Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2022/00527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Х.Б, Д.Н нэхэмжлэлтэй 

Хариуцагч: “ЦБ” ХХК

Вакцин хийсний улмаас хорогдсон 50 эм хонь, 30 эм ямаа, 15 хурга, 15 ишиг, 110 толгой малын үнэ 7,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Ж.Д, иргэдийн төлөөлөгч Л.П, гэрч Ц.З, Ч.А, М.Ж, М.Б, Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Вакцин хийсний улмаас хорогдсон 110 толгой малын үнэ 7,750,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Х.Б Д.Н бид гэр бүлээрээ мал маллаж амьдардаг юм. Гэтэл 2021 оны 02 дугаар сард манай 4 хонь гэнэт үхэж, улмаар 1 хонийг Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газарт шинжилгээнд явуулж, 72 цагийн дараа нь малын цусан халдвар байна гэсэн хариу гарсан.

Есөнбулаг сумын “ЦБ” ХХК-ийн эмч Г.Н хандахад вакцин тарьж өгье гээд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай бүх бог мал болох 250 толгой малыг 5 шил вакцин/1 шил нь 50 малд тарьдаг тунтай/ хийхэд өглөө нь 6 хонь хотондоо үлдээд бусад нь босохгүй байсан. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 30 хонь вакциндаа хордон үхэж, 5 хоногийн дотор 110 толгой бог мал үрэгдсэн

Вакцины 1 шил үлдсэн байгааг харахад тунадас үүсэж, шарласан хугацаа нь дууссан хэрэглэх боломжгүй вакцинаар бог малыг тарьсан байсан. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас албаны хүмүүс шалгалтаар ирж, үхсэн малын сэг зэмийг үзэж, нөхцөл байдлыг бодитоор харсан.

Бид Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналт газар, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газар гээд хандаагүй газар байхгүй.

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан “хугацаа дууссан био бэлдмэлээр мал тарьж хорогдуулсан гэх үндэслэлээрЦэргийн булаг ХХК-ийн малын эмч Г.Н 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0068899 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан.

Мэргэжлийн хяналтын газраас шаардагдах бүхий л арга хэмжээ авч, улмаар биднийг шүүхэд хандаж, учирсан хохирлоо гаргуул гэж хэлсэн.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэгч нар нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “манай мал үхээд байна, шинжилгээ өгөөд цусан халдвар гэсэн, та ирээд вакцин тариад өг” гэсэн тухайн үед “Одоо вакцин байхгүй та нар хугацаандаа вакцинаа хийлгээгүй” гэж хэлсэн.

Би “Вакцинаа хийлгэ” гэж Д.Н-д хэлэхэд “би завгүй байна сонгуулийн ажлаар завгүй байна” гэж хэлээд хугацаандаа вакцинд хамрагдаагүй.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13 ны А/43 дугаар “Мал эмнэлгийн урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор малчид вакциндаа хамрагдах ёстой байдаг.

Гэтэл энэ хугацаанд вакцин хийе гэхээр шалтаг тоочоод хийлгээгүй. Тухайн үед одоо вакцин байхгүй гэхэд вакцин олоод тариад өгөөч гэсэн. Би М.Ж эмчээс асуухад хугацаа нь дуусаад сар болж байгаа вакцин байна гэхээр нь Д.Н-тай яриад хэлсэн чинь өөрөө тариулна гэсэн.

Би туслах жолооч Х.Б хамт вакцин тарихаар очиход хотны ойр орчим 100 гаруй мал үхчихсэн байдалтай байсан. Би зарим малынх нь зургийг нь авсан. Би Х.Б-ын малыг тарихаар 7 шил вакцинтай очиж, 4 шил вакцинаар тарьж, 1 шил вакциныг өөрсдөө авч үлдсэн.

Тухайн үед “хугацаа нь дууссан вакцинаар тариулах юм уу” гэхэд Д.Н нь “ямар хамаатай юм бэ тариулна” гээд байсан. Нэг шил вакцинаар 40 мал тарьдаг боловч хорогдол гарч, 36 орчим мал тарьдаг. Биднийг очиход “эрүүл мал нь энэ байна” гээд тоолоод тариулсан. Мал нь муу тараг хүч сул, их муудсан байсан.

Нэхэмжлэгч нар Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасныг малын эрүүл мэндийн байцаагч Ц.З шалгасан байдаг. Тус зөрчлийн материалаас харахад “Х.Б-ын мал нь вакцин тарьсны улмаас үхсэн” гэж дүгнэлт гараагүй.

Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөн учир өвчин тархаах малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн аюулгүй байдал алдагдах, мал амьтны тарчлаан зовоох нөхцөл байдал үүсгэсэн”  бол хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн ямар ч хамааралгүй заалтаар торгосон байсан.

Тухайн үед тус байцаагч нь торгуул төлөх ёстой гээд байсан бөгөөд миний тухайд “хууль мэдэхгүй” тул төлөх л юм байна гэж ойлгоод төлсөн. Үүнээс Зөрчлийн тухай хуульд “хугацаа дууссан вакцин хийсэн” гэх заалт байхгүй байхад үндэслэлгүй арга хэмжээ авсан байдаг.

Вакцин тарьснаас хойш 2 сарын дараа Мал эмнэлгийн тасгийн хүмүүсийг дагуулж, очоод тоолоход 153 бог мал бэлчээрт зүгээр байсан. 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор энэ айл 140 бог мал тоологдсон байдаг. Анх энэ айл 250 мал гэж нэхэмжлэлээ бичиж байсан, гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 110 мал үхсэн гэдэг.

Намайг Х.Б-тэй очиж, вакцин хийхэд үхсэн 60-70 орчим сэг зэм байсан, зөрчлийн хэргийн гэрч нарын өгсөн мэдүүлгээс сэг зэм өөрсдийнх нь хэлснээр 2 хоногт 26 мал үхсэн гэдэг, бусад хүмүүсийн тоолсноор вакцин хийснээс хойш 3 хоногийн дараа очиход 14 малын сэг зэм харагдсан гэдэг.

Энэ байдлаас дүгнэхэд хугацаа нь дууссан вакцин хийснээс болж, хэдэн тооны мал үхсэн талаар дүгнэлт шийдвэр байхгүй, энэ айлын хэдэн тооны мал ямар шалтгаанаар үхсэн болох нь тогтоогдсон зүйл байхгүй байхад “вакцин тарьснаас болж, 110 бог мал үхсэн” гэж нэхэмжилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй.

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Нэхэмжлэгч Х.Б, Д.Н нарын хариуцагч Г.Н   холбогдох иргэний хэргийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь вакцин ямар нэг өвчнөөс сэргийлэх, хамгаалах үйлчилгээтэй байх ёстой. Тиймээс нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 7,750,000 төгрөгийг гаргах үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Зөрчлийн 2116000119 дугаартай хэргийн материал

- Х.Бямбажаргалын 2021 оны жилийн эцсийн мал тооллогын маягт

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/43 дугаар “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж

- “ЦБ” ХХК мал эмнэлгийн 2020 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, тарилгын акт, малчдын жагсаалт

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга, Мал эмнэлгийн тасаг, “ЦБ” ХХК -ийн хамтран ажиллах гэрээ

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /“ЦБ” ХХК/

- Фото зураг

8. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаар албан бичиг, малын үнийн мэдээлэл

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3/259 дүгээр албан бичиг, Х.Б-ын 2020-2021 онуудын мал тооллогын баримт

- Гэрч Ц.З, Ч.А, М.Ж, М.Б, Ч.Б нарын мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Б, Д.Н нар нь хариуцагч “ЦБ” ХХК-д холбогдуулан ”Эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан вакцин хийсний улмаас бог мал үхсэн нь тогтоогдсон” гэх үндэслэлээр 110 толгой малын үнэ 7,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Цэргийн булаг” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан вакцин тарьсны улмаас бог мал үхсэн нь тогтоогдоогүй” гэх үндэслэл бүхий хариу тайлбар гарган маргажээ.

Үүнээс үзэхэд “Хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан вакцин тарьсны улмаас бог мал үхсэн эсэх, уг байдал нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр тогтоогдсон эсэх” нь зохигчийн маргааны зүйл болжээ.

2. Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн лабораторийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжилгээний дүнгээр нэхэмжлэгч Х.Б-ын хониноос авсан дээжээс цусан халдвар өвчин оношлогджээ.

Улмаар хариуцагч “Цэргийн булаг” ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн “Бор дэн“ нэртэй газарт нутаглаж буй нэхэмжлэгч Х.Б, Д.Н нарын өмчлөлийн бог малд цусан халдвар өвчний эсрэг үйлчилгээтэй вакцин тарьж, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн нь зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар маргасангүй.

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ. Учир нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсэгт мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг “мал эмнэлгийн үйлчилгээ” гэж тодорхойлжээ.

Хөлсөөр ажиллах ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2 дахь хэсэгт заажээ.

3. Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний гол үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаагүй, харин уг үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дахь хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэжээ.

Хариуцагч “ЦБ” ХХК нь хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан вакцинаар нэхэмжлэгч Х.Б, Д.Н нарын өмчлөлийн бог малыг тарьж, мал эмнэлгийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, буруутай болох нь Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.З явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр тогтоогдсон байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.

“Хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан вакциныг бог малд тарихыг нэхэмжлэгч Д.Н хүлээн зөвшөөрсөн” гэх татгалзал нь хариуцагч “ЦБ” ХХК -ийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байдлыг зөвтгөхгүй.  

Учир нь хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хориглосон үйлдэл болно.

4. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэжээ.

Үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол нь үүрэг гүйцэтгэгчийн  хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа/үйлдэл, эс үйлдэхүй/-тай шалтгаантай холбоотой байх учиртай.

Энэхүү иргэний хэргийн тухайд “хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан вакциныг бог малд тарьсан хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн 50 эм хонь, 30 эм ямаа, 15 хурга, 15 ишиг, нийт 110 толгой бог мал үрэгдсэн” гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.З зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 2116000119 дугаартай “Зөрчлийн хэргийн материал”-аас үзэхэд “хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан вакциныг малд тарьсан” зөрчил тогтоогдож, уг зөрчлийг үйлдсэн “ЦБ” ХХК нь эрх бүхий албан тушаалтан торгох шийтгэл ногдуулжээ.

Эрх бүхий албан тушаалтнаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Х.Б, Д.Н нарын үхсэн малыг сэг, зэмээр нь тоолж, 123 толгой бог мал болохыг тогтоосноос бус уг малын үхсэн шалтгааныг тогтоохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй байна.

Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын ажлын хэсгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Тайшир сумын Галуут багт дуудлагаар ажилласан тухай илтгэх хуудас”-т нэхэмжлэгчийн үхсэн малд үзлэг хийсэн талаар л тусгаснаас бус мал үхсэн шалтгааны талаар дурдаагүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.З нь “Сэг, зэмээр хожим бог мал үхсэн шалтгааныг тогтоох бодит боломжгүй“ гэсэн агуулга бүхий гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгснөөс үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн үхсэн малд нөхөн шинжилгээ хийх боломжгүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан вакцин тарьсан хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн бог мал үхсэн байхыг үгүйсгэхгүй ч чухам хэдэн тооны мал үхсэн болох нь баримтаар нотлогдсонгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э-н “хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан вакцин тарьсны улмаас 110 толгой мал үхсэн нь хангалттай нотлогдож байна” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотолсонгүй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Мал, амьтны үхсэн учир, шалтгаан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоно. Тусгай мэдлэг шаардагдах мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдох асуудалд шүүх гэрчийн мэдүүлэгт үндэслэн эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр иргэдийн төлөөлөгч Л.П-н “Нэхэмжлэгч Х.Б, Д.Н нарын хариуцагч Г.Н холбогдох 7,750,000 төгрөг гуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. Учир нь вакцин ямар нэг өвчнөөс сэргийлэх, хамгаалах үйлчилгээтэй байх ёстой” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Х.Б, Д.Н нарын шүүх хуралдааны өмнө төлсөн нэхэмжлэлийн үнийн дүн 15,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан товлогдон зарлагдахаас өмнө бус шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн үнийн дүнг 7,750,000 төгрөг болгон багасгасан тул үлдэх 7,250,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох эрх зүйн үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б, Д.Н нарын хариуцагч “ЦБ” ХХК-иас вакцин хийсний улмаас хорогдсон 110 толгой малын үнэ 7,750,000/долоон сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б, Д.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950/хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ҮЙТҮМЭН

ШҮҮГЧ                                                Н.ОЮУНБИЛЭГ