| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2022/00423/И |
| Дугаар | 133/ШШ2022/00528 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 133/ШШ2022/00528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ГАА, ЦС Т ЕБС нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Г-Д холбогдох гэм хорын хохирол 13,885,706 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч С.Г, түүний өмгөөлөгч Х.Э, иргэдийн төлөөлөгч Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас учирсан гэм хорын хохирол 13,885,706 төгрөгийг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Г нь Цогт сумын Баянтоорой багийн сургуулийн захирал Б.Б-г 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар ажлаас халсан.
Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай шийдвэрээр аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-г Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 108 хоногийн олговор 5,285,088 төгрөгийг Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулиас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/MA2017/0853 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/MA2017/0853 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын "... Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т ..." гэснийг " ...Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д ..." гэж өөрчилж , шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн.
Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулиас Б.Б-т ажилгүй байсан хугацааны 108 хоногийн олговор 5,285,088 төгрөгийг гаргаж, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 4,985,088 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 240000028082 дансанд 300,000/гурван зуун мянга/ төгрөгийг Төрийн сангийн 050000982 дансанд буюу Аудитын газарт тус тус төлбөрийн хүсэлтээр шилжүүлж, шүүхийн шийдвэр биелэгджээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2018/00418 дугаар шийдвэрээр Б.Б-н 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 8,600,618 төгрөгийг Гов-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулиас гаргуулж, Б.Б-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийх Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны сургуульд даалгаж шийдвэрлэсэн.
Б.Б-н 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 8,600,618 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 7,826,562 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 240000028082 дансанд шилжүүлж, 774,056 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, шүүхийн шийдвэр биелэгдсэн.
Гэвч “төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг төсвөөс төлсөн” гэж Говь-Алтай аймаг дахь Аудитын газраас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/84 дугаар актаар төлбөрийг төвлөрүүлэх үүрэг өгсөн.
Говь-Алтай аймаг дахь Аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/150 дугаар албан шаардлагаар "Удирдлагын буруутай шийдвэрээр ажлаас халагдсан албан тушаалтанд төсвөөс олгосон 13,668.7 мянган төгрөгийн авлагыг барагдуулаагүй" гэж шүүхийн шийдвэрээр олгосон цалингийн нөхөн олговортой холбоотой авлагыг барагдуулах үүрэг өгсөн.
Хариуцагч С.Г нь хууль бус шийдвэр гаргасны улмаас учирсан гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Төрийн албан хаагч Б.Б-г үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан албан тушаалтан С.Гансэлэмээс 13,885,706 төгрөгийг гаргуулж өгнө үү.
3. Хариуцагчийн татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах
4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм нь Цогт сумын Баянтоорой багийн ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Б-г 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн байдаг.
Үндэслэл нь хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих эрхийг удаа дараа зөрчсөн гэжээ.
Энэхүү үйл баримт нь 2019 оны 01 дүгээр сарын ,1-ний өдрөөс өдрөөс дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахгүй, 2002 оны Төрийн албаны хуулиар зохицуулагдах харилцаа юм.
Аймгийн засаг даргын албан тушаал бол Төрийн албаны тухай хууль/2002 оны/-ийн 6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар төрийн улс төрийн албан тушаал юм. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт ”хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна” гэж заасан.
Иймд нэхэмжлэлд заасан төлбөрийг Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Г миний бие хариуцан барагдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Үндэслэлгүйгээр халсан учраас нэхэмжилсэн мөнгийг гаргуулмаар л санагдаж байна.
6. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар “Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай” захирамж
- Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж
- Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэр
- Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны 69 дүгээр тогтоол
- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18050142/01 дүгээр “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл”
- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18050392/03 дугаар “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл”
- Төлбөрийн хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тайлан, цалин хөлсний цэс/Б.Б/
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2018/00418 дугаар шийдвэр
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/84 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” акт
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/150 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/100 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч С.Г-д холбогдуулан “төрийн албан хаагчийг хууль бусаар халж, хохирол учруулсан” гэх үндэслэлээр 13,885,706 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Г нь “Төрийн албаны тухай хууль/2002 он/-иар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
2. Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г-н 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар Б.Б-г “Хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, хүүхэд эрүүл аюулгүй орчинд суралцах эрхийг удаа дараа зөрчсөн” үндэслэлээр Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулийн захирлын ажлаас чөлөөлжээ.
Уг захирамжийг эс зөвшөөрч Б.Б нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-г Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан 108 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,285,088 төгрөгийг Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулиас гаргуулан Б.Б-т олгохоор шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0853 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхижээ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 69 дүгээр тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг агуулгын хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулжээ.
3. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2018/00418 дугаар дүгээр шийдвэрээр Б.Б-н 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл угацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8,600,618 төгрөгийг Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулиас гаргуулахаар шийдвэрлэжээ.
4. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хуулийн хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогч маргаагүй тул уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.
5. Монгол Улсын Шүүхийн тухай хууль/2012/-ийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэжээ.
Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18050142/01 дүгээр мэдэгдлийг Цогт сумын Баянтоорой тосгоны ерөнхий боловсролын сургуульд хүргүүлж, Б.Б-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,285,088 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны дотор шилжүүлэхийг шаарджээ.
Уг мэдэгдлийн дагуу Цогт сумын Баянтоорой тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.З, нягтлан бодогч О.Ч нарын гарын үсэг бүхий 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаар төлбөрийн хүсэлтээр 4,985,088 төгрөгийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд, мөн өдрийн 53 дугаар төлбөрийн хүсэлтээр 300,000 төгрөгийг Аудитын газрын дансанд тус тус шилжүүлжээ.
Мөн түүнчлэн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18050392/03 дугаар мэдэгдлийг Цогт сумын Баянтоорой тосгоны ерөнхий боловсролын сургуульд хүргүүлж, Б.Б-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8,600,616 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны дотор шилжүүлэхийг шаарджээ.
Уг мэдэгдлийн дагуу Цогт сумын Баянтоорой тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.З, нягтлан бодогч О.Ч нарын гарын үсэг бүхий 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаар төлбөрийн хүсэлтээр 7,826,562 төгрөгийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаар төлбөрийн хүсэлтээр 774,056 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд тус тус шилжүүлжээ.
6. Дээрх бичмэл нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б-г төрийн албанаас хууль бусаар чөлөөлсний улмаас Цогт сумын Баянтоорой тосгоны ерөнхий боловсролын сургуулиас цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,885,706 төгрөг олгогдсон болох нь тогтоогдож байна.
Энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогч маргаагүй бөгөөд харин хууль хэрэглээний талаар маргасан тул шүүх талуудын маргааны зүйлд дараах хууль хэрэглээ, эрх зүйн дүгнэлтийг өгч байна.
7. Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 7 дугаар зүйлийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсэгт бүх шатны Засаг даргыг хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах төрийн улс төрийн албан хаагч байхаар заажээ.
“Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заажээ.
Бүх шатны Засаг даргыг сонгож, нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх, огцруулах харилцаа болон түүний эрх хэмжээг зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/2006 он/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хурал, Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалт нь “хууль бус” шийдвэрийн улмаас хохирол учирсан гэж үзсэн нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрх буюу процессын эрх зүйн хэм хэмжээ байх бөгөөд харин уг хуульд Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодорхой зохицуулалт тусгагдаагүй байна.
Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “....албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”-ыг Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд хамааруулснаас өөрөөр төрийн улсын албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг гаргуулах үндэслэл, журмыг тухайлан зохицуулаагүй.
Энэ тохиолдолд хууль тогтоогч төрийн улс төрийн албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг арилгуулах харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан гэж үзэхээр байна.
Учир нь Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж тус тус заажээ.
8. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.
Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө тул тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.
9. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.
Хариуцагч С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б-г Цогт сумын Баянтоорой тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас хууль бусаар чөлөөлсний улмаас цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,885,706 төгрөг олгогдсон тул түүнд хуулийн дээрх заалтын дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
10. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг ажил олгогч Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г нь ажилтан Б.Б-той бус Монгол Улсын ерөнхий сайдаас Говь-Алтай аймгийн Засаг даргатай байгуулсан байхыг шаардана.
Энэ тохиолдолд хариуцагч С.Гансэлэмд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүсэх бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан гэх байдал тогтоогдсонгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэжээ.
Энэхүү үндэслэлээр хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас Цогт сумын Баянтоорой багийн ерөнхий боловсролын сургуульд хохирол учруулсан хариуцагч С.Г-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх боломжгүй.
11. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагыг хариуцагч С.Г-д хүлээлгэж, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн ерөнхий боловсролын сургуульд учруулсан хохирлын зарим хэсгийг гаргуулах боломжтой хэдий ч уг дүнг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тооцон гаргах боломжгүй байна.
12. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “...дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ... хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” дундаж цалин хөлсийг тодорхойлно”, 9-т “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” гэж тус тус заажээ.
Энэ тохиолдолд хариуцагч С.Г-н цалин хөлсний цэс, данс, бүртгэл хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, уг нотлох баримтыг нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй.
Иймд хариуцагч С.Г-с 13,885,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн ерөнхий боловсролын сургуульд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно
13. Иргэдийн төлөөлөгч Л.У нь “Үндэслэлгүйгээр халсан учраас нэхэмжилсэн мөнгийг гаргуулмаар л санагдаж байна” гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
Энэхүү үндэслэлээр хариуцагч С.Г-с 13,885,706 төгрөг гаргуулах тухай иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3 дахь “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.5 дахь хэсэгт “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж мэтгэлцэх зарчмын агуулгыг хуульчилжээ.
Мэтгэлцэх зарчмын дагуу хэргийн оролцогч нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг гаргах үүрэгтэй бөгөөд шүүх нь хөндлөнгийн байгууллагын хувьд мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг хангах, хэргийн оролцогчийн диспозитив эрхийг зөрчихгүйн үүднээс хариуцагчийн цалин хөлсний цэсийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Мөн түүнчлэн шүүхээс хэргийн оролцогч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулж, энэ талаар баримтад гарын үсэг зуруулсан болно.
15. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”,
498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч нь албан үүргээ биелүүлэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг.
Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ажил олгогч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, ажилтан Б.Б-г ажлаас чөлөөлж, хүний нөөцийн удирдлагын шийдвэр гаргах эрх хэмжээтэй байжээ.
Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”ийг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх байхаар заажээ.
Хүний нөөцийн удирдлагын шийдвэрийг эрх зүйн алдаатайг шүүхээс тогтоож, ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм.
Учир нь гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэх үзэх тохиолдолд тухайн үйлдэл нь хууль бус/тодруулбал хуулиар хориглосон/ байх шаардлагатай. Ажилтны хөдөлмөрийн харилцаатай холбогдох шийдвэр гаргах нь ажил олгогчид хуулиар хориглосон үйл ажиллагаа биш юм.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт “төсвийн байгууллагын нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч С.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн ерөнхий боловсролын сургуулийн хариуцагч С.Г-с 13,885,706/арван гурван сая найман зуун наян таван мянга долоон зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч С.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ