгийн үнийг 100 хувь төлөөгүй, нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т “Худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн худалдсан баншны машин тохиргооны улмаас ажиллахгүй байсныг хариуцагчид хэлж худалдсан гэдэг боловч эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгө хариуцагчид өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчид баншны машин ажиллахгүй, засвар үйлчилгээ авч хэвийн үйл ажиллагааг явуулах боломжгүй тул гэрээгээ цуцлаж, эд хөрөнгийг буцаах шаардлага удаа дараа тавьж байсан талаар зохигчид маргадаггүй. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө хариуцагчид худалдсан, хариуцагч эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгийг буцаах, гэрээг цуцлах шаардлагаа удаа дараа тавьж байсан зэргээс шалтгаалан талууд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0354 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан 26,200,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөө хүлээлцэж, хариуцагчаас нэхэмжлэгчид бүрэн хүлээлгэн өгсөн байна.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд худалдсан эд хөрөнгөө хариуцагчаас бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 26,200,000 төгрөгөөр багасгаж, гэрээний алданги 576,400 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилдэг.

 

4. Зохигчид 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 0354 дугаартай

худалдах, худалдан авах гэрээний 3.5-т “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж үүргийг гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлсон ба зохигчид гэрээний үүргээ аль аль нь биелүүлээгүй гэдэг үндэслэлээр 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар гэрээгээ цуцлаж, хариуцагч нэхэмжлэгчээс авсан эд хөрөнгөө буцаасан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс гэрээний алданги 576,400 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Т.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.д холбогдох гэрээний алданги 576,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД