| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2022/00455/и |
| Дугаар | 133/ШШ2022/00535 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 133/ШШ2022/00535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.Б-д холбогдох 3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагч Ц.Б/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 3,200,000 төгрөг гаргуулах
2. Нэхэмжлэлийн үндэслэл: М.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Баянзулын 28-01 УБР улсын дугаартай DAIHATSU Boon Luminas маркийн автомашиныг тэтгэмжээ авахаар үнэ 9,000,000 төгрөгийг төлөхөөр худалдан авсан.
М.Б улсад ажилласан тэтгэмж олгогдоогүй байхад Ц.Б мөнгө хэрэгтэй байна гэж ярихаар нь боломжоороо дансруу нь цувуулан нийт 3,200,000 төгрөгийн автомашины үнийн урьдчилан төлсөн.
Ц.Б нь нөхөр, 2 дүүгийн хамт 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Тонхил суманд ирж, үнийг нь бүрэн төлөөгүй гэж хэлээд Н.Ж-н унаж байсан 28-01 УБР улсын дугаартай автомашиныг буцаан авсан.
Тухайн үед Н.Ж хүнд мэс засалд орж, суга таяг тулж, дөнгөж босож байсан. Эмчилгээнд их зардал гаргаж, мөнгө байхгүй байсан тул “М.Б өгсөн 3,200,000 төгрөгийг буцааж өгөөд автомашинаа аваад яв” гэхэд Ц.Б нь “За чи миний утсыг тэмдэглээд ав. Би очиж байгаад М.Б-тай яриад өгье” гэсэн” тул би итгээд “Та миний данс руу хийгээрэй” гээд автомашиныг өгч явуулсан.
Н.Ж нь 2020 оны 06 дугаар сард Улаанбаатар хотруу эмчилгээнд явсан учир 2020 оны 11 дүгээр сар хүртэл унаагүй бөгөөд Тонхил суманд нагац Л.Ш-н хашаанд бүтээж тавьсан.
Уг автомашинд 220000 төгрөгийн 4 ширхэг шинэ дугуй, 110,000 төгрөгийг хөгжим, 60,000 төгрөгийн бензин хийсэн, ямар ч эвдрэл гэмтэлгүй байхад Ц.Б авч явсан.
Удаа дараа автомашины үнэд төлсөн мөнгөө авъя гэхэд Ц.Б хэл амаар дайрч, сүрдүүлэн өгөхгүй гэж явсаар 2 жил дөхсөн. Ц.Б-с автомашины үнийн урьдчилан төлсөн 3,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
3. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Миний бие өмчлөлдөө бүртгэлтэй 28-01 УБР улсын дугаартай DAIHATSU Boon Luminas маркийн автомашиныг худалдан борлуулах зарыг www.facebook.mn веб сайтын Говь-Алтай аймгийн бүлгэмд нийтэлсэн.
Уг зарын мөрөөр М.Б надруу “Би таны автомашиныг худалдан авъя” гэж ярих үед би Улаанбаатар хотод байсан тул “Автомашиныг миний нөхөр Говь-Алтай аймагт унаж байгаа, очоод үзээрэй” гээд нөхөр Л.Н-н утасны дугаарыг өгсөн.
Тухайн автомашиныг худалдах, худалдан авах гэрээг миний нөхөр Л.Н нь М.Б-тай хийсэн. Хоорондоо төрөл, садангийн холбоотой хүмүүс учраас 9,000,000 төгрөгөөр автомашиныг худалдан авах талаар тохирсон болохоос Н.Ж-тай гэрээ хийгээгүй.
М.Б нь миний дансруу 3,200,000 төгрөг биш, 3,000,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Одоо уг 3,000,000 төгрөгийг миний бие буцаан өгөх боломжгүй.
5. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга/М.Баярсайхан/
- Амбулаториор эмчлүүлэгчийн карт
- CD/сиди/
6. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга/Ц.Б/
- Гэрч Д.Д-гийн мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний зүйлийг буцаан авсан” гэх үндэслэлээр 28-01 УБР улсын дугаартай DAIHATSU Boon Luminas маркийн үнэд төлсөн 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц.Б нь “Автомашины үнэд авсан 3,000,000 төгрөгийг одоо буцаан өгөх боломжгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, маргажээ.
2. Зохигчийн тайлбараар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Ц.Б нь 28-01 УБР улсын дугаартай DAIHATSU Boon Luminas маркийн автомашиныг нэхэмжлэгч М.Б эзэмшилд шилжүүлэх, нэхэмжлэгч М.Б нь уг автомашины үнэ 9,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Б-д төлөхөөр харилцан тохирсон үйл баримт тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Учир нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдоогүйн дээр уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогч маргаагүй.
3. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болдог. Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заажээ.
Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч Ц.Б нь “Автомашин худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч М.Б-тай нөхөр Л.Н-тай байгуулсан болохоос би уг гэрээг байгуулаагүй” гэж тайлбарлах боловч автомашины өмчлөгч учраас худалдан борлуулах зарыг олон нийтийн сүлжээнд байршуулсан, уг зарын мөрөөр нэхэмжлэгч М.Б холбогдоход нөхөр Л.Н-тай уулзаж, гэрээ байгуулахыг зөвшөөрсөн, автомашины үнэ 3,000,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг дансаар дамжуулан бэлэн бусаар хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн болно.
3. Хариуцагч Ц.Б нь 28-01 УБР улсын дугаартай DAIHATSU Boon Luminas маркийн автомашиныг 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр нэхэмжлэгч М.Б эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн хэдий ч тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг баримт бичгийн хувьд шилжүүлээгүй байна.
Улмаар автомашиныг хариуцагч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Тонхил суманд оршин сууж байсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-аас буцаан авсан, уг байдлыг нэхэмжлэгч М.Б эсэргүүцээгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Үүнээс үзэхэд талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзжээ. Учир нь хүчин төгөлдөр гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үздэг.
4. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэжээ.
Зохигчийн “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг автомашины үнэд бэлэн бусаар хариуцагч Ц.Б-д төлжээ.
Уг үйл баримтыг хариуцагч Ц.Б хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж хүлээн зөвшөөрсөнгүй. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчид 3,200,000 төгрөг төлсөн гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Ц.Б-с 3,000,000 гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 200,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч М.Б нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 3,000,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг хариуцагч Ц.Б-с гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Б-с 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 200,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-с 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ