| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2022/00380/и |
| Дугаар | 133/ШШ2022/00534 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 133/ШШ2022/00534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.М-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.У-д холбогдох
“86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo 3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 23,000,000 төгрөг, тухайн автомашин суулгасан чиптэй түлхүүрийн үнэ 150,000 төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 146,698 төгрөг, нийт 23,296,968 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М/цахимаар/, хариуцагч Н.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo 3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 23,000,000 төгрөг, тухайн автомашин суулгасан чиптэй түлхүүрийн үнэ 150,000 төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 146,698 төгрөг, нийт 23,296,968 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.У-с Вонго-3 маркийн автомашиныг арлын дугаар зөрүүтэй, гааль дээр буусан зураг өөр байсныг мэдэлгүйгээр худалдан авсан.
Миний бие үүнийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдэж, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гомдол гаргахад Баянзүрх дүүргийн прокурорын газраас миний гаргасан гомдлыг хянаад эрүүгийн хэрэг нээхээс татгалзаж, иргэний хэрэг гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5 дахь хэсэгт заасны дагуу нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгч, худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасны дагуу ямар нэгэн эрхийн зөрчилгүй автомашин худалдан авсан гэж бодсон.
Гэтэл тухайн автомашины арлын дугаар зөрүүтэй, гааль дээр буусан үеийн зураг одоогийн байгаа автомашины зургаас өөр байна. Н.У нь надад биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй хөрөнгө шилжүүлэн өгсөн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэснийг зөрчиж, надад тухайн мэдээллийг хэлээгүй.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэсний дагуу Н.У-с худалдан авсан автомашины үнэ 23,000,000 төгрөг, тухайн автомашинд суулгасан чиптэй түлхүүр 150,000 төгрөг, автомашины улсын татвар төлсөн 146,698 төгрөг, нийт 23,296,698 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлдээ Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаар зөрүүтэй, гааль дээр буусан зураг өөр байсныг мэдэлгүй авсан учир Иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасны дагуу доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж үзэн надаас автомашины үнэ олон өөрийн гаргасан нэмэлт зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ.
Энэхүү шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн автомашины арлын дугаар нь зөрүүтэй гэдгийг би огт мэдэхгүй. Би тухайн автомашиныг Солонгос Улсад өөрөө унаж, хэрэглэж байсан.
Бүхэл бүтэн хоёр улсын хил дамжаад ямар ч асуудалгүй гээд ороод ирчихсэн, тухайн автомашиныг Монгол Улсын бүртгэлд нэхэмжлэгч Д.М-н нэр бүртгэж гэрчилгээ олгосон байгаа.
Мөн гааль дээр буусан зураг өөр байсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Д.М нь тухайн автомашиныг өөрийн биеэр олон дахин үзэж, нягтлан байж худалдан авсан.
Би тэр зураг солигдсон гэх асуудлыг огт мэдэхгүй. Тухайн зургийг Монгол Улсын гаалийн байцаагч алба хаагч нар бүрдүүлдэг бөгөөд өөр зурагтай сольж хийсэн гэдгийг автомашин худалдах үед огт мэдээгүй.
Нэхэмжлэгч нь өөрөө тухайн автомашиныг худалдан авна гэсэн байгаад авсан. Одоо буцаан өгөөгүй атлаа автомашины үнэ, нэмэлт зардал нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.
5. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга/Д.Мягмардаш/
- Зарлагын баримт, татвар төлсөн баримт, фото зураг
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5263 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол
- Гаалийн хилээр нэвтрэх барааны мэдүүлэг
- Н.Ууганбатын Авто тээврийн үндэсний төвд гаргасан өргөдөл
- Д.М-н Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл
6. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 4870 дугаар “Гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай материал”
- Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 369 дүгээр лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хувийн хэргийн материал
- Гэрч Г.Ц-н мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Н.У-д холбогдуулан “арлын дугаар зөрүүтэй автомашин шилжүүлсэн” гэх үндэслэлээр 86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo 3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 23,000,000 төгрөг, тухайн автомашин суулгасан чиптэй түлхүүрийн үнэ 150,000 төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 146,698 төгрөг, нийт 23,296,968 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.У нь “Тухайн автомашины арлын дугаар зөрүүтэй гэдгийг мэдээгүй, нягтлан шалгаад худалдан авсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, маргажээ.
2. Зохигчийн тайлбар, Хаан банкны депозит дансны хуулга, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Н.У нь 86-81 УЕВ улсын дугаартай, Kia Bongo3 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Д.М-н өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч Д.М нь автомашины үнэ 23,000,000 төгрөгийг хариуцагч Н.У-д бэлэн бусаар төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Учир нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдоогүйн дээр уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогч маргаагүй.
3. Харин зохигч нь “худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон 86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo3 маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаар зөрүүтэй байдлыг доголдолтой гэж үзэх эсэх, хэрэв доголдолтой гэж үзвэл уг байдлыг тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг шилжүүлэх үед илрүүлэх боломжтой байсан” эсэхэд маргаж байна.
Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 251.1 дэх хэсэгт “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” хэмээн заажээ.
“Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх”-ээр мөн хуулийн 252 дугаар зүйлийн 251.2 дахь хэсэгт заажээ.
Энэхүү иргэний хэргийн тухайд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo3 маркийн тээврийн хэрэгслийн тэвш хэсгийн доор байрлах арлын дугаар нь жолооч талын суудлын дор байрлах арлын дугаартай зөрүүтэй байгаа талаар зохигч маргаагүй.
Арлын дугаар нь зөрүүтэйн улмаас тухайн тээврийн хэрэгслийг ачааны зориулалтаар нь ашиглах боломжгүй гэх байдал хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Д.М нь 86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo3 маркийн автомашиныг зориулалтаар нь эзэмшиж, ашиглаж буйгаа шүүх хуралдаанд тайлбарласан тул тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолтой гэж үзэхгүй.
4. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө” гэж үзэхээр заажээ.
Энэхүү иргэний хэргийн тухайд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo3 маркийн автомашин нь нэхэмжлэгч Д.М-н өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшил ямар нэг маргаангүй байна.
“Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын лавлагаа, бүртгэлийн хувийн хэргийн материалаас үзэхэд 86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo3 маркийн автомашины арлын дугаар нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тусгагдсан арлын дугаараас зөрүүтэй байдал тогтоогдсонгүй.
Үүнээс үзэхэд 86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo3 маркийн автомашин нь эрхийн доголдолгүй эд хөрөнгө байх бөгөөд “эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлсэн” гэх нэхэмжлэлийн үндэслэл батлагдсангүй.
5. “Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заажээ.
Хэрэв “Тэвш хэсгийн доор байрлах арлын дугаар нь жолооч талын суудлын дор байрлах арлын дугаартай зөрүүтэй байгаа”-г эд хөрөнгийн доголдол гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгч Д.М нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Н.У-с 86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo3 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авахдаа уг нөхцөл байдлыг илрүүлэх боломжтой байжээ.
Автомашины үндсэн мэдээллийг цифр бүрээрээ товч агуулсан тоо болон үсэгнээс бүрдсэн арлын дугаар/Vehicle Identification Number/ нь 86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo3 маркийн тээврийн хэрэгслийн тухайд ил харагдах газар байрлах тул арлын дугаар зөрүүтэй байдлыг илрүүлэхэд тусгай мэдлэг шаардагдахгүй.
6. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэжээ.
Хуулийн дээрх заалтад дурдсан “эд хөрөнгө доголдолтой” гэх урьдчилсан нөхцөл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.М нь худалдах, худалдан авах гэрээг цуцалж, учирсан хохирол, зардлаа хариуцагч Н.У-р нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.М-н хариуцагч Н.У-с “86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo 3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 23,000,000 төгрөг, тухайн автомашин суулгасан чиптэй түлхүүрийн үнэ 150,000 төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 146,698 төгрөг, нийт 23,296,968 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Д.М-н хариуцагч Н.У-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-н хариуцагч Н.У-с “86-81 УЕВ улсын дугаартай Kia Bongo 3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 23,000,000 төгрөг, тухайн автомашин суулгасан чиптэй түлхүүрийн үнэ 150,000 төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 146,698 төгрөг, нийт 23,296,968 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-н нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ